Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                               

    Хэргийн индекс:166/2022/0061/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Б-,

Шүүгдэгч Г.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч- холбогдох эрүүгийн 2218000000009 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4 нөхөр 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г.Ч-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г.Ч- нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “S&B” нэртэй бааранд С.С.Ц-той маргалдаж эрүүл мэндэд нь “нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, цээжний баруун өмнө болон баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Г.Г.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр С.С.Ц-той маргалдан түүний эрүүл мэндэд “нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, цээжний баруун өмнө болон баруун бугалганд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Г.Ч- нь хохирогч С.С.Ц-г найзын цээж рүү гараараа түлхлээ хэмээн маргалдан нүүр рүү нь жийсэн үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Г.Г.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах шатанд мэдүүлгээ өгсөн учир одоо дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

     2. Хохирогч С.С.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний төрсөн өдөр буюу 2021 оны 11 сарын 20-ны өдөр Эс энд Би нэртэй бааранд найзуудтайгаа тэмдэглэсэн. Бид дээр нь VIP өрөөнд нь тэмдэглэж байсан. Тэгээд доор бүжгийн талбай дээр бүжиглээд зогсож байхад Г.Г.Ч- араас үсдэж унагаагаад нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн. Энэ явдал 23 цагийн үед болсон. 24 цагийн үед эмнэлэг дээр очоод би зүүн нүднийхээ дээр доор 2 оёдол тавиулсан. Нүүр маань битүү зулгаралтай, маажсан хавдсан байсан. Г.Г.Ч-ийг цагдаа ирээд аваад явсан. 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч дээр очиж үзүүлсэн. 2960000 төгрөгөөр хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хотод очоод 1 дүгээр сарын 08-ны өдрийн өглөө 08 цагт Эс Эм гэдэг эмнэлэгт бүрэн унтуулгатай орсон. Ор хоногийн мөнгө, эмчилгээний мөнгө гээд 3500000 төгрөгийг эмнэлэгт өгсөн. Тэгээд наашаа цаашаа явсан бензиний мөнгө, эмнэлгээс гараад эм тарианы мөнгө зэрэг ороод 4500000 болсон гэв.

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-2021.11.20-ны орой 23:20 минутын үед Дархан сумын 13-р баг S&B бааранд манай найз С.С.Ц-г үл таних эмэгтэй хүн пивоны шилээр цохиж гэмтэл учрууллаа” гэх дуудлагыг 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 00:38 минутад хүлээн авсан.  /хх 01/,

 

4.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл...”...цагийн өнгийн өмдтэй хар өнгийн цамцтай эмэгтэй, хар өнгийн юүбектэй эмэгтэйг очиж цохиод газарт унагаахад бүжгийн тайлбай дээр байсан хүмүүс очиж салгах гээд бужигнаад бөөгнөрсөн бичлэг болон хар өнгийн цамц өмдтэй эмэгтэй дээр нь дарж хэвтэхэд цагаан өнгийн өмдтэй хар өнгийн цамцтай эмэгтэй газарт унаад хөлөө савчиж өшиглөхдөө хар өнгийн цамц өмдтэй эмэгтэйгийн мөр, гэдэс, гуя руу өшиглөж байгаа бичлэг... ”  /хх 4/,

 

5. Хохирогч С.С.Ц-гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх 9/,

 

6. Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би найзтайгаа юм яриад зогсож байсан чинь Н- гээд эмэгтэй найз маань хүрч ирээд С.С.Ц-гийн нүүрнээс цус гараад байна гэхээр нь би С.С.Ц- руу явж очоод юу болсон талаар асуухад нэг танихгүй эмэгтэйг заагаад тэр эмэгтэй найзынх нь нүүр рүү цохичихлоо гэхээр нь тухайн эмэгтэй нь сууж байсан ширээнийхээ хэсгийн тэнд нэг тавцан дээр зогссон байхаар нь тэр эмэгтэйг буулгах гээд энгэрээс нь татсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй, хамт явж байсан хар хөх шоотой цамцтай залуугийнхаа хамтаар намайг үсдээд авсан. Тэгж байхад хамт байсан эмэгтэй нар ирээд салгаж байсан.” гэх мэдүүлэг /хх 15/,

“...Манай найз Г.Ч- газарт хэвтчихээд өөрийгөө хамгаалах гээд гар, хөлөө саваад байсан. Тэгээд манай нөхөр М-, Г.Ч-ийн нөхөр Б- хоёр бид хоёрыг салгаж аваад, сууж байсан ширээ рүүгээ очиход тэр эмэгтэйчүүд араас ирээд бас хэрүүл хийгээд байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх 19/,

 

7. Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэд нарыг салгаад байж байхад тэр эмэгтэйчүүд дахиж ирж бид нартай хэрүүл маргаан хийгээд байсан. Тэнд байсан нэг эмэгтэйн нүүр нь цус болчихсон яаж байгаа юм бэ гэж хэлээд бид нар руу дайраад байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх 22/,

8. Гэрч И.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бүжиглэж байхад хажууд бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хар корсеттэй, доогуураа хар өнгийн жинсэн өмдтэй, шар хүрэн өнгийн тайрмал үстэй, цайвар шар царайтай 30 орчим насны эмэгтэй гэнэт л С.Ц-гийн нүүр рүү цохисон. Тэгээд дахиж цохих гээд дайраад байхад нь би дундуур нь орж салгасан.” гэх мэдүүлэг /хх 24/,

 

9. Гэрч Э.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз С.С.Ц- хүнд цохиулчихлаа гээд уйлчихсан, нүүрнээс нь цус гарчихсан байдалтай хүрээд ирэхээр нь “юу болсон юм бэ” гэхэд тэр эмэгтэй намайг утас хулгайлчихлаа гээд цохисон гэж хэлсэн. Тэгээд манай найзууд болох Ж-, О-, Н- бид дөрөв яваад очиход манай найз С.С.Ц- нэг эмэгтэйтэй нь “яагаад намайг цохиж байгаа юм” гэхэд шууд манай найз С.С.Ц-г хар хувцастай охин үсдээд унагаасан. Намайг яваад очих гэхэд хажуугаас тэр эмэгтэйтэй явсан хүмүүсийн нэг нь намайг үсдээд татсан.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

10. Гэрч Н.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажлын газрын Ч- гэх эмэгтэйтэй бүжиглэж байгаад эргээд харахад хоёр танихгүй эмэгтэйг хоёр залуу түлхээд байж байсан. Тэгээд эргэж бүжиглээд байж байхад хүмүүс бужигнаад зодолдоод нэг харахад С.С.Ц-гийн нүүрнээс цус гарч байхаар нь би хүн аллаа шүү дээ цагдаа дууд гэж би хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 28/,

 

11. Гэрч Ц.О-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз нартаа явлаа гэж хэлэх гээд буугаад очиход манай найз С.С.Ц-гийн нүд хэсгээс нь цус гарчихсан байхаар нь би хажууд байсан хүмүүст нөхрийг нь дууд гэж хэлчхээд цаана хүмүүс маргалдаад байхаар нь би нэг залууг “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж хэлэхэд  тэр залуу “би биш, та нар намайг яагаад байгаа юм” гээд орилоод байсан.” гэх мэдүүлэг /хх 31/,

 

12. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 802 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-С.С.Ц-гийн биед нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, цээжний баруун өмнө болон баруун бугалганд цус хуралт тогтоогдлоо. ...С.С.Ц-гийн биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх 34-35/,

 

13. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-С.С.Ц-гийн биед толгойн КТГ-аар илэрсэн хамрын таславчны мурийлт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-С.С.Ц-гийн биед толгойн КТГ-аар хамрын ясанд илэрхий гэмтлийн өөрчлөлтгүй гэсэн байх тул дангаараа хамрын таславчны мурийлт нь хэдийд үүссэн, шинэ хуучин эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.” /хх 47-48/,

 

14. Хохирогч  С.С.Ц-гийн хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд /хх 53-75/,

 

Шүүгдэгч Г.Г.Ч-ийн хувийн байдлыг тогтоосон бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 101-106/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Ч-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхэд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Улсын яллагч шүүгдэгч Г.Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхдээ согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж ялласан нь нотлогдоогүй байна. Учир нь: шүүгдэгчийн согтуурлыг шалгасан баримт байхгүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч С.С.Ц-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирол төлбөрт 4500000 төгрөг авсан. Цаашид гарах сорви арилгах эмчилгээний зардлыг нотлох иргэний журмаар нэхэмжлэхээр харилцан тохиролцсон. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Г.Ч-ийн...” гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх тайлбар зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд нийцсэн гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч Г.Г.Ч- нь С.С.Ц-д учирсан хохирол төлбөрт 4500000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь цаашид гарах сорви арилгах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Г.Г.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялаас чөлөөлсүгэй.

 

   3.Шүүгдэгч Г.Г.Ч- нь хохирогч С.С.Ц-д эмчилгээний зардал 4500000 төгрөг төлж барагдуулсныг дурдсугай.

 

   4.Хохирогч С.С.Ц- нь сорви арилгах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ