| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/85 |
| Огноо | 2022-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0066/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Хохирогч Б.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ....,
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д Б-д холбогдох эрүүгийн 2218000000065 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д-н Б /РД: ......./, 19 оны .... дугаар сарын ....-нд Дархан-уул аймгийн Шарын гол суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ...... сум, Хайрхан баг, ..... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.М нь шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 12 дугаар сарын 31-нд 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн ...... багийн нутаг “.......” гэх газраас иргэн Б.С-н эзэмшлийн алт угаах зориулалттай, ........... төгрөгийн үнэ бүхий усан бууны .... ширхэг тосгуур төмөрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Б-т ......... төгрөгөөр худалдсан гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Б: “...гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй, хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо төлж барагдуулсан... гэх мэдүүлэг,
Хохирогч Б.С-н: ”... Угаасаа тэр 2 тосгуур төмөрийг усан буунаас нь салгаад тавьчихсан байсан юм. 2 ширхэг тосгуур төмөрөө хүлээн авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
- “...Дархан-Уул аймгийн ........... баг “..........” гэх газарт байх улаан хүрэн өнгийн цул төмөр материалаар хийгдсэн алт угаах зориулалттай усан буу байх бөгөөд уг усан бууны урд хэсэгт байрлах төмөр тосгуурыг тасдан авсан байдалтай байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав... гэх 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10 дахь тал/
- хохирогч Б.С-н “...2021 оны 08 дугаар сард ........ “............” орчимд байдаг алт угаадаг усан бууг худалдаж авсан юм. Би алт угаах төхөөрмжийг сардаа нэг удаа очиж эргэж байсан ба хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын дундуур очиход бүрэн бүтэн байсан юм. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 03-ны орой очиход алт угаах төхөөрөмжний доод хэсэгт байх тосгуурыг хулгайлсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18, хх-ийн 22/
- гэрч Б.Б-н “....... оны ......дугаар сарын .......-ний өдөр Дархан-Уул аймгийн .......... баг ...... тоот гэртээ байж байтал ..... цагийн үед зүс таних Шарын гол суманд амьдардаг Б гэх залуу үл таних 2 залуугийн хамт ирсэн. Тэд алт угаадаг усан бууны төмөр тосгуурыг хэд хэдэн хэсэг хуваагаад тайрчихсан байдалтай авч ирээд зарна шүү гэхээр нь би худалдаж авсан юм. Хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
- гэрч Б.Б-н “...Би .... оны .... дугаар сарын .....-ний өдөр гэртээ байж байтал ... цагийн үед манай найз болох Б над руу залгаад ........баг “.........” гэх газарт миний эзэмшлийн усан бууны төмөр шлик буюу тосгуур байгаа юм. Усан бууны төмөр тосгуурыг зарах гэтэл ганцаараа даахгүй байна. Б та хоёр өргөлцөөд өгөөч, танай гэрийн гадаа яваад очъё гэж хэлсэн. Тэгээд Б Б бид хоёрыг гэрээс ирж аваад бид 3 хамтдаа “.......” гэх газраас алт угаадаг усан бууны тосгуурыг төмөр чарган дээр ачиж чирээд түүхий эд худалдан борлуулдаг газарт борлуулсан. Тухайн эд зүйлийг Б-н эд зүйл биш гэдгийг дараа нь мэдсэн. Б бид хоёр хулгайн төмөр гэж огт мэдээгүй. Б хэлэхдээ миний өөрийн төмөр гэж хэлсэн. Б, Б бид 3- ийг уг газарт очиход тэр төмрийг 2 хэсэг болгоод тасдсан байсан бөгөөд миний ойлгосноор Б өмнө нь ирээд тасдаад бэлдсэн байсан юм уу гэж ойлгосон. Б тухайн үед биедээ жижиг таслагчтай явж байсан. Гэхдээ Б бид 2-г очсоноос хойш тасдагч огт хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26, хх-ийн 28/,
- гэрч Б.Б-н “...Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед найз Б-ын гэрт байж байтал манай найз болох Б залгаад ...... сум ..... баг “.....” гэх газар руу хамт яваад төмрийг өргөлцөөд өгөөч, ганцаараа дийлэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Б, Б бид 3 “......”-нд очиход алт угаадаг усан бууны төмөр тосгуурыг тасалчихсан байсан. Б-г тасалсан байна гэж бодсон. Учир нь Б-д жижиг төмөр тасдагч явж байсан. Миний бие Б--ас энэ хэнийх юм бэ гэж асуухад минийх гэж хэлсэн. Тэгээд бид 3 төмөр тосгуурыг төмөр чарган дээр тавиад ...... сумын төвд авчраад Б гэх залууд Б худалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30, хх-32/
- “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “............... 6.0 м/кв үнэлгээ ............төгрөг, 10.8 м/кв үнэлгээ ............ төгрөг нийт үнэлгээ ....... төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/,
- яллагдагч Д.Б-н “...Би баярын мөнгө олох санаатай ганцаараа сумын төвөөс урагш ойрхон байдаг ............. гэх газар руу явсан. Учир нь тэнд хуучин үйл ажиллагаа явуулж байгаад нүүгээд явсан уурхайн эд зүйл үлдсэн байсан. Намайг очиход уг уурхайн алт угаах төхөөрөмжний доод хэсэгт байдаг томгуур /шлиз/ төмрийг салгаад хажууд нь тавьсан байсан. Тэрийг тушаавал хэдэн төгрөг болох юм байна гэж бодоод өөрт явсан жижиг таслагч багажаар голоор нь хуваах гэсэн боловч тэр төмрийг аль хэдийн 2 хэсэг болгож тасдаад эвлүүлээд тавьсан байсан. Тэгэхээр нь нөгөө 2 хэсэг төмрийг өөрийн чирч явсан чарган дээр ачих гэсэн боловч дийлэхгүй байсан учир найзууд болох Б, Б нар луу утсаар залгаж ирээд туслаад өгөөч гэж гуйсан. Тэр үедээ би уг төмрийг өөрийнх гэж тэр 2 найздаа ойлгуулсан. Тэр хоёртой хамт хоёр хэсэг төмрийг өргөж чарган дээрээ тавиад Шарын гол сумын төв рүү алхаж төмөр худалдаж авдаг Батбаатар ахад 700000 төгрөгөөр худалдсан. Би Б Б нарт мөнгө төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/
-“...Төмөр тасдагч 1 ширхэг, чарга 1 ширхэг” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48/,
-“...Шүүгдэгч Д.Бн эзэмшлийн ......... тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 31-нд “tumur” гэсэн гүйгээний утгатай ....... төгрөгийн орлого орсон тухай .......... банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-50/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.Б-н 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн ..... сумын ......... баг “.......” гэх газраас Б.С.-н эзэмшлийн алт угаах зориулалттай усан бууны 2 ширхэг тосгуур төмөрийг авсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Б.С-д .......... төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь алдсан эд зүйлээ биетээр буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-21/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба урьд ял шийтгэлгүй, ам 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 58-59/ зэргээр нотлогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр тасдагчийг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан чаргыг устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг төмөр тасдагчийг шүүгдэгчид буцаан олгож, 1 ширхэг чаргыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР