Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       Хэргийн индекс:166/2022/0077/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-, П.Б- нарт холбогдох эрүүгийн 2218000000069 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаатай хорих ял шийтгэгдэж, тус хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Ц.Д-

 

2. Монгол улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, П.Б-

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц.Д- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн *******,******* 1-*-*тоотод П.П.Б-той маргалдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шархны гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

                                                                                                                                                                      

Шүүгдэгч П.П.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн *******,******* 1-*-*тоотод Ц.Ц.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хамарт шархнууд, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ц.Ц.Д- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн *******,******* 1-*-*тоотод П.П.Б-той маргалдан зодож эрүүл мэндэд нь дагзны хуйханд шархны гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч П.П.Б- нь 2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн *******,******* 1-*-*тоотод Ц.Ц.Д-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хамарт шархнууд, нүүрэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нар нь үл ялих зүйлээр шалтаглан харилцан маргалдан зодолдож Ц.Ц.Д- нь П.П.Б-ийн толгой хэсэгт цохисон үйлдэл, П.П.Б- нь зөрүүлэн Ц.Ц.Д-гийн толгой хэсэгт цохисон үйлдэл болон тэдний эрүүл мэндэд учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч Ц.Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 “...2022 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би 15 цагийн орчим санагдаж байна найз П.Б- над руу утсаар залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон чинь П.Б- гэрийнхээ малын баас ачаат Б- гэх ахтай хамт байж байсан. Тэгээд П.Б- бид хоёр миний машинтай дэлгүүр ороод 0.75 литрийн хараа архи нэг шилийг аваад П.Б-ийн гэрийн гадаа хамт уусан. Тэгтэл Б- ах жаахан согтсон учир П.Б- хүргэж өгөх гээд явсан ба би П.Б-ийн гэрт орсон. Тэгтэл удалгүй гаднаас П.Б- нь С- ахыг дагуулаад гэртээ ороод ирсэн ба нэг шил архи задлаад С- ахад өгсөн чинь С- ах би архи уудаггүй гэсэн. Үүнээс болж П.Б- бид 2 С- ахыг архи уудаг, уудаггүй гэж хоорондоо маргатал С- ах гараад явсан. Тэгэхээр нь П.Б- бид хоёр араас нь хашаанд гараад маргалдаж байгаад хоорондоо барилцаж аваад би П.Б-ийн толгойн тус газарт нэг удаа гараараа цохисон чинь П.Б- хойшоо толгойгоороо саваад миний портер маркийн машины урд шилийг мөргөж толгойгоо зүссэн. Тэгснээ уурлаад над руу дайрч давшлаад миний толгой тус газарт 2-3 удаа цохих үед би хажуу тийшээ болохдоо би машины хагарсан урд шилийг дахин мөргөж хамраа зүссэн.” гэх мэдүүлэг /хх 16/,

2. Шүүгдэгч П.П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

“...С- ахыг архи уудаггүй, дарс уудаг гэж хэлснээс болж Ц.Ц.Д- бид хоёр хоорондоо маргасан. Тэр үед С- ах гэрээс гараад явсан бөгөөд Ц.Д- бид хоёр манай гэрээс гарч хоорондоо барилцаж аваад Ц.Д- миний толгой руу гараараа нэг удаа цохих үед би хойшоо савж ард байсан Ц.Д-гийн портер маркийн машины урд шилийг толгойгоороо мөргөж толгойгоо зүссэн. Би учраа олох санаатай гар барьсан чинь Ц.Д- намайг татаж газар унагаад миний дээр гарч суугаад миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх 19/,

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-Шарын гол сумын Хайрхан багийн 2-27 тоотод оршин суух Б.Алтантуяагаас 85155805 мэдээлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн орчим Санжинт багийн******* 1-*-*тоотод П.Б- гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний нөхөр болох Ц.Д-г цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх утсаар гаргасан гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01:00 цагт хүлээн авсан.  /хх 11/,

 

            4. Гэрч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Б-, Ц.Д- хоёр намайг архи уудаг, уудаггүй гээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхээр нь би бие засаад ирье гэж хэлээд П.Б-ийн гэрээс гараад гэртээ харьсан. Гэтэл орой 23 цаг өнгөрч байхад манай гэрийн хаалгыг нэг хүн нүдэхээр нь би хаалгаа онгойлгосон чинь Ц.Д- гэх залуу байсан ба хамар амнаас нь цус гарсан байдалтай ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад би П.Б-той маргаад ийм юм болчихлоо, та намайг гэрт минь хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би машинаа асааж гражаас гаргачихаад эргээд гэртээ ороод иртэл П.Б- манай гэрт ороод ирсэн байсан. Тэр хоёр хэн хэнээсээ уучлалт гуйгаад “та санаа зовох хэрэггүй, машин тэргээ унтраачих” гэхээр нь гарч машинаа унтраагаад эргээд гэртээ ороод ирэхэд П.Б- газар уначихсан дээр нь Ц.Д- гараад суучихсан толгой руу нь цохиж байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,

 

            5. Гэрч С.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.Д-, П.Б- 2 хоорондоо С- гэх хүнийг архи уудаг, уудаггүй гэж хоорондоо маргаад сүүлдээ тэр хоёр гэрээс гараад явсан. Удалгүй би араас нь гарсан чинь Ц.Д-гийн ачааны машины урд шил хагарсан байсан. Ц.Д- байхгүй, харин П.Б- гадаа зогсож байсан.” гэх мэдүүлэг /хх 23/,

 

6. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-П.П.Б-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. П.П.Б-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.П.Б-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 26-27/,

 

7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 144 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Ц.Ц.Д-гийн биед хамарт шархнууд, нүүрэнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.Ц.Д-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Ц.Д-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 33-34/,

 

Шүүгдэгч П.П.Б-ийн хувийн байдлыг тогтоосон оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 51-57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 77-80/,

 

Шүүгдэгч Ц.Ц.Д-гийн хувийн байдлыг тогтоосон оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх 63-70/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 74-76/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба тэдэнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Ц.Ц.Д-, П.П.Б- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх тайлбар /хх 88, 89/ өгсөн байх тул тэднийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Д-, П.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Ц.Д-, П.П.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ