Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/81

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0063/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.А, Д.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Д.Ц нарт холбогдох 2218000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, Б.А, 1973 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн машинч мэргэжилтэй,  “Шарын гол” ХК-нд өрмийн машинч ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

2. Монгол Улсын иргэн, Д.Ц, 1969 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 95-04 ДАА улсын дугаартай Филдер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.А-, Ч.О,  З.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 09-23 ДАА улсын дугаартай санота-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-т заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.А-, Ч.О,  З.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 09 цагийн орчимд Шарын гол сумаас Дархан-Уул аймгийн Дархан сум руу 95-04 ДАА улсын дугаартай тоёота филдер маркийн автомашинтайгаа буяны ажилтай явж байсан юм. Тэгээд 10 цагийн орчимд Зулзагын шороон замаар ороод явж байсан. Тэгээд уг замыг голлоод явж байтал нэг даваа гарч ирсэн. Яг тэр давааг давж байтал өөдөөс  нэг автомашин бас зам голлоод гараад ирсэн юм. Тэгээд би автомашиныхаа урд гол хэсгээр тухайн автомашины баруун талын урд хэсгээр мөргөлдсөн. Тухайн зам дээр хоёр талаас ирж байгаа тээврийн хэрэгсэл харагдахгүй байдаг юм байна лээ. Яг дээр нь гарч ирж байж л харагддаг. Ийм зүйл болсон юм.

... З.Ч-ы 300.000 төгрөгийн хагалгааны зардлыг төлсөн. Ч.О-д 100.000 төгрөг төлсөн.

... Миний хувьд 50 хувь буруутай гээд байсан ба Д.Ц бид хоёр өөрсдийн машинд сууж явсан хохирогч нарын эмчилгээний зардлыг гаргана гэж бодсоны дагуу хохирол төлбөр төлсөн байгаа. Машин машиндаа байсан хохирогчийн эмчилгээний зардлыг даана гэж ойлгоод байгаа юм.

... Өөрийгөө өмгөөлж хэлэх үг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 07 цагийн орчимд Шарын гол сумаас Дархан-Уул аймгийн Дархан суманд 09-23 ДАА улсын дугаартай хьюндай соната-7 маркийн автомашинтайгаа хүн хүргэж ирсэн юм. Тэгээд 10 цагийн орчимд зүс таних Оюунчулуун, Ажаасүрэн нарыг аваад Шарын гол сум руу Зулзагын шороон замаар ороод явж байсан. Тэгээд уг замыг голлоод явж байтал нэг даваа гарч ирсэн. Яг тэр давааг давж байтал бас өөдөөс яг нэг автомашин бас зам голлоод гараад ирсэн юм. Тэгээд миний автомашины баруун талын урд хэсэг, нөгөө автомашин болохоор яг гол хэсгээрээ мөргөлдсөн байсан. Ийм зүйл болсон юм.

... Ч.О-д 1,8 сая төгрөг өгсөн, Ц.А-д 2 сая төгрөг төлсөн.

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.О-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Шарын гол руу явах гэж байгаад бэртсэн. Тухайн өдөр би эмнэлэгт ухаангүй байдалтай ирсэн ба зүрх муу байна гээд зүрхний бичлэгийг нэлээн орой хийсэн. Явах чадваргүй байдалтай ухаан алдаж ирсэн. Одоо хүртэл эмчилгээ хийлгээд явж байгаа, шөнө унтаж чадахгүй байдалтай болсон. Би элэгний хавдартай, ясны сийрэгжилттэй хүн тул ясандаа бэхэлгээ хийлгэж болохгүй байна гээд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бэхэлгээгээ авахуулсан, шөнө унтахын тулд тариа хийлгэж унтаж байгаа. Миний мэдэж байгаагаар Зулзагын голын наана явж байхад Д.Ц аяархан явж байсан. Би аливаа машинд суухаараа бариулаас нь барьж явдаг, тэр үед бол аюулгүй, удаан явж байсан тул бариулаас бариагүй явж байсан юм. Харин Б.А их хурдтай явж байгаад биднийг осолд оруулсанд гомдолтой байдаг юм. Энэ хоёр жолоочийн буруутай үйл ажиллагаанаас ийм болчхоод байна. Б.А өнгөрсөн хугацаанд нэг ч удаа миний биеийг асуугаагүй, Б.А-ийн нэг хамаатан нь ослоос хойш 56 хоногийн дараа надтай уулзаж, ярилцсан юм. Тэр хамаатантай нь уулзсаны дараа 100,000 төгрөг бариад манай гэрт орж ирсэн. Өнөөдрийг хүртэл иймэрхүү байдалтай байна. Би шүүгдэгч нарыг санаатай ийм хэрэг хийсэн биш гомдол санал байхгүй гээд өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл энэ ослоос болоод эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирчхоод байна шүү дээ. Маргааш гэхэд хэрэг гарснаас хойш 3 сар болж байхад би эдгэрэхгүй зовсон хэвээр байгаад гомдолтой байна. Б.А галзуу солиотой юм шиг явсанд гомдолтой байгаа. Би энэ шүүх хуралдаанаар хохирлоо төлүүлж авмаар байна. Миний шүднүүд одоо хүртэл бэхэлгээ авахгүй, би зутан идээд л байж байна. Би турсан, надад үнэхээр хэцүү байна. Эрүүний гажгийг Улаанбаатар хотод засдаг гэж эмч надад хэлсэн. Би гадна дотноо төмөр бэхэлгээтэй тул хаана явсан газар цахилгаанд цохиулдаг болсон. Би цаашдаа элгээ үзүүлж, шүдээ эмчлүүлнэ, гар яагаад хавдаад байгааг бас мэдэхгүй байна. Би яагаад одоо хүртэл эдгэрэхгүй байгааг мэдэхгүй байна, 61 нас өнгөрсөн болохоор тэгж байгаа юм уу? бүү мэд. Осол гарах үед миний 2 хавирга хугарсан талаар шинжээчийн дүгнэлтэд бичээгүй байгаа. Таван шүд суларч, 2 шүд цуурсан, цус гарсан байдалтай байгааг энэ хоёр хүн харж байсан. Ямар төмөр шонгийн мод мөргөсөн биш дээ 56 хоногийн дараа 100,000 төгрөг авч ирээд байхдаа яах вэ дээ. Ослын дараа намайг ямар байдалтай байгааг энэ хүмүүс харсан шүү дээ, би өөрөө ч суурь өвчтэй тул айж байсан. Манай өвгөн одоо хүртэл миний сэтгэлийг бодоод, намайг өвдөөд унтаж чадахгүй байхад 02:00 цагт босож ирдэг шүү дээ. Олон удаагийн унтуулгаас болж ой санамжаа алддаг болсон, хамгийн сүүлд машин дотор цүнхээ мартаад буусан байсан. Миний цүнхийг авч ирж өгсөн боловч дотор нь байсан гар утас байхгүй байсан гэх мэтээр би хохироод явж байгаадаа гомдолтой байна. Би эрүүл болох хэрэгтэй байна, Миний хань, хүүхдүүд ээлжилж намайг сахиж байсан. Охиныхоо 10 дугаар ангийн хүүхдийг авч ирж, өөрийгөө харуулж байгаа, хоол хийж чадахгүй, усанд орж чадахгүй, үр хүүхдэдээ гай болоод байж байна. Би гомдолтой байна. Би хохирол төлбөрөө баримтаар нотолсон байгаа. Элэгний шинжилгээ өгнө, цаашдаа эмчилгээ хийлгэхэд хэд гарахыг мэдэхгүй байна, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж өгнө үү.

...Би 600,970 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс өмнөх зардлыг шүүгдэгч Д.Ц төлсөн байгаа.

...Би Б.А-аас нэхэмжилмээр байна. Яагаад энэ хүн намайг ийм болгосон юм бэ?, Д.Ц намайг хохироосон боловч хохирол төлбөр төлсөн, харин Б.А хохирол өгөөгүй тул энэ удаагийн хохирлыг түүнээс нэхэмжилмээр байна. Хохирол төлбөрийг төлөхгүй удаах шаардлага байхгүй, би дараагийн эмчилгээндээ явмаар байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураг /хавтаст хэргийн 3-6/,

 

-Жолооч Б.А, Д.Ц нарын согтуурлын зэргийг шалгахад 0.0% гарсан тухай согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8/,

 

-Хохирогч Ц.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 11 цагийн л үед байх Дархан сум 13 дугаар баг Их сургууль 2-24а тоот гэрээсээ Шарын гол сум руу хувийн ажлаар явах гэж байхад манай найз Оюунчулуун над руу залгаж хамт явахаар болоод уг таксинд суусан. Жолооч нь тендерт Шарын гол сумаас Дархан руу явдаг хүн байсан.

...Би найзтайгаа арын суудалд сууж явсан. Би баруун талд, найз Оюунчулуун зүүн талд сууж явсан юм.  Тэгээд Зулзагын замд явж байгаад гэнэт би амьсгалж чадахгүй болсон. Тэгээд Оюунчулуун над дээр дарсан байсан. Миний толгойн орой хэсгээс цус их хэмжээгээр гарч байсан, биеийн баруун талын хэсэг өвчтэй байсан. Тэгээд би буугаад хартал миний сууж явсан машинтай мөргөлдсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12/,

 

-Хохирогч З.Ч-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ахын хүү Б.А, түүний эхнэр Майцэцэг, дүү Цэцгээ, ах Цагаанцоож нарын хамт Шарын гол сумаас Дархан сум руу 09 цагийн орчимд буяны ажилд явахаар хөдөлсөн юм.

...11 цагийн орчим Зулзагын замаар явж байхад урд талаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл ороод ирэхэд Аюуш машинтайгаа зүүн талын эгнээг барин явж байгаад баруун тийш машинаа залахад харин өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэл баруун гар  талыг барьж явж байгаад зүүн тийш машинаа эргүүлэхэд хоёр тээврийн хэрэгсэл баруун зүүн талаараа мөргөлдсөн юм.

...Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,

 

-Гэрч Х.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүргэн ах Б.А, түүний эхнэр Майцэцэг, эгч Чулуун, ах Цагаанцоож нарын хамт Шарын гол сумаас Дархан сум руу хөдөлсөн. Тэгээд явж байтал манай машин өөдөөс гэнэт дов даваад нэг саарал өнгөтэй тээврийн хэрэгсэл гараад ирсэн. Тэгээд хүргэн ах баруун тийш рүүлээ эргүүлээд нөгөө өөдөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэл зүүн тийшээгээ дараад хоорондоо мөргөлдсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24/,

 

-Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 11 сарын 23-ны өдөр 11 цагийн орчим Шарын гол сумаас Дархан сумын чиглэлд Зулзагын гол хавьцаа явж байсан...

... Тэгээд урд талаас гэнэт саарал өнгийн соната 7 маркийн тээврийн хэрэгсэл орж ирсэн ба манай нөхөр Аюуш баруун гар тийш машинаа эргүүлсэн чинь нөгөө машин адил дарж эргээд 2 машин баруун гар талаараа мөргөлдсөн юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33/,

 

-Гэрч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 11 сарын 23-ны өдөр 11 цаг 20 минутийн орчим Шарын гол сумаас Дархан руу ажил явдлаар авга дүү болох Аюушийн Филдер  маркийн тээврийн хэрэгсэлтэй Зулзагын замд явж байхад өөдөөс саарал өнгийн суудлын тэрэг гэнэт өгсөөд гараад ирсэн. Тэгээд мөргөлдсөн.

...Өргөн зам байсан. Зэрэгцээ замууд их байсан, зүүн талаа бариад л явж байсан. Тэгсэн чинь урдаас гэнэт машин гарч ирэхээр нь баруун талаа дартал нөгөө машинтай мөргөлдсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36/,

 

-Техникийн шинжээч С.Саруулболдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “...09-23 ДАА улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл 2021 оны 09 сарын 16-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж  тэнцсэн. Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцсон байна.

...Тус тээврийн хэрэгсэл нь тормос гишгэж амжаагүй мөргөлдсөн байх магадлалтай. Хэргийн үзлэгээс харахад 2 жолооч замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан үүргийг биелүүлээгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39/,

 

-Техникийн шинжээч С.Саруулболдын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай “...95-04 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 06 оны 02 сарын 02-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж  тэнцсэн. Тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцсон байна.

...Тус тээврийн хэрэгсэл нь тормос гишгэж амжаагүй мөргөлдсөн байх магадлалтай. Хэргийн үзлэгээс харахад 2 жолооч замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан үүргийг биелүүлээгүй байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47/,

 

-“...З.Ч-ы биед зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн сэлтэрхийтэй зөрүүтэй битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Ч-ы биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. З.Ч-ы биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56/,

 

-“...Ц.А-гийн биед тархи доргилт, хуйхны язарсан шарх, баруун талын 3 хавирганы зөрүүтэй хугарал, цээжний баруун талд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.А-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ц.А-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 819 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-67/,

 

“...Ч.О-ы биед баруун гарын шуу болон богтос ясны дунд 1/3 хэсгийн хөндлөн битүү хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ч.О-ы биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Ч.О-ы биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 820 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 76-77/,

 

-Б.А-ийн жолоодож явсан “Тоёота Филдер” маркийн 95-04 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 11 500 000 төгрөгөөр тогтоосон Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 84-85/,

 

-Д.Ц-ийн жолоодож явсан “Хьюндай соната 7” маркийн 09-23 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 12 500 000 төгрөгөөр тогтоосон Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 93-94/,

 

-Шүүгдэгч Д.Ц-ээс хохирогч нарт хохирол төлбөр шилжүүлсэн тухай хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 154-155/,

 

-Хохирогч Ч.О-ы хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 163-183, 244-248/,

 

-Хохирогч З.А-гийн хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 185-202, 241-243/,

 

-Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 820 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тухайн дүгнэлтийг гаргахдаа иргэн Ч.О гэх иргэний өвчний түүхийг үндэслэн дүгнэлт гаргасан ба өвчний түүхэнд шүдний хугарал болон шүдний гэмтлийн талаар дурдаагүй байсан тул миний гаргасан дээрх дүгнэлтэнд тус иргэний шүдний талаар тусгагдаагүй гэсэн үг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 205/,

 

-Гэрч Э.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн баримтыг харахад миний бие тус Оюунчулуун гэх иргэний шүдний дэлгэмэл зургийг авч өгсөн үйлчилгээ үзүүлсэн байна. Дэлгэмэл зураг авахуулж байгаа гол зорилго нь шүдэнд гэмтэл хугарал байна уу? гэдгийг нотлох зорилготой байдаг юм. Тухайн иргэн шүдний дэлгэмэл зураг авахуулснаас өөр эмчилгээ үйлчилгээ аваагүй байгааг тухайн шүдэнд нь хугарал гэмтэл байгаагүй байж болох юм. Шүдний зураг аваад гэмтэлтэй, хугаралтай байгаа тохиолдолд эмчийн бичиг хийж өгдөг. Харин энэ хүн дээр бичиг байхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 207/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.А нь 95-04 ДАА улсын дугаартай Филдер маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Д.Ц нь 09-23 ДАА улсын дугаартай санота-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-т заасан “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас шүүгдэгч Б.А, Д.Ц нар нь зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.А-, Ч.О,  З.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.А, Д.Ц нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 130/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 134/ зэргээр тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Д.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 144/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 135/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.А нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа, шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогч нарт учирсан материаллаг хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэрэг хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан  шүүгдэгч Д.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.А-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч нарт анхааруулж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-, Ч.О,  З.Ч нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд  хохирогч З.Ч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/ өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц нь “Ч.О-д 1,8 сая төгрөг, Ц.А-д 2 сая төгрөгийг өөрсдөө нэхэмжилж байна гэхээр нь баримт шаардалгүйгээр төлсөн” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.А нь “З.Ч-ы 300000 төгрөгийн хагалгааны зардлыг төлсөн, Ч.О-д 100000 төгрөг төлсөн.”  гэх мэдүүлгүүдийг өгч байх бөгөөд тухайн хохирол төлбөрийг төлсөн тал дээр талууд маргахгүй байна.

 

Харин хохирогч Ч.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би 600970 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс өмнөх зардлыг шүүгдэгч Д.Ц төлсөн байгаа. Энэ зардлыг Б.А-аас нэхэмжилмээр байна.” гэх мэдүүлэг өгч холбогдох баримтыг /хавтаст хэргийн 244-248/ гаргаж өгсөн байна.

 

Хохирогч Ц.А-гээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...эмчилгээний үлдэгдэл зардал болох 945850 төгрөгийг гаргуулж өгнө үү. Миний биеийн байдлын улмаас гарч болох хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүхийн тогтоолд тусгаж өгнө үү, намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг холбогдох баримтын /хавтаст хэргийн 241-243/ хамт шүүхэд ирүүлжээ.

Хохирогч Ц.А нь эмчилгээний зардалд 945850 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн бөгөөд түүний ирүүлсэн бичгийн баримтад дүгнэлт хийхэд  493.040 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаж байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.А-аас 1094010 төгрөгийг шүүгдэгч гаргуулж, 600.970 төгрөгийг хохирогч Ч.О-д, 493.040 төгрөгийг хохирогч Ц.А-д тус тус олгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.А нь “...өөрийн машинд сууж явсан хүмүүст эмчилгээний зардал төлнө” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.1-д заасныг аль аль нь зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь “...хэргийн үзлэгээс харахад 2 жолооч замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан үүргийг биелүүлээгүй байна.” гэх дүгнэлтээр /хавтаст хэргийн 39, 47/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Ц нь Ч.О-д 1.8 сая төгрөг, Ц.А-д 2 сая төгрөгийн хохирол төлбөр төлсөн байх тул хохирогч Ч.О,  Ц.А нарын эмчилгээний зардлын үлдэх хэсгийг шүүгдэгч Б.А-аас гаргуулж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А, Д.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч Д.Ц нь шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт  хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-, Д.Ц нарыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.А-ид 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг,  шүүгдэгч Б.А-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Ц-, Б.А нарт үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-аас 1094010 /нэг сая ерэн дөрвөн мянга арав/ төгрөгийг гаргуулж, 600.970 /зургаан зуун ерэн мянга есөн зуун дал/ төгрөгийг Ч.О-д, 493040 /дөрвөн зуун ерэн гурван мянга дөч/ Ц.Ажаасүрэнд тус тус олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ