Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0078/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Э.С /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан учир өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-д холбогдох эрүүгийн 2218000000075 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Э.С, 1983 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 17-116 тоотод байх өөрийн гэртээ Г.О-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Э.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-нд шилжих шөнө 00 цагийн үед миний бие өөрийн гэртээ буюу Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 17-116 тоотод өөрийн нөхөр Дархандаваа, Дарханцоож, Г.О нарын хамтаар архи уучихсан согтуу байсан. Тухайн үед би халамцуу байдалтай хэвтэж байгаад босоод ирсэн чинь Г.О эгч манай нөхрийг үнсээд “хайр аа” гээд дуудаад байсан. Манай нөхөр харин тасраад уначихсан өөрийн ухаангүй байсан. Тэгэхээр нь би хардаад ширээн дээр байсан төмөр савыг аваад Г.Оэгч рүү шидсэн чинь нүүр, хөмсөг хавьцаа нь оночихсон юм байна лээ.

...Хохирогчид 500.000 төгрөг төлсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4/,

-Хохирогч Г.О-ийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5/,

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-12/,

-Төмөр сав, төмөр шанага зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст  хэргийн 15/,

 

-Хохирогч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Даваа, Саранзаяа нарын гэрт очиход Даваагийн дүү Дарханцоож хамт архи уусан байдалтай сууж байсан. Намайг ирлээ гээд Саранзаяа Дарханцоожид мөнгө өгч явуулаад нэг шил 0.5 литрийн  Хараа архи захиж, авч ирсэн архийг  нь бид дөрөв хувааж уугаад юм яриад сууж байсан. Тэгтэл Саранзаяа нэлээн согтсон байснаа босож ирээд гэнэт намайг нөхөр Даваатайгаа хардаж хэл үгээр доромжилж ширээн дээр байсан төмөр савыг над руу шидэхэд миний зүүн нүдний чамархайд оносон. Тухайн үед цохиулсан хэсгээс цус их гарч байсан учир эмнэлэг орж 2 оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18/,

 

-Гэрч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би унтаж байсан чинь орилоон чарлаан болоод байхаар нь сэрсэн чинь Одцэцэгийн хөмсөг хавьцаанаас цус гарч байсан. Би юу болсон талаар асуусан чинь Саранзаяа ширээн дээр байсан 2 талдаа бариултай төмөр хоолны тогоо аваад Г.Орүү шидсэн гэж ярьцгаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,

 

-Гэрч Ш.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унтаж байсан чинь гэнэт орилоон чарлаан болоод байхаар нь сэрсэн чинь миний хажуугаар Одноо гэх хүүхэн хэвтчихсэн байсан. Манай эхнэр Саранзаяа хардсан бололтой жижиг төмпөн аваад нүүр лүү нь шидээд хөмсгийг нь сэтэлчихсэн. Одноо хариуд нь “чи дэндүү согтуу байгаа юм биш үү?” гэж хэлээд манай эхнэрийн нүүр рүү шанагатай ус цацаад, цацах явцдаа шанагаар нүдийг нь цохичихсон юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25/,

 

-Г.О-т яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хавтаст хэргийн 28-29/,

 

-“...Г.О-ийн биед “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.О-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31/,

 

-“...Э.С-гийн биед баруун шанаа, зовхинд цус хуралт тогтоогдлоо. Э.С-гийн биед илэрсэн дээрх цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49/,

-Э.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54/,

 

-Хохирогч Г.О-ийн гаргасан “... Э.С-д гомдол санал байхгүй. Э.С нь миний төлбөрийг барагдуулж, 500000 төгрөг төлсөн. Шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 75/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 17-116 тоотод байх өөрийн гэртээ Г.О-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт” бүхий гэмтэл учруулсан  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 30-31/ нотлогдож байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Э.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох,

харин шүүгдэгч Э.С-: Миний ажил 3 сард эхлэх болохоор зорчих эрх хязгаарлах ял болохгүй болчихоод байна, хүүхдүүдээ сургуульд хүргэж өгч, авах болохоор болдоггүй юм байна лээ. Хадмынх руу явна, эмнэлэг орно, миний бөөр өвдөөд татаад болохгүй байгаа. Харин нөхөр ажилтай юм чинь торгох ялыг биелүүлэх боломжтой байна гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Э.С нь бусдад төлөх хохирол төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.

 

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн болон ар гэрийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.С-д анхааруулж шийдвэрлэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

-Хохирогч Г.О-ийн “...Э.С-д гомдол санал байхгүй. Э.С нь миний төлбөрийг барагдуулж, 500000 төгрөг төлсөн. Шүүх хуралд оролцохгүй.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 75/ хавтаст хэрэгт авагдсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Э.С-гаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн төмөр сав 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Э.С-д үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн төмөр сав 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ