Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0070/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д овогт С Н-д холбогдох эрүүгийн 2218000000093 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт С Н /РД: ......../, 19... оны .... дугаар сарын ....-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, .... настай, ......, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт ..... хот, ...... дүүрэг ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б нь шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч С.Н: “...гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа, хохиролд 500,000 төгрөг төлсөн, торгуулийн ял 550,000 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж төлөхөөр улсын яллагчтай тохиролцсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

-“2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 2-6 дахь тал/

- хохирогч Л.Д-ийн “...2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчимд ..... хотоос Т, Д нар охин М болон хүргэн Н нарын хамт сар шинийн баяр тэмдэглэх гэж ирсэн. Баяр болж байгаа юм байна гээд 2 шил архи задалж уг архийг уусан. 04-05 цагийн орчим юунаас болсон юм мэдэхгүй Н нилээн согтоод агсам тавьж манай нөхөр М-г хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон. Мөн зүүн гарын чигчий хурууг хазсан. Гал тогооны өрөөнд байдаг орон дээр цохиж унагаад хогийн шүүрний ишээр хэд хэдэн удаа цохисон. Энэ үед манай хүү Г найз О-н хамт орж ирээд Н-г аавынхаа дээрээс түлхэж холдуулсан. Н манай хүүг хэдэн удаа цохисон. Би салгах гээд очиход миний нүүр рүү гараараа их хүчтэй цохисон. Тухайн үед миний хамраас цус гарч би эмнэлэг орж оёдол тавиулсан. Н барьж явсан шанагаараа О-г цохих гээд гэрээс гарах гэхээр нь би хориглосон, гэтэл шанагаараа миний гар руу 2 удаа цохисон. Үүнээс болж миний зүүн гарын бугалга, баруун гарын алганы ар хэсэг хөхөрч гэмтсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н миний хохиролыг барагдуулсан. Эмчилгээний төлбөрт 500,000 төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг хариуцахаар тохирсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал, хавтаст хэргийн 13 дахь тал/

- гэрч М.Г “...2022 оны 02 дугаар сарын 4-ний шөнө 23 цагийн орчимд найз О-н гэрт хамт хонохоор явсан. Намайг гэрээс гарахын өмнө манайд .... хотоос Т ах, Д эгч, охин М, болон хүргэн Н-н хамт золгохоор ирсэн. Би найз О-н гэрт унтаж байхад 5 цагийн үед О намайг сэрээж гэрээс чинь чамайг дуудаж байна, зодоон болоод байх шиг байна гэж хэлсэн. Би О-н хамт гэр лүүгээ очиход ........... хотоос ирсэн Н гал тогооны хэсэгт байх орон дээр аавыг дараад суучихсан шүүрний төмөр ишээр хэд хэдэн удаа цохиж байсан. Би Н-г аавын дээрээс түлхэж унагаад салгасан. Тэгтэл Н миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед манай ээж Д Н надаас салгах гээд ирэхэд ээжийн хамар руу гараараа нэг удаа их хүчтэй цохисон. Ээжийн хамраас нь цус гараад ээж хамраа бариад гэрээс гарсан. Мөн О-г цохих гээд хөөх үед ээж боль гээд хорих гэхэд гар руу нь шанагаар цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

- гэрч Б.О-н “...намайг унтаж байхад Г-н утас дуугараад байхаар нь би аваад ярихад та Г ахыг аваад гэрт хүрээд ир, энд хэрүүл зодоон болоод байна гэж хэлсэн. Би Г-г сэрээгээд хамт гэрт нь очиход Улаанбаатар хотоос ирсэн Н-м гал тогооны хэсэгт байдаг орон дээр М-н ахын дээр гарчихсан хогийн шүүрний төмөр ишээр хэд хэдэн удаа цохиж байгаа харагдсан. Г-м гүйж очоод аавынхаа дээрээс Н-г түлхээд унагасан. Гэтэл Н-м Г-н толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон. Энэ үед би очиж Н-г түлхэж холдуулсан, мөн Г-н ээж Д-л эгч Н-г холдуулах гээд ирэхэд нь хамар руу гараараа нэг удаа их хүчтэй цохисон. Д-л эгч цохиулснаас болж хамраас нь цус их гарч, хамраа бариад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- гэрч Ц.С-н “...би хадам аав М-н болон хадам ээж Д-л нартай нэг хашаанд тусдаа гэрт амьдардаг. 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотоос Н гэх залуу хадам аав, ээж, эхнэрийн хамт аав М-ы гэрт ирсэн. Гэртээ унтаж байхад шөнө 04 цагийн орчим аав М гэрт хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь ороход аав М-ы зүүн гар болон толгой хэсгээс нь цус гарсан, хүнд зодуулсан байдалтай байсан. Мөн ээж Д-н хамраас цус гарч байсан. Би юу болсон талаар асуухад Н агсам тавиад аавыг зодсон, ээж Н-г болиулах гэхэд мөн хамар руу нь цохисон, дүү Г-н толгой руу гараараа цохиж зодлоо гэж хэлсэн. Н-м гэх хүнд цохиулснаас болж хадам ээж Д-л хамрандаа 3 оёдол тавиулсан. Н нилээд согтуу байсан. Би урьд өмнө энэ хүнийг харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

- гэрч Д.Т-н “...М ахын гэрт очоод хоол идэж, архи дарс ууцгаасан. Хүргэн Н, М-ы хашаанд тусдаа байдаг Мы хүү Г болон М нарын гэрт орж гараад л архи ууж байсан. Унтаж байгаад нэг сэрэхэд Н орилж хашгираад агсам тавьж байсан. Би босоод харахад М-ы зүүн гарнаас цус гарсан, мөн Д-н хамраас цус гарсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад Н агсам тавиад, цохиж зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/

- гэрч Ц.М “...Т, Д нар охин М болон хүргэн Н нарын хамт манайд ирсэн. Хоол унд идээд 2 шил архи задалж уусан. Шөнө 04-05 цагийн орчимд бид ах дүүсээрээ хууч яриад сууж байхад Н нилээн согтуу над дээр ирээд та нар ах дүү олуулаа сайхан юм, би ганцаараа гээд учир үл ойлгогдох юм яриад байсан. Би тухайн үед нь чи юу яриад байгаа юм хадам аав, ээж болон ахмад настай хүмүүс байхад арай агсам согтуу тавих гээд байгаа юм уу чи гэхэд үг хэлэлгүй миний цээж рүү цохисон. Би тэгэхээр нь яаж байгаа юм бэ чи гээд алгадсан. Гэтэл намайг заамдаад миний дээр гарч хогийн шүүрний ишээр миний толгой нүүр рүү цохиж эхэлсэн. Би биеэ хамгаалах гээд зүүн гараараа нүүр лүү нь түлхэхэд миний зүүн гарын чигчий хурууг хазаж гэмтээсэн. Манай хүү Г найз О нар гаднаас орж ирээд миний дээрээс Н-г түлхэж унагасан. Гэтэл Н миний хүү Г-г гараараа цохиж зодож эхэлсэн. Манай эхнэр Д боль гээд Н-г түлхэтэл нүүр рүү гараараа цохисон. Манай эхнэр Д-н хамраас нь цус их гарсан. Хамар нь дээд хэсгээрээ сэтэрсэн байсан. Мөн Н агсам тавьж байхдаа манай гэрийн тааз тулж тавьсан баганыг суга татаж хугалсан. Манай хүү Г болон найз О-г уг баганаар цохино гээд гэрээс хөөгөөд гарсан. Мөн араас нь хашаан дотор байсан цагаан тоосгон чулуу авч шидсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

- “...хэргийн газрын үзлэгээр хураан авсан ногоон бариултай төмөр шанагыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30 дахь тал/

- “...Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191 дугаартай “Л.Д-н биед хамрын нуруунд шарх, зүүн гарын шуунд цус хуралт тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л.Д-н биед илэрсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.Д-н биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

- “...Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 192 дугаартай “С.Н-н биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, нүүрэнд залгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Н-н биед илэрсэн зулгаралт, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дахь тал/

- “...Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189 дугаартай “Ц.М-ы биед зүүн гарын 5-р хуруунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ц.М-ны биед илэрсэн зулгаралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/

- “...Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 190 дугаартай “М.Г-н биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54 дэх тал/

- яллагдагч С.Н-н “...Улаанбаатар хотоос ирэхдээ би болон надтай хамт явсан хадам аав Т, хадам ээж Д, эхнэр М нар архи дарс уулгүй ирсэн. Би ер нь архи дарс хэрэглээд байдаггүй юм. М ахын гэрт очоод бид архи дарс ууцгаасан нь үнэн. Хэдэн шил архи ууснаа би санахгүй байна. М ахын гэрт бага зэрэг архи уусан. Гараад Г, С нарын гэрт орж эхнэр М, Г, С нартай нилээд архи уусан. Г гэрээс гараад би шөнө 04 цагийн орчимд байх М ахын гэрт орсон. Намайг ороход гэрт байсан хүмүүс юм ярилцаад архи уугаад сууж байсан. Би М ахын хажууд очож суугаад, согтуу байсан учир буруу юм ярьж М ахтай маргалдаад барилцаж, зодолдсон. Энэ үед гаднаас Г орж ирээд намайг М ахын дээрээс түлхээд унагасан. Би уурандаа Г-н толгой руу 2 удаа цохисон. Энэ үед Д эгч намайг боль гээд хүрээд ирэхээр нь би нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Д эгчийн хамарнаас цус их гарч байсан. Мөн би М ахын байшингийн таазыг доороос нь тулсан байсан баганыг татаж хугалсан байсан. Уг баганаар хүн цохиогүй. Гэрт нь байсан ногоон иштэй шанагаар Д эгчийн гар руу хоёр удаа цохисон. Ийм гэмт хэрэг үйлдсэндээ их харамсаж байна. Архи ууж, ухаанаа алдтал согтосны улмаас л ийм зүйл боллоо...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ....дугаар баг ..... тоотод иргэн Л.Д-н хамар, зүүн гар орчимд нь цохиж эрүүл мэндэд нь хамрын нуруунд шарх, зүүн гарын шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч С.Н-н үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д-н эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Д-н “...хохиролд 500.000 төгрөг авсан. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, хүсэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч С.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/-аар нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч С.Н нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Н-н хувийн байдал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан улсын яллагчийн саналаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шанагыг устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт С Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Н-д оногдуулсан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр ижил тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөар болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР