Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0212/Э/001/2021/0389

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Б, Б.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Б.Г нарт, мөн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-ад холбогдох эрүүгийн 1918007880576 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Б.Б-, 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, “Нэхий гармент” ХХК-нд гутал бүрдүүлэгч ажилтай, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

2.Монгол Улсын иргэн, Б.Г, 1995 оны 09 дүгээр сарны 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Г нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна иргэн Д.Э-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С-ы эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 19:40 минутын үед ажлаасаа тараад 20:00 цагийн үед Б.Г-, Ариунболд хоёртой уулзаад 3 дугаар байрны 25 тоот руу орсон. Тэнд манай эхнэр болон Насантогтохын эхнэр байсан.  Бид 0.75 литрийн соёрхол нэртэй архи хувааж уугаад, 23:00 цагийн үед “Queen” нэртэй баар луу орж нэг нэг шил пиво уугаад 23:40 минутын үед баарнаас гарч таксигаар 3 дугаар байранд хүргүүлж ирээд, хамгийн түрүүнд би машинаас буугаад бие засчхаад ирэхэд Энх-Оргил ах, Сүхчулуун ах хоёр Б.Г-аас тамхи нэхээд зогсож байсан. Тэгээд би очиж тамхи өгөхөд “гал байна уу?” гэж асуусан. Гал гаргаж өгөхөд намайг цохиж унагаасан, тэгээд босож ирэхэд Б.Г-ыг мөн цохиж унагаагаад над руу дайраад байсан. Тэгээд би тэлээгээ тайлж Энх-Оргилыг цохиж унагаагаад Б.Г-ыг “оръё” гэтэл Б.Г-ын хөлнөөс Сүхчулуун зуурсан тавихгүй байсан. Тэгээд салгаад гэр лүү гээ Насантогтох, Ариунболд, Б.Г-, бид нар цуг орсон. Би тухайн үед Энх-Оргил ахыг цохиж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсандаа үнэхээр их харамсаж байна. Анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдээгүй.

...Б.Г-ыг хажуугаас ирж цохиж зодсоныг хараагүй би цохиж зодсон нь үнэн. Би дангаараа нийт 3.100.000 төгрөг өгсөн. Цаашид гарах зардлыг төлж барагдуулна. ” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр бид уулзаад 1 шил архи ууж бааранд орж нэг нэг пиво уусан. Тэгээд таксигаар хүргүүлээд гэртээ орох гэтэл хохирогч нар надаас тамхи асуусан. Би эхнэртэйгээ муудалцсан байсан тул “байхгүй” гээд уцаарлангүй хэлсэн. Гэтэл Баярцогт надад тамхи байна гээд ирэхээр нь би явж байтал Баярцогт “яаж байна аа” гэсэн. Би Сүхчулуунтай ноцолдож маргалдсанаа санаж байгаа.

...Би дангаараа нийт 2.700.000 төгрөгийн хохирол төлбөр төлж барагдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр Сүхчулууныг гэрт нь хүргэж өгөх гээд явж байхад хоёр дүү таксинаас бууж байсан. Тамхи асуутал “байхгүй, байсан ч өгөхгүй пизда” минь гэхээр нь “чи хүнтэй яаж харьцаад байгаа бацаан бэ?” гээд цээж түрээд очиход Баярцогт өөрийн зууж байсан эссэ нэртэй тамхийг миний аманд зуулгах гэж оролдсон. Тэгээд би дотор карманд тамхи байгааг санаад “тамхи байгаа юм байна, галаа өгчих” гэтэл өөрийн эссэ-гээ зуулгах гэж оролдсоор байсан. Тэгээд байж байтал “пизда минь тамхи татахгүй байсан юм бол яах гэж асуусан юм” гээд намайг түрүүлээд цохисон. Б.Г- хажуу талаас цохих гэхээр нь цохилтыг гаргаж зөрүүлэн цохисон.

... Баримтаар 4.600.000 төгрөгийн рашааны сувиллын баримт, өмгөөллийн хөлс 3000000 төгрөг нэхэмжилж байгаагаас өчигдөр 3000000 төгрөгийг төлсөн. Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн мөнгөө авмаар байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-8/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 13/,

 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 206-209/,

 

-Хохирогч С.С-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цагийн үед би хамаатны дүү болох Д.Э-ын гэрийн хажуугаар явж таараад ойрд уулзаагүй байсан тул гэрээр нь ороод гаръя гэж бодоод 1 шил 0.75 литрийн архи, ундаа, шоколад аваад ороход Д.Э болон түүний эхнэр Мөнхцэцэг хоёр хүүхдийнхээ хамт байсан. Би авч орсон архиа Д.Э-той ууж дуусахад Д.Э намайг “хүргээд өгье” гээд надтай хамт гарсан. Ингээд манай байрны наана “Эс маркет” нэртэй дэлгүүрийн хажуугаар гараад явж байхад дэлгүүрийн хажууд 2-3 залуу зогсож байсан. Би хамаатны залуу Д.Э-оос арай түрүүлж 2-3 алхмын урд явж байсан. Тэгээд ард Д.Э тэдгээр залуусаас уу? эсхүл нөгөө залуучууд Д.Э-оос уу? гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан “гал байна уу?” гэж нэг нэгнээсээ асуусан. Тэгсэн Д.Э-ыг тэдгээр залуус та “Баян-Идэр” төвд пи си тоглоомын газар ажиллуулдаг залуу мөн үү?” гэж байсан. Тэгсэн Д.Э “тийм, пи си тоглоомын газар ажиллуулдаг байсан” гээд ярилцаад байсан. Тэгсэн тэдгээр залуус түүнийг тойрч зогсоод дуу нь өндөрсөөд байхаар нь би маргалдаж магадгүй гэж бодоод “боль боль” гээд дундуур нь орсон чинь Д.Э-ыг тэдгээр залуусын нэг нь цохихоор нь би дундуур нь ороод салгах гэхэд жижиг биетэй сахалтай залуу буюу Б.Г гэх залуу намайг араас татаад унагасан. Намайг Б.Г татаж унагаад миний нуруу, хавирга, өвдөг, тохой руу олон удаа өшиглөсөн. Би тухайн үед унаад шууд нүүрээ дараад хэвтсэн.

...намайг Б.Г- зодохоо болихоор нь босоод харахад Д.Э газар уначихсан байхад гурван залуу тойроод зогсчихсон байсан бөгөөд нэг нь хөл рүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгэхээр нь би гүйж очоод “хүүе наадах чинь толгой тархины өвчтэй хүн шүү, болохгүй шүү” гээд орилоод очиход тэдгээр хүмүүс зугтаагаад 3 дугаар байрны орц руу бөөнөөрөө гүйлдээд орчихсон.

...намайг Д.Э дээр очиход босох гээд байхаар нь “байж бай, наанаа жаахан хэвт” гээд өндийлгөөд замын хөвөөн дээр суулгахад толгойнх нь зүүн орой хэсгээс цус гарч шанааг нь дагаж урсаж байсан. Мөн хамрынх нь нуруу орчим битүү хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Түүнээс “гайгүй юу?, юу болов оо?” гэхэд “өмдний тэлээний арлаар миний толгой руу цохичихлоо” гэж хэлсэн.

...би тухайн зодооны үед толгойн духны гол, зүүн дал, баруун гарын тохой, хоёр хөлийн шилбэ рүү өшиглүүлснээс болж хөхөрч цус хурсан байсан. Мөн уруул руу өшиглөсний улмаас миний дээд, доод уруул язарсан байсан. Б.Г-ын хөлөөс зуурах үед миний толгой болон уруул, хоёр нүд рүү гараараа цохисон. Дараа нь дух руу хөлөөрөө өшиглөж унагаахад баруун гарын тохой хэсэгт зулгаралтын гэмтэл учирсан. Тиймээс миний биед учирсан гэмтлүүдийг Б.Г-, Б.Ариунболд хоёр учруулсан. Б.Б-ыг миний зүүн шанаа руу цохиход бага зэрэг хөндүүрлэснээс биш гэмтэл учраагүй. 180.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөө буруутай хүнээс нэхэмжилж байна. Өөр гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68, 210-211/,

 

-Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 40 минутын үед шиг санаж байна. Эхнэр, хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байхад гадаа согтуу хүмүүс байгаа бололтой нэгнээсээ тамхи юм байна уу? гэж ярилцаж байгаа бололтой сонсогдсон. Тэгсэн чинь пид пад гээд дуу чимээ гараад “хүн аллаа, алчихлаа шүү дээ” гээд орилохоор нь гайхаад цонхоор харахад нэг залуутай хэдэн залуучууд маргалдаад нэг залууг 4 залуу унагачхаад гишгээд юмаар ороолгож цохиод өшиглөөд гараараа нүүр лүү нь олон удаа цохиод байгаа бололтой харагдсан. Наана нь нэг намхан хар хувцастай залуу “болиоч ээ, хүн  аллаа” гээд байсан. Би тэгэхээр нь хүргэн Дашдоржийг “цагдаа дуудаарай” гээд дуудлага өгүүлсэн. Анх манай байрны гадаа маргалдаж байгаад 4 дүгээр байрны хажуугийн харанхуй орчинд зодоон болоод байсан учир яг тийм ийм гээд хэлж чадахгүй байна. Бүгд хар бараан хувцастай байсан.

...хоёр залуу нь гартаа тэлээ бололтой зүйл барьчихсан нэг залууг цохиод байсан. Тэгээд нэг нь гараараа цохисны дараа ээлжлээд нэг нэгээрээ толгой руу нь өшиглөөд байгаа харагдсан. Зодуулж байгаа залуутай хамт явж байсан залуу оршин суугчдаас “та нар цагдаа дуудсан уу?” гэхэд “цагдаа дуудсан” гэж хэлэхэд тэнд байсан залуучууд манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар луу гүйгээд орж байгаа нь харагдсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тухайн айлаас нөгөө залуучуудын нэгийг машинд суулгаад аваад гарч байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 80-81/,

 

-Гэрч Э.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 00 цаг болж байх үед гэртээ унтах гэж хэвтэж байсан чинь гадаа хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь цонхоор харсан чинь нэг ахыг хар хувцастай хүн гүйж очоод нүүр лүү нь цохиход нөгөө цохиулсан хүн нь газар уначихсан. Тэгсэн тэр цохиж унагасан залуу газар унасан залуугийн нүүр лүү нь гараараа нэлээн олон удаа цохисон. Тэгсэн нэг залуу очоод нөгөө цохиод байгаа залууг “одоо боль” гээд хөлөөс нь татахад хажуугаас нь тэр залуугийн ах нь  бололтой хүн “хүүе болиоч, та нар миний дүүг зодчихлоо” гээд байсан. Тэгсэн тэдгээр залуус манай урд талын 3 дугаар байр луу орох гэхэд нөгөө зодуулсан залуугийн ах нь гэх залуу явуулахгүй гэхэд нэг нь түүнийг унагаасан чинь хөлөөс нь бариад авсан. Гэтэл хөлөө бариулсан залуу тухайн хөгшин хөл барьсан залуугийн толгой руу нь цохичхоод  гүйгээд явсан. Харин нөгөө зодуулаад газар унасан залуу босохгүй хэвтээд байсан чинь ах нь очоод дүүгээ босгох гээд оролдоод байсан. Тэгж байтал удалгүй цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь 07 цаг 50 минутын үед хичээлдээ явахдаа тухайн зодоон болсон газрын хажуугаар явахад шаргал өнгийн тэлээний арал газар хэвтэж байхыг харсан. Би тэр зодуулсан ахыг тэнд байсан хүмүүст бүгдэд нь зодуулж байхыг хараагүй. Намайг харахад нэг залуу цохиж унагаад дээр нь гараад гараараа олон удаа цохиж байхыг харсан. Тухайн зодоон болж байх үед нийт 6 залуу байсан ба 4 хүн нь зодоон дууссаны дараа 3 дугаар байр руу гүйгээд орсон.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 83-84/,

 

-Гэрч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг 50 минутын үед эхнэр хүүхэдтэйгээ унтаж байхад хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг чимээ сонсогдохоор нь жижиг өрөөнийхөө цонхоор харахад байрны доор 5 залуу хоорондоо зодолдоод байгаа харагдсан. Нэг хөгшин бололтой залуу газар дээшээ хараад унасан. Тэгэхэд тэдгээр залуусын 2 нь өмднийхөө тэлээг сугалаад толгой, цээж, гар луу нь ороолгосон. Мөн толгой руу нь хэдэн хэдэн удаа өшиглөж зодчихоод манай өөдөөс харсан 3 дугаар байрны 5 давхар руу гарч байгаа харагдсан. Тэдгээр залуус орц руу орохын өмнө нөгөө газар унаад ухаангүй байгаа залуугийн найз бололтой залуу нэг намхан мяраалаг залуугийн нэг хөлөөс нь  тэвэрч суучхаад явуулахгүй гээд байсан. Тэгсэн нөгөө залуу тавиач гэж байгаад гарыг нь тавиулчхаад орцруу орсон. Ингээд удаагүй цагдаа болон эмнэлэг ирэхээр нь унтсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болж байх гадаа хүмүүс орилолдоод байгаа чимээ сонсогдохоор нь өрөөнийхөө цонхоор харахад 2 залуу 4 залуутай маргалдаад байгаа харагдсан. Тэгээд нэг залуутай нэг залуу заамдалцаад нэг нэгнийгээ цохиход нэг нь газар унасан. Унахад нь цохиж унагасан залуу өмднийхөө тэлээг сугалаад гар орчим руу нь 4-5 удаа ороолгож цохисон.

...тэлээгээр ороолгож цохиж байсан залуу тэлээгээр цохисныхоо дараа гараараа толгой, нүүр орчим руу нь хоёр гараараа ээлжлээд олон удаа цохиж байгаад босоод явсан. Тэгснээ буцаж очоод дээрээс нь цохиход бас нэг залуу ирээд хөл рүү нь өшиглөсөн. Яг хөл рүү нь байсан уу гар руу нь байсан уу мэдэхгүй 3-4 удаа өшиглөсөн. Тэр хоёр залуугийн хажууд нэг залуу хараад зогсоод байсан. Бас нэг залуу 3 дугаар орцны урд зогсож байсан. Газар зодуулсан байсан хүний ах нь бололтой хүн нэг залууг явуулахгүй гээд хөлөөс нь тэврээд авахад тэр залуугийн толгой руу 3-4 удаа цохиод хөлөө татаад орц руу гүйгээд орсон” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 90-91/,

 

-Хохирогч Д.Э-ын өвчний түүх, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /1 дэх хавтаст хэргийн 93-105, 107-108/,

 

“...Д.Э-ын биед баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №13664 дугаартай гэх шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 110-111/,

 

-“...С.С-ы биед баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 953 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 127-128/,

 

-Шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.Э-ын биед учирсан гэмтлүүдээс бүсэлхийн зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд юмаар буюу тэлээгээр цохигдсоноос үүсэх боломжтой. Харин толгойн гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр нүүрний хэсэгт, баруун чамархайн хэсэгт хүч үйлчлэх үед буюу тухайн хэсгээрээ унах үед болон юм мөргөж унах үед уг гэмтэл нь үүснэ.

...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 214/,

 

-Шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд болон хохирогч нарын эмчилгээний зардлын баримтууд 1 дэх хавтаст хэргийн 16-59, 205/

 

-“...Д.Э-ын биед баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагз хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлсөн мэс ажилбар /2019.11.11/, тархины аалзан хальсан доорх цус харвалт, духны хуйх, бүсэлхийн зулгаралт, зүүн чихний язарсан шарх, баруун чамархайн няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний доод зовхи, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2019.11.05-ны өдөр, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

...Д.Э-ын биед баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн тархины эдийн архаг няцралын голомт тогтоогдлоо. Дээрх архаг өөрчлөлт нь хэдий хугацааны өмнө үүссэн, бүрэн эдгэрсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Дээрх архаг өөрчлөлт нь 2019.11.18-ны өдрийн №13664 тоот дүгнэлтэд тогтоогдсон гэмтлүүдтэй шалтгаант холбоогүй байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019.11.18-ны өдрийн №13664 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 19-25/,

 

-Гэрч Ч.Н-ын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр 11:30 минутын үед баарнаас гараад гэрийн гадаа таксигаар очсон. Биднээс хохирогч нар тамхи асуухаар нь “тамхи байхгүй” гэж хэлээд жаахан маргаан болсон. Баярцогт ирээд тамхи өгөөд гал өгөхөд Энх-Оргил нь Баярцогтыг цохисон. Дараа нь Б.Г-ыг цохисон. Би тэр үед архи ундаа барьсан байсан, тэд бужигнаад зам руу яваад өгсөн. Би тухайн үед байрны хүмүүстэй хэрэлдэж байгаад зам руу харсан. Тэгтэл Баярцогт Энх-Оргилыг өшиглөж байсан, тэгээд болиоч гэж болиулаад гэр лүү орцгоосон.” гэх мэдүүлэг / 3 дахь хавтас хэргийн 182/,

 

-Гэрч Б.А-ын 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр баарнаас гараад таксинаас буугаад байрны гадаа яг юунаас болж зодоон болсныг би хараагүй. Нэг харахад Б.Г-, Баяцогт нар цохиулсан байсан. Тэгээд Б.Г-ын араас Сүхчулуун нь цохих гэхээр нь татаж унагаад хоёр өшиглөөд болиулсан. Энх-Оргил Баярцогт нар зам дээр зодолдоод байсан яг тодорхой сайн санахгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд дахиж мэдүүлэг авахдаа надад бичлэг үзүүлж байгаад “энэ цохиж байгаа хүн Б.Г- мөн үү?” гэж байцаагч асуухаар нь “мөн” гэж хэлсэн. Тэрнээс биш тухайн үед Б.Г- нь хохирогч Энх-Оргилыг цохисон талаар би нарийн сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3 дахь хавтас хэргийн 183/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг болон камерын бичлэг зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Г нь хохирогч Энх-Оргилыг зодоогүй гэдэг боловч камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн өгсөн мэдүүлэг, гэрч Ариунболд, Мөнхсувд, Балдорж, Гантулга, насанд хүрээгүй гэрч Анхзаяа нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар Энх-Оргилыг бүлэглэж зодсон болох нь тогтоогдож байна. Мөн Шүүх шинжилгээний эмчийн дүгнэлтүүдийг үндэслэж шүүгдэгч Б.Б-, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, мөн шүүгдэгч Б.Г-ыг С.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Хохирогч нь эрүүл мэндийн асуудал хүнд байгаа, өчигдөр шүүгдэгч нар 3.000.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлээд явна.” гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, хохирогч Сүхчулуунд 180,000 төгрөгийн хохирол төлсөн гэдгийг дурдъя. Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг. Гэрч нарын мэдүүлгээр Б.Г-ын үйлдлийг эргэлзээгүйгээр тогтоогдоогүй. Хэдийгээр өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч гэсэн энэ байдлыг харгалзан үзнэ үү. Мөн шүүгдэгч Баярцогт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрийн хувьд Энх-Оргилд 2.850.000 төгрөг төлсөн, сүүлд нэхэмжилсэн хохирлоос шүүгдэгч нар тус бүр 1.500.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн. Өмгөөллийн хөлсийг төлөхөөс татгалзаж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөллийн хөлсийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан байна. 

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 3 дугаар байрны гадна шүүгдэгч Б.Б-, Б.Г нар нь хохирогч Д.Э-той маргалдаж, улмаар хохирогчийг гараар болон тэлээгээр цохих, газар унаган өшиглөх, цохих зэргээр зодож эрүүл мэндэд “баруун талын дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний зовхи, бүсэлхийнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт” бүхий хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Г нь дээрх зодооныг салгах гэсэн иргэн С.С-ыг цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний зовхи, цээжний зүүн хажуу хэсэг, баруун тохойд зулгаралт, цус хуралт, уруулын язралт, дух, нүүрний хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн тал дээр маргаагүй байна.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Б-, Б.Г нарын хохирогч Д.Э-ыг зодсон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, хохирогчийг зодох талаар урьдчилж тохиролцоогүй боловч хэн аль хохирогчийг цохиж зодон үйлдлээрээ санаатай нэгдсэн, тэдний үйлдэл нь хохирогчийн түүний эрүүл мэндэд учирсан хүнд хохиролтой шууд шалтгаантай холбоотой буюу шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,

Шүүгдэгч Б.Г-ын хохирогч С.С-ыг зодсон үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан зэргээрээ     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдхүүний шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч Б.Б-, Б.Г нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгч нарын  согтууруулах ундаа хэрэглэсэн үеийн зүй бус, бүдүүлэг харилцаа, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Б.Б- Д.Б.Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б-, Б.Г нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй, цаашид ч арилах эсэх нь эргэлзээтэй байгаа, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдал болон өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймд шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2 жилийн хасаж биечлэн эдлэх ялыг  8 жилийн хугацаагаар, Шүүгдэгч Б.Г-ад 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах,  өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2 жилийн хугацааг өршөөн хасаж биеэр эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон шүүгдэгч Б.Г-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

 

Хохирогчийн өмгөөлөгч дүгнэлтдээ:  Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хор уршиг маш хүндээр туссан. Улсын яллагчийн санал болгосон ялын саналыг дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарт тус бүр 10 жилийн хорих ял оногдуулах саналыг хүнддэж байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдлээс үүдэлтэй, хохирогч нь зөрчлийн тухай хуулиар шийтгэл авсан, Баярцогтыг унатал нь цохисон зэрэг үйлдлүүд нөлөөлсөн. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг болохоос өмнө хохирогч өөрөө тархины хүнд гэмтэлтэй байсан. Шүүгдэгч Баярцогт нь 1-9 насны 4 хүүхэдтэй, Б.Г- нь 2 хүүхэдтэй эхнэр нь одоо жирэмсэн, шүүгдэгч нар нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө ажил төрөлтэй гэр бүлтэй хүмүүс байсан. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эдлэх ялыг гуравны хоёроос багагүй ял оногдуулах гэж заасны дагуу шүүгдэгч нарт  5 жилийн хугацаатай хорих ял оноож дээрх заалтын дагуу тус бүр 3 жил 4 сарын хорих ял оногдуулах боломж байна гэж үзэж байна. Мөн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар тус бүр 2 жил хасах боломжтой тул биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаатай нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг тус тус гаргасан болно.

Харин шүүгдэгч Б.Б-: Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, миний гэр бүлийн байдлыг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт,

Шүүгдэгч Б.Г-: Улсын яллагчийн хэлснээр архи хэтрүүлснээс болж санахгүй байгаа юм биш, харин цохиулж унасны улмаас санахгүй байгаа талаар хэлсэн. Гэмт хэрэг үйлдсэн байдал, гэр бүлийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх хүсэлтээ тус тус илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Г нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нар нь хохирогчийн эмчилгээний зардлыг нотлох баримтын хүрээнд төлж барагдуулсан боловч хохирогч Д.Э-ын биеийн эрүүл мэндийн байдал хэвийн байдалд орсон, гэм хор арилсан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дахь хэсэгт заасныг журамлан ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулжээ.

Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний гэм буруу, оногдуулах ял эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох” зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байна. Өөрөөр хэлбэл Б.Г-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт тус бүр 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасахаар шийдвэрлэлээ. Ийнхүү шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

3.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Шүүгдэгч нар нь хохирогч С.С-д 180.000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Э нь шинээр 7605000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг /4 дэх хавтаст хэргийн 16-18/ гаргаж өгсөн байна. Хохирогч нь өөрийн сайн дураар өмгөөлөгч хөлслөн авсан, өмгөөлөгч нь орлогын татвар төлсөн талаар баримт байхгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн хөлсөнд 3000000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин рашаан сувилалд сувилгаа, эмчилгээ хийлгэсэн талаар 4605000 төгрөгийн баримт ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нар дээрх төлбөрийг төлж барагдуулсан /4 дэх хавтаст хэргийн 32, 35, 56/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 302 хоног, шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Мөн энэ хэрэгт хураагдаж ирсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографын зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Г-, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б-, Б.Г нарын эдлэх ялыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

Шүүгдэгч Б.Г-ыг бүлэглэж, хүний хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Г-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт тус бүр 5 жилийн /таван жил/ хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 302 /гурван зуун хоёр/ хоног, шүүгдэгч Б.Г-ын цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий си ди 1 ширхгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 ууттай компьютер томографын зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Э-д буцаан олгож, хохирогч Д.Э-ын 3000000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7.2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт  оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн /хоёр жил/ хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг тус бүр 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-, Б.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ

 

 

     ШҮҮГЧИД                                                 Б.ИХТАМИР

 

 

                                                           Н.ИДЭР