Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 431

 

Ц.Ц-т холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Г.Тунгалаг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Ц-т холбогдох эрүүгийн 1906011440381 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шарайд овгийн Ц.Ц-, 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэгт түр оршин суудаг гэх, ял шийгэлгүй,

            Ц.Ц- нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 14 тоотод оршин суух иргэн Х.Баярсайханы гэрийн хаалганы цоожийг эвдэж буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлан авч, 354.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц.Ц-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би цоожийг эвдэж ороогүй. Тэр цоожийг тохсон маягтай орхисон байсан. Эвдэх гэж оролдоогүй. Харин хэд хоногийн өмнө Эрдэнэ-Сувд эгч түлхүүрээ мартсан гээд эвдэж орохыг оролдсон байдаг. Тэр үед онгойлгож магадгүй гээд гэрт байсан хэдэн түлхүүрийг олж өгсөн. Эрх чөлөө гэж ямар үнэтэй зүйл болохыг алдсан хойноо л ойлгодог юм байна. Цаашид зөв шударга иргэн байж хуулиа дээдэлж амьдрах болохоор ялыг маань хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Г.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль ноцтой зөрчиж цуглуулсан нотлох баримтад тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийгээгүйн гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасанчлан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт яллах дүгнэлтийн үндэслэл болгон зааж байгаа нотлох баримтуудын агуулга, хууль ёсны эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

1.1. Хавтаст хэргийн 2, 4, 13, 18, 25 дугаар талуудад авагдсан гомдол мэдээллийг хүлээн авсан болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, илтгэх хуудас, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр гэсэн огноо тавигдсан нь хэргийн байдлаас зөрүүтэй байна. Зүй нь 00 цагаас хойш явагдаж байгаа ажиллагаанууд тул 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр гэж огноолох ёстой байсан. Шүүх энэ алдааг залруулах боломжгүй.

1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн төгсгөлд “шинжээч д/а Ө.Болдбаяр ... кадр зураг авсан” гэж бичсэн байх боловч үзлэгийн оролцогчид гэх хэсэгт түүний гарын үсэг байхгүй байна.

1.3. Хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын эхэнд “Э.Амарболд би 2018.02.04-ний өдөр МУ-н ЭХ-н 17.1 зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт...” гэх мэтээр бичсэн атлаа 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлэг авсан нь утгын хувьд авцалдаагүй байна.

Уг мэдүүлгийг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 21 цаг 20 минутад эхэлж, 22 цаг 01 минутад дуусгав гэжээ. Гэвч тухайн цагт Ц.Ц-ыг гэрчээр асуух ямар ч боломжгүй юм. Учир нь хохирогч Х.Баярсайхан 22 цагаас хойш гэртээ ирээд хэргийг илрүүлсэн талаар гомдол, мэдүүлэгтээ тусгасан байдгаас гадна, гэрч М.Од-Эрдэнийн мэдүүлэг, Ц.Ц-ын Хаан банкны дансны хуулга даар 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 48 минутад хулгайлсан эд зүйлээ ломбарданд тавиад авсан мөнгөө орлогодож байгаа баримт зэргээр няцаагдаж байна.

1.4. Хохирогчийн гаргасан гомдлыг мөрдөгч Э.Мөнхжаргалд шалгуулахаар цохож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн боловч мөрдөгч Э.Амарболд мэдүүлэг аваад байгаа нь ойлгомжгүй.

1.5. Ц.Ц-аас яллагдагчаар мэдүүлэг авахдаа эрх, үүргийг тайлбарлаж өгсөн боловч өмгөөлөгч авах эсэхийг нь асуулгүйгээр мэдүүлэг авсан.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг эргэлзээгүй нотолж чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хохирогч Х.Баярсайханд зөөврийн компьютерийг нь буцаан өгсөн байхад уг эд хөрөнгийг биет байдлаар нь үнэлээгүйгээс хохирлын дүн бодитой биш гарсан. Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчдийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгасан зүйл алга. Мөн шинжээч томилох тогтоолын ард эрх танилцуулсан тухай тэмдэглэлийн хэсэгт гурван шинжээчийн гарын үсэг байх атал үүрэг танилцуулсан хэсэгт ганцхан гарын үсэг байна. Үнэлгээний тайланд мөн гурван хүн шинжээчээр ажилласан тухай байхад шинжээчийн үүргийг ганцхан хүнд танилцуулсан байна. Иймд дахин шинжээч томилж үнэлгээ хийлгүүлвэл зохих нөхцөл байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулж, хууль зөрчсөн байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан. Гэтэл шүүх шүүгдэгчид өсвөр насны сэтгэхүй байгаа эсэхийг тогтоолгох ажиллагааг өөрийн санаачилгаар явуулж болох байсан боловч энэ заалтыг хэрэглэсэнгүй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “...өөрийгөө илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олоход тусласан...” гэх нөхцөл байдал байгааг шүүх дүгнэлгүй орхигдуулсан.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хойшлуулах саналыг гаргаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахыг журамлаж хуульчилсан байх ба уг гэмт хэрэг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр үйлдэгдсэн. Шүүгдэгч нь дээрх өдөр 19 нас 27 хоногтой байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт зааснаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хууль зүйн үндэслэлгүй болно. Хохирогч Х.Баярсайхан, шүүгдэгч Ц.Ц- болон бусад хүмүүсийн амьдарч байгаа тухайн байр нь 1 улсын бүртгэлтэй байр хэдий ч дотроо олон өрөөтэй, өрөө тус бүрийг өөр өөр хүмүүс түр хугацаагаар амьдрахаар хөлс төлж хэлцлийн үндсэн дээр эзэмшиж амьдардаг байр байна. Хохирогч Х.Баярсайханы эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ц-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна...” гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдсэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.”, 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно.” гэж хуульчлан заасан байхад ийнхүү хуулийг буруу ойлгон хэрэглэж, миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5, 8.6 дугаар зүйлд заасны дагуу оногдуулсан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... “Дамно” ХХК нь тусгай зөвшөөрлийн эрхтэй эд хөрөнгийн үнэлгээний байгууллага. Уг байгууллагын ирүүлсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар мөрдөн байцаалтын явцад маргаагүй болно. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цагт гэмт хэргийн талаарх дуудлага мэдээлэл өгсний дагуу 00 цаг 05 минутад хэргийн газрын үзлэгийг эхэлсэн байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 05 минутын зөрүүгээр хандаж байна. Шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргахгүй гэсэн атлаа орон байранд нэвтэрсэн асуудлаар маргаж байгаа нь ойлгомжгүй. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.Ц- нь 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 14 тоотод өрөө хөлслөн амьдарч байхдаа, зэргэлдээх өрөөний буюу иргэн Х.Баярсайханы амьдарч байсан өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 354.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Dell i5” загварын зөөврийн компьютерыг хулгайлан авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо. 

Хохирогч Х.Баярсайхан нь “...хэрэг гардаг өдөр гэрээсээ гарахдаа хаалгаа жижиг хятад төмөр цоожоор цоожлоод гарсан. 22 цагийн үед буцаад ирэхэд манай гэрийн цоож алга болсон байсан ба гэртээ ороод эд зүйлсийг бүртгэж үзэхэд “Dell” загварын зөөврийн компьютер алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 18-21/ гэж эд хөрөнгөө алдсан цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

иргэний нэхэмжлэгч Г.Төрбатын “...21 цагийн үед ажил дээрээ байж байхад гаднаас хөх өнгийн куртиктэй залуу цүнхгүй, цэнэглэгчгүй зөөврийн компьютер тавих гээд орж ирсэн... тэрээр оюутны үнэмлэхээ үзүүлээд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх-ийн 24,  31/,

яллагдагч Ц.Ц-ын “...18 цаг өнгөрч байхад түрээсийн байрандаа очсон. Манай хажуу талын өрөөг түрээслэдэг Баярсайхан ахын өрөө нь цоожтой байсан. Бие засах өрөөнд орчихоод гарахдаа Баярсайхан ахын өрөө лүү харсан чинь өрөөнийх нь цоож тохоостой байхаар нь цоожийг нь онгойлгоод өрөөнд ортол шалан дээр хар өнгийн зөөврийн компьютер байж байсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан учраас уг зөөврийн компьютерийг хулгайлан авч ... ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” /хх-ийн 45/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/, Ц.Ц-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 9-12/, “Тулга” барьцаалан зээлдүүлэх газрын 0000639 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 15/, Хаан банк дахь Ц.Ц-ын эзэмшлийн 5954371032 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 34-35/, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14/ зэргээр давхар нотлогджээ.

Шүүгдэгч Ц.Ц- давж заалдсан гомдолдоо “...би цоожийг эвдээгүй, тухайн үед цоожийг тохоод орхисон байсан...” хэмээн маргах боловч энэ нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүйн гадна, хохирогч Х.Баярсайханы “...гэрээсээ гарахдаа хаалгаа жижиг хятад төмөр цоожоор цоожлоод гарсан. Гэртээ ирэхэд манай гэрийн цоож алга болсон байсан. Хайж үзсэн боловч олдоогүй...” гэсэн удаа дараагийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг явуулж хаалганы цоожны бэхэлгээ эвдэрсэн байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт зэргээр няцаагдаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Ц-ын өмгөөлөгч Г.Тунгалаг, Б.Дашдорж нар давж заалдсан гомдолдоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон хууль хэрэглээний талаар маргажээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэдийгээр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас болон гэрч, хохирогчоос авсан зарим мэдүүлэгт ажиллагаа явуулсан цаг хугацааг гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө бичсэн зөрчил тогтоогдох боловч энэ нь хэргийн үйл баримтад дүгнэлт хийхэд төдийлөн саад болохгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Дамно” ХХК-аар хийлгүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд үнэлгээг хийлгэх явцад тухайн байгууллагын үнэлгээчдэд хууль сануулсан, тэд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай этгээдүүд байна.

Нөгөөтэйгүүр алдагдсан эд хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлсон дээрх байгууллагын хөрөнгийн үнэлгээний тайланг хэргийн оролцогч нарт танилцуулахад түүнтэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй.

Орон байр гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох ба орон байр нь хөдөлгөөнтэй, түр шинжтэй байж болно.

            Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, хохирогч Х.Баярсайхан, шүүгдэгч Ц.Ц- нар Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1 дүгээр байрны 14 тоотод буюу нэг хаяганд оршин суух боловч тэд тус тусдаа өрөө хөлслөн амьдардаг ба Ц.Ц- нь Х.Баярсайханы эзэмшлийн өрөөний хаалганы түгжээг эвдэн хууль бусаар нэвтэрч, тухайн орон зайд хадгалан хамгаалагдаж байсан бусдын эд хөрөнгийг өөрийн болгон авч, захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

            Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээтэй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, алдагдсан эд хөрөнгийг хохирогчид хүлээлгэн өгөх замаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жилийн хорих ял оногдуулсныг буруутгах аргагүй бөгөөд үүнээс доогуур хорих ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэг /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх/-ийн холбогдох зүйл, хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба энэ хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж заажээ.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ, мөн хуулийн 8.1 дүгээр зүйл /Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл/-ийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг харгалзан үзэх учиртайн гадна, энэ нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ц-ын хувьд 2000 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн энэ гэмт хэргийг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байсан нь тогтоогдсон тул түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэмт хэрэг гарсан байдал, хохирлын хэмжээ, ял шийтгэл, хууль хэрэглээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан тус бүр маргасан шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Г.Тунгалаг нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 407 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Ц-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Г.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

         

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН