Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0086/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхбат,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Д-н О-д холбогдох эрүүгийн 2118001020082 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, М овогт Д-н О /РД: ...../, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн ..... суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, аав, ээж дүү нарын хамт Дархан-Уул аймаг, ..... сумын, .... дугаар баг, ...... ..... дүгээр гудамж ..... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн ..... сумын ..... багт байрлах .....дугаар байшингийн урдаас гээгдэл эд хөрөнгө болох Б.О-н эзэмшлийн ..... маркийн гар утсыг олж бусдын өмчлөл эзэмшилд байгаа өөрийн эд хөрөнгө биш гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас ..... төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.О өгсөн: “...Үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээрээ маргаагүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлэг

 

Мөрдөн байцаалтад:

Хохирогч О.Х-н өгсөн: “...миний төрсөн эх Б.О-н эзэмшлийн .... маркийн гар утсыг миний төрсөн ах Б-гт Шарын гол сумын багийн нутаг дэвсгэрт алга болгосон. Миний ээж О нь уг хэргийн хохирогч байж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсан. Миний мэдэхээр уг гар утсыг 2021 оны 2 дугаар сарын 07-нд алга болгосон. Миний бие ээжийнхээ ...маркийн гар утсыг бүрэн хүлээж авсан болохоор ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч О.Б-н өгсөн: “...З ахын гэр рүү орох гэж байгаад орцонд унтаад өгсөн байсан. Шөнийн 3-4 цагийн орчим манай найз Д намайг сэрээсэн. Намайг сэрэхэд гар утас байгаагүй. Миний барьж байсан утас ....маркийн гар утас  байсан. Манай ээж Шарын голын Мобикомоос 2021 оны 01 дүгээр сард .... төгрөгөөр худалдаж авч байсан. Манай ээжийн гар утас байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Гэрч Т.Н-н өгсөн: “...миний бие 2021 оны 04 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн ...... сумын ... дүгээр багт байрлах .... гэх гар утасны дэлгүүрээс ... маркийн цайвар энгийн ..... гэсэн имей кодтой гар утсыг ... төгрөгөөр Б.С гэх хүнээс худалдаж аваад тухайн үед барьж байсан .... гэсэн дугаарыг хийн өөрөө ашиглаж байсан. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Б.С нь миний хохирлыг барагдуулж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

Гэрч Б.С-н өгсөн: “...миний бие Х.Н-д 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр .... маркийн гар утас худалдсан. Би Х.Н-с .... төгрөг авч уг гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/,

Гэрч Б.Х-н өгсөн: “... 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 03 цагийн үед .....маркийн гар утас худалдсан нь үнэн. ..... маркийн гар утас миний эзэмшлийн гар утас биш. Би тухайн гар утсыг өөрийн найз болох Д-с 2021 оны 02 дугаар сард илүү түр зуур ашиглачих гар утас байна уу гэхэд ..... маркийн гар утсыг үнэгүй өгсөн. Би тухайн ........ маркийн гар утсыг ....... төгрөгөөр худалдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/,

Гэрч Н.Д-н өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын орчимд манай найз охин болох О нь намайг Дархан-Уул аймаг, ... сум ...баг ... тоотод байж байтал гаднаас орж ирэхдээ гар утас оллоо гэж хэлсэн. Уг утас нь цайвар өнгийн ..... маркийн гар утас байсан. Нөгөөдөр нь манай найз болох Х Дархан сумаас ирчихсэн байсан. Х-тай уулзахад эхнэртээ гар утас авч өгөх гэсэн юм, түр ашиглачих гар утас байна уу гэж надаас асуухад нь уг олсон ....маркийн гар утсыг миний бие Х-д өгчихсөн юм... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Д.О-н яллагдагчаар өгсөн: “..... сум ...... .... дугаар байшингийн дэлгүүр орж хүнсний зүйл аваад явж байхдаа саарал өнгийн ..... маркийн ..... маркийн гар утас олсон юм. Хэд хоногийн дараа манай нөхрийн найз Х манайд ирэхэд нь утас олсон талаараа хэлэхэд Х эхнэртэй гар утас авч өгөх санаатай байгаа гэхээр нь чи авах юм уу нөхөр бид хоёрт мөнгөний хэрэг болоод байна гэхэд надад одоо 100,000 төгрөг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үлдсэн мөнгийг нь цувуулаад өгөөрэй гэж хэлээд утсаа өгөөд явуулсан. Тэрнээс хойш Х манайд дахиж ирээгүй. Тухайн үед гар утсыг гээгдэл эд зүйл гэдгийг мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дахь тал/

“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “.......маркийн гар утас хэрэглэж байсан гар утас .... төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

Юнител ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн .... дугаартай ........гэсэн имей кодтой гар утсанд .... дугаарыг 6 сарын 01-наас 10 сарын 05-ны өдрүүдэд хийж ашигласан тухай албан тоот /хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.О нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн ..... сумын .... багт байрлах ... дугаар байшингийн урдаас гээгдэл эд хөрөнгө болох Б.О-н эзэмшлийн .... маркийн гар утсыг олоод 2022 оны 1 дүгээр сард Х-д худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.О-н үйлдэл нь бусдын гээсэн эд зүйлийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид эргүүлэн өгөх талаар ямар нэгэн санал санаачилга гаргаагүй, өөрийн өмчийн адил ашиглаж, бусдад худалдаж бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Х-д .... төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч О.Х.... нь алдсан эд зүйлээ биетээр буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 80 дахь тал/ -ээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч тохиролцон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 147 дахь тал/-аар нотлогдож байна.

Улсын яллагчаас шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасан байна шүүгдэгч Д.О нь хүлээн зөвшөөрч тохиролцсон ба энэ нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Гэвч 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар заасан ба Д.О нь 2021 оны 2 дугаар сарын 07-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дүгээр заалтад хамаарч байх тул Д.О-д холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Д-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д холбогдох эрүүгийн 2118001020082 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ИХТАМИР