Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 60

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............оршин суух, Н.Аийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 сарын 22-ны өдөр 139/2018/00062/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 онд төрсөн. 1981 оны 01 сарын 01-нээс 1993 оны 05 сарыг дуустал сүү бордооны Алтат хоршоололд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн тамга тэмдгийн шаардлага хангахгүй зөрчилтэй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 01 сарын 01-н хүртэл малчинаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Хэрэгт цугларсан баримтуудыг үндэслээд 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд, 1981 оны 06 сарын 01-нээс 1993 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.Ань ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Н.Ань 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд, 1981 оны 06 сарын 01-нээс 1993 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд тус тус малчинаар тус тус ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 05-ны өдрийн 11 тоот тодорхойлолт /ХХ-13/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 08/45, 01 сарын 29-ний өдрийн 08/85 тоот албан бичгүүд /ХХ-12, 35/,

            3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 15-ны өдрийн 31 дугаартай албан бичиг /ХХ-11/,

            4. Н.Аийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлээс 1981 оны 05 сарын 17-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-3-7/,

            5. Н.Аийн Дундговь аймгийн Алтат хоршооллоос 1991 оны 08 сарын 19-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8-10/,

            6. Гэрч Ц.Гийн “...Н.Ань 1981 оны 06 сараас 1993 оныг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд малчинаар ажиллаж байсан. Бага мал малладаг байсан юм. Бид нэг хоршоололд мал малладаг байсан учраас ажиллаж байсан байдлыг нь мэдэж байна. Би 1979 оны 06 сараас 1993 оныг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд малчинаар ажилласан” гэх мэдүүлэг /ХХ-22/

7. Гэрч С.Цийн “...Н.Абид Алтат хоршоололд хамт ажиллаж байсан. Н.Ань Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд 1981 оноос малчинаар ажиллаж байгаад 1981 оны 06 сараас Алтат хоршоололд ирж малчин болсон. 1994 онд Алтат хоршоолол татан буугдсан. Тэр хүртэл малчинаар ажилласан. Би Алтат хоршоололд бичээчээр ажиллаж байсан. Алтат хоршоололын архив оныг нь сайн мэдэхгүй байна, шатаж байсан. Би 1982 оны 05 сараас 1994 оны 10 сарыг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд бичээчээр ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-23/

8. Гэрч А.Б “...Н.Ань 8-р ангиа төгсөөд 1981 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдлийн Далай бригадад малчинаар гарсан. Намайг 1982 онд Алтат хоршоололд малчин болоход Н.А ийнх Алтат хоршооллын малчинаар ажиллаж байсан. Яг хэдэн онд Алтат хоршоололд малчинаар орсон талаар нь мэдэхгүй байна. 1994 онд Алтат хоршоолол татан буугдсан. Тэр хүртэл малчинаар ажилласан. Бага мал буюу хонь мал малладаг байсан юм. Би 1982-1994 оныг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд малчинаар ажилласан...” гэх мэдүүлэг /ХХ-24/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.А ийг 1981 оны 01 сарын 01-нээс 1981 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандах нэгдэлд, 1981 оны 06 сарын 01-нээс 1993 оны 05 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Алтат хоршоололд тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА