Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/418

 

2020 оны 6 сарын 16-ны өдөр                    Дугаар                               Улаанбаатар хот

     128/ШШ2020/0418

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүгч Ц.Мөнхзул, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ж” ХХК / /,

Хариуцагч: НЗД,

Нэхэмжлэлийн шаардлага: “НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, Э.Э, иргэдийн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК нь 2013 онд төсөл хэрэгжүүлэгч компаниар шалгарсан. 2013-2017 он хүртэл хугацаанд тухайн бүс нутагт байгаа айл өрхүүдтэй хоёр талт болон гурван талт гэрээ байгуулж, хоёр талт гэрээгээ тухайн айл өрхүүдийг нүүлгэлт, барилгажих хугацаатай холбоотой зохицуулалт мөн гурван талт гэрээгээр Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 2013 оноос явагдаж эхэлсэн. 2013 онд төсөл шалгаруулалт явагдах үед нэхэмжлэгч компанид Сонгинохайрхан дүүргийн бүс нутагт Улаанбаатар хотын шинэ төв баригдана гэсэн ойлголтыг төрүүлж, тухайн үеийн шав тавьж байгаатай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Үүний дараа тухайн бүс нутаг нь дэд бүтцийн хувьд барилгажих, цахилгаан эрчим хүч болон бүтээн байгуулалт хийх боломжгүй нөхцөл үүссэн. 2013 оноос хойш 500 гаран айл өрхтэй гэрээ байгуулж үүнээс 30 орчим айл өрхөд газар шилжүүлэлт хийгдсэн. Эдгээр айл өрхүүд тухайн үедээ нүүлгэлтийн асуудлаар газар хашаа байшингаа чөлөөлөхтэй холбоотой үнийн тохиролцооны асуудал үе шаттай хийгдэж явсан. Компанийн зүгээс мэдээж 53,6 га талбайг бүхэлд нь нэг дор чөлөөлөн төслийг хэрэгжүүлэх боломж бага мөн дэд бүтэц нь шаардлага хангахгүй байгаа. 2014 онд 2 удаа, 2017, 2018 онуудад гарсан. Төрийн орон сууцны корпорацтай гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй барилгын ажилд хөрөнгө оруулалт хийгээд буцаагаад иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, тухайн бүсэд амьдарч байгаа иргэдийн уг байранд оруулах замаар газар чөлөөлөлт хийх, газар нь чөлөөлөгдсөн айлуудаас амины орон сууц болон баригдах байранд оруулах зорилгоор санхүүжилтийн гэрээг хийгээд эхний байдлаар 1 тэрбум төгрөгийг хүүтэй авсан байсан. 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа нийслэлийн удирдлага хотын хэмжээнд өөрчлөгдсөн ба Сонгинохайрхан дүүрэгт байсан Улаанбаатар хотын шинэ төв гэж нэрлээд байсан зүйл нь баригдахаа больж Хан-Уул дүүрэгт баригдахаар болсон.

 Хан-Уул дүүрэгт шав тавих болсон үүнтэй холбоотой захирагчийн албаны барилгууд баригдаад ашиглалтад орж байгаа, нийтэд илэрхий учир баримтаар нотлох шаардлагагүй. Төсөл хэрэгжүүлж байх явцад 2017 оны 10 дугаар сард Нийслэлийн удирдлагын зүгээс “Ж” ХХК-ийн 53 га газар дээр нэгж талбарын цэг байршлуудыг өөрчлөн барилгын суурь ажил эхэлсэн байхад өөрчилсөнтэй холбоотойгоор Засаг даргын захирамж гарсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж техникийн нөхцөл авах, дэд бүтэц авахтай холбоотой асуудлаар хүсэлт тавьж 2018 оны 4 дүгээр сард архитектур төлөвлөлтийн даалгавар гарч, үүний дараа архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой ажлаа үргэлжлүүлэх байсан. 2018 оны 5 дугаар сард хяналтын хороо хуралдсан ба “Ж” ХХК-г оролцуулаагүй, мэдээгүй байхад хуралдаж 7 дугаар сарын 16-ны өдөр өнөөдрийн маргаж байгаа А/655 дугаар захирамж гарсан. Үүнтэй холбоотой 8 дугаар сард Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захирамжийн хууль зүйн үндэслэл, дурдаж байгаа хуулийн зүйл, заалт юу вэ гэдэг талаар тайлбар хэлье. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж байна. Энэ журамд барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын хугацаанд ажил хийгээгүй. Бид амины орон сууц болон суурин ажил явагдаж байх хугацаанд НЗД-ын зүгээс захирамж гарган дахин хүчингүй болгож, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж өндөр барилга байсныг 5 давхар болгож, хүсэлтийг хүлээн авч архитектур төлөвлөлтийн даалгавар нь гарчихсан байхад үүнтэй холбоотой техникийн нөхцөлийг шинэчлэх барилгын ажлыг хийх зөвшөөрлийг шинэчлэх ёстой. НЗД-ын Тамгын газраас 16 орчим иргэний гарын үсгээр хяналтын хороо хуралдаад энэ шийдвэрийг гаргасан. Хуралдахаас сар хүрэхгүй хугацааны өмнө бидэнд та нар ажлаа эхлүүлэхгүй бол талбайг хураалаа гэсэн мэдэгдэл ирүүлсэн харин эрхийг ноцтой хөндсөн шийдвэртэй холбоотой мэдэгдэл, тайлбар, албан тоот ирүүлээгүй. Иймд НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, энэ талаараа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү гэв.

Хоёр. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын хэмжээнд 1,3 сая иргэдийн 40 орчим хувь нь тохилог орон сууцад амьдардаг бол үлдсэн 60 хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байгаа. Энэ нөхцөлөөс үүдэлтэй агаарын орчны бохирдол нийгмийн болон инженерийн техник авто замын хүрэлцээгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг зөрчиж, нийслэлийн хөгжилд сөрөг үр дагавар угтан гарч байгаа. Үүнээс ангижрахын тулд иргэд төр болон хувийн хэвшлийн оролцоо хамтын ажиллагааг дээд зэргээр хангах ажиллагаа гол болгож дахин төлөвлөлтийн санаа гаргасан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн шалгаруулах үйл ажиллагаа 2013-2015 оны хооронд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны “Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “Журмын нэмэлт өөрчлөлт батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан ба гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаар зохицуулсаар ирсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 4.1 дэх хэсэгт заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7/29 дүгээр тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материалын 130 га талбайг сонгож бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхээр баталсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 4.19 дахь хэсэгт зааснаар Сонгино хайрхан дүүргийн 5, 6, 7, дугаар хороо, ханын материал орчмын Б2, В, Г1 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд шаардлагатай хөрөнгийг НЗДас 2,8 тэрбум гаруй төгрөгийг шийдвэрлэж өгсөн. Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.20, 4.11 дэх хэсэгт заасны дагуу сонгосон талбай дахь газар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, НЗД түүнийг төлөөлж манай байгууллагатай гурван талт гэрээ байгуулдаг. Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.22 дахь хэсэгт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлын зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч компани нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 5 жилийн хугацаанд барилга угсралтын үүргийг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван талт гэрээ байгуулж газраа чөлөөлсөн нийт 23 иргэний түр суурьшуулах түрээсийн зардлыг сүүлийн жилүүдийн 1,5 жилийн хугацаанд олгоогүй хохироосон байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороогоор 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар төслийн үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэх арга хэмжээг хэлэлцээд “Ж” ХХК-г Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарсан. Дээр дурдсан үйл ажиллагаа болон Хяналтын хорооны шийдвэрийг үндэслэн НЗД-ын 2018 оны 07 дугаар сарын 16 өдрийн А/******* дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалсан гэв.

Гурав. Иргэдийн төлөөлөгч Т.З гаргасан дүгнэлтээ: нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  нь “НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаад “Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материал орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцад 5.752.302,802 төгрөгийн зардал гарсан болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаад нэхэмжлэлийн энэ шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэж, шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс “...нийслэлийн удирдлагын зүгээс гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, удаа дараа гаргасан шийдвэрээ өөрчилж ирсэн байдал нь манай компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж ирсэн...” гэж, хариуцагчаас “... “Ж” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 5 жилийн хугацаанд барилга угсралтын ажлыг гүйцэтгээгүй, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас гурван талт гэрээ байгуулж, газраа чөлөөлсөн 23 иргэний түр суурьшуулах түрээсийн зардлыг сүүлийн 1,6 жилийн хугацаанд олгоогүй хохироосон тул гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гарсан...” гэж маргаж байгаа болно.

 “НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” үндэслэлээр нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалын орчмын ГХДТ-2013/1 багцын “Б2”, “В”, “Г1” хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх” эрхийг цуцалсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 07/29 дүгээр тогтоолоор тогтоосон Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-2013/1 багцын 5 дугаар хороонд байрлах “Б2”, “В”, “Г1” талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “Ж” ХХК шалгарч, НЗД-ын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/1043 дугаар захирамжаар батламжилж, төсөл хэрэгжүүлэгч, төсөлд хамрагдах иргэн, Гэр хорооллын хөгжлийн газар хооронд гурван талт гэрээ байгуулжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 2.2-т “төслийн удирдах хороо нь сонгосон талбайд улс, нийслэлийн төсвөөр хэрэгжих инженерийн болон нийгмийн дэд бүтэц, ... зэрэг барилга байгууламжийн жагсаалтыг гарган, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх, ...  төслийн явцад хяналт тавих, барилгажилтын үр дүнг үнэлэх, уг үнэлгээ, төсөл хэрэгжүүлэгчийн саналыг харгалзан төсөл хэрэгжүүлэгчийг бусад хэсэгчилсэн талбайд үргэлжлүүлэн ажиллуулах эсэх шийдвэр гаргах”-аар, 2.3-т “Гэр хорооллын хөгжлийн газар нь төслийн удирдах хорооны ажлын албаны хувьд энэ чиг үүргийг хэрэгжүүлэх”-ээр, 4.11-д “төсөл хэрэгжүүлэгч нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гурван талт гэрээ байгуулж, батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх”-ээр, 4.14-т “гурван талт гэрээг НЗД, түүнийг төлөөлж нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэгч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах”-аар, 4.19-д “НЗД инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх”-ээр, 4.20-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн санхүүжилтыг хариуцах”-аар, 4.22-т “төсөл хэрэгжүүлэгч нь газар чөлөөлөх зардлыг хариуцах”-аар, 4.25-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан шийдвэрийг хүчингүй болгох”-оор тус тус зохицуулжээ.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “гэр хороололд инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах зорилгоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д төсөл хэрэгжүүлэх үе шат, тухайн үе шатуудад хийгдэх ажиллагааг тус тус нарийвчлан зохицуулсан.

Дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “төсөл хэрэгжүүлэгч нь ... 6 сар хүртэлх хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хяналтын хорооны саналыг үндэслэн НЗД төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах”-аар байна. 

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-2013/1 багцын 5 дугаар хорооны “Б2”, “В”, “Г” хэсэгчилсэн талбайд “Ж" ХХК-ийн төслийн хэрэгжилтийн талаар иргэдээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар хяналтын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна.

Хяналтын хорооны хуралдаанд төсөлд хамрагдсан иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд “төсөл хэрэгжүүлэх хугацаанд барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй учир газар чөлөөлсөн 23 өрхийн 17 өрх нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах санал өгсөн”-ийг тэмдэглэжээ.

Ийнхүү Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Хяналтын хорооны 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 01/5 дугаар шийдвэрээр “төсөл хэрэгжүүлэгчээр шалгараад ажил хийгдээгүй, төслийн явц хангалтгүй” үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим”  ГХДТ-2013/1 багцын 5 дугаар хорооны нутаг дахь “Б2”, “В”, “Г” хэсэгчилсэн талбайд “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар санал оруулж, үүний дагуу НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжаар “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар шийдвэрлэсэн нь уг захирамжид баримталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2 дахь заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан  хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Ж” ХХК нь 53.6 га газарт 3992 өрхийн 62 блок орон сууц, 720 хүүхдийн цэцэрлэг, 500 хүүхдийн бага сургууль, 960 хүүхдийн дунд сургууль барихаар, харин 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавраар “Б2” хэсэгчилсэн талбайн зарим хэсэгт 4.3 га газарт 18 блок 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгууд барихаар, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавраар “Г1” хэсэгчилсэн талбайд 10.75 га газарт 50 блок 4 давхар орон сууц, 2 блок 5, 9 давхар үйлчилгээ, 1 блок 5 давхар цэцэрлэг, 3 блок 1 давхар амины сууцны барилга барихаар төлөвлөгдсөн байна.

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.г, 23 дугаар зүйлийн 23.1.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь зураг, төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, түүний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан, мөн хавтаст хэрэгт авагдсан Хот байгуулалт хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгчийн “...төсөл хэрэгжүүлэх талбайд хэсэгчлэн архитектур төлөвлөлтийн даалгавар удаа дараа батлуулж байсан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамааралтай...” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасны дагуу НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/70 дугаар захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хорооны Ханын материал орчмын гэр хороололд дахин төлөвлөлтийн талбайд барих инженерийн шугам сүлжээний угсралтын ажил, төсөв”-ийг баталж, уг төслийн талбайд холбооны барилга угсралтын болон худаг солих зэрэгт нийт 2.8 тэрбум төгрөгийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзвэл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-д заасан “инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх” үүргээ захиргааны байгууллагаас биелүүлсэн байна. 

НЗД-ын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/328 дугаар захирамжаар гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлэхээр ерөнхий төлөвлөгөөний байршилд шинэ зохион байгуулалт хийснээс “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбайг координатын хувьд 5 хэсэгт хувааж, мөн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/711 дүгээр захирамжаар дахин төлөвлөлтийн талбайн хилийн заагийг дахин батлахдаа “Ж” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээний хувьд өөрчлөлт ороогүй, нэхэмжлэгчийг төслөө хэрэгжүүлэхэд саад болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Төсөл хэрэгжүүлэгч “Ж” ХХК нь төсөлд хамрагдах нийт 705 нэгж талбараас “Б2” талбайд 23 нэгж талбарын газрыг гурван талт гэрээний дагуу чөлөөлүүлж, 1 блок барилга угсралтын суурийн ажил, амины сууцны барилгын ажил эхлүүлснээс өөрөөр дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, барилга угсралтын өөр ажил хийгдээгүйн дээр газраа чөлөөлсөн өрхүүдэд түр суурьших байрны түрээсийн зардлыг хугацаанд нь төлөөгүй үйл баримт тогтоогдож байгаа нь түүнийг гэрээгээр хүлээсэн “орон сууц барьж ашиглалтад оруулах, түр суурьшихтай холбоотой зардлыг хариуцах” үүргээ биелүүлэхгүйгээр төсөлд хамрагдсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох 2017 оны 6 дугаар сар, 2018 оны 4 саруудад газраа чөлөөлсөн 23 өрхийн төлөөлөл хуралдаж, өргөх бичгийг Гэр хорооллын дэд бүтцийн газарт гомдол гаргасан байна.

Түүнчлэн Гэр хорооллын хөгжлийн газраас нэхэмжлэгчид удаа дараа “иргэдээс гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар хүсэлт ирүүлсэн байна. Төслийн хоёр талт гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж албан бичиг хүргүүлж байсан болох нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 03/816 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 02/871 тоот, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 03/277 тоотуудаар тогтоогдож байна.

Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-ийг баталж, үүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг 8 бүсэд хувааж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсний дагуу Нийслэлийн хотын захиргааны цогцолборыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчимд 9 га газарт барихаар 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шав тавьж, уг төслийн барилгын ажил гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах, хэлэлцээр хийх ажлын хэсгийг НЗД-ын А/98 дугаар захирамжаар байгуулж байсан хэдий ч Монгол Улсын Засгийн газраас “2016 оны 37 дугаартай “концессын гэрээ шинээр байгуулахгүй байх” зохицуулалттай тогтоолоор хэрэгжихээргүй болж, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01/138  тоотоор ирүүлсэн тодруулгад дурдсанаар тухайн байршилд буюу 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А хэсэгчилсэн талбайд түрээсийн орон сууц хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр болсон байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Улаанбаатар хотын шинэ төв байгуулахаар шав тавьсан ч хотын шинэ төв баригдахаа больсонтой холбогдуулан зураг төсөл, ерөнхий төлөвлөгөөг өөрчлөн батлуулахаар Нийслэлийн харьяа байгууллагуудад удаа дараа хандаж ирсэн боловч өнөөдрийг хүртэл баталж өгөөгүй гэж тайлбарладаг ч энэ нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр “Ханын материал орчим” ГХДТ-2013/1 багцын 5 дугаар хорооны нутаг дахь “Б2”, “В”, “Г” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрх авсан “Ж” ХХК нь хоёр болон гурван талт гэрээгээр хүлээсэн “батлагдсан зураг, төсөл, төлөвлөгөөний дагуу барилга байгууламж барих үйл ажиллагааг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, газраа чөлөөлсөн иргэдийг төсөл хэрэгжих хугацаанд түр суурьшуулах зардлыг хариуцах” үүргээ биелүүлээгүй, барилгын ажлыг эхлүүлээгүй үндэслэлээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамж хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот байгуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.4-д заасныг баримтлан “Ж” ХХК-ийн нэхэмжлэлээр НЗД-д холбогдуулан гаргасанаар “НЗД-ын 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн А/******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ

                                            ШҮҮГЧ                               Ц.МӨНХЗУЛ                                                                       ШҮҮГЧ                               Ц.ОДМАА