Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                       

  Хэргийн индекс:166/2022/0060/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Шүүгдэгч П.П.Д- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Д-д холбогдох эрүүгийн 2218000000022 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ний өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр, ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, зуухны машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, П.Д-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.П.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 2-** тоотод иргэн Ч.Ч.Г-ийг зодож эрүүл мэндэд нь “зүүн эгэм, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн шанаад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч П.П.Д- нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Наран хотхоны 2-** тоотод Ч.Ч.Г-ийг  найз охиныг доромжилсон, хөөж гаргасан гэдгээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд “зүүн эгэм, зүүн чихний дэлбэнгийн шарх, зүүн шанаад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч П.П.Д- нь хохирогч Ч.Ч.Г-ийг “найз охиныг минь хэл амаар доромжиллоо” хэмээн зодсон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч П.П.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах шатанд мэдүүлгээ өгсөн учир одоо дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Машинд суугаад хөзөр тоглож байсан. Найз охин руу залгасан чинь хутга тулгаад гаргахгүй гээд байсан гэсэн. Тэгээд очсон юм.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...- Ч.Г- -оос 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг шилжих шөнө бусдад зодуулж, биедээ гэмтэл авсан гэх гэмт хэргийн талаарх бичгээр гаргасан гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан.  /хх 01/,

 

3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

“...хохирогч Ч.Ч.Г- нь 6 дугаартай П.П.Д-гийн зургийг шууд заав. /хх 5-9/,

 

4. Хохирогч Ч.Ч.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б- ахын байсан Дархан сумын 8 дугаар баг Наран хотхон 2 дугаар байрны ** тоот хаягт очсон. Намайг очиход миний таньдаг Д.-, Б-, А- нар байсан. Мөн миний танихгүй Н-, О.- гэх 2 эмэгтэй байсан. Намайг гаднаас ороход гэрт байсан хүмүүс архи уучихсан нэлээн халамцуу байсан. Би гаднаас эрүүл орсон, архи уугаагүй байсан. Би гаднаас орж ирэхдээ нэлээн ядарсан байсан учир А- ахаар ор засуулаад хэвтэж байсан. Д.-, Б-, А-, Н-, О.- нар нь хоорондоо маргалдаад хоёр эмэгтэй нь хашхирч орилоод байхаар нь чи чимээгүй бай л даа, шөнө орой болсон байна, хажуу айлын хүмүүс юу гэж бодох юм? айлд байж чимээгүй бай гэж хэлсэн. Гэтэл Н- гэх охин намайг нүүр рүү алгадсан. Тэгээд мөн пиво ууж байсан шилэн аяга над руу шидсэн. Намайг оноогүй. Мөн араас нь хутга авч шидсэн, мөн л оноогүй. Тэгээд дахин заазуур гартаа бариад шидэх гэж байтал А- заазуурыг нь булааж аваад та 2 манай гэрээс яв гээд хөөсөн. Тэгэхэд О.- нь та нарыг хүмүүс авчирч зодуулна гээд гэрээс гарахгүй байсан учир би Д.-г наад хоёрыгоо аваад гарчих гэхэд Д.- Н-, О.- нарыг гэрээс аваад гарсан. Тэгээд бид нар унтах гэж байхад орцонд хүмүүс зодолдоод эхэлсэн. Хаалганы дурангаар харахад Д.-г нэлээн олон хүмүүс ирчихсэн зодож байсан. Б- хаалга онгойлгоход гаднаас нэлээн олон хүмүүс орж ирээд үг хэлэхийн зөрүүгүй бид нарыг зодож эхэлсэн. Тэгээд нэг залуу нь намайг хүрч ирээд нүүр рүү цохисон, газар унасан байхад дээрээс өшиглөж, мөн нүүр рүү өшиглөж, миний зүүн талын чих хэсэгт стакан авч шидсэн, би уг хүмүүст зодуулсны улмаас зүүн чихэндээ нэг оёдол тавиулсан, мөн зүүн шанаа хавдсан, зүүн гарын эгэм хэсэгт хагарсан стаканы шилээр зүсүүлж 2 оёдол тавиулсан юм.” гэх мэдүүлэг /хх 12/,

 

5. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед Ч.Г- Улаанбаатар хотоос ирлээ гээд над руу залгахаар нь би хүрээд ир гэж дуудсан юм. Ч.Г- орж ирээд гэрт ор засуулаад хэвтсэн. Шөнө 03 цагийн үед Н-, О.- нар нэлээн согтуу орилж хашхираад байсан. Ч.Г- Н-, О.- нарт хандаж хүн унтаж амарч байна, жаахан чимээгүй бай гэж хэлэхэд Н- уурлаж Ч.Г-ийн нүүр рүү алгадаж, пиво ууж байсан шилэн аягийг шидсэн. Мөн араас нь хутга шидсэн. Ч.Г-ийг шидсэн эд зүйл нь оноогүй, араас нь заазуур шидэх гээд гартаа барихаар нь А- булааж аваад Н-, О.- нарыг гэрээс хөөсөн. Д.- Н-, О.- нарыг гаргаж өгөх гээд араас нь гарсан. Тэгээд удалгүй орцонд хүмүүс түжигнээд хаалга нүдээд байхаар нь хаалганы дурангаар харахад нэлээн залуучууд зогсож байсан. Хаалга хүчтэй нүдээд байхаар нь би хаалга нээхэд нэлээн залуучууд гэрт орж ирээд миний нүүр рүү нэлээн цохисон. Мөн А-г хэд хэдэн удаа цохисон. 8-9 хүмүүс ирсэн байсан. Ч.Г-ийг уг залуучуудтай хамт байсан сахалтай жижигхэн биетэй Токи гэх залуу нэлээн зодож цохисон..” гэх мэдүүлэг /хх 18/,

 

6. Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...23 цагийн үед Ч.Г- Улаанбаатар хотоос ирлээ гээд гэрт ор засуулаад хэвтсэн. Шөнө 03 цагийн үед Н-, О.- нар нэлээн согтуу орилж хашхираад байсан. Ч.Г- унтаж байсан болохоор Н-, О.- нарт хандаж хүн унтаж амарч байна шүү дээ, жаахан чимээгүй бай гэж хэлэхэд Ч.Г-ийг Н- гэх эмэгтэй нүүр рүү нь алгадаж, пиво ууж байсан шилэн аягийг шидсэн. Мөн араас нь хутга шидсэн, Ч.Г-ийг оноогүй. Тэгээд араас нь заазуур шидэх гээд гартаа барихаар нь би булааж аваад Н-, О.- нарыг гэрээс хөөсөн. Д.- Н-, О.- нарыг гаргаж өгөх гээд араас нь гарсан. Тэгээд удалгүй орцонд хүмүүс түжигнээд хаалга нүдээд байхаар нь хаалганы дурангаар харахад нэлээн залуучууд зогсож байсан. Хаалга хүчтэй нүдээд байхаар нь Б- нээхэд нэлээн олон залуус гэрт орж ирээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон, мөн Б-ыг цохиж зодсон. Зодоон болсны дараа Ч.Г-ийн зүүн талын чих болон зүүн талын мөрний эгэм хэсэг нь зүсэгдсэн, мөн гэрийн шилэн аяга Ч.Г-ийн зодуулсан газар хагарсан байсан.” гэх мэдүүлэг /хх 20/,

 

7. Гэрч Э.Д.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирлээ гээд Ч.Г- орж ирээд ядраад байна гээд унтаад өгсөн. Ч.Г- хамт уугаагүй, эрүүл байсан. Бид нар ууж байхад Н-, О.- нар согтчихсон орилж, хашхираад байсан. Шөнө 03 цаг болж байсан. Тухайн үед Ч.Г- уг хоёр эмэгтэйд хандаж та хоёр чимээгүй бай, айлд байж аятайхан бай гэж хэлсэн. Тэгэхэд уг хоёр эмэгтэй Ч.Г- руу дайрч, Н- гэх эмэгтэй нь Ч.Г-ийг алгадсан, мөн пиво ууж байсан аягийг аваад шидсэн, тухайн үед оноогүй. Мөн араас нь хутга аваад шидсэн, мөн оноогүй, сүүлд нь заазуур аваад шидэх гэхэд А- заазуурыг нь булааж аваад Н-, О.- нарыг гэрээс хөөсөн. Би О.-, Н- нарыг согтсон байсан учир гаргаж өгөх гээд хамт гарсан. Гадна гараад О.- хүнтэй утсаар яриад дуудсан. Удалгүй 8-9 залуучууд ирээд надтай уулзсан. Би тухайн үед болсон асуудлыг хэлээд та нар маргалдаад яах вэ гэж хэлсэн. Н-, О.- нар уг залуучуудад Ч.Г-ийн талаар нэлээн юм ярьж, үг хэлээр доромжилсон, гэрээс хөөлгөсөн гэж хэлсэн. Тэгэхэд уг залуучууд Ч.Г-той орж уулзана гээд би хамт байр руу орсон. Тэгээд би та нар уулзаж яах вэ? маргалдаад хэрэггүй гэхэд орцонд намайг заамдаж, цохисон. Тэгээд А-гийн гэрийн хаалга онгойход уг залуучууд гэр рүү орж дотор байсан А-, Б-, Ч.Г- нарыг цохиж, зодсон. Уг залуучууд олуулаа байсан учир хэн хэнийг цохиж байсныг хараагүй. Би дунд нь аль болох салгах гээд байж байсан.” гэх мэдүүлэг /хх 22/,

 

8. Гэрч Б.О.-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз залуу болох П.Д- рүү залгаад Жи си ай байранд баахан хүмүүс хутга барьж дайраад гичий, янхныг алъя гээд барьж зодох гээд бөөн юм болсон гэж хэлсэн. Тэгэхэд хаана байгаа талаар асуухад би өөрийн байгаа газрыг зааж өгөөд удалгүй П.Д- найз нарын хамтаар ирсэн. Ингээд П.Д-д болсон асуудлын талаар Н- бид хоёр хэлэхэд П.Д- орж уулзаадахъя гээд найз нарын хамт орсон. Энэ үед Д.- гэрийг нь зааж өгөөд хамт орсон. Ороод хаалгыг нь нүдэхэд Б- онгойлгож өгсөн. Дотор ороод бүгдээрээ хоорондоо зууралдаад эхэлсэн. Харин энэ үед П.Д-, Ч.Г- 2 зодолдож байсан. Ингээд удалгүй зодоон дуусгаад бид нар гараад явцгаасан.” гэх мэдүүлэг /хх 26/,

 

9. Гэрч Б.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.- найз залуу болох П.Д- рүү залгаад Жи си ай байранд баахан хүмүүс хутга барьж дайраад гичий, янхныг алъя гээд барьж зодох гээд бөөн юм болсон гэж хэлсэн. Тэгэхэд хаана байгаа талаар асуухад байгаа газраа зааж өгөөд удалгүй П.Д- найз нарын хамтаар ирсэн. Ингээд П.Д-д болсон асуудлын талаар О.- бид хоёр хэлэхэд П.Д- орж уулзаадахъя гээд найз нарын хамт орсон. Энэ үед Д.- гэрийг нь зааж өгөөд хамт орсон. Ороод хаалгыг нь нүдэхэд Б- онгойлгож өгсөн. Дотор ороод бүгдээрээ хоорондоо зууралдаад эхэлсэн. Харин энэ үед П.Д-, Ч.Г- 2 зодолдож байсан.” гэх мэдүүлэг /хх 29/,

 

10. Гэрч Т.Х- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэнд байсан нэг хүнтэй үгийн зөрүүгүй барьцалдаж аваад цааш тухайн айл руу бөөндөө ороод тэр дотор зодоон болсон. Тэр үед П.Д- ямар ч байсан нэг хүнтэй зууралдаад зодолдоод байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс ер нь бөөндөө зууралдаж байсан. Бүгд ер нь цохилцоогүй, нэг нэгтэй зууралдаад байсан. Ингээд удаагүй бид нар гараад яваад өгсөн. Гарах гэж байхад тэнд П.Д-тэй зодолдож байсан хүний чих болон эгэм хэсгээс цус гарч байсан.” гэх мэдүүлэг /хх 32/,

 

11. Гэрч Г.Н- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д- хаалга онгойлгосон хүний хажууд байсан хүнтэй барьцалдаад гэр лүү нь явж ороод бид араас нь дагаад ороход бөөнөөрөө манай найз руу шаваад байхаар нь бид нар салгах гэж араас нь дайраад би нэгэнтэй нь зууралдаж байсан. Харин энэ үед П.Д- тэр өндөр залуутай ноцолдож дээр доороо ороод байсан.” гэх мэдүүлэг /хх 34/,

 

12. Гэрч Б.Х- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед П.Д- ямар ч байсан нэг хүнтэй цаад буланд зууралдаад зодолдоод байсан. Тэнд байсан хүмүүс нь ер бөөнөөрөө зууралдаж, ноцолдож байсан. Цохилцоогүй. Харин П.Д- л нэгтэй нь зодолдож байсан.” гэх мэдүүлэг /хх 37/,

 

13. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлт:

- Ч.Ч.Г-ийн биед зүүн эгэм, зүүн чихний дэлбэд шарх, зүүн шанаанд цус хуралт тогтоогдлоо. ...Ч.Ч.Г-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.” /хх 50-51/,

 

14. Хохирогч  Ч.Ч.Г-ийн хохирол төлбөрийн талаарх нотлох баримтууд /хх 84/,

 

Шүүгдэгч П.П.Д-гийн хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх 89-94/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.П.Д-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 гэмт хэргийн  улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч П.П.Д-гийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Д-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд эхний 3 сард 110000 төгрөг, сүүлийн 1 сард 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч П.П.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Ч.Ч.Г- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эм эмчилгээний зардалд 112765 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргуулсан ба шүүгдэгчээс хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаар завсарлага авч 112800 төгрөгийг төлж барагдуулан энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Ч.Ч.Г- ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэнэ гэх боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Д-д оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд эхний 3 сард 110000 төгрөг, сүүлийн 1 сард 120000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.П.Д- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч П.П.Д- нь хохирогч Ч.Ч.Г-т 112800 төгрөгийг хохирол төлбөр төлснийг дурдсугай.

 

   6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.П.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.П.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ