Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0096/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-т холбогдох эрүүгийн 2218000000050 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.А, 1989 оны 09 дүгээр сарын 29-ий өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний менежмент, үсчин мэргэжилтэй, “Мичид” гоо сайхны салонд үсчин ажилтай, ам бүл 3, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Мичид” гоо сайхны салонд О.Ж-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь “хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5-6 дугаар нугаламын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал, хэл ярианы эмгэгшил” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Б.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би 9 настай охиноо харах хүн байхгүй байсан учир ажил дээрээ дагуулж ирсэн. Хүн орж ирэхээр нь би үсийг нь засаад зогсож байхад Жавхлан эхнэр Сүнжидмаагийн хамт гаднаас орж ирсэн. Жавхлан шал угааж байхад манай хүүхэд наашаа цаашаа яваад байж л байсан. Манай охин шээмээр байна гэхээр нь би охиноо “түрүүлээд явж бай”  гэж хэлчихээд засаж байсан үсээ засахаа түр болиод охиныхоо араас очсон. Манай охин угааж байсан шалан дээгүүр нь явчихсан чинь Жавхлан “битгий угааж байгаа шалан дээр яваад бай” гээд ширүүн хэлсэн.  Жавхлан бид хоёр таарч тохирдоггүй, таарамж муутай байсан болохоор би дотроо “ширүүн хэлчихлээ дээ” гэж тухайн үедээ бодчихсон юм шиг байна лээ. Тэгээд 00-ийн өрөөнөөс гарч ирээд “чи хүүхэдтэй яаж харьцаад байгаа юм бэ?” гэсэн чинь Жавхлан намайг хоёр гараараа түлхээд унагасан. Түлхэж унагаж байгааг манай охин хараад “ээж ээ” гээд орилсон. Тэгээд л тухайн үед хүүхэд орилохоор нь цочоод дотор сонин болсон бөгөөд би Жавхланг яаж өшиглөж цохисноо санахгүй байна. Харамсалтай байна. Ийм зүйл болно гэж бодож цохиогүй. Тухайн үед намайг түлхэж унагалаа гээд цагдаа дуудсан. Гэр бүлийн асуудлаас болоод тухайн үед миний хувьд сэтгэл санаа тогтворгүй байсан. Үнэхээр харамсалтай байна.

... Цохиод ийм болгочихно гэж үнэхээр бодоогүй. Намайг үг хэлсний төлөө түлхэж унагах үед хүүхэд хараад орилохоор нь л ийм үйлдэл хийсэн.

...хохирлын мөнгийг бага багаар нь өгье гэхээр бөөнд нь авна гээд байгаа учир хохирол төлбөрийг төлж чадаагүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч О.Ж-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажил дээр ирэхэд Б.А нь “шал угаагаагүй байна” гээд уурлаад орилоод эхнэр лүү хандаж хэлээд байхаар нь “би угаачихъя” гээд шал угааж байсан юм. Намайг шал угааж байхад Ариунцэцэгийн охин нь миний угааж байсан шалан дээгүүр явахаар нь би “шал арчиж байна шүү дээ” гэж хэлсэн. Чи миний охин руу дайрлаа гээд орилоод, шүлсээ нулимаад байхаар нь би өөрөөсөө холдуулаад зөөлөн түлхсэн. Энэ хүн унаагүй. Гаднаас охин нь орж ирсэн, цуг ажилладаг 2 хүн орж ирсэн. Тэгээд орилоод байхад нь тэнд үсээ  засуулж байсан залуу одоо болио гээд салгасан. Тэгээд би за ингээд больчихож байгаа юм байна гэж бодоод шалаа үргэлжлүүлээд угаах гээд доошоо тонгойгоод шалны арчуураа авах гэтэл толгойноос үсдээд цохиж эхэлсэн.

... Эмчилгээний зардалд 1.821.330 төгрөг, түрээсэнд 300.000 төгрөг, өдрийн орлого 50.000 төгрөг, сарын нийт орлого 1.500.000 төгрөг, нийт 3.621.330 төгрөг нэхэмжилж байгаа.

... Намайг эрүүл болгож өгөөч, хохирол төлбөрөө өгөөч гэж хэлмээр байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1/,

-Хохирогч О.Ж-гаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3-4/,

 

-Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А гадагшаа гарчихаад буцаж орж ирээд Жавхлантай хэрэлдэж, муудалцаад эхэлсэн юм. Тэр үед би энэ хоёр байнга л хоорондоо  хэрэлдээд байж байдаг болохоор нэг их тоохгүй байтал түс тас гэх чимээ гараад эргээд хартал Б.А нь Жавхланг үстээд доошоо дарчихсан гараараа цохиж байсан.

...тэр оройгоо 17 цагийн үед Жавхлангийн ээжийн гэрт очиж хоол идчихээд буцаад харьж явахдаа “миний бие сонин байна, толгой өвдөөд байна” гэж хэлэхээр нь “чи битгий янгуучлаад  бай” гэж хэлсэн чинь гэртээ очингуутаа бөөлжөөд, гүйлгээд эхэлсэн юм. Тэр үед би Жавхланд өвчин намдаах эм уулгаад унтуулсан ба маргааш нь ажил дээрээ сууж байгаад 16 цагийн орчимд миний дотор муухайраад байна гэж байгаад хэл нь орооцолдоод юм ярьж чадахгүй болоод дохиж зангаад эхэлсэн бөгөөд бүр болохгүй болохоор нь Жавхланг дагуулаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад үзүүлж тариа хийлгээд эм уулгасан ба үзсэн эмч нь “энэ хэлгүй хүн юм уу?” гэж надаас асууж байсан. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтүүлж 4 хоног эмчилгээ хийлгүүлээд даваа гарагт Улаанбаатар хот явж MRI-д хүзүү толгойн зураг авахуулж эмчид үзүүлчихээд Дарханд буцаж ирээд Ариунцэцэгт хэлсэн чинь тоохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11/,

 

-Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А гаднаас орж ирээд Жавхлантай маргалдаад байгаа бололтой байснаа гэнэт Жавхлангийн үснээс нь үстэж аваад “түк түк” гэх чимээ гартал аймаар хүчтэй хэд хэд цохиод авсан юм. Тэр үед салонд байсан хэд “боль” гээд хэлтэл бид хэдийн өөдөөс ч орилоод Жавхлан руу ч орилоод “хүүхэд загнадаг чи хэн бэ?” гээд л аймаар чанга орилж хашхираад явж байгаад Жавхланг  түлхсэн үү?, өөрөө хальтарсан уу? ямар ч байсан хальтирч уначихаад тэрэндээ шаралхаад “намайг зодчихлоо” гээд орилж хашгираад байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14/,

 

-Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.А миний хажуугаар тойрч очоод Жавхлангийн хажууд очоод тулж хэрэлдэж байснаа гэнэт Жавхлангийн үснээс үстээд 1-2 метр орчим зайн дотор наашаа цаашаа үстээд чирч байснаа Жавхлангийн толгой руу зангидсан гараараа 2-3 удаа цохичихсон юм.

...Б.А дахиж хүрч ирээд Жавхланг хөлөөрөө өшиглөсөн чинь Жавхлан уурлаад “чи цаашаа бай” гээд түлхтэл Б.А шалан дээр хальтирч уначихаад тэрэндээ шаралхаад  “цагдаа дууд, энэ ямар даварчихсан юм бэ?” гээд орилж хашгираад байхаар нь Ариунцэцэгийг “чи болиоч ээ, наад хүн чинь чамайг нэг ч цохисонгүй, чи л наад хүнээ зодлоо шүү дээ” гээд загнасан чинь Б.А “тэгвэл 108 дууд, миний хүүхдийг дарамталсан” гээд цагдаа руу дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17/,

 

“...О.Ж-гийн биед хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5-6 дугаар нугаламын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал, хэл ярианы эмгэгшил тогтоогдлоо. Дээрх эмгэг өөрчлөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг эмгэг өөрчлөлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. О.Ж-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30/,

 

“...О.Ж-гийн биед учирсан “хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5-6-р нугаламын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал” нь 2020 оны 07 сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж гэмтсэнтэй холбоогүй. 2020.07.21-ний МЕДИПАС эмнэлгийн 30300-МВ1 толгойн судастай зурагт болон МЕДИПАС эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэгээр “хэл ярианы байдал хэвийн” байсан байна. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой байна. О.Ж-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь 2021.12.07-ны өдөр “О.Ж-гийн үснээс зулгааж, угзарч доош нь татаж гараар толгойн хэсэгт нь 3-4 удаагийн үйлдлээр цохисон” гэх үйлдпийн улмаас үүссэн байх боломжтой. О.Ж-гийн биед илэрсэн “хэл ярианы эмгэгшил” нь гэмтлийн улмаас үүссэн эсэх, хэдий хугацаанд үргэлжлэх, бүрэн эдгэрэх эсэхийг толгой тархины давтан шинжилгээ болон мэдрэлийн эмчийн иж бүрэн үзлэг хийгдсэний дараа тогтоож болно.” гэх 2022 оны 01 дүгээр сарын 07-ны 117 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-37/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54/,

-Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58/,

-Хохирогч О.Ж-гаас гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хавтаст хэргийн 71-75/,

-Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 100/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 11 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон улсын худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Мичид” гоо сайхны салонд хувийн таарамжгүй харьцааны улмаас О.Ж-тай маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5-6 дугаар нугаламын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал, хэл ярианы эмгэгшил” бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 29-30/ нотлогдож байна.

 

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул Б.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ. Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллуулах санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, бага насны хоёр хүүхэдтэй. Үсчний орлогоос өөр орлого байхгүй, түрээсийн байранд байгаа. Хохирлын төлбөр 2,954,435 төгрөгийг тодорхой хэмжээнд төлөх асуудал яригдана. Нэг дор бөөн төлнө гэхэд хүнд. Орлогоосоо тодорхой хэмжээнд төлнө. Нийтэд тустай ажил бол улсад цалин хөлсгүй ажиллана гэсэн үг. Тэгэхээр өрх толгойлсон, ганц хүний орлогоор амьдардаг, зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

 

Харин шүүгдэгч нь нийтэд тустай ажил гэхээр, хүүхдээ нааш цааш нь зөөдөг болохоор хэцүү байна. Манай том “Од” цогцолбор сургуульд сурдаг, бага нь 7 дугаар цэцэрлэгт явдаг. Бага одоо цэцэрлэг нь 14 хоног амарчихсан байгаа болохоор хүндрэлтэй байна гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар /хавтаст хэргийн 58/, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 54/, бага  насны 2 хүүхдийн хамт амьдаргдаг болох нь Дархан-уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 56/ зэргээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 2 /хоёр сар/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн хувийн болоод ар гэр амьдралын нөхцөл байдалд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ж-гийн эрүүл мэндэд “хүзүүний 3-4, 4-5 дугаар нугалмын тархмал цүлхийлт нугасны өмнөд зай ба зүүн мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлийн дарагдал, 5-6 дугаар нугалмын тархмал цүлхийлт, нугасны өмнөд зай ба 2 талын мэдрэлийн нүхийг нарийсгаж гарах мэдрэлүүдийн дарагдал, хэл ярианы эмгэгшил” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 62 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 29-30/ нотлогдож байх бөгөөд хохирогч О.Ж нь 3.621.330 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч Б.А-ээс эмчилгээний төлбөр, замын зардалд 1604435 төгрөг,ажлын байрны түрээсийн зардалд 300000 төгрөг, 1 сарын хугацаанд олох байсан орлого болох 1500000 төгрөг, нийт 3404435 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ж-д олгож, иргэний нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.А нь хохирогч О.Ж-д 450000 төгрөг бэлнээр төлснийг хасаж, шүүгдэгч Б.А-ээс  2954435 төгрөгийг шүүгдэгч гаргуулж, хохирогч О.Ж-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-т 2 /хоёр сар/ сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад Дархан сумын хуучин хороолол буюу 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явах, өөрийн оршин суугаа газраас Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Олон Улсын худалдааны төвд очихоос өөр чиглэлд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А-ээс 2.954.435 /хоёр сая есөн зуун тавин дөрвөн мянга дөрвөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч О.Ж-д олгож, иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Я.ТУУЛ