Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ..............оршин суух, Н.Тын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 02 сарын 05-ны өдөр 139/2018/00090/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т, нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 25-н хүртэл малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс ирээд тус нэгдэлдээ 1984 оноос 1990 он хүртэл малчнаар ажилласан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, цалингийн баримт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг үндэслэн 1978 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 25-н хүртэл, 1984 оны 08 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.  

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Н.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Н.Т нь 1978 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 25-н хүртэл, 1984 оны 08 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

            1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 85 тоот тодорхойлолт /ХХ-4/,

            2. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 01 сарын 29-ний өдрийн 08/84 тоот албан бичиг /ХХ-5/,

            3. Монгол Улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 497 тоот лавлагаа /ХХ-6/,

            4. Н.Тын Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс 1986 оны 01 сарын 08-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-25/,

            5. Н.Тын 1987 онд авч байсан Энх сүрэгтний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-7/,

            6. Н.Тын 1985 онд авч байсан Зузаан таргын эзэн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-8, 9/,

            7. Н.Тын 1987 онд авч байсан Хүндэт жуух бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-10/,

            8. Н.Тын 1989 онд авч байсан Талархалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-11/,

            9. Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 02/61 тоот тодорхойлолт /ХХ-12/,

            10. Н.Тын 1973, 1979-1981, 1984-1989 онд авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /ХХ-13-23/,

            11. Гэрч Д.Ч “...Н.Т нь 1978 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад 1981 он хүртэл малчин байсан. 1981 оноос цэрэгт яваад 1984 онд цэргээс ирээд тус нэгдэлдээ малчнаар нэгдэл тартал буюу 1990 оныг дуустал ажилласан. Ихэнхдээ бага мал малладаг байсан. Одоо ч малчин хүн. Би тухайн үед Суварга бригадын тоо бүртгэгч, бригадын даргаар ажиллаж байсан. Мөн нэг нутаг усны хүмүүс учраас энэ хүний малчин байсныг сайн мэднэ. Т нь Ч гэж овоглодог байх. Ч гэдэг нь Н.Тын төрсөн аав нь, Н нь төрсөн ээж нь байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-29/

            12. Гэрч Ж.Мын “...Намайг 1979 онд сургууль төгсөхөд хөдөө малчин байсан. Н.Т нь Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад малчин байсан. 1981 оноос цэрэгт яваад 1984 онд цэргээс ирээд Хөдөлмөр нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Хонь малладаг байсан. Би тухайн үед Суварга бригадын малчин, няраваар ажилладаг байсан учраас энэ хүний малчин байсныг сайн мэднэ. Уг нь Ч.Т гэж овоглодог. Ч гэдэг нь Н.Тын төрсөн эцэг нь, Н нь төрсөн эх нь байгаа юм...” гэх мэдүүлэг /ХХ-30/

13 Гэрч Ж.Дын “...Н.Т нь 1978-1981 он хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад малчин байсан. 1981-1984 онд цэргийн алба хаасан. 1984-1990 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажилласан. Бага мал малладаг байсан. Бид нэг бригадын малчид байгаа юм. Н.Тын эцгийг Ч, эхийг нь Н гэдэг юм. Ч нь эрт нас барсан юм..” гэх мэдүүлэг /ХХ-31/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н.Т -г 1978 оны 01 сарын 01-нээс 1981 оны 06 сарын 25-н хүртэл, 1984 оны 08 сарын 25-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.БАЯРДАВАА