| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2022/0071/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/90 |
| Огноо | 2022-03-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0071/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,
Шүүгдэгч А.Н- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт А-гийн Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, Дархан С ХК-нд туслах ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сумын ... тоотод бүртгэлтэй боловч одоогоор тодорхой оршин суух хаяггүй, урьд Төв аймгийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 10 жил хорих ялаар шийтгүүлсэн, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 19 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Б- овогт А-гийн Н- /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Н- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Н- нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Смайл нэртэй караокед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Б-ийг зодож биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Дархан сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Смайл нэртэй караокед 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цагийн орчим ороод дөнгөж бид хоёр нэг нэг пиво захиалаад уух гээд сууж байтал араас Н- орж ирээд миний хажууд суух гээд би суулгахгүй гэхэд Н- миний толгой руу гараараа 3-4 удаагийн үйлдлээр цохиж зодсон. Энэ явдлыг Болормаа эгч харсан. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ үйлдлийн улмаас миний тархи доргиж гэмтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36/,
Гэрч Ц.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б-, Н- хоёрын дундах хүүхэд нь хагалгаанд орсон гээд Б- хүүхдээ сахихаар Улаанбаатар явсан. Тэр хооронд хүүхдүүд нь гэртээ эзэнгүй шахам үлдсэн учраас би Б-ийг “Болороо эгчээ, та манайд ороод хүүхдүүд хараадахаач түлээ нүүрс дөхүүлээд өгөөч” гэхээр нь чадах ядахаараа л тус дэм болдог. Тэр үед нөхөр нь болох Н- нь гэртээ байхгүй, тусдаа амьдарч байгаа гээд гэртээ ер харагдахгүй байсан. Ингээд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр намайг гадуур явж байхад Б- над руу утсаар яриад “Болороо эгчээ, та хаана явж байна, би Дарханд ирсэн байна, тантай уулзах гэсэн юм” гэсэн. Тэгээд Смайл гээд караокед та хүрээд ирээч гэхээр нь яваад очтол Б- надад эгчээ танд их баярлаж явдаг юм, миний амьдралд их тус дэм болдог, дүү нь дандаа таниас тусламж авдаг өнөөдөр танд баярласнаа илэрхийлээд ганц пиво ч болтугай авч өгөх гэсэн юм гэсэн. Ингээд би ч баярлаад Б- бид хоёр хамт суугаад нэг нэг жимстэй пиво аваад уух гээд сууж байтал гаднаас Б-ийн нөхөр Н- ороод ирсэн. Тэгээд Б-ийг цаашаа суу гээд байсан. Б- юу гээд байгаа юм гээд маргатал Н- Б-ийн толгой руу гараа атгаж байгаад 2 гараараа ээлжлээд 3-4 удаа цохисон. Би тухайн үед нь болиоч гээд болиулсан. Тэгээд Н-ийг би салгаж тэндээс гаргатал Б- цагдаад утсаар дуудлага өгсөн. Тэгээд Б- би хоёр тэндээс салаад явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 47/,
Эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хавтаст хэргийн 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 120 дугаартай “...Д.Б-ийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Б-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 19/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 4 оноо буюу дунд түвшинд байна” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 15-16/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...яллагдагч А.Н- ганцаар орж ирж гэрч Болормаагийн хажууд хохирогч Д.Б-ийн өөдөөс харж сууж хоорондоо ярилцаж байна, А.Н- босож Д.Б-тэй маргалдаж байгаа бололтой дүрс болон Д.Б- рүү ойртох үед Д.Б- нь А.Н-ийг түлхэж байгаа дүрс, ...А.Н- нь Д.Б-ийг баруун гараараа толгойн тус газарт нь 3 удаа цохиж байгаа дүрс” гэх тэмдэглэл / хавтаст хэргийн 28-30/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
А.Н-, хохирогч Д.Б- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч А.Н- нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Б-ийн толгойд тархи доргилт үүсгэж зодсон үйлдэл нь хүчирхийллийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч А.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Д.Б- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдуулан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцох боломжгүй, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн малын 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД