Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг, 

улсын яллагч А.Ганзориг,   

иргэдийн төлөөлөгч Б.Болортуяа,

хохирогч Л.Энхбат,

шүүгдэгч Д.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Д.Цолмон (Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0622) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Цэлмэн овогт Дашдэндэвийн Мягмарсүрэнг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3, 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010273 дугаартай, 1 хавтаст хэргийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Цэлмэн овогт Дашдэндэвийн Мягмарсүрэн, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Сант суманд 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг, Цахиурт гэх газарт оршин суух байнгын хаягтай, регистрийн дугаар ЙЛ85073114,

урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар  2 жил хорих, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгээр тус тус оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 3 сарын хугацаагаар тогтоосон. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 68/29 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 06 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн.

 

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хажуу гудамжинд иргэн Л.Энхбатыг ...миний хүсэлтийг биелүүлэхгүй бол шил, хог түүдэг хүмүүсээр хүчиндүүлнэ шүү... гэж айлган сүрдүүлж өмд рүү нь гараа хийж, хэвлийг илж, хацар, уруул дээр үнсэн, байрны дээвэр лүү гаргах үед иргэн Л.Энхбат нь тухайн газар явж байсан хамгаалагчаас тусламж хүссэнээр яллагдагч Д.Мягмарсүрэнгийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй буюу иргэн Л.Энхбатыг хурьцал үйлдэж хүчиндэхийг завдсан,

-түүнчлэн хохирогч Л.Энхбатын хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж, тохуурхан доромжилж бэлэг эрхтнээ гаргаж, хохирогчийн хажууд шээх, бэлэг эрхтнээ хөхүүлэхээр тулгах зэргээр бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан.  Дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа эд хөрөнгийг авах зорилгоор хохирогч Л.Энхбатын Нокиа-2600 маркийн гар утсыг түүний гараас мушгин авч хүч хэрэглэн довтолж дээрэмдэн, бусдад 25.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон зочид буудлын 202 тоот өрөөнд сэм нэвтэрч иргэн Б.Мөнхзулд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулиас хариуцуулсан, тус сургуулийн өмчлөлийн Леново маркийн зөөврийн компьютер, компьютерын гар цүнх, компьютерын цэнэглэгч, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.198.981 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Драгон зочид буудалд орж хонох гэхэд ресепшин онгорхой өрөө байхгүй байна, чи дээшээ гараад үзчих, онгорхой өрөө байвал орчих гэсэн. Дээшээ гартал яг шатны өөдөөс харсан өрөө онгорхой...сандал дээр нь нотебүүк байхаар нь аваад гарсан. Би буруу зүйл хийснээ мэдээд буцаад оруулаад тавих гэхэд хаалга нь цоожтой байсан. ...нотебүүкийг нь үүдэнд нь тавьчихаад хажуу өрөөнд нь хоносон. Өглөө...хулгай хийсэн чинь камерын бичлэгт байна гээд цагдаа дуудсан байсан. ...2016 оны 4 сарын 27-28-нд шилжих шөнө саданд тамхи татаад сууж байхад Энхбат ирээд утсаараа яриулаач гэж гуйсан. ...дэлгүүрээс нэгж аваад...нэг пабад орж 4 шил шар айраг авсан. Ууж дуусаагүй байтал хаах цаг нь болоод гарсан. ...цайны газруудын хажууд Энхбатын гар утас дуугараад найз залуу нь залгасан...явах гэхээр нь би араас нь дуудсан. Хүчиндэх санаа байгаагүй... гэв.

            Хохирогч Л.Энхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 28-нд орой найз залуугаа тосох гээд гарсан. Утасны эрх хаагдсан байсан...зөндөө хүнээс гуйсан боловч байхгүй гээд өгөөгүй. ...Энэ хүн тамхи татаад сууж байхаар нь утсаараа яриулаач гэхэд нэг газар хамт суувал яриулъя гэхээр нь зөвшөөрсөн. Цамгараваын тэнд нэг пабад 4 шил шар айраг захиалсан. Би утсаар нь найз залуу руугаа залгасан боловч утсаа авахгүй байсан. ...3 шил шар айргийг шүүгдэгч уусан...би уугаагүй. ...паб хаах гэж байна гээд 1 шил шар айргаа аваад гарсан. Тэгээд гадаа гараад шил шар айргаа уусан. Тэгээд шүүгдэгчийн утасны цэнэг дуусах гээд байхаар нь би гуйгаад дахиад залгасан. ...пабад орох үедээ нэрээ Энхээ гэж хэлсэн болохоор араас Энхээ гэж дуудсан. ...явах гэтэл урд хойно зогсчихоод явуулахгүй байсан. ...манай найз залуу над руу залгахаар нь ярих гэтэл утас булааж авчихаад яриулахгүй...цайны газрын ард руу намайг чирээд миний эрхтэнийг хөх гээд хана руу шахсан. Манай найз залуу дахин дахин залгаад байсан болохоор би миний утсыг түр өгчих гэж хэлэхэд өгсөн. ...би найз залуутайгаа ярьж байгаад байрлалаа зааж өгөх гэхэд утас булаагаад авсан. Тэгээд намайг харанхуй газар руу чирээд эрхтэнээ гаргачихаад миний эрхтэнг хөх гээд хананд шахаад үнсээд...миний хажууд шээсэн. Зугтах гэтэл намайг байшингийн дээвэр дээр гар гэсэн. ...би айсандаа дээвэр дээр гараад цааш үсэрье гэж бодоод дээш гарсан. Тэгээд доош харахад өндөр байсан учраас буух боломжгүй байсан. ...би шүүгдэгчид доошоо бууя гэж хэлээд түрүүлээд буулгасан. ...би байшингийн эсрэг тал руу харахад нэг хамгаалагч зогсож байхаар нь би хамгаалагчид надад туслаач гэхэд наашаа үсэр, би тосоод авъя гэсэн. Буугаад эргээд харахад энэ хүн араас гараад ирчихсэн юугаан балайраад байгаан гээд зогсож байсан. Би хамгаалагчид энэ хүнийг зогсоож байгаач гэж хэлчихээд зугтаасан. ...хүний утас гуйгаад найз залуутайгаа уулзаж...цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгсөн гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Мөнхзулын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон зочид буудлын 202 тоот өрөөнд буудаллаж байгаад өрөөнөөс хар өнгийн цүнхтэй Lenovо брэндийн зөөврийн компьютер хулгайд алдсан. ...зөөврийн компьютерийг 2015 оны 10 сард БСШУЯ-наас багш нарт өгөхөд нь авсан. ...надад сургуулиас...хүлээлгэн өгсөн баримт нь байгаа. ...алдагдсан комьпютероо бүрэн бүтэн хүлээн авсан, цаашид ямар нэг санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

...Тэр өдрийн орой сул өрөө байхгүй байсан юм. Харин цагийн өрөө авсан хүн 20 минутын дараа гарах байсан учраас би...20 минутын дараа нэг өрөө сулрах юм байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу камерын хяналтыг харж байснаа энэ өрөө онгорхой байна ш дээ, би харчихаад ирье гээд дээшээ гарч харчихаад ирсэн. ...нөгөө өрөөг хүлээж байгаад орсон юм. Би өөрийн алдсан эд зүйлийг бүрэн хүлээж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дахь тал),

- Гэрч Т.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: би тухайн үед Драгон зочид буудлын ресепшнээр ажиллаж байх үед ээжийн дүүгийн охин Мөнхзул Төв аймгаас ирлээ гээд ирсэн юм. Тэгэхээр нь би өөрийнхөө оронд ажиллаж байгаач гэж хэлээд найзынхаа төрсөн өдөрт явсан. Мөнхзул намайг явсан хойно 202 тоотод өөрийн хувцас хунар, зөөврийн компьютероо оруулж тавиад өрөөгөө цоожлоогүй орхисон байсан. Намайг... шөнө 02 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирэхэд Мөнхзул...зөөврийн компьютероо алдсан, камер шүүгээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би камер шүүж өгсөн. ...намайг байхгүйд тэр залуу буудалд орсон. Би тэр залууг яг аль өрөөнд орсоныг нь мэдэхгүй байна...би согтуу байсан. ...Мөнхзул маргааш өглөө нь 2 давхарын коридороос цүнхтэй зөөврийн компьютероо олсон гэж ярьж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),

- Гэрч Л.Бүдсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 01 дүгээр сарын 20-ны 19 цагаас 21-ний 09 цаг хүртэл цагдаа, жолооч Ж.Уртнасангийн хамт Бүргэд-114 чиглэлд...хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 21-ний өдрийн үүрээр 05 цаг 59 минутад Бүргэд 10-аас Драгон зочид буудлаас эд зүйл алдагдсан гэх дуудлагыг хүлээн авч очиход 202 тоот өрөөнд үйлчлүүлж байсан Мөнхзулын зөөврийн компьютер алдагдсан гэсний дагуу тус буудлын хяналтын камерыг шүүж үзэхэд хажуугийн өрөөнд нь үйлчлүүлсэн иргэн тус өрөөнд орж зөөврийн компьютерыг гадуур хувцасныхаа дотуур хийж үүрсэн, араар нь цухуйсан байдалтай гараад явж байгаа бичлэг байсан. 30-аад минутын дараа уг залуу эргэж ороод өрөөндөө орж байсан ба хувцсандаа хийсэн байсан...юм. Ингээд уг эрэгтэйг шалгахад Өвөрхангай аймгийн харьяат Мягмарсүрэн гэгч байсныг шалгуулахаар Бүргэд 10-т хүлээлгэж өгсөн. ...Мягмарсүрэн... зөөврийн компьютероо цагдаагийн хэлтэс дээр ирсэн хойноо хэлсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

- Гэрч Ж.Уртнасангийн мөрдөн байцаалтад өгсөн: ...05:59 цагт Драгон зочид буудлын өрөөнөөс эд зүйл алдагдсан байна...гэсний дагуу очиход тус буудлын 202 тоот өрөөнд үйлчлүүлж байсан иргэн Мөнхзул зөөврийн компьютер алдсан гэх ба хажуугийн өрөөнд үйлчлүүлж байсан Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн харьяат Дашдэндэвийн Мягмарсүрэн гэх хүн хулгайлан авч гарч байгааг тус буудлын камерын бичлэгийг үзэж илрүүлэн шалгуулахаар Мягмарсүрэнг Бүргэд 10-т хүлээлгэж өгсөн...  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 51-55 дахь тал),

- Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 09, 10 дахь тал),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 157 дахь тал),

 

2. Хохирогч Л.Энхбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны орой 23 цагийн орчим найз Гамбагарав над руу ярьж найзуудтайгаа уулзаж байна...чи Хархорин дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад Хархорины автобусны буудал дээр ирэхэд манай найз байгаагүй. ...Утсаараа залгатал миний гарах ярианы эрх хаагдсан байсан. Тэгэхээр нь автобусны буудлын...ойролцоо зогсож байсан ахаас утсыг нь гуйгаад найз руугаа залгая гэсэн чинь тэр ах чи надтай нэг газар суувал би утсаар яриулна гэхээр нь зөвшөөрөөд тэр ахтай хамт зүүн тийш явж байгаад Соёмбо кино театрын орчимд...нэг пабад орж тэр ах 4 пиво захиалсан. Тэр хооронд би утсыг нь авч найз залуу руугаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэр ах 4 пиво ууж дуусаад...пабаас гартал манай найз залуу миний барьж байсан 94923915 дугаар руу залгаж чи хаана байна гэхээр нь би миний утас гадагш дуудлага хийдэггүй хүний утас гуйгаад чам руу залгасан утсаа авахгүй юм, би Цамбагаравын энд байна гэж хэлтэл манай найз залуу наанаа байж бай, би яваад очьё гэж хэлсэн. Тэгэхээр нь би баруун тийшээ явсан. Тэгтэл нөгөө ах миний араас дагаад явж байснаа гүйцэж ирэхээр нь би манай найз залуу одоо ирж байгаа, би явах гэсэн юм гэтэл намайг явуулахгүй хүлээж бай гээд байхаар нь зугтаасан чинь намайг барьж аваад миний хүслийг биелүүл, тэгэхгүй бол чи явахгүй гээд намайг...чирсээр...байгаад буланд авч очсон. Тэгээд тэр ах бэлэг эрхтэнээ гаргаад намайг хөх гэж байтал манай найз залуу  залгаад Цамбагарав дээр ирчихлээ гэхээр нь би нэг хүн...араас дагаад явуулахгүй байна, хүрээд ирээч гэж...хэлж амжилгүй тэр ах миний утсыг булаагаад авчихсан. Тэгсэнээ чи яах гээд байгаа юм миний хүслийг биелүүлэхгүй бол шил, хог түүдэг хүмүүсээр хүчиндүүлнэ шүү гэж сүрдүүлээд миний өмд рүү гараа хийх гээд...миний гэдэс хэвлийг илээд хацар, уруул дээр үнсээд байсан. Тэгээд бидний зогсож байсан харанхуй булангийн нэг байшингийн дээвэр рүү...намайг гар гээд...байсан. Тэгэхээр нь би түрүүлээд дээвэр дээр гараад цаашаа...үсрэх гэтэл аймар өндөр байсан учраас үсэрч чадахгүй доошоо хартал хамгаалагч ах зогсож байхаар нь тэр ахаас гуйж...хөлөө унжуулсан чинь...миний хөлнөөс барьж би буусан. ...тэгээд хүний утсаар...найз руугаа ярьж түүнтэй уулзаад Цагдаагийн хэлтэс дээр ирж гомдол гаргаад...байцаагчтай уулзчихаад гараад ирсэн чинь намайг хүчиндэх гээд байсан ах 1 давхарт зогсож байсан. Тэр ахыг би шууд хараад таниад...байцаагчид хэлсэн. ...би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119, 120 дахь тал),

...миний гар утас Nokia-2600 маркийн хөх корпустай гар утас байсан. Би тэр орой цагдаа дээр ирсэн байхад нь гар утсаа авсан. Намайг найз залуутайгаа утсаар ярьж байхад байгаа газраа зааж өгөх гэж байна гээд л булаагаад авчих шиг болсон. Миний утасны арын таг байхгүй, скочоор баттерейг нь утастай бэхэлж ороосон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 121 дэх тал),

...тэр пабаас 00 цаг өнгөрсөн байхад гарсан...араас Энхээ гээд дуудсан... би эргэж харахгүй явж байтал гэнэт араас хүрч ирээд чи хаашаа явж байгаан, байж байл даа гээд татаад, урд гарч хааж зогсоод явуулахгүй...олон цайны газрын ар тал руу хүчээр чирээд дагуулж орсон. ...Яг тэр үед манай найз залуу миний утас руу дахиад залгасан ба би утсаа гаргаж ирээд ярих гэхэд утсаа аваад ир пизда минь гэхээр нь би утсаа өгөхгүй гээд чанга атгаад барьсан. ...миний утсыг хүчээр баруун гарнаас мушгиад авсан. ...Утас булааж авчихаад өмднийхөө халаасанд хийчихсэн, тэгээд үргэлжлүүлээд намайг цааш нь түлхээд миний эрхтэнг хөх гэж хэлээд өмдөө тайлж эрхтнээ гаргасан. Тэгэхээр нь үгүй гэж хэлсэн. Тэгтэл надад хандаж хэрвээ миний эрхтэнг хөхөхгүй юм бол чамайг хог түүдэг хүмүүсээр хүчиндүүлнэ шүү гэж хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж чи зүгээр байж бай л даа, миний утсыг өгчих, эсхүл би утсаа зүгээр харчихъя гэсэн чинь халааснаасаа миний утсыг гаргаж ирээд гартаа барьж байгаад харуулсан. Тэр үед найз залуу дахин залгаж байсан. Тэгэхээр нь би хүн залгаад байна, ярья гэж хэлээд утсаа аваад найз...залуудаа намайг хүн дагаад явуулахгүй байна гэж хэлсэн ба үргэлжлүүлээд байгаа газраа зааж өгөх гэхэд дахиад миний утсыг нөгөө залуу ...булаагаад...халаасандаа хийчихээд намайг цаашаагаа харанхуй мухар руу чирээд дахин бэлэг эрхтнээ гаргаж намайг хөх гэж хэлсэн. ...Тэгсэнээ миний хажууд...шээсэн ба шээж дуусчихаад эрхтэнээ гаргасан чигээрээ намайг хананд шахаад оролдож, миний хөхийг барих гэж гараа гүйлгээд, өмд рүү гараа хийх гэж оролдоод байсан. Би тэр үед хориглоод үгүй гэж хэлсэн чинь дээшээ заагаад энэ байшингийн дээвэр рүү гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгэнгүүт намайг дахин яг одоо энд миний эрхтэнг хөх гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй гэж хэлээд дахиад байшин руу авир гээд байхаар нь дотроо тэр байшингийн дээвэр дээр гараад цаашаа үсрээд зугтаая гэж бодоод түрүүлээд авирч гарсан. Дээвэр дээр нь гараад цаашаа үсрэх гэхэд газраас нэлээд зайтай өндөр харагдаад байхаар нь үсэрч чадаагүй. Тэгтэл нөгөө залуу араас авираад гараад ирсэн. Дээвэр дээр гараад зогсож байгаад дахин эрхтнээ харуулж за одоо хөх гэж хэлсэн.   ...Тэгэхэд нь би за тэгвэл чи өөрөө түрүүлээд буу гэж хэлсэн. Тэгж хэлдгийн учир нь би буулгачихаад зугтаах гэж тэгж хэлсэн ба түүнийг буунгуут эсрэг тал руу нь үсрэх гэсэн чинь миний үсрэх гэж байсан талд нэг эрэгтэй хүн зогсож байсан. Би тэр хүнд хандаж туслаарай, намайг хүн хөөгөөд хүчиндэх гээд байна гэж хэлээд буусан. Буусны дараа нөгөө залуу дахин дээвэр гараад ирчихсэн чи юугаа балайраад байгаан гэж хэлээд зогсож байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 183-186 дахь тал),

- Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн: ...Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 399 тоотод байрлах Гэрлээр тэтгэгч хамгаалалтын албаны байрандаа...2016 оны 4 дүгээр сарын 27 ноос 28-нд шилжих шөнө үүрэг гүйцэтгэж байхад... шөнийн 02 цагийн орчимд...байрны дээвэр дээр юм түжигнээд байхаар нь гарч харсан. Тэгтэл юм харагдахгүй байхаар нь ажил руугаа орох гэтэл дээвэр дээр нэг хүүхэн ахаа надад туслаач, энд нэг хүн намайг хүчиндэх гээд байна гэж хэлсэн... Тэгэхээр нь би чи наашаа үсэрчих, би чамайг бариад авъя гэж хэлэхэд... үсрэхээр нь түүнийг доороос нь барьж авсан. Тэгтэл тэр хүүхний араас нэг залуу дээвэр дээр гараад ирэхээр нь чи яагаад байгаа юм бэ, наашаа буугаад ир гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу чи юу яриад байгаа юм бэ, зүгээр байгаарай, битгий андуураад байгаарай гэж хэлчихээд цаашаа явчихсан. ...Ингээд ажлынхаа байранд орчихоод нэг их удалгүй ажлынхаа гадаа байсан машиндаа суутал хажуугаар дээвэр дээр гарч ирсэн залуутай адил, тэгсэн хирнээ хувцас нь шороо болчихсон залуу яваад өнгөрөхөөр нь би машинаас буугаад тэр залуугийн араас нь дуудсан. ...Тэр залууг би шууд дуу хоолойгоор нь таньсан...тэгтэл нөгөө залуу хойшоо зугтаасан. Тэгэхээр нь буцаад ажпынхаа байранд сууж байтал нөгөө...эмэгтэй нөхрийнхөө хамт ирээд...тэдний хамт Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн байранд ирэхэд нөгөө надаас зугтсан эмэгтэйг хүчиндэх гээд байсан залуу бас байж байсан. Би түүнийг хараад л шууд таньсан... (хавтаст хэргийн 123-124 дэх тал),

- Гэрч Г.Гамбагаравын мөрдөн байцаалтад өгсөн: ...би найз охиныхаа 94924915 дугаар руу залгахад Хархорин дээр байна, утасны гарах ярианы эрх хаагдсан...хүний утсаар зөндөө залгахад утсаа авахгүй юм гэж хэлсэн. Тэгээд нэг их удалгүй дахин залгахад Цамбагарав дээр байна, нэг хүн намайг дагаад байна гэж хэлээд утас нь тасарсан. Дахин зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан. Нэг их удаагүй...мобигийн дугаараас манай найз охин залгаж...Цамбагарав дээр байна, хүний утас гуйгаад ярьж байна гэхээр нь чи Хархорин дээр хүрээд ир гэж хэлсэн. Хархорины автобусны буудал дээр яваад очиход Энхбат намайг нэг ах дагаад явуулахгүй, миний гар утсыг булаагаад авсан гэсэн. Мөн...намайг чирч харанхуй газар руу аваачиж намайг хүчиндэх гээд...надтай унтаж хэвтэхгүй бол хог ухдаг хүмүүсээр хүчиндүүлнэ гэх зэргээр айлган сүрдүүлж байшингийн дээвэр дээр гаргасан байхад нь хамгаалагч ах буулгаж авсан талаар ярихаар нь цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирсэн юм. ...цагдаагийн хэлтсийн 2 давхарт байцаагчтай уулзчихаад буугаад ирсэн чинь манай найз охиныг хүчиндэх гээд байсан залуу цагдаагийн хэлтсийн 1 давхарт зогсож байсан ба манай найз охин түүнийг хараад шууд таньсан юм. ...тэгээд тэр хамгаалагчийг дагуулаад бид цагдаа дээр ирэхэд хамгаалагч ч гэсэн тэр залууг манай найз охиныг хүчиндэх гээд байсан дээвэр дээр зогсож байсан залуу мөн байна гэж таньж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 125-126 дахь тал),

- Гэрч Л.Баярын мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр...үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. 28-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчимд би жижүүрийн байрнаас түр гарч хэлтсийн гадна талын авто зогсоолыг эргэх зуураа ...хэлтсийн баруун урд талд байх Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн хойд үзүүрт сэжиг бүхий согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн явж байхад нь дуудаж шалгасан чинь надад хандаж би найзыгаа хайж явна гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр нь би уг хүнийг дагуулж хэлтсийн жижүүрийн байранд орж ирээд нэгдүгээр давхарт хаана юу хийдэг, овог нэр зэргийг нь тодруулаад байж байтал хоёрдугаар давхраас өмнө нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны орчимд үл таних эрэгтэй хүн хүчиндэхийг завдлаа гэж гомдол гарган ирээд байсан Л.Энхбат гэгч эмэгтэй хоёрдугаар давхраас бууж ирээд миний дагуулж ирсэн согтуу эрэгтэйг харангуутаа энэ залуу мөн байна гэж заасан. ...Л.Энхбат гэгч эмэгтэй өөрийн биеэр миний санаж байгаагаар 02 цагаас 02 цаг 30 минутын үед л ирсэн байх гэж бодож байна. Хэлтсийн байранд ирэнгүүтээ нэг үл таних залуу намайг хүчиндэх гэж чирээд байшингийн дээвэр дээр гаргаад, хамаг хувцас хунар тайлаад гэж хэлж байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 164 дэх тал),

 

3. Шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...Би хулгайн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр...тамхи татаад зогсож байтал үл таних эмэгтэй ганцаараа ирээд надад хандаж утсаараа яриулаач...гэж хэлсэн. Тэгэхэд нь би түүнд хандаж миний гар утасны цэнэг дуусах гэж байна, нэг газар ороод цэнэглээд ярь гэхэд зөвшөөрсөн. ...Тэгээд нөгөө эмэгтэйгийн хамтаар Цамбагарав-ын тийшээ яваад...кафед орж суусан. ...кафед орж бид хоёр дундаа 4 шил...пиво захиалж...би 3 шилийг нь уусан. ...бид хоёр пиво ууж сууж байхдаа танилцсан. Тэр өөрийгөө Энхбат гэж танилцуулсан ба кафегаас утсаар ярьж чадалгүй гарсан. Кафед байхдаа Энхбат бид хоёр...зочид буудал оръё гэж ярьсан байсан. ...Тэгээд зүүн тийшээ алхаад Цамбагарав-ын арагшаа явдаг замаар хөндлөн гарч тэнд байсан байрны буудал руу орох гээд явж байтал Энхбат...бие засаадахъя гэж хэлээд 8 дугаар байрны ертөнцийн зүгээр баруун талд байдаг үргэлжилсэн цайны газруудын...голоор орсон. Би наана нь гар утсаараа оролдоод хүлээж байсан. ...Энхбат гарч ирэхгүй болохоор араас нь очсон чинь алга болчихсон байсан.  Тэгэхээр нь би эргээд цайны газруудын урд талаар нь тойрч явган хүний замаар хойшоо чиглээд явж байтал хамгаалалтын эрээн хувцас өмссөн залуу гарч ирээд намайг барьж аваад цахилгаан бороохойгоор цохиулж нэг зүйл яриад байсан. Тухайн үед хэлсэн үгийг нь ойлгоогүй...зугтаагаад...цагдаагийн хэлтэс дээр...гомдол мэдүүлэхээр очсон...цагдаагийн хэлтэс дээр очиход надад Энхбатын гар утас нь байсан. ...дотор нь миний сим карт байсан. ...Энхбат найз залуутайгаа утсаар огт яриагүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 166, 167 дахь тал),

...би Энхбаттай буудалд орох гэж байснаа болиод цайны газруудын ар талд ороод түүнийг тэвэрч аваад үнссэн. Тэгэхэд Энхбат миний урдаас эсэргүүцэл үзүүлэхгүй байсан. Үнсэлцээд зогсож байтал Энхбатын гар утас нь дуугарсан. Тухайн үед гар утас нь миний халаасанд байсан ба би дуудлагыг нь аваагүй. Дараа нь дахин залгаад Энхбат утсаа аваад ярьсан ба цаанаас нь чи хаана байгаа юм бэ гээд яриад байхаар нь би утсыг нь булаагаад авчихсан. ...Тэгтэл Энхбат дээвэр дээр гарчихаад цаашаа үсрээд буусан. Би нөгөө талаар нь тойроод очиход Энхбат алга болчихсон, нэг хамгаалагч залуу намайг барьж аваад машинд суу, цагдаагийн газар руу явна гэж хэлээд цахилгаан бороохойгоор цохиулсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 189 дэх тал),

 

4. Хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 3, 108), мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэл (хавтаст хэргийн 116, 117), эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 111, 112), эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 158), эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол (хавтаст хэргийн 106) зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэж шүүх нотлох баримтад үнэлэв.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Мягмарсүрэнг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр хүчиндэх гэмт хэрэг үйлдэхийг завдсан, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь ялтай байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны хажууд иргэн Л.Энхбатын хүсэл зоригийнх нь эсрэг миний эрхтэнг хөх, хэрвээ миний эрхтэнг хөхөхгүй юм бол чамайг хог түүдэг хүмүүсээр хүчиндүүлнэ шүү гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлж, түүнчлэн байшингийн дээвэр дээр хохирогчийг гаргаж, дахин бэлэг эрхтэнээ хөхийг тулган шаардаж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Энхбатын удаа дараа гаргасан тогтвортой мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Харин хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь хохирогч Л.Энхбатыг хүч хэрэглэхээр заналхийлэн, хүчиндэхийг завдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Учир нь хохирогч Л.Энхбатын бэлгийн эрх чөлөөнд халдсан, зүй бус үг хэллэгээр айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхийг заналхийлсэн бодитой үйлдэл хийгээгүй буюу хүчиндэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангахгүй байна.

 

Мөн шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь хохирогч Л.Энхбатын Нокиа-2600 маркийн гар утсыг хохирогчийн бусадтай ярьсан үйлдлийг нь таслан зогсоож, өөрийн үйлдлийг үргэлжлүүлэх санаа зорилгоор авсан байх ба харин амь биед нь аюултайгаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн гэх дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдэхийг завдахдаа хүч оруулсан үйлдэл хийсэн гэж үзэхээр байх тул шүүгдэгч Д.Мягмарсүрэнг хохирогч Л.Энхбатын Нокиа-2600 маркийн, 25.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Тиймээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Мөн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарсүрэнг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн гэж буюу төгссөн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн түүний үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй буюу өөрөөр хэлбэл хохирогч Л.Энхбат нь гэмт хэрэг гарсан газрын ойролцоох Гэрлээр тэтгэгч хамгаалалтын албаны үүрэг гүйцэтгэж байсан хамгаалагчаас тусламж хүссэнээр шүүгдэгч Д.Мягмарсүрэнгийн үйлдэл таслан зогсоогдсон байх тул түүний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж үзнэ.

Иймээс шүүгдэгч Д.Мягмарсүрэнг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

2. 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Драгон зочид буудлын 202 тоот өрөөнд сэм нэвтэрч иргэн Б.Мөнхзулд Төв аймгийн Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулиас хариуцуулсан, тус сургуулийн өмчлөлийн Леново маркийн зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч, гадаад паспорт, жолооны үнэмлэх зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад 1.198.981 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхзулын мэдүүлэг, гэрч Т.Ганчимэг, Л.Бүдсүрэн, Ж.Уртнасан нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх ба орон байранд нэвтэрч үйлдсэн нь мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Мягмарсүрэнд  145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

3. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 145 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 126 дугаар зүйлийн 126.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаад Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 68/29 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 06 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.5 дахь заалтад заасан ялгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй буюу ялтай байх хугацаандаа шинээр гэмт хэрэг дахин үйлдсэн гэж үзнэ.

 

4. Бусад асуудлаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Мягмарсүрэнд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх, ялтай байхдаа, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх боловч урьд хорих ял эдэлж байсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Мягмарсүрэн нь энэ хэргийн улмаас 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс (хавтаст хэргийн 130 дэх тал) 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл нийт 137 хоног тус тус цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хохирогч Б.Мөнхзул, Л.Энхбат нар нь гомдол саналгүй (хавтаст хэргийн 42, 189-190) гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 294,295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Цэлмэн овогт Дашдондовын Мягмарсүрэнг орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

-бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Шүүгдэгч Д.Мягмарсүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял;

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Мягмарсүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хугацааны хорих ялыг нэмж нэгтгэн, Д.Мягмарсүрэнгийн биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Цэлмэн овогт Дашдэндэвийн Мягмарсүрэнд оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Мягмарсүрэнгийн нийт 138 (нэг зуун гучин найм) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Д.Мягмарсүрэнгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Мөнхзул, Л.Энхбат нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мягмарсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мягмарсүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                                                                                         

                                                                                                                                                           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ

 

ШҮҮГЧИД                                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

Г.МӨНХЗУЛ