Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0079/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Т Б-д холбогдох эрүүгийн 2118001890068 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Т-н Б /РД: ........../, 19...... оны .... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, ..... сум, ......дугаар баг, ........... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, ......сум, ........ дугаар баг, ...... ..... дугаар гудамжны ......... тоот хашааны гадна Х.С........н гээсэн ........ төгрөгийн үнэ бүхий ......... загварын гар утсыг олоод завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Т.Б.н өгсөн: ... ........ оны ........ дугаар сард ........ загварын гар утсыг олсон. ..... оны 01 дүгээр сард утсыг нь буцааж өгсөн. Гар утсыг 6 сар ашигласан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Маргах зүйлгүй. 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон... гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Х.С-н өгсөн: ....... оны .... дугаар сарын ....-ны өдөр найз С.С-н гэрийн гадаа машинд 0,5 граммын сэнгүүр пиво уусан. Тэгээд нөхөр О-г дуудаад гэрлүүгээ явсан. С гэртээ орохоор үлдсэн. Явж байх замдаа утсаа санаад залгатал миний утас холбогдох боломжгүй байсан. Буцаж очоод С.С-н машинд хайгаад олоогүй. Мөн машинаас буусан газраа хайж үзэхэд байгаагүй. Хамгийн сүүлд би С.С-н машинд сууж байхдаа утсаар ярьж байсан. Би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ...... төгрөгөөр Мобикомоос лизингээр худалдаж авч байсан. Лизинг нь төлж дуусгаагүй байгаа... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч С.С-н өгсөн: ...Х.С амарсан гээд бид хоёр манай хашааны гадна машин дотор 4 ширхэг лаазтай пиво уусан. Пиво ууж дуусаад Х. йхгүй байна гээд миний машин болон О-н машинд үзээд олоогүй. Би бодохдоо миний машинаас бууж нөхрийнхөө машинд суухдаа газар унагасан байх, тэгээд өөр хүн олоод авсан болов уу гэж бодож байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

Гэрч С.Т-н өгсөн: ...би цаг хугацааны хувьд тодорхой нарийн сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хамт ажиллаж байх хугацаанд миний барьдаггүй байсан ..... дугаарын юнителийн симийг дататай гээд Б ах өөрийн утсанд хийж ашигладаг байсан. Тэрний дараа би утасгүй болсон үедээ Б ахын гар утсанд сим картаа хийж ашигладаг байсан. Хамгийн сүүлд 2021 оны 11 дүгээр сард утасгүй болчихоод гар утсыг нь ашиглаж байгаад 12 дугаар сарын эхээр өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Гэрч Т.Д-н өгсөн: ...өдөр бүр маш олон хүн утасны кодоо мартсан гэх шалтгаанаар кодоо гаргуулдаг. Ойрын 2-3 хоногт болсон асуудал бол би санана энэ асуудал одоогоос бараг жилийн өмнө болсон учраас би санахгүй байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Гэрч М.Б-н өгсөн: ... Т.Б ажлаа тараад ирж явахдаа гар утас олсон гэж надад хэлээд олсон гар утсаа үзүүлж байсан. Түүнээс хойш тэр гар утсыг барьсан. Заримдаа хамт ажилладаг Т гар утсыг ашигладаг, мөн манай нөхөр Т-н дататай дугаарыг тухайн гар утсанд хийж ашигладаг байсан. Манай нөхөр амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй олдсон ажлыг голохгүй хийдэг. Хамт олонч нийтэч, үг дуу цөөтэй, хүнтэй нэг их маргаад байдаггүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Т.Б-н яллагдагчаар өгсөн: ...би 2021 оны 6 дугаар сарын 17-ны орой ажлаа тараад 00 цагийн орчим харих гээд Дархан сумын .... дугаар баг ...... дугаар гудамжаар алхаж яваад гар утас олсон. Аваад нээж үзэхэд дэлгэц нь кодтой байсан. Тэгэхээр нь би тэр гар утсыг унтраагаад гэртээ авч очсон. Маргааш нь Дархан зах дээр кодыг нь 20,000 төгрөгөөр гаргуулаад тухайн утсанд ....... гэсэн дугаар хийж барьсан. Уг дугаар нь надтай хамт ажилладаг С.Т-н юнителийн дугаар, би датаг нь ашигладаг байсан. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/

Шүүгдэгч Т.Б-с ....... загварын шилэн гадаргуутай, ...... багтаамжтай ............ дугаарын имей кодтой гар утсыг хураан авч хохирогч Х.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Хохирогч Х.С-н “Мобиком корпораци” ХХК-аас ....... загварын гар утас худалдаж авсан тухай ..... дугаартай гэрээ /хавтаст хэргийн 12 дахь тал/,

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “.......... загварын хэрэглэж байсан гар утас ..... төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Б нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, .... дугаар баг, ..... дугаар гудамжны .... тоот хашааны гадна Х.С-н гээсэн .... төгрөгийн үнэ бүхий .....загварын гар утсыг олоод 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ашигласан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь шүүгдэгч Т.Б-н үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн өмчийн адил ашиглаж бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.С-д ..... төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.С нь алдсан эд зүйлээ биетээр буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Т.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан байна шүүгдэгч Т.Б нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэвч 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар заасан ба Т.Б нь 2021 оны 6 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр заалтад хамаарч байх тул Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн 2118001890068 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР