Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0215/З |
Дугаар | 221/МА2015/0399 |
Огноо | 2015-08-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/0399
2015 оны 8 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/0399
Улаанбаатар хот
РП ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Л.О нарын гаргасан давж заалдах гомдлоор, РП ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч РП ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Нийслэлийн Газрын албатай байгуулсан гэрээний үндсэн дээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эзэмшиж байгаа. Гэтэл Нийслэлийн Засаг дарга 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/287 дугаар захирамж гарган, РП ХХК-ийн эзэмшиж буй дээр дурдсан газрын эрхийг хүчингүй болгосон байна... Иймд уг захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжаар АК ХХК-д Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, АСА циркийн хойно худалдаа, үйлчилгээ, автомашины зогсоолтой барилгын зориулалтаар 8000 м.кв газрыг нийтийн эдэлбэрийн гудамж, зам талбайд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд эзэмшүүлсэн, уг хууль зөрчиж олгосон газрын зориулалтыг өөрчилж, газрын эрхийг 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар РП ХХК-д шилжүүлсэн байна. Хууль тогтоомж зөрчсөн дээрх шийдвэрүүдийг Нийслэлийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн... РП ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3, 12 дугаар зүйл 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч РП ХХК-ийн "Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхээ сэргээлгэх гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Л.О Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу, дутуу үнэлж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэсэн. Үүнд:
Нэг. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн тухайд:
1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар уг газрын эзэмших зориулалтыг өөрчилжээ гэж нотлох баримтыг буруу үнэлж дүгнэлт хийсэн. Учир нь, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжаар 0,8 га газрыг олгохдоо дээрээ цэцэрлэгт хүрээлэн бүхий газар доорх худалдаа үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар олгосон бөгөөд түүний дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол-ын зориулалтаар олгогдсон байдаг. Харин сүүлд АК ХХК нь хуулийн этгээдийн нэрээ РП ХХК болгон өөрчилсөнтэй холбогдуулан газар эзэмших эрхийг уг нэрээр олгох хүсэлт гаргасны дагуу 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжаар 0,8 га газар эзэмших эрхийн зориулалтыг хэвээр олгон, хуулийн этгээдийн нэрийг сольж олгосон бөгөөд түүний дагуу олгосон газрын гэрчилгээн дээр газрын зориулалт нь мөн л хэвээр байх бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Архитектур төлөвлөлтийн даалгаврын Барилга байгууламжийн нэр, зориулалт, хүчин чадал гэсэн хэсэгт дээрээ цэцэрлэгт хүрээлэн бүхий газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоолтой барилга гэснээс газрын зориулалт өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь тодорхой харагддаг.
2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн хавсралтын 33 дахь хэсгийг хүчингүй болгожээ гэж шүүх өөрийн үзэмжээр буруу дүгнэлт хийсэн. Учир нь, тус маргаан бүхий А/287 дугаар захирамжийн 1 дэх заалтаар РП ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосугай гэж РП ХХК-ийн бүх газрыг хүчингүй болгосон, хэрвээ зөвхөн 0,8 га газрыг хүчингүй болгосон бол дээр шүүгчийн дурдсан шиг 33 дахь хэсгийг гэх байсан. Энэ нь захиргааны акт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасан Захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэдгийг харуулж буй илт хууль бус акт байна.
Ийнхүү утга, агуулгын илэрхий алдаатай гарсан захиргааны акт гэж мэдэгдмэгц сүүлд шүүхэд хойноос нь нөхөж тайлбар хийж зөвхөн 0,8 га газарт хамаарна гэж буй нь үндэслэлгүй. Одоогийн Нийслэлийн Засаг дарга ингэж тайлбарлах ч дараачийн сонгуулиар гарч ирэх Засаг дарга нь тус маргаан бүхий 2011 оны А/287 дугаар захирамжийг хүчин төгөлдөр хэвээр байгаа тохиолдолд РП ХХК-д холбогдох бүх газрыг хүчингүй болгосон хэмээн мөн л өөрөөр тайлбарлаж хуулийн этгээдийг хохироохыг үгүйсгэхгүй. Чухамдаа маргаан бүхий акт ийнхүү алдаатай гарсан учраас Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолын Хянавал хэсэгт А/287 дугаар захирамжаар урьд хүчингүй болсон 2008 оны 450 дугаар захирамжийг дахин хүчингүй болгосон, РП ХХК-д 29052 м.кв газар эзэмшүүлсэн 2011 оны 494 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосноор нэхэмжлэгч РП ХХК нь эзэмшил газаргүй болсон байна гэсэн дүгнэлтийг хийсэн байдгийг анхаарууштай юм.
3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...АК ХХК-иас 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ногоон байгууламж сэргээн, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна гэсэн хүсэлт гаргасан, үүний дагуу Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжаар маргаан бүхий 8000 м.кв газрыг олгосон гэж буруу дүгнэлт хийжээ. Учир нь, Нийслэлийн Засаг дарга 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийг гаргахдаа АК ХХК-ийг 3 сарын дараа газар эзэмших хүсэлт гаргана гэж урьдаас тооцоолж хийсвэрээр газар эзэмших эрх олгосон байх хууль зүйн үндэслэл байхгүй. Тус 8000 м.кв газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамж нь Төрийн өмчийн хорооноос 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3/1410 албан бичгээр Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдлийг 399 дүгээр Худалдах худалдан авах гэрээний хуулбар, өмчлөгчийн эрхийн гэрчилгээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбарын хамт тус тус Нийслэлийн Газрын албанд хүргүүлсний дагуу тус 8000 м.кв газар нь хувьчлагдсан Циркийн эзэмшил газарт хамаарч байсан учир АК ХХК-ийн нэр дээр эзэмшүүлсэн.
Төрийн өмчийн хорооны өмч хувьчлах тогтоол, худалдах худалдан авах гэрээ, акт, газрын кадастрын зургаар улсын өмч болох Улсын циркийг хувьчлахдаа манай компанид 35666 м.кв эзэмшил газартай хэмээн хүлээлгэж өгсөн. Худалдах худалдан авах гэрээний дагуу 1 тэрбум 500 сая төгрөгийн төлбөрийг төлсөн, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 450 дугаар захирамжаар олгогдсон 8000 м.кв газарт 567 сая төгрөгийн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, зам талбайн засварын ажил, хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Манай компанийн эзэмшиж буй газар нь тус Төрийн өмчийн хорооноос хувьчлахдаа гэрээ актад дурдсан 35666 м.кв талбай газрын кадастрын зурагт тусгагдсан хил хязгаар дотор оршиж байгаа. Мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2007 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3/342 дугаар Тохижилтын тухай зэрэг албан бичгээр тухайн маргаан бүхий газар орчны зам талбайг засаж сайжруулах нь үндсэн байгууллагын үүрэг хэмээн манай компаниар тухай маргаан бүхий газрын зам талбайн засвар, тохижилтын ажлыг хийлгэж байсан баримт бий. Дээрх байдлаар хуулийн этгээдээс хөрөнгө мөнгө гаргуулж тохижилтын ажлыг хийлгэхдээ циркийн эзэмшил газар хэмээн бүрэн зөвшөөрсөн байдлаар ханддаг атлаа маргаан бүхий А/287 дугаар захирамжаар циркийн эзэмшлийн газар биш гэж буй нь байж боломгүй асуудал юм.
Хоёр. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухайд:
1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...8000 м.кв газар нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3-д заасан хот, суурины нийтийн эдэлбэрийн газар бөгөөд зам, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан нийтийн эдэлбэрийн гудамж, талбай, зам бүхий газар мөн гэдэг нь тогтоогдож байна... маргаан бүхий газар нь Газрын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлдэггүй нийтийн эдэлбэр талбай, зам бүхий газар гэдэг нь тогтоогдож байна гэж тус Газрын тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлажээ.
2. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3, 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтуудаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, аж ахуйн нэгжийн эзэмшиж буй газарт ногоон байгууламж, нийтийн зорчих авто зогсоол болон явган хүний зам байж болохыг шүүх анхаарч үзээгүй. Уг зориулалтаар хуулийн этгээд газар эзэмшихийг хориглосон заалт байхгүй, ногоон байгууламжийн бүс гэсэн ерөнхий зориулалтаараа одоо Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд орсон байгаа. Энэ нь Улсын циркийн салшгүй хэсэг байсан 8000 м.кв газар нь тус байгууллагын эзэмшилд байсан бөгөөд төсөвт байгууллага амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай цэцэрлэгтэй байсан түүнээс өмч хувьчлалаар РП ХХК-д газар эзэмших эрх шилжсэн. Манай компани нь 8000 м.кв газарт дээрээ цэцэрлэгт хүрээлэн дороо худалдаа үйлчилгээ, авто зогсоолын зориулалтаар ашиглах нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн нийтээр ашиглаж болох амралт зугаалгын газар байх нь хэний ч эрхийг зөрчихгүй, зориулалтын дагуу ашиглагдаж байгаа.
Энэ талаар гэрчийн мэдүүлэгт ...хөрөнгийн байдлыг сайжруулах, гэхдээ зөвхөн барилга биш гадна орчинтой нь цогцолбороор нь сайжруулах шаардлага тавьсан. Цирк үзэхээр ирж байгаа хүн машинаа байршуулах зогсоолтой, үзүүлбэр үзэх зуураа цагийг тухай өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилготой байсан тэр дагуу АК ХХК олон ажлууд хийж байсан. Түүнийг нь шалгаад үнэлэлт өгөөд явдаг байсан, Төрийн өмчийн хорооны 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1в/856 дугаар албан бичигт уг газар нь Улсын цирк төрийн өмчийн төсөвт байгууллагын салшгүй хэсэг болсон орчны газар байсан тул танай байгууллагад эзэмшүүлсэн гэжээ. Мөн маргаан бүхий газарт газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 29, 33 дахь заалтуудыг зөрчөөгүй, уг заалтууд нь анх газар эзэмших эрх хүсэлт гарган газар шинээр эзэмшиж байгаа тохиолдолд хамаарах бөгөөд манай тохиолдолд буюу улсын өмчийг хувьчлан авсан түүний эзэмшил газраа баталгаажуулж байгаа тохиолдолд хамаарахгүй юм.
3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...НЗД-аас өмнө нь нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхээр гаргасан илт хүчин төгөлдөр бус шийдвэрээ эргэн харж хүчингүй болгож, маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс буцаан авч нийтийн эдэлбэр газар болгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д ...заасантай нийцэж байна гэжээ. Шүүгч Газрын тухай хуулийн 61.1-ийг буруу тайлбарлажээ. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт нь Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж нь Газрын тухай хуулийг, мөн иргэн хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн тохиолдолд захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн шийдвэрийг заавал шүүхээр хүчингүй болголгүйгээр өөрөө хүчингүй болгох буюу захиргааны байгууллагад алдаагаа засах боломжийг олгосон хуулийн зохицуулалт юм. Гэтэл АК ХХК эзэмшиж буй газар дээрээ ногоон байгууламж, циркт нэвтрэх авто болон явган хүний зам талбай тохижуулснаараа хэний ч эрх, ашгийг зөрчиж хохироогоогүй байтал хуулийг илтэд буруу тайлбарласан байдаг. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 450, 2011 оны 494 дүгээр захирамжууд нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, хуулийн дагуу гарсан учир хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/287 дугаар захирамжийг гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг удирдлага болгожээ. Засаг даргад өөрийнхөө хууль тогтоомж зөрчсөн захирамжийг хүчингүй болгох эрх олгосон ч нөгөө талд нь газар эзэмшигчийн эрх яригдаж байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нарийвчилсан хэм хэмжээг баримтлах ёстой. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 450 дугаар захирамж нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй, Төрийн өмчийн хороо нь дуудлага худалдаанд оруулахдаа 8000 м.кв байрлах газрыг циркийн эзэмшлийн бүсэд хамаарна хэмээн хувьчилсан. Тухайн газрын хэмжээнээс хамааран хувьчлах гэрээний үнэ ч дүйцсэн байгаа. РП ХХК 8000 м.кв газар шинээр газар эзэмших эрх олгож өгнө үү гэдэг хүсэлт гаргаагүй баталгаажуулж өгнө үү гэж хандсан байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс хэн ч урьд нь эзэмшиж байгаагүй газар шинээр хүсэлт гаргасан гэж гуйвуулан тайлбарладаг. Анхнаасаа циркийн эзэмшил бүсэд хамаарч байсан газар байсан учир баталгаажуулахаар хандсан бөгөөд циркийн эзэмшил бүсэд хамаарч байсан газрыг дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах асуудал байхгүй, мөн дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт гэх анх газар шинээр авах гэж байгаа тохиолдолд хамаарах зохицуулалт энэ тохиолдолд үйлчлэхгүй юм.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шүүх маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийн талаар ...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжаар 2008 оны 450 дугаар захирамжтай холбоотойгоор олгогдсон 2011 оны 494 дүгээр захирамжийн хавсралтын 33 дахь хэсгийг буюу нэхэмжлэгч компанийн 8000 м.кв газартай холбогдох хэсгийг хүчингүй болгосон, харин 2011 оны 494 дүгээр захирамжийн хавсралтын 32-т нэхэмжлэгч "Рояал Плаза" ХХК-д олгосон 21052 м.кв газрыг эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгоогүй гэдэг нь тогтоогдож байна гэж нотлох баримтад буруу дүгнэлт хийсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн хавсралтын 32 дахь заалтаар 21052 м.кв, 33 дахь заалтаар 8000 м.кв газрыг РП ХХК-д тус тус эзэмшүүлжээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийн 1 дэх заалтаар ...Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 450 дугаар захирамжийн АК ХХК-д, ...газрын зориулалтыг өөрчилж, газрын эрхийг РП ХХК-д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 494 дүгээр захирамжийн РП ХХК-д холбогдох заалтыг тус тус хүчингүй болгосоноор РП ХХК эзэмшил газаргүй болжээ.
Ингэснээр 2008 онд Төрийн өмчийн хорооны 352 дугаар тогтоолоор Улсын цирк" төрийн өмчит төсөвт байгууллагыг хувьчлан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч РП ХХК-ийн эрх, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна.
Учир нь, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж тус тус заажээ.
Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч РП ХХК өөрийн эзэмшлийн нэг м.кв газаргүй болж улмаар үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах ямар ч боломжгүй болжээ.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвхөн 8000 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгосон гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь нотлогдохгүй, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжаар өөрийн гаргасан 2011 оны 494 дүгээр захирамжийнхаа зөвхөн хавсралтын 32 дахь заалтыг хүчингүй болгосон гэж дүгнэх боломжгүй байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолд тодорхой дүгнэлт хийсэн байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Шүүх шийдвэрийнхээ ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 4 дүгээрт ...маргаан бүхий газар болон Улсын циркийн орчны бусад газрыг оролцуулан Улсын циркийн эзэмшил газрыг 35.666 м.кв гэж хувьчлагдах үед эзэмшиж байсан Улсын циркийн 10080 м.кв эзэмшил газрын хэмжээг хувьчлалын баримт бичгийг үйлдэх үедээ нэмэгдүүлсэн гэдэг нь... тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, АК ХХК нь 35.666 м.кв эзэмшил газар бүхий Улсын цирк" төрийн өмчит төсөвт байгууллагыг хувьчилж авсан гэж хувьчлалын баримт бичгүүдэд дурджээ. Уг 35.666 м.кв эзэмшил газрын кадастрын зураг (1-р хавтаст хэргийн 154 хуудас, 2-р хавтас 152 хуудас)-аас харахад маргаан бүхий 8000 м.кв газрын байршил хамаарч байна. Маргаан бүхий газрыг хувьчлагдсан Улсын циркийн эзэмшил газрын хэмжээнд хамаарч байгаа гэсэн үндэслэлийн дагуу нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэдэг нь... зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий газрыг шинээр газар эзэмших харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтад хамааруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч РП ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР