| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2022/0080/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/104 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0080/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2118003860064 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.О, 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн ... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ам бүл 5, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Pokerrrr2” аппликэйшн ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ......................... дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч, нийт 26.808.950 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч О.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл гар утсаар покер тоглуулж, Хаан банкны 5047425355 дансанд мөнгө авсан. Урьд нь зохион байгуулж байгаагүй боловч ийм юм байдаг юм байна гэж сонсоод, сонирхож явж байгаад хийж үзсэн байгаа гэв.
...14.800.000 сая төгрөг миний дансанд байхад баригдсан. Тоглогч нар нь хожсон мөнгөө өөр данс руу авъя гэсний дагуу би тэр данс руу нь шилжүүлсэн байгаа.
...Дахин ийм буруутай үйлдэл гаргахгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Шүүхийн нэрийн өмнө уучлалт гуйж байна. Эд мөрийн баримт болох гар утсанд миний гэр бүлийн болон хувийн чухал зураг байгааг авах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.” гэх мэдүүлэг,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 01-03/,
-О.О-ын эзэмшлийн 5047425355 тоот дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөн хязгаарласан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1023 дугаартай прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 11/,
-Хар өнгийн I phone 12 загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17/,
-I phone 12 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-20/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өдрөө сайн санахгүй байна, ямар ч байсан 2021 оны 10 дугаар сарын сүүлээр дээрх хаяг руу орж ганц нэг удаа тоглосон. Тухайн үедээ хэдэн төгрөгөөр орж тоглож байсан талаараа сайн санахгүй байна.
...Би тоглоод огт хожоогүй. Тийм учраас дахин уг тоглоомыг тоглоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
-Гэрч Б.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би өөрөө 2-3 хаяг руу орж хааяа нэг мөрийтэй тоглоом тоглодог бөгөөд дээрх хаяг руу орж тоглож байснаа одоо сайн санахгүй байна. Хэрвээ миний 5556332506 дугаартай данснаас мөнгө шилжүүлсэн байгаа бол тоглосон юм байна л даа.
... Сүүлд гарч ирж байгаа энэ тоглоомууд өмнөх шигээ утсаар лайв хийгээд хөзөр хольж тоглуулдаг биш харин Рокегггг2 сайтын VIР клуб руу хүсэлтээ явуулж зөвшөөрснөөр тэр хаяг руу нь орж цахимаар тоглоно гэсэн үг. Харин үүнийг зохион байгуулж байгаа хүн нь Админ болох бөгөөд тоглоомын ашгаас хувь авдаг юм байна лээ.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
-Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний санаж байгаагаар 2021 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна өөрийнхөө фэйсбүүк хаягаараа орж юм үзэж байхад дээрх тоглоомын талаар сурталчилгаа явж байсан ба тэрийг би харж сонирхоод өөрийнхөө гар утас руу уг тоглоомын аппликэйшн татаад VIP клуб руу нь хүсэлт явуулж орж тоглосон. Тухайн үед уг тоглоомыг сонирхоод хэд хоног тоглосон бөгөөд О.О гэх хүний данс руу мөнгөө хийж тоглосон боловч сүүлдээ уг тоглоом нь орж болохгүй болсон байсан. Анх О.О гэх залууг мэдэхгүй байсан ба сүүлд нь сонсоод байсан чинь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын залуу байсан.
...Би нэг орохдоо л 100.000 орчим төгрөг шилжүүлж тоглодог байсан ба хааяа жаахан нэмж мөнгө шилжүүлж тоглож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
-“О.О-ын эзэмшлийн “ I phone 12 pro” маркийн гар утас нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1.500.000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухайн “Капитал зууч” компанийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 31-32/,
-“... Хонжворт тоглоомын нийт 167.703.600 /нэг зуун жаран долоон сая долоон зуун гурван мянга зургаан зуу/ төгрөгийн орлогоос хонжворт тоглоомын зарлага болон банкны гүйлгээний шимтгэлийн 140.894.650 /нэг зуун дөчин сая найман зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийн зарлага гарсныг хасч тооцвол 26.808.950 /хорин зургаан сая найман зуун найман мянга есөн зуун тавь/ төгрөгийн ашиг олсон байна.” гэх “Пийк ом аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хийсэн тайлан /хавтаст хэргийн 40-84/,
-О.О-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104/,
-О.О-ын эзэмшлийн Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 109-185/,
-О.О-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 189/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч О.О нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор “Pokerrrr2” аппликэйшн ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн эзэмшлийн Хаан банкны ................ дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 26.808.950 төгрөгийн ашиг олсон болох нь “Пийк ом аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хийсэн тайлан /хавтаст хэргийн 40-84/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд Прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв байх тул О.О-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч О.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...нийгэмд биеэ авч явах чадвартай ийм сайхан залууг нийгмээс тусгаарлая гэсэн улсын яллагчийн ялын саналтай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, олсон ашгаа 2022 оны 03 дугаар сард буцаан төлнө. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан ялаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгосон байна. Шүүхээс шүүгдэгч О.О-т Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахгүйгээр чөлөөлж өгнө үү. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас иргэд, байгууллагад учирсан хор уршиг арилсан. Иймд ялаас чөлөөлж өгнө үү. Харин эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утсыг шүүгдэгч өөрийн хөдөлмөрийн үр шимээр бий болгосон, шүүгдэгчийн хувьд гар утасгүйгээр ажил амьдралаа зохицуулах боломжгүй байх тул эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг шүүгдэгчид олгох саналыг тус тус гаргасан болно.
Харин шүүгдэгч О.О-ын зүгээс “...энэ хэргийг уучилж, хөнгөн ял оногдуулж өгнө үү. Энэ ялаас хөнгөлж, чөлөөлж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 189/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч О.О нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж олсон ашгийг төлөхөө илэрхийлсэн байгаа байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялаас чөлөөлөх нь шударга ёсны зарчимд нийцэж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго хангагдана гэж шүүх дүгнэлээ.
3. Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.О нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж 26,808,950 төгрөгийн ашиг олсон болох нь “Пийк ом аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 40-84/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан байх тул шүүгдэгч О.О-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 26.808.950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, О.О-ын эзэмшлийн ............... тоот дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1023 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар өнгийн I phone 12 загварын гар утсыг улсын орлого болгож, шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.О-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.О-т оногдуулсан1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 26.808.950 /хорин зургаан сая найман зуун найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, О.О-ын эзэмшлийн .................. тоот дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1023 дугаартай прокурорын зөвшөөрлийг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн I phone 12 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ