Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 78

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..............оршин суух, Ш.Бы ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 сарын 01-ний өдөр 139/2018/00088/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Б, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн. Улсад 24 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадын цэг дээр 1978 оны 05 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл малчнаар ажиллаж байсан. Иймд гэрэл зураг, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн 1978 оны 05 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ш.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Ш.Б нь 1978 оны 05 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 77 тоот тодорхойлолт /ХХ-5/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 08/70 тоот албан бичиг /ХХ-4/,

            3. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 3/43 дугаартай тодорхойолт /ХХ-6/,

            4. Гэрэл зураг /ХХ-8/,

            5. Гэрч Д.С “...Ш.Б нь 1976 онд Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн малчин байсан. Малчнаар ажиллаж байгаад 1979 онд цэрэгт явсан юм. Манайх айл саахалт байдаг байсан юм. Ш.Б нь Цагаан чулуу бригадын цэг дээр мал малладаг байсан. Би 1968-1992 он хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригад тэмээчин байсан...” гэх мэдүүлэг /ХХ-12/

            6. Гэрч М.Ө “...Ш.Б нь Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадын цэг дээр 1978-1979 онд мал маллаж байгаад 1979 онд цэрэгт явсан. Манайхан нэг усанд нэг хонхорт байдаг байсан юм. Би Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад 1965-1992 он хүртэл тэмээчин байсан. Манай Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадын залуу малчидын зураг байна. Танидаг хүүхдүүд байна. Одоо ч зарим нь малчин. Нүд сайн үзэхгүй байна. Ш.Б нь баруун гар талаас 2 дахь нь байна...” гэх мэдүүлэг /ХХ-13/

7. Гэрч Ц.Л “...Ш.Б бид нэг нутгийн нэг дор нутагладаг хүмүүс байгаа юм. 1978 оны 05 сараас Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадын цэг дээр 1979 оны 06 сарын 20-д хүртэл мал маллаж байгаад цэрэгт явсан. Бид нэг бригадын нэг усанд байдаг байсан. Би Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Цагаан чулуу бригадад 1959-1992 он малчин байсан. Нүд муу сайн үзэхгүй байна. Зүүн гар талаас Б.Т, Л, Ц зэрэг хүмүүс байна. Зүүн гар талаас 4 дэх нь Ш.Б байна. Манай Цагаан чулуу бригадын малчидын зураг байна..” гэх мэдүүлэг /ХХ-14/ зэрэг баримтуудаар шууд,

8. Гэрч Ц.Л Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс олгосон, №0117 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-15-16/,

9. Гэрч Ц.Л Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-17-18/,

10. Гэрч Ц.Л Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-19/,

11. Гэрч М.Ө Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс олгосон, №010 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-20-21/,

12. Гэрч М.Ө Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1981 оны 05 сарын 05-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-22-23/,

13. Гэрч Ц.С 1968 оны 06 сарын 10 наас 1970 оны 06 сарын 13 хүртэл адуучнаар, 1973 оны 07 сарын 15-наас 1993 оны 02 сарын 10-ныг хүртэл тэмээчнээр Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоосон Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 сарын 08-ны өдрийн 132 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-24/ зэрэг баримтуудаар дам нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ш.Б -г 1978 оны 05 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА