Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/68

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0058/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч О.Л /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.Л-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2218000000038 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр  хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.Л, 1976 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Дорноговь аймгийн Мандах сумын нутагт “Айл баян” ХХК-нд бульдозерын оператор ажилтай, ам бүл 6, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 14-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.А-ийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч О.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэр бүлд байдаг эдийн засгийн асуудлаас болж, хэлэх хэлэхгүй үгээр ярьж, хэрүүл маргаан, зодоон болсон.

...Бид эвлэрсэн, хамт амьдарч байгаа. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

 

-Хохирогч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 21:00 цагийн орчимд манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ надад агсам согтуу тавиад намайг хэл амаар доромжилж миний толгойн орой хэсэгт зангидсан гараараа 2 удаа цохисон юм. Энэ үед манай том хүү Азжаргал, дунд хүү Аз-Эрдэнэ нар салгасан юм. Тэгээд над руу ахин дайраад том өрөөнд байсан жижиг модон ширээг над руу авч шидээд уг ширээ нь том өрөөний вакум хаалга оноод цонхыг нь хагалчихсан юм. Тэгэхээр нь би гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн юм. Намайг гадаа гарсны дараа цагдаа ирэх хооронд манай том хүү Азжаргалыг манай нөхөр зодсон байсан. Азжаргал одоо 15 настай ба “ээжийгээ өмөөрлөө” гэдэг шалтгаанаар хүүг маань зодсон байсан.

...Намайг өнөөдөр Дарханы ганданд 70000 төгрөгөөр бурханы ном уншууллаа гэж уурлаад зодсон юм. Мөнгө үрлээ гэж уурлаад зодсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9/,

 

-Насанд хүрээгүй гэрч Л.-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Лхагвадорж бол миний аав байгаа юм. 2022 оны 01 дүгээр гасын 05-ны өдөр ээж болох Алтанцэцэг дүү Аз-Эрдэнэтэй хамт Дархан-Уул аймаг руу гэрийнхээ хоол хүнсийг бэлдэхээр явсан юм. Харин аав бид 2 дүү нараа хараад байж байхад өдөр аав гараад ирье гэж гарч яваад ээж, дүү хоёрыг Дарханаас ирэхээс өмнө гаднаас архи уучихсан ороод ирсэн. Гэтэл орой 18 цагийн үед ээж дүү хоёр Дарханаас ирээд явсан талаараа ярьж суухдаа 70.000 төгрөгөөр ном уншуулсан гэж ярьсан чинь аав уурлаад янз бүрийн үгээр ээжийг хэлж доромжлоод дараа нь цохиод авахаар нь дүү Аз-Эрдэнэ бид 2 дундуур нь орж салгасан юм. Гэтэл ээж гэрээс гараад гүйгээд явсан бөгөөд аав намайг ээжийгээ өмөөрлөө гээд гэдэсний орчим гараараа 1 удаа, дараа нь тонгойгоод байж байхад толгой руу 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/,

 

-Насанд хүрээгүй гэрч Л.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би ээжтэйгээ Дархан-Уул аймаг руу гэрийнхээ хүнсийг бэлтгэхээр яваад орой 18 цагийн орчим ирсэн юм. Ах Азжаргал дүү нараа хараад үлдсэн. Ээж бид хоёр Дархан-Уул аймаг руу яваад гэрийнхээ хүнсний зүйлийг бэлтгэж, гандан орж ном уншуулаад орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд аав архи уучихсан ах Азжаргал дүү нартай байж байсан юм. Ээж бид хоёр ном уншуулаад гэж хэлсэн чинь аав 3яахаараа 70.000 төгрөгөөр ном уншуулдаг юм3 гээд ээж рүү дайраад ах Азжаргал бид хоёр салгасан юм. Аав Азжаргал ахыг ээжийгээ өмөөрлөө гээд гэдэсний аймхай руу гараараа 1 удаа, дараа нь тонгойгоод байж байхад толгой руу 1-2 удаа цохисныг би харсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,

 

- "...Ц.А-ийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.А-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №122 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25/,

 

-“...Л.А-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №123 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27/,

 

-Шүүгдэгч О.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42/,

-Аюулын зэрэг  “бага” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 57-58/,

 

-Шүүгдэгч О.Л-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч О.Л нь 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчдын 14-6 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.А-ийн эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №122 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 24-25/ нотлогдож байна.

 

Шүүгдэгч О.Л-, хохирогч Ц.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч О.Л-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгч О.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүлийн өрхийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.Л-ид анхааруулж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч Ц.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй” гэж мэдэгдсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Л-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Л-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Л-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Л-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ