Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                         

 Хэргийн индекс:166/2022/0069/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Т.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Ж-т  холбогдох эрүүгийн 2218000000058 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгиин Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-д Дотоод хяналтын албаны дарга, ам бүл-3, эхнэр ээж, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Т.Ж-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т.Ж- нь Дархан-уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг ******* дугаар гудамжны ** тоот А.А.А-гийн эзэмшлийн 1197 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 0.3 га газрыг нь өөрийн эзэмшлийн газар гэж Б.Б.С-гаас 600000 төгрөгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Т.Т.Ж- нь Дархан-уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг ******* дугаар гудамжны ** тоот А.А.А-гийн эзэмшлийн 1197 м.кв талбай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас 0.3 га газрыг нь өөрийн эзэмшлийн газар гэж Б.Б.С-гаас 600000 төгрөгийг шилжүүлэн авч хувийн ашиг олох зорилго, сэдэлтэйгээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1. Шүүгдэгч Т.Т.Ж- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

2. Шүүгдэгч Т.Т.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019, 2020 оны 6 дугаар сараас 7-р сарын үед зарсан. Мөнгийг нь Б.С-гаас бэлэн авч байсан. Б.С- гэх хүн надаас өөрөө энэ хэсэг газраа зарах уу гээд асууж байсан. Би хариуд нь зарна гээд тохиролцож зарсан байсан. Уг газар нь манай эхнэр А.А.А- гэх хүний газар. ...А.А- гэх хүнтэй 2013 оноос хойш хамтран амьдарч байгаад 2021 оны 10 дугаар сараас эхлэн одоо бид хоёр салчихаад тусдаа амьдарч байна.” гэх мэдүүлэг /хх 49/,

3. Хохирогч Б.Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр манай хажуугийн айлын залуу болох Т.Т.Ж-аас хашааных нь тал хэсэг болох 0.3 га газрыг худалдан авахаар 600.000 төгрөгийг Т.Т.Ж-ын 5700 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Т.Т.Ж- хашаагаа зарахдаа манайд зарсан хэсгээ давхар зарсан байсан. Тэгээд тус хашааг худалдан авсан хүн миний худалдан авсан хэсэгтээ барьсан байсан 00-ыг буулгаж ав би хашаагаа зарах гэж байна гэхээр нь 11.800.000 төгрөгөөр Э- гэдэг хүнээс тус хашааг бүтнээр нь худалдан авсан юм. Одоо надад Т.Т.Ж-т өгсөн 600.000 төгрөгийн хохирол учирсан. Би газар худалдан авсан даруйдаа хашаагаа барилаа 00 бариуллаа шүү гэхэд “тэг тэг би хашаагаа зарахдаа танай хэсгийг үлдээгээд дахин кадастр хийлгээд шинэ гэрчилгээ гаргуулна” гэж хэлж байсан. Гэтэл хашаагаа надад өгсөн хэсэгтэй нь хамт зарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 10/,

4. Гэрч Н.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сард А.А- гэх хүнээс Дархан сум 15 дугаар баг******* 3 дугаар гудамж ** тоот хаягт байрлах 1197.0 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг 12 сая төгрөгөөр худалдан авсан уг газрыг худалдан^авснаас хойш би газраа хэмжин үзэхэд миний худалдан авсан газрын нэг хэсэгт нь хажуу айлын хүн “00” барьчихсан мөн байшиндаа өргөтгөл хийх гээд бэлдсэн байсан би хажуу айлын хүнд хандан та миний эзэмшлийн газарт 00 болон байшингийн өргөтгөлөө оруулсан байна гэж хэлэхэд уг Б.С- гэх хүн би энэ хэсэг газрыг Т.Ж-аас 600000 төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Т.Ж- гэдэг нь миний газар худалдан авсан А.А- гэх хүний нөхөр би уг газрыг худалдан авахдаа Т.Ж-тай ярилцаж тохиролцсон зүйлгүй худалдан авсан мөнгөө А.А-д бэлнээр өгч байсан. А.А-д би худалдан авсан газрыг жижиг хэсгийг хүнд зарчихсан байна гэж хэлэхэд нөхрөөсөө асуугаад хэлье гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

5. Гэрч А.А.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны үед миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй Дархан-Уул аймаг 15 дугаар багт байршилтай 1,2 га газар байсан. Би 2019 онд Улаанбаатар хотод амьдарч байгаад 2020 онд Дархан-Уул аймагт очиж тухайн газрыг 09 дүгээр сард өөрийн арван жилийн ангийн хүүхэд Э- 12 сая төгрөгөөр борлуулсан Э- газрыг худалдаж авснаас хойш 2-3 долоо хоногийн дараа “надад зарсан газар чинь кадастрын зургийн дагуу биш байна” гэж хэлсэн. Тэгээд юу болов гэтэл Т.Ж- таньдаг Б.С-д 2019 онд 600.000 төгрөгөөр Дархан-Уул аймаг 15 дугаар багт байршилтай 1.2 га газраас бага хэмжээтэй зарсан байсан. Энийг би Э- мэдсэн. Т.Ж-аас асуухад үнэн Б.С-д 600.000 төгрөгөөр надад хэлэлгүй зарсан гэдгийг хэлсэн.Т.Ж- уг газрын өөрт нь хамааралгүй өөрийн өмч биш гэдгийг мэдэж байсан. Гэтэл намайг Дархан-Уул аймагт байхгүй байгааг далимдуулан Б.С- гэх хүнд өөрийн газар гэж зарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 33/,

6. Дархан-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Дархан сум 15-р баг Мангирт 5-р хэсэг, 3 дугаар гудамжны ** тоот хаягт байрлах 1197.0 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа /хх 25-29/,

7. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 714 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 0005205** дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ “Монгол Улсын иргэн А.А- /нэг иргэний өмч/ /хх 78-80/,

            Шүүгдэгч Т.Т.Ж-ын хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа, бакалаврын дипломын хуулбар, дансны хуулга, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56-75/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Т.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хохирогч Б.Б.С-гийн шүүхэд ирүүлсэн “Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирол 600000 төгрөгийг бүрэн барагдуулсан” гэсэн тайлбар, шүүгдэгч Т.Т.Ж-ын ...” бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан” зэргийг тал бүрээс нь харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Т.Ж- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Шүүгдэгч Т.Т.Ж- бусдад учруулсан 600000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан болох нь хохирогч Б.Б.С-гийн “одоо миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Миний хохирол 600000 төгрөгийг бүрэн барагдуулсан” гэх мөрдөн шалгах ажиллагаанд бичгээр өгсөн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Ж-т оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т.Ж- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Т.Ж-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ