Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 11A

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Э.Ганболд, түүний өмгөөлөгч Л.Батаа

нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010398 дугаартай 1 хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, оршин суух тодорхой хаяггүй, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1162 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн УИ97022735 дугаарын регистртэй, Боржигон овгийн Эрдэнэчимэгийн Ганболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Ганболд нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай
байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг хагалж орон байранд хууль бусаар нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж хохирогч Д.Нанжидсүрэнд 480.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хулгай хийсэн нь үнэн, нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулахыг хүсье гэв.

 

Хохирогч Д.Нанжидсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 2 дугаар сарын 12-нд 23 цагийн орчимд манай охин Хоролсүрэн над руу утсаар залгаад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-р байранд байрлах миний ажиллуулдаг авто сургуулийн цонхыг хагалсан байна гэсэн...би маргааш нь миний ажиллуулдаг авто сургууль руу очиж шалгахад үүдний цонх хагарсан байдалтай...ороод үзэхэд миний хар өнгийн ЕPSON маркын принтер алга болсон байсан. Оёдлын машины суурь эвдэрсэн байсан гэжээ. /хх-22/,

 

Гэрч Д.Хоролсүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Орой 21 цагийн үед уг авто сургуулийг түрээслүүлдэг Сэнгээ гэх хүн над руу залгаад авто сургуульд хулгай орсон байна, хурдан ир гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ авто сургуульд ирсэн чинь манай цонхыг хагалчихсан, дотор нь байсан ЕPSON маркын 3 үйлдэлтэй өнгөт принтер хулгайд алдагдсан байсан гэжээ. /хх-24/,

 

Гэрч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...”Номт цохио” нэртэй авто сургуульд хулгай орж байна гэх мэдээллийн дагуу очиход...байшингийн 1 дүгээр давхарын гадна хүн ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан. Батбаатар бид хоёр ажиглан хараад байтал уг байшингийн цонхоор 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд хар өнгийн принтер барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай эргүүлийн офицер бид 2 үйлдэл дээр нь бариад цагдаагийн хэлтэст авчирсан гэжээ. /хх-25/,

 

Гэрч Х.Батбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...1 дүгээр давхарын цонхыг хагалан дотор нь 16-19 орчим насны эрэгтэй хүүхэд орсон байсан. Харин уг байшингийн цонхны гадна хүн
ажиглаж байгаа бололтой 40 орчим насны эрэгтэй хүн зогсож байсан...Ажиглаад
хараад байтал уг байшингийн цонхоор 16-19 орчим насны хүн хар өнгийн принтер
барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай цагдаа жолооч бид хоёр
үйлдэл дээр нь бариад тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан гэжээ. /хх-26/,

 

Шүүгдэгч Э.Ганболд урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-64, 75/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-17/, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ганболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ түүний бусдад учруулсан хохирлын хэмжээг шууд ба шууд бус хохирлын нийлбэрээр 480.000 төгрөг гэж бичсэн байх ба шүүх бодит хохирлын хэмжээгээр буюу 400.000 төгрөгний хохирол учирсан гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Ганболд нь урьд хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай
байдал дуусаагүй байхдаа давтан үйлдлээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр

20 цагиийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байранд байрлах “Номт цохио” авто сургуулийн цонхыг
хагалан орон байранд нэвтэрч хар өнгийн принтер хулгайлж хохирогч Д.Нанжидсүрэнд 400.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт
хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Нанжидсүрэнгийн “...миний ажиллуулдаг авто сургууль руу очиж шалгахад үүдний цонх хагарсан байдалтай байсан...ороод үзэхэд миний хар өнгийн ЕPSON маркын принтер алга болсон байсан...” гэх /хх-22/, гэрч Д.Хоролсүрэнгийн “...хулгай орсон байна хурдан ир гэж хэлэхээр нь би шууд гэрээсээ авто сургуульд ирсэн чинь манай цонхыг хагалчихсан, дотор нь байсан ЕPSON маркын 3 үйлдэлтэй өнгөт принтер хулгайд алдсан...” гэх /хх-23/, гэрч Д.Ганбаатарын ...Байшин дотроос 16-19 орчим насны хүүхэд уг принтерийг хулгайлан гарч байсан...” гэх /хх-24/, гэрч Х.Батбаатарын “...уг байшингийн цонхоор 16-19 орчим насны хүн хар өнгийн принтер барьсан гарч ирээд байшингийн буланд тавих үед манай цагдаа жолооч бид 2 үйлдэл дээр нь бариад тус цагдаагийн хэлтэс дээр авчирсан...” гэх /хх-25/ мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч Э.Ганболдыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Ганболдод ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол арилсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ болон ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т зааснаар хүндрүүлэх нөхцөлд байдалд тус тус  тооцов.

 

Шүүгдэгч Э.Ганболд 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 192 хоног цагдан хоригдсоныг дурдаж, энэ хэрэгт ирүүлсэн эд мөрийн баримт байхгүй байна болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Боржигон овогт Эрдэнэчимэгийн Ганболдыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын 400.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Э.Ганболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Э.Ганболдод оногдуулсан баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Э.Ганболдын цагдан хоригдсон 192 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан  тооцож, түүнийг баривчлах ял эдэлж дууссанд тооцсугай.

 

5. Э.Ганболд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Д.Нанжидсүрэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

  6. Э.Ганболдод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ганболдыг бусдын батлан даалтанд өгснийг хэвээр байлгасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНЧИМЭГ