Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0050/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 1930001780331 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Н.Б  1985 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр фейсбүүк хаягт “Т.Марк 2 маркийн суудлын автомашины мотор худалдан борлуулна” гэсэн зарыг байршуулж Ө.С-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан.

...Торгуулийн ялаар шийтгүүлмээр байна. Манай ээж бие муу босч чаддаггүй хүн байдаг. Эхнэр өнөө маргаашгүй төрнө. ” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6/,

 

-Хохирогч Ө.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкээр машины мотор зарна гэсэн зарын дагуу 85891515 ярьсан. Тэр хүн “би Дарханд байдаг, надад Марк 2 Ди-4 2.5 мотор байна” гэж хэлсэн. Би хэдэн төгрөгөөр зарах вэ?, авсан тохиолдолд яаж өгөлцөж, авалцах талаараа ярьсан. Тэр хүн утасны цаанаас “намайг Баагий гэдэг юм чи 5045539385 данс руу урьдчилгаа болох 300.000 төгрөг явуулчих. Манай найз Дархан Улаанбаатарын хооронд машинтай явдаг юм. Сүхбаатар аймгийн унаанд өгөөд явуулчихна” гэж хэлсэн юм. Надад машиныхаа моторыг 500.000 өгнө, 300.000 эхэлж явуулаад мотороо үзэж байгаад үлдэгдлээ явуулаарай гэж хэлсэн юм. Надад өгсөн дансаа манай эхнэрийн данс байгаа юм гэж хэлж байсан. Би мөнгө шилжүүлснийхээ дараа 5-6 удаа уг дугаараар нь ярихад унаанд явуулчихсан гэж байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм.

...Би хохирсон мөнгөө олоод авбал гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/,

 

-Гэрч П.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Баагий Баагий гэх фейсбүүк хаягтай Батбаяр бол миний нөхрийн найз байгаа юм. 2019 оны 03 дугаар сард миний 5045539385 дугаарын данстай карт миний нөхөрт байсан юм. Тэр үед Батбаяр миний нөхөрт хэлээд миний картыг авч 200.000 төгрөг хийлгэсэн юм байна лээ. Би Батбаярыг ямар учраас ийм мөнгө хийлгэж, хэнд авч өгснийг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

-Гэрч А.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 онд би өөрийн гэсэн дансгүй байсан юм. Эхнэр Отгонтуяагийн хаан банкны 5045539385 дугаарын данстай картыг ашигладаг байсан юм. 2019 онд яг хэдэн сард гэдгийг санахгүй сайна. Ажил дээр найз Батбаяр ирээд “картаа өгөөч, хэрэглэх хэрэг байна” гэхээр нь “тэг тэг” гээд өгөөд явуулсан. Төд удалгүй картыг маань буцаагаад авч ирж өгсөн. Хэдэн төгрөг авч хийснийг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43/,

 

-П.О-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 55-57/,

-Ө.С-ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 58/,

-Н.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139/,

-Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 152/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Б нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Baagii Baagii” гэх фейсбүүк хаягаар “Т.Марк 2 маркийн суудлын автомашины мотор худалдан борлуулна” гэсэн зарыг байршуулж Ө.С-ыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байсан зэрэг нь шүүгдэгч Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 152/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 139/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 1жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь торгох ял оногдуулж өгнө үү гэх санал гаргасан байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон ар гэр, амьдралын байдлуудыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 60000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэнд тооцож, биечлэн эдлэх ялын хэмжээг 390.000 төгрөгийн торгох ялаар тогтоов.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ө.С нь мөрдөн байцаалтын шатанд “... Би хохирсон мөнгөө олоод авбал гомдол саналгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/ өгсөн байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс 300000 төгрөгийг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 180/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын энэ хэрэгт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 60000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэнд тооцож, биечлэн эдлэх ялын хэмжээг 390.000 /гурван зуун ерэн мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 130000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Н.Б-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-т анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ