Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
Хэргийн индекс | 166/2022/0075/Э |
Дугаар | 2022/ШЦТ/91 |
Огноо | 2022-03-01 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0075/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Г-,
Шүүгдэгч Ш.Ш.З- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.З-д холбогдох эрүүгийн 2218000000037 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймаг Наранбулаг суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 9, эхнэр 8 хүүхдийн хамт оршин суух, урьд:
-Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 50.000 төгрөгийг хурааж, 4 сар баривчлах ял шийтгүүлсэн, Ш.З-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Ш.З- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын * дугаар баг * дугаар бригад хөдөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Д.Ц-г “хониндоо өөрөө яв” гэж хэллээ хэмээн маргалдан зодож улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хоёрлосон, баруун нүдний ухархайн дотор хэсэг рүү шилжсэн хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, баруун дал, хонгонд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Ш.Ш.З- нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын * дугаар баг * дугаар бригад хөдөө гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Д.Ц-г “хониндоо өөрөө яв” гэж хэллээ гэдгээр шалтаглан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ш.Ш.З-гийн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Ш.З- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 17 настай охиноо хонинд яваад ир гэснээс болж болж маргаан үүссэн. Би тухайн үед ковидын 3 дугаар тун хийлгэсэн, 2-3 хоног даарч хөрж болохгүй гам барих ёстой байсан юм. Тухайн өдөр яг 3 дахь өдөр нь байсан тул хүүхдээ хонинд яваад ир гэхэд явахгүй байсан тул хүүхдээ загнасан чинь манай эхнэр намайг өөрөө яв гэхэд нь намайг даарч хөрж, болохгүй гэсэн шүү дээ хэрүүл маргаан үүсэж ханийгаа зодсон. Миний буруу, би уучлалт гуйж, үнсээд хониндоо явсан, би хониндоо гараад айлд очиж архи уугаад ирэхэд цагдаа дуудсан байсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, уучлалт гуйсан, миний уучлалыг минь хүлээж авахгүй байгаа. Одоо ч гэсэн намайг уучлахгүй байгаа.” гэв.
2. Хохирогч Д.Д.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10:00 цагийн үед хонь малаа бэлчээрт гаргасангүй, хониндоо явсангүй гээд оёж байсан гутлыг гараас авч шидээд, намайг өшиглөөд авсан. Тэгээд намайг зодох гэхээр нь босож ноцолдоод, орон дээр түлхэж унагаачхаад байж байтал, гэнэт босож ирээд намайг шууд цохисон, тэгээд 4 жоохон охин уйлаад байсан, хамраас нил цус гарсан тогтохгүй байсан. Нөхөр хониндоо яваад ирэхдээ согтуу ирсэн. Охин морины эмээлийг нь авч өгөөд, моринд тэжээл тавьж өгөөд байсан. Тэгээд хэвтэж байсан чинь дүү нартайгаа утсаар яриад, та нар дээрээ очихгүй бол болохгүй байна, энэ хүнтэй хамт ганцаардаад байна гээд, хүнийг унтаж байхад гараа зангидаад байхаар нь намайг зодох нь ээ гэж бодоод цагдаа дуудсан. Цагдаа ирээд энэ хүнийг аваад явсан, зөрчил гаргасан хүнийг эрүүлжүүлж байгаа гэж хэлээд аваад явсан. Цагдаа намайг дагуулж яваад, мэдүүлэг аваад эмчид үзүүлээд, маргааш өглөө эмнэлэг рүү яваарай гэж хэлсэн. Би дарханд найзындаа ирээд 4-5 хоног хоноод, түрээсийн байр олдохгүй, нэлээн хайсны эцэст энэ байранд орсон. Одоо 2 сар гаруй хугацаанд түрээсийн байранд амьдарч байна.” гэв.
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-“Д.Д.Ц-гаас гаргасан “би нөхөртөө зодуулж, биедээ гэмтэл авсан” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00:20 цагт хүлээн авсан. /хх 1/,
4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”...хүү А- рүү шидсэн гэх хагарч хуваагдсан шилэн стканыг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв” /хх 3-5/,
5. Насанд хүрээгүй гэрч З.А- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав орон дээрээс босож ирээд ээжийн хамар руу гараараа 1 удаа аймар хүчтэй цохисон чинь ээж газарт өнхөрч унасан. Ээжийн хамраас их цус гоожоод алчуур тавьж, ээж өөрөө цусаа тогтоож байхад аав өөрөө хониндоо явлаа гээд гараад явсан. Аав орой хонинд явж ирээд айл руу явлаа гэж явчхаад 19 цагийн орчим согтуу ирчхээд ээжийн үгэнд орж унтаж амрахгүй болохоор ээж цагдаад дуудлага өгч цагдаа нар манай гэрт ирсэн.” гэх мэдүүлэг /хх 11/,
6. Насанд хүрээгүй гэрч З.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед манай аниа хонинд явахгүй гэсэн чинь ээж аниаг өмөөрөөд аав, ээж хоёр муудалцаад хэрэлдсэн чинь ээжийг аав босож ирээд нүүр рүү нь гараараа хүчтэй цохисон. Ээжийн хамраас зөндөө цус гоожоод байсан. Тэгээд бараг өдөржингөө ээжийн хамраас цус гоожоод тогтоогүй. Тэгээд орой ээж, аавыг айлаас согтуу ирсэн чинь цагдаад дуудаад, аавыг минь цагдаа нар машиндаа суулгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 15/,
7. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Д.Д.Ц-гийн биед хамар ясны хоёрлосон, баруун нүдний ухархайн дотор хэсэг рүү шилжсэн хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр, баруун дал, хонгонд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.
-Д.Д.Ц-гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 25-26/,
8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 42-43/,
Шүүгдэгч Ш.Ш.З-гийн хувийн байдлыг тогтоосон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 63-74/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Ш.Ш.З-, хохирогч Д.Д.Ц- нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нөхөр болох нь хавтаст хэргийн 63-р хуудсанд авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
Шүүгдэгч Ш.Ш.З-гийн гэмт үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүйн/-н улмаас хохирол, хор уршиг учруулсныг гэмт хэрэгт тооцох зохицуулалттай.
Иймд шүүгдэгч Ш.Ш.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ш.Ш.З-гийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа болон хохирол төлбөрийг төлж барагдуулна гэснийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн “торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгож өгнө үү.”, хохирогч Д.Д.Ц-гийн “ял шийтгэлтэй холбогдуулан санал байхгүй” гэснийг тус тус тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.З-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ш.Ш.З- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Д.Д.Ц- нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд байрны түрээсийн төлбөр, эмчилгээний зардал, шинжээчийн дүгнэлт гаргуулсны төлбөр нийт 873000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар түүнээс 873000 төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2-р баг, 017 туслах аж ахуй гэх газар оршин суух хаягтай Д.Д.Ц-д олгохоор шийдвэрлэлэв. шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.З-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.З-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90000 төгрөг төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш.З- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгчээс 873000 төгрөг гаргуулан хохирогч Д.Д.Ц- -д олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Ш.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Ш.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ