Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0067/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Л.Г

Шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар И овогт М-н Э-д холбогдох эрүүгийн 2218000000039 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, И овогт М-н Э /РД: _____/, 19..... оны ..... дугаар сарын ....-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн,.... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дулааны оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, ...... сум, ..... дугаар баг, ...... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Э 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Дархан-Уул аймгийн ....... сумын ........ дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .......нэртэй бааранд иргэн Л.Г-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Э-н өгсөн: “...Тухайн өдөр тиймэрхүү зүйл болсон нь үнэн. Гэхдээ манай найз нэг цохиод, дэвссэн гэдгээ хэлсэн. Бүжгийн талбай дээр намайг түлхээд маргаан эхэлсэн. Би цааш нь сайн санахгүй байна. Би зодоогүй гэдгээ хэлсэн. Маргалдсан, гэхдээ зодсон үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Г-н өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цаг өнгөрөөд 2 найзтайгаа ......... клубд орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байхад энэ залуу намайг мөрлөөд, тэнд бүжиглэж байсан эмэгтэйчүүдийг тэврээд байхаар нь чи жоохон боловсон яв гэж хэлсэн. Тэгээд ширээн дээрээ очоод сууж байтал хүрч ирээд “чи муу яадаг юм бэ” гээд маргасан. Гэтэл манай найз түүнийг түлхэж унагаагаад явуулсан. Г-г гараад явсан хойгуур Э дахиж ирээд намайг шууд цохисон. Тэр үед миний шүд унасан. Баяржаргал гэдэг найзтайгаа нийлж намайг зодсон. Бааранд байсан хамгаалагч нар салгасан. Шүдээ эмчлүүлмээр байна. Эмчилгээний зардалд ........... төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Г-н 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...ширээн дээр ганцаараа сууж байтал нөгөө махлаг залуу нэг залуу дагуулчихсан хүрч ирээд шууд миний нүүр рүү 1 удаа цохисон ба тэр үед миний шүд уначихсан юм. Би тэр залууд миний шүд уначихлаа шүү дээ, болиоч ээ гэхэд дахиад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Би ширээний хажууд унахад хажууд нь байсан залуу бас намайг цохисон ба ээлжлээд тэр хоёр залуу намайг хэд хэдэн удаа цохисон. Удалгүй хажууд байсан хүмүүс ирээд тэр залуугаас намайг салгасан. Миний шүдийг тэр махлаг биетэй халзан залуу нь л цохиж хугалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

Гэрч Х.Г-н өгсөн: “...манай найз Г бүжиглэж байгаад хүрч ирээд ширээн дээр сууж байтал нэг махлаг биетэй халзандуу нимгэн үстэй залуу хүрч ирээд манай найз Г руу дайрахаар нь би босож ирээд тэр залууг холдуулах зорилгоор татаад түлхчихсэн чинь газарт уначихсан. Гэтэл зөөгч, хамгаалагч нар нь ирээд болиулсан. Би таньдаг хүн таараад гадаа гараад юм яриад, тамхи татаад зогсож байтал манай найзыг дагуулчихсан цагдаа нар гараад ирсэн. Би юу болов гэж найзаасаа асуухад нөгөө махлаг залуу чинь намайг зодчихлоо гэчихсэн шүдээ бариад зогсож байсан. Би баар луу ортол нөгөө махлаг том биетэй залуу бааран дотор бүжиглээд зогсож байхаар нь дуудаж гаргаж ирээд цагдаа нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч М-н өгсөн: “...С гэх манай бааранд хааяа орж ирдэг залуу нөгөөдөх нь нүдний шилтэй танихгүй эрэгтэй хүн хоёр хоорондоо зодолдсон байдалтай, нүдний шилтэй хүний амнаас нь цус гарчихсан байсан. Би тэр зодолдсон хоёр хүнийг дагуулаад гадагшаа гарахад нүдний шилтэй залуу нь чи миний шүд рүү цохичихсон байна, миний шүд хөдөлчихсөн байна гээд гараараа шүдээ хөдөлгөөд С-д үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

Гэрч Б.Ш-н өгсөн: “...бүжгийн талбайн хажуу талын ширээн дээр зодоон болж байхаар нь гүйгээд очтол Сүүгий гэж дууддаг манай бааранд хааяа орж ирдэг махлаг биетэй залуу буйдан дээр нүдний шилтэй нэг ахын дээр нь гараад дарчихсан байж байсан. Би Сүүгийг салгаад холдуулах үед Сүүгийтэй хамт явсан улаан цамцтай 30 орчим насны залуу бас тэр нүдний шилтэй ахыг цохих гээд байсан. Манай хамгаалагч хүрч ирээд надтай хамт тэдгээр хүмүүсийг салгасан. Тэр нүдний шилтэй ахын амнаас нь цус гоожсон байсан ба Сүүгий гэх махлаг биетэй залуугийн биенээс ямар нэгэн цус гарсан юм байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Гэрч З.Д-н өгсөн: ...С бүжиглэж байгаад ширээн дээр ирж суухдаа би 2 хүнтэй маргалдлаа гэж ярьж байсан. Эрдэнэсүрэн дахиж нөгөө залуучуудын сууж байсан ширээ рүү яваад өгөхөөр нь би араас нь яваад очсон. Э нүдний шил зүүсэн, малгай өмссөн намхан залуутай маргалдаад зууралдчихсан, зодолдоод байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай “Л.Г-н биед нэг шүдний үгүй байдал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулд салстын язрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, яаралтай тусламжийн хуудас “...баруун дээд үүдэн шүд унасан...” /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-5 дахь тал/  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Дархан-Уул аймгийн ...... сумын .........дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... нэртэй бааранд иргэн Л.Г-г зодож эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулд салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Э нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон ба гэм буруугийн талаар дүгнэлт хэлээгүй болно.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Дархан-Уул аймгийн ...... сумын ....... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ...... нэртэй бааранд иргэн Л.Г-той таарамжгүй харицааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь нэг шүдний үгүй байдал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулд салстын язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч М.Э-н хохирогч Л.Г-г цохиж байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.     

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Г-н эрүүл мэндэд нэг шүдний үгүй байдал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, дээд уруулд салстын язралт бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс хохирол төлбөрт ........ нэхэмжилжээ.

Гэвч хохирогч нь эмчилгээ, хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй ба цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд хохирогч Л.Г-н ........... төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Л.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч М.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дахь тал/, Дархан-Уул аймгийн ...... сумын ...... дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ...... дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 68 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь ял эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагийн зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Илжгэн овогт Мишигсүрэнгийн Эрдэнэсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-г 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар М.Э-д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хохирогч Л.Г-н ........төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Э--д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ИХТАМИР