Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ............оршин суух, Д.Сгийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 сарын 07-ны өдөр 139/2018/00097/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ............оршин суух, С.М.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1958 онд төрсөн. Улсад 15 жил 5 сар ажилласан. Үүнээс 1974 оны 01 сарын 01-нээс 1976 оны 05 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1976 оны 07 сарын 15-наас 1979 оны 06 сарын 20-ныг хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1979 оны 07 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэргийг үндэслэн 1974 оны 01 сарын 01-нээс 1976 оны 05 сарын 31-н хүртэл, 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Д.С нь 1958 онд төрсөн. Одоо 60 нас хүрч байна. Тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй учраас шүүхэд хандсан. 1974-1976 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1976-1979 онд цэргийн алба хааж ирээд 1979-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсан. Тухайн үеийн ажиллаж байсан хөдөлмөрийн зарим дэвтрээ үрэгдүүлсэн тул Д.Сгийн дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Д.С нь 1974 оны 01 сарын 01-нээс 1976 оны 05 сарын 31-н хүртэл, 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 109 тоот тодорхойлолт /ХХ-6/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 31-ны өдрийн 08/94 тоот албан бичиг /ХХ-7/,

            3. Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 01 сарын 31-ний өдрийн 82 дугаартай тодорхойлолт /ХХ-8/,

            4. Д.Сгийн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1992 оны 04 сарын 04-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-4/,

            5. Д.Сгийн Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1974 оны 02 сарын 15-ны өдөр олгосон, №538 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /ХХ-5/,   6. Тагнуулийн Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 02/3624 тоот лавлагааны хуулбар /ХХ-41/,

            7. Дундговь аймгийн Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 02 сарын 01-ний өдрийн 04 тоот тодорхойлолт /ХХ-9/,

            8. Д.Сгийн 1980-1990, 1993 онуудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-10-40/,

            9. Итгэмжлэл /ХХ-43/,

            10. Гэрч Д.Б “...Д.С нь 1973 онд илгээлтээр гараад тэмээ малласан. 1976 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад малчинаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1979 он цэргээс ирсэн. 1979-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд тэмээчин байсан. Бид нэг нутгийн нэг хонхорын улсууд байгаа юм. Манай аав, ээжтэй нэг худаг усанд байдаг байсан юм. Д.С нь тасралтгүй малчинаар ажилласан. Одоо ч малчин. Би 1970 оноос Дундговь аймгийн Дэрэн сумын эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан. Малчин удамтай сайн малчин байсан...” гэх мэдүүлэг /ХХ-48/

            6. Гэрч П.Ч “...Д.С нь 1973 онд Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад илгээлтээр гараад тэмээ малласан. 1976 он хүртэл тэмээчин байж байгаад цэрэгт явсан. 1979 онд цэргээс ирээд тус нэгдэлдээ 1993 он хүртэл тэмээчин байсан. Бид Саруул бригадын малчид байсан юм. Нэг багийн малчид учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Би 1972-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд  адуу, хонь маллаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-49/

7. Гэрч А.Т “...Д.С нь 1973-1976 онд цэрэгт явсан. 1976-1993 он хүртэл Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Саруул бригадад тэмээ малласан. Намайг Дэрэн сумын Намын үүрийн орлогч, Засаг даргын орлогчоор ажиллаж байхад малчин байсан. Хөдөө ажлаар их явдаг байсан болохоор малчдынхаа ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Би Дундговь аймгийн Дэрэн сумын Намын үүрийн орлогч, Засаг даргын орлогчоор 1976-2000 он хүртэл ажиллаж байсан..” гэх мэдүүлэг /ХХ-50/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.С -г 1974 оны 01 сарын 01-нээс 1976 оны 05 сарын 31-н хүртэл, 1979 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА