Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 103

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............оршин суух Ц.Баас ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 02 сарын 07-ны өдөр 139/2018/00096/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 онд төрсөн. Улсад 30 жил ажилласан. 1975 оны 01 сарын 01-нээс Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1979 оны 06 сарын 20-ноос 1982 оны 08 сарын 19-н хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажилласан үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, тамга тэмдэг шаардлага хангахгүй байх тул тухайн үеийн цалингийн тодорхойолт, хөдөлмөрийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, энх мэнд сүрэгтэн, зузаан таргын эзэн зэрэг баримтыг үндэслэн 1975 оны 01 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл, 1982 оны 08 сарын 19-нөөс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилээ тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хэрэгт цугларсан баримтаас үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа 1975 оны 01 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл, 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл тогтоож өгнө үү  гэж өөрчилж байна гэв.

  Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Ц.Б нь 1975 оны 01 сарын 01-нээс 1975 оны 12 сарын 31-нийг дуустал, 1977 оны 01 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл, 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 342 тоот тодорхойлолт /ХХ-4/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 сарын 18-ны өдрийн 08/607 тоот албан бичиг /ХХ-5/,

            3. Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн тодорхойлолт /ХХ-6/,

            4. Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 сарын 22-ны өдрийн 9628 тоот лавлагаа /ХХ-7/,

            5. Ц.Бы Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-9/,

            6. Ц.Бы Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1983 оны 01 сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-10/,

            7. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 02/66 тоот тодорхойлолт /ХХ-11/,

            8. Ц.Бы 1975, 1977, 1978, 1983-1989 онуудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-12-28/,

            9. Ц.Бы Зузаан таргын эзэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-29/,

            10. Ц.Бы 1985, 1987 онд авч байсан Аваргын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-30, 32/,

            11. Ц.Бы 1985, 1988 онд авч байсан Баярын бичгүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-31, 33/,

            12. Ц.Бы 1989, 1990 онд авч байсан Энх сүрэгтний гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-34, 35/,

            13. Ц.Бы 1990 онд авч байсан Энх төлчин гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-36/,

            14. Гэрч Ж.Бын “...Б.Быг нутгийнхан Б гэж дууддаг юм. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1974 онд илгээлтээр гарч байсан. Тэгэхэд Б буюу Ц.Б нь 1973 оноос тус нэгдэлд адуу маллаж байсан. Ц.Бы аав нь адуучин хүн байсан. 1979 он хүртэл мал маллаад цэрэгт явсан. 1982 онд цэргээс ирээд Хөдөлмөр нэгдэлд малчинаар тасралтгүй ажилласан. Хөдөлмөр нэгдлийг тартал буюу 1990 оныг дуустал малчин байсан. Бид нэг сум орон нутгийн малчид байсан. Бид 1974 оноос өнөөг хүртэл Дундговь аймгийн Луус суманд тасралтгүй малчинаар ажиллаж байна. Ц.Б Хөөвөрийн аварга болж байсан” гэх мэдүүлэг /ХХ-41/

15. Гэрч Р.Хийн “...Ц.Б нь 1973 онд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчин байсан. Адуу малладаг байсан юм. 1990 оныг дуустал малчинаар ажилласан. Бид Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадын малчид байсан юм. Би 1971-1990 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчин байсан...” гэх мэдүүлэг /ХХ-42/

16. Гэрч Л.Ц “...Ц.Б бид нэг ангид сурч байсан. Уг нь жинхэнэ нэр нь Б байгаа юм. Бид дуудахдаа Б гэж дууддаг. Нутгийн хүмүүс ч гэсэн Б гэж дууддаг. Ц.Б нь 4-р ангиасаа хөдөө гарсан. 1973 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд хонь, адуу малладаг байсан. Аав, ээжийн хамт мал маллаж байсан. 1979 онд цэрэгт явж байсан. 1982 онд цэргээс ирээд Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Зүлэгтий бригадад малчинаар хувьчлал тартал буюу 1990 оныг дуустал малчинаар ажиллаж байсан. Одоо ч хувиараа мал малладаг. Залуу аварга малчин, энх сүрэгтэн зэрэг болж байсан. Нэг ангийн, нэг нутгийн хүмүүс учраас малчинаар ажиллаж байсныг нь мэднэ...” гэх мэдүүлэг /ХХ-43/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин Ц.Бы 1976 оны 01 сарын 01-нээс 1976 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх тул уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.Б -ыг 1975 оны 01 сарын 01-нээс 1975 оны 12 сарын 31-нийг дуустал, 1977 оны 01 сарын 01-нээс 1979 оны 06 сарын 20-н хүртэл, 1983 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА