Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0513

 

2015 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 513

Улаанбаатар хот

 

Ж.Б-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 478 дугаар шийдвэртэй, Ж.Б-н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К нь Ж.Б-н орон сууц захиалгын гэрээ, гарааш худалдах, худалдан авах гэрээний дагуу олж авсан эд хөрөнгийг дур мэдэн нэр дээрээ хууль бус шилжүүлснийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд хариуцагчаар оролцож, хэргийн материалтай танилцаж байх үедээ олж мэдсэн болно. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт Ү-2204063794, Ү-2204063795 дугаартай бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн гомдол гаргасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 8/4464 дугаартай албан бичгээр хариуг өгсөн. Уг хариуд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К өмчлөлд бүртгүүлэхдээ хууль зөрчигдсөн талаар дурдсан 9 бүртгэлийг хүчингүй болгохоос татгалзаж орон сууц захиалгын гэрээний дагуу шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ. Бүгд найрамдах Солонгос Улсын иргэн К нь илт хууль бусаа өмчлөх эрхийг олж авсан, орон сууцнаас албадан гаргуулах шаардлага тавьж байгаа нь нэхэмжлэгч Ж.Б-н хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохироож байна. Иймд Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн К-д олгосон Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны 05 тоот орон сууц өмчлөх эрх олгосон Ү-2204063794 тоот бүртгэл, тус байрны зоорины давхарт байрлах 10 тоот авто зогсоолын өмчлөх эрх олгосон Ү-2204063795 дугаар бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Иргэн Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т би дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1278 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 530 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Ж.Б нь гэрээний үндсэн дээр авто зогсоолын үнэ 4500 ам доллар бүрэн төлсөн. Мөн байрны үнийн дүнгийн 60-аас дээш хувийг төлсөн болохыг гурван шатны шүүх тогтоосон бөгөөд энэ нь хүчин төгөлдөр байгаа болно. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт Ж.Б-г Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хорооны Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны 05 тоот орон сууц, зоорины давхрын 10 тоот авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхийг даалгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж 68 дугаар байрны 5 тоот орон сууц, зоорины давхрын 10 тоот авто зогсоолыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, өмчлөгчийн паспортын хуулбар, Ж ХХК-ийн албан бичиг, Жэй Эм технологийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, план зураг, фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн БНСУ-ын иргэн Куонн /KOR6803018/-ы өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204063794, Ү-2204063795 дугаарт бүртгэж 000346092, 000346093 тоот гэрчилгээг тус тус олгосон байна. Дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг баримтлан ажилласан байна. Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б-н гаргасан гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 12 тоот албан шаардлагын дагуу тухайн бүртгэлд дутуу байсан бусад нотлох баримтыг нөхөн бүрдүүлж бүртгэлийг үнэн зөв болгосон. Иймд иргэн Ж.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Иргэн Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т-н нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар, Дамдинсүрэнгийн гудамж 68 дугаар байрны 5 тоот орон сууц, зоорины давхрын 10 тоот авто зогсоолыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахдаа бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, өмчлөгчийн паспортын хуулбар, Ж ХХК-ийн албан бичиг, Ж технологийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газраас олгосон албан ёсны хаяг, палан зураг, фото зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн БНСУ-ын иргэн К-н өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204063794, Ү-2204063795 дугаарт бүртгэж 000346092, 000346093 тоот гэрчилгээг тус тус олгосон байна. Дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлийг баримтлан ажилласан байна. Иргэн Ж.Б нь захиалсан байрны үнийн дүнгийн 60-аас дээш хувьтай тэнцэх мөнгөн дүнг төлсөн болох нь тогтоогдсон боловч тухайн орон сууц захиалагч иргэн нь гэрээний үүргээ 100 хувь биелүүлж төлбөр тооцоогүй болсноор өмчлөх эрх үүснэ. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд Ж ХХК-ийн захиалгаар баригдсан 25 айлын байранд иргэн Ж.Б 2 өрөө орон сууц болон авто зогсоол авахаар захиалга өгч тус компанийн захирал, БНСУ-ын иргэн К-тэй тус тус гэрээ байгуулан урьдчилгаа төлбөр хийсэн байжээ. Барилга 2007 оны 12-р сард баригдаж дуусахад бүх хамгаалагчид түлхүүрийн өгснөөр айлууд бүгд тэр дороо нүүж орцгоосон байна гэжээ.

Орон сууц захиалгын гэрээ-ний 5.1-д: Байр захиалахдаа төлбөрийг 3 үе шаттай хийнэ /урьдчилгаа 40%, ажлын комиссоор орсны дараа 40%, түлхүүр гардахад үлдсэн 20%/ гэж, 5.3-т: Үлдэгдэл 40% ...-г ажлын комиссоор орсны дараа, үлдэгдэл 20% ...-г байрны түлхүүр гардаж аваад төлнө гэж тус тус заасны дагуу, байрны үнийг түлхүүр гардаж авснаар гүйцээн төлөх ёстой боловч Ж.Б нь энэ олон жилийн туршид мөнгө төлөхгүй улаан цайм зугтаж иржээ.

Шинэ барилгын ажлын комисс хүлээн авснаар захиалагчдыг оруулаад, дараа нь улсын комисс ажилладаг практик нэгэнт тогтчихсон болохыг хэн хүнгүй мэдэх боловч Батжаргал нь барилгын комисс хүлээж аваагүй удсан, Ж ХХК-ийн хаяг, мөнгө төлөх дансыг мэдэхгүй байснаас үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй байсан мэтээр огт үнэмшилгүй тайлбар хэллэг байна.

Улсын комисс уг барилгыг 2010.09.10-ны өдөр ашиглалтад хүлээн авснаар Ж.Б-аас бусад бүх айлууд үлдэгдэлтэй байсан төлбөрөө гүйцээн төлөөд, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ өөрсдийн нэр дээр аль хэдийн авсан байгаа.

Ингээд Ж.Б нь байрны үлдэгдэл төлбөрийг сайн дураар төлөхгүй байсан тул 2013, 2014 оны хавар тус тус иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ /эхний удаад нэхэмжлэл гаргасан байсан өмгөөлөгч бусдын гарт амиа алдсан тул цааш хөөцөлдөлгүй түр орхисон, дараагийн удаа өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хоцорсон тул нэхэмжлэлийг буцаасан байна/.

Ийнхүү Ж.Б нь төлбөрөө барагдуулахгүй байсан учраас Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт: Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжин гэж заасантай бүрэн нийцүүлж Орон сууц захиалгын гэрээ-ний 5.6-д: Төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь гүйцэтгэгч байх бөгөөд байрны үнийг бүрэн төлж дууссанаар өмчлөх эрх захиалагчид шилжинэ гэж тусгасан байгаа, түүнчлэн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт: Талууд аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тогтоосны дагуу БНСУ-ын иргэн К нь эрхийнхээ дагуу гэрээнээс татгалзан, 5 тоот орон сууц болон 10 тоот авто зогсоолыг өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг 2014 оны 8 дугаар сард өөрийн нэр дээр гаргуулан авсан байна.

            Ингээд Орон сууц захиалгын гэрээ-ний 5.4-т: Хэрэв байрны төлбөрийг гэрээнд заасан графикийн дагуу хугацаандаа тушаагаагүй бол гүйцээн тушаах хугацаа 7 хоног байна. Энэ хугацаанд захиалагч гэрээнд заагдсан төлбөрөө гүйцээн тушаагаагүй нөхцөлд орон сууц захиалах энэхүү гэрээг хүчингүйд тооцон уг байрыг дараагийн захиалагчид санал болгон шилжүүлсний дараа захиалагчийн хийсэн урьдчилгаа төлбөрийг эргүүлэн олгоно гэж заасны дагуу БНСУ-ын иргэн К нь дээрх орон сууц болон авто зогсоолыг Ж.Б-н эзэмшлээс чөлөөлүүлэн, улмаар бусдад худалдаад, олсон орлогоосоо Ж.Б-аас урьдчилгаанд төлсөн мөнгийг түүнд буцаан олгох болно. Эсвэл, хэрэв Ж.Б үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулбал өмчлөх эрхийг түүнд саадгүй шилжүүлэх болно. Түүнчлэн, Ж.Б нь уг байранд өөрөө огт амьдарч байгаагүй, бусдад түрээслүүлж орлого олдог байснаа орон сууц захиалгын гэрээг албан ёсоор шилжүүлэлгүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваагүй байж, уг орон сууц, авто зогсоолыг өөр хүнд зарж залилсан бололтой юм. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг уг барилгын захиалагч Ж ХХК-ийн захирал, БНСУ-ын иргэн К-н нэр дээр олгоход улсын бүртгэлийн байгууллагын зүгээс хууль зөрчөөгүй тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй билээ гэжээ.

Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.Б нь маргаан буй 10 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн тул уг авто зогсоолыг түүний өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 478 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 183 дугаар зүйлийн 183.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан БНСУ-ын иргэн К /Kwon Ohmoon/ өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хорооны Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны зоорины давхрын 10 дугаар тоот авто зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Б-н өмчлөлд дээрх авто зогсоолыг бүртгэхийг даалгаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ж.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд БНСУ-ын иргэн К-ийн өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны 05 тоот орон сууц /эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2204063794/, тус байрны зоорины давхрын 10 тоот авто зогсоол /эрхийн улсын бүртгэлийн дугаар Ү-2204063795/-г тус тус бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх орон сууц болон зогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Б-ыг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Анхан шатны шүүхээс БНСУ-ын иргэн К-ийн өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны зоорины давхрын 10 тоот авто зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэгч Ж.Б-н нэр дээрх авто зогсоолыг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...орон сууцны захиалгын гэрээ, гарааш худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл гэдгийг нэгэнт тогтоосон зүйл юм. Гэтэл орон сууц өмчлөх эрх олгосон Ү-2204063794 дугаар бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр уг байрны өмчлөгч нь БНСУ-ын иргэн К хэвээрээ үлдэж гэрээний үүргийн талаарх зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжийг хааж өгсөнд гомдолтой байна гэжээ.

            Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 8/4464 дүгээр албан бичгээр ... бүртгэлийн байгууллагад ирүүлсэн захиалгаар бариулсан орон сууц болон гараашны жагсаалтад уг барилгын 05 тоот орон сууц, 10 тоот авто зогсоолыг иргэн Ж.Б нь захиалан бариулж өмчлөгчөөр бүртгэх этгээд мөн. ... Дээрх орон сууц болон гараашийг БНСУ-ын иргэн К-ийн өмчлөлд бүртгэхдээ тус компаниас ирүүлсэн захиалгаар барьсан орон сууцны жагсаалтад дурдсан иргэн Ж.Б-н нэр өөрчлөгдсөн тухай зохих байгууллагын тодорхойлолтыг баримтаар аваагүй байна. гэх хариу хүргүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Б нь 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 тоот Орон сууц захиалгын гэрээ, 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Гарааш худалдах, худалдан авах гэрээ-г БНСУ-ын иргэн К-тэй байгуулж, гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчлэлтэй, нэхэмжлэгч гэрээнд заасан нийт 34 956 ам.долларын төлбөрөөс 21 000 ам.доллар, 1 500 000 төгрөгийг төлсөн байхад хариуцагч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1 дэх хэсэгт заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг-ийг мэдүүлэгт хавсаргах хуулийн заалтыг зөрчиж мэдүүлэг гаргасан гуравдагч этгээдийн нэр дээр орон сууцыг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль бус байна.                      

            Харин нэхэмжлэгч гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, төлбөрөө бүрэн төлсний дараа улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулах эрхтэй тул ...Улсын бүртгэлийн ерөнхий газарт дээрх орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч Ж.Б-ыг бүртгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй биш байна.

            Иймд, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 478 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.1, 15 дугаар зүйлийн 15.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, БНСУ-ын иргэн К өмчлөлд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны 05 тоот орон сууцыг бүртгэсэн бүртгэл, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 68 дугаар байрны зоорины давхрын 10 дугаар тоот авто зогсоолыг бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу йхэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ