Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 430

 

Б.Т-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Мөнхжаргал,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1802004290233 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Б.Т-, 1984 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нагац эгч, дүү нарын хамт Хан-Уул дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

             - Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 435 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 3 хоногийн хорих ялаас 2 жилийг хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 3 хоногийн хугацаагаар тогтоосон ба 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Б.Т- нь 2018 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай каннабис төрлийн “өвс” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 

            2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 31б тоотод байх байшинд гялгар уутны хамт 22,74 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгслийг “буяны ажилд хэрэглээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

            2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ч.Бямбахандад “дараа нэрийг нь шилжүүлж өгнө” гэж 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Т-ийн цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-өөс 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбахандад олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Т-ийн Е-1438322 дугаартай гадаад паспортыг өөрт нь буцаан олгож, гялгар уутны хамт 2,49 гр жинтэй, ариун гэсэн бичиглэл бүхий гялгар уутны хамт 22,74 гр жинтэй өвс гэх нэршилтэй мансууруулах бодис, тагны гадна болон дотор хэсэгтээ шавар мэт зүйл наалдсан байдалтай бохирлогдсон оромтой төмөр сав, ёроол хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон цахилгаан /хар өнгийн/ тогоо, 14 см урттай бор өнгийн бариултай хуйтай хутга зэргийг тус тус устгаж, Б.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Т- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие өөрийн найз Мөнхзоригийн автомашинаар Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс “өвс” гэх зүйлийг нэг уутанд түүж Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 15-31б тоотод авчирсан. Тэгээд Мөнхзориг нь ОХУ-ын иргэн Сирок гэх найзыгаа дуудан ирүүлсэн. Тэр Сирок гэгч цахилгаан тогоо авчирсан ба Мөнхзориг тэр хоёр өвсөө дотор нь хийж шатаагаад “шавар” гэх зүйлээ хийсэн. Намайг цагдаад баригдаад явахад Мөнхзориг над руу залгаад “Миний найз хамт байсныг хэрхэвч хэлж болохгүй шүү, найзад нь таньдаг том цагдаа байгаа, ямар ч хамаагүй зүйл зохиогоод яриад байж бай, чамайг үсрээд л сар хориулаад гаргана” гэхээр нь итгээд санаанаасаа зохиогоод ярьсан. Дараа нь хууртагдснаа мэдээд мөрдөгчид хэлэхэд “Чи битгий жүжиглээд бай, наад үгээ прокурорт хэл” гэсэн. Тэгэхээр нь цагдан хоригдох хугацаандаа прокурорыг 2 удаа ирэхэд нь уулзаж хэлсэн. Ингээд хэргийн үнэн зөвийг тогтоох байх гэж бодоод байж байтал шүүх хуралдааны тов зарлагдсан. Түүнчлэн Ч.Бямбаханд нь “Emart” худалдааны төвийн урд зогсоол дээр надтай уулзаад мөнгө өгөхдөө “өвс” гэх зүйлийг хамт өгсөн. Энэ “өвс” нь Мөнхзориг, Сирок бид 3-ын хувааж авсан үлдэгдэл “өвс”-тэй нийлээд 22,74 гр болж байгаа юм. Эдгээрийг мөрдөгч, прокурорт хэлсээр байтал хэт нэг талыг барьж, миний эрх зүйн байдлыг дордууллаа. Тухайн өдөр Мөнхзориг, Сирок нар манайд ирснийг хажуугийн айлын хүмүүс мэднэ. Мөн би Мөнхзоригийг олж өгч чадна. Иймээс хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Би ажил хөдөлмөр эрхэлж ар гэрт байгаа өвчтэй эгч, дүү нараа ганцаараа тэжээн тэтгэдэг байдлыг харгалзан үзэхийг хүсье...” гэжээ.

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн гэмт хэргүүд нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад Б.Т- нь:

          1. 2018 оны 8 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “каннабис”-ын төрлийн “өвс” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 31б тоотод байх байшинд гялгар уутны хамт 22,74 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

          2. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр өөрийн найз С.Хүдэрболдоос түүний эцэг Ц.Самбуугийн эзэмшлийн 99-07 УНБ улсын дугаартай, “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгслийг “Буяны ажилд хэрэглээд өгье” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авсан, улмаар уг тээврийн хэрэгслийг өөрийн өвөг эцгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл мэтээр итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ч.Бямбахандад худалдахдаа “дараа нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хуурч, түүнээс 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдлоо.

            Б.Т- мөрдөн байцаалтын явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...2018 оны 8 дугаар сарын эхээр замын унаанд дайгдаж Эрдэнэт хот руу хүнд хувцас өгөхөөр явсан. Тэгээд буцах замдаа Урьхан цайны газрын ойролцоо бие засах гэж байгаад “каннабис”-ын төрлийн ургамал ургасан байхыг хараад бага зэргийг авч халаасандаа хийгээд гэртээ авчирсан. Урьд хар тамхины хэрэгт ял шийтгүүлж байсан болохоор тухайн ургамлыг мэддэг байсан... түүж авчирсан өвсөө 2018 оны 9 дүгээр сарын 26-ны шөнө гэртээ хэрэглэж байгаад баригдсан. Цай хоол хийдэг цахилгаан тогоогоо ашиглан дотор нь “өвс”-өө хийж, “шавар” гэх бодис болгох гэж үзсэн юм. Би өвсөө хэрэглэхдээ тамхины цаасанд ороож татдаг байсан. Хэн нэгэнд худалдсан зүйл байхгүй зөвхөн өөрөө хэрэглэсэн...” /1хх-ийн 43-44, 88, 90/ гэж тухайн мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг олж авч, хадгалах болсон шалтгаан, санаа зорилгын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, “өвс” гэх ургамлыг түүж бэлтгэсэн гэх газрыг зааж байгаа байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 36-38/, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжны 31б тоотод байх байшинд үзлэг явуулж “өвс” мэт зүйл, түүнийг боловсруулахад хэрэглэсэн төмөр сав, тогоо зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 11-17, 40/, эдгээр эд зүйлс болон Б.Т-ийн биеэс авсан биологийн дээжинд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илэрсэн тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 10113, 10115, 12225 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 52-53, 61-62, 73-74/ зэргээр,

            хохирогч С.Хүдэрболд нь “...2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Т- “манай эгч өнгөрчихлөө, буяны ажил хөөцөлдөөд явна, чи 2 автомашинаар яах юм, 1 автомашинаа өгөөч” гэхээр нь аавынхаа “Prius 11” загварын автомашиныг өгөөд явуулсан. Орой нь уулзалдахаар болоод салсан боловч одоог хүртэл сураггүй байна...” /1хх-ийн 245-246/ гэж,

            хохирогч Ц.Самбуу нь “...би өөрийн “Prius 11” автомашинаа 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Да Хүрээ” захаас 5.050.000 төгрөгөөр худалдаж аваад 20 хоногийн дараа “Хан-Агьт” гэх газарт 2.100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Би сар гаруй унаад эмнэлэгт хэвтсэн ба манай хүү Хүдэрболд унасан. Тэгээд Хүдэрболдоос асуухад “манай найзын эгч нас барсан тэгээд өгөөд явуулчихсан” гэж байсан...” /1хх-ийн 250, 2хх-ийн 88/ гэж,

            хохирогч Ч.Бямбаханд нь “...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Т-тэй танилцсан... тэр “Надад нэг “Prius 11” загварын автомашин байгаа, мөнгөний хэрэг гараад байна,... манай өвөөгийн машин байгаа юм, нас бараад 1 жил гаран болж байна, 3 жил болж байж нэр шилжүүлнэ” гэхээр нь би найз Баярмөнх, Улаанаа хоёртой хамт очиж үзээд авахаар болсон... ингээд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т-тэй Emart худалдааны төв дээр уулзаад 1.500.000 төгрөг бэлнээр өгч автомашины түлхүүрийг авсан...” /2хх-ийн 6-9, 84/ гэж Б.Т-т эд хөрөнгө, мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн эд хөрөнгийнхөө шинж, мөнгөнийхөө тоо хэмжээний талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

            Б.Т-ийн мөрдөн байцаалтын явцад гэрчээр өгсөн “...би Хүдэрболдоос “Prius 11” загварын автомашиныг нь авч явсан. Тэгээд би ажил явдлаа дуусгаад өгөх гэтэл шоронд хам байсан Энхбаяр гэх ах надад зээлүүлсэн 1.500.000 төгрөгөө нэхээд дарамтлаад байхаар нь Хүдэрболдын автомашиныг унаж таксинд явж байгаад танилцсан Бямбаханд гэх эмэгтэйд 1.500.000 төгрөгөөр зарсан... түүнд зарахдаа “Манай өвөөгийн автомашин байгаа юм, өвөө нас барчихсан, нас барснаас хойш 3 жил болж байж нэр шилждэг” гэж хэлсэн...” /2хх-ийн 11/ гэсэн мэдүүлэг, тухайн автомашины үнэлгээ /2хх-ийн 15/, автомашиныг бичиг баримтын хамт Ч.Бямбахандаас гаргуулж, Ц.Самбууд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 18-19/ зэргээр тус тус давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Шүүгдэгч Б.Т- давж заалдсан гомдолдоо “...Мөнхзориг, Сирок гэгч этгээдүүд цахилгаан тогоон дотор “өвс”-өө шатааж “шавар” гэх зүйлийг хийсэн. Мөн Ч.Бямбаханд надад мөнгө өгөхөөр уулзахдаа “өвс” гэх зүйлийг хамт өгсөн. Эдгээр хүмүүсийн үйлдэл оролцоог шалгах шаардлагатай. Болсон хэргийн талаар үнэнийг хэлэх гэхэд мөрдөгч намайг дарамталсан...” хэмээн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх үндэслэл заан маргажээ.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт өөр бусад этгээдүүд оролцсон байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох “Мөнхзориг”, “Сирок” гэх хүмүүсийг зааж өгөөгүй, харин удаа дараагийн өгсөн мэдүүлэгтээ “...“өвс” гэх ургамлыг ганцаараа түүж бэлтгэн өөрийн түрээслэн амьдарч байсан байшиндаа хадгалсан, ходоодны шарх өвчнөө намдаах зорилгоор хэрэглэдэг байсан, жижиг хар тогоон дээр өвсөө ашиглан шавар гэх нэршилтэй мансууруулах бодис хийж үзэх гэж байсан юм, хэн нэгэн хүнээс авч, хэн нэгэн хүнтэй хамт хэрэглэсэн зүйл байхгүй...” хэмээн мэдүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад тухайн ургамлыг түүж бэлтгэсэн газраа тодорхой заасан зэргээр түүний давж заалдсан гомдол бүрэн няцаагдаж байна.

             Нөгөөтэйгүүр Б.Т- өмнө нь цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийн хууль бус ажиллагаатай холбогдуулж мэдүүлэг өгч байгаагүйн гадна, тэрээр энэ талаарх гомдлыг гаргасан тухай баримт хэрэгт алга.

Иймээс гэмт хэрэг гарсан байдал, мөрдөн шалгах ажиллагааны талаар маргасан шүүгдэгч Б.Т-ийн давж заалдах гомдлыг үнэн зөв гэж хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцэх юм.

Шүүгдэгч Б.Т- өөрийн найз болох хохирогч С.Хүдэрболдоос тээврийн хэрэгслийг нь авахдаа “Буяны ажилд хэрэглээд өгнө” гэж хэлсэн боловч эргүүлж өгөөгүй бөгөөд тухайн тээврийн хэрэгслийг өөрийн өвөг эцгийн өмчлөлийнх мэтээр бусдад итгүүлж, улмаар хохирогч Ч.Бямбахандад 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулахдаа “Дараа нэрийг нь шилжүүлж өгнө” гэж хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэлгүй байхад тэрээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.   

Иймээс Б.Т-ийн үйлдлийг шууд санаа, шунахай зорилготой гэмт үйлдэл гэж үзэх үндэслэлтэйн гадна, тэрээр бусдад учруулсан хохирлыг дангаар хариуцан арилгах үүрэгтэй.

Дээрх байдлуудыг үндэслэн, шүүгдэгч Б.Т-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

 Шүүхээс түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсгүүдэд заасан хэмжээний дотор зохих ял шийтгэлийг тус тус оногдуулж, хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбахандын гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой, бүрэн гүйцэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбаханд нь Б.Т-өөс “Toyota Prius 11” загварын тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгөөр худалдан авсныхаа дараа 290.000 төгрөгөөр 3 ширхэг батарей, зүүн урд талын цабыг сольсон /2хх-ийн 84/ гэж нийт 1.790.000 төгрөг нэхэмжилсэн ба шинээр эд анги сольсон болох нь “Dragon Prius Center” засварын газрын зарлагын баримт /2хх-ийн 85/, хохирогч Ц.Самбуугийн “...автомашинаа хүлээн авах үед 3 ширхэг батарей болон цабыг шинээр сольж тавьсан байсан...” /2хх-ийн 88/ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байхад уг хохирлын асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

Гэвч дээрх хохирлын асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэхэд саад болохгүй, түүний эрх зүйн байдал дордохгүй тул давж заалдах шатны шүүх шийдвэртээ хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Бямбаханд нь автомашинд шинээр сольж тавьсан эд ангийн зардлаа гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдав.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                                                                                        

         

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН