Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0083/Э                

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Д.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт Д-гийн С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000081 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Туушин авто тээвэр ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг, ... тоотод оршин суух хаягтай, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт Д-гийн С- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.С- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.С- нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 12 дугаар баг, 26 дугаар байрны 21 тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.А-ийг үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газар нь цохиж, бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн гарын тохой, зүүн сарвуу, доод эрүүний төв хэсэг, хүзүү хоолой, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарыг 20-ны орой 20 цагийн үед гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаж байгаад 23 цагийн үед гэртээ иртэл манай нөхөр Д.С- гэртээ байсан вискиг уучихсан нэлээд согтуу байсан. Манай нөхөр Д.С- архи уучхаараа ааш зан нь хэцүү болчихдог юм. Тэгээд намайг гадуур ууж идэж байгаад ирлээ гээд уурлаад гараараа хамар руу цохиод, эрүү рүү цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарахад нь манай хүүхдүүд айгаад уйлалдсан ба намайг зодуулахгүй гээд миний урдуур халхалсан. Тэгснээ машинаа унаж явна гээд надаас түлхүүрээ нэхээд орилоод байсан ба тэр хооронд хаалга тогшоод гаднаас цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 8-9/,

 

Насанд хүрээгүй гэрч С.Сарангуагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэрт аав дүү бид гурав байсан ба ээж гадуур явж байсан юм, аав гэнэт гэрт байсан 1 шил архийг задлаад ганцаараа уугаад эхэлсэн. Тэгээд ууж байсан архиа дуусгачхаад байж байтал ээж гаднаас орой 00 цагийн орчимд орж ирсэн чинь аав, ээжийг зайл гар гээд хөөгөөд байхаар нь ээж миний өрөөнд ороод ирсэн. Тэгсэн аав ээжийн араас орж ирээд ээжийг зодох гээд дайраад байхаар нь би ээжийг зодуулахгүй гээд урдуур нь ороход ээжийг хэд  хэдэн удаа цохиод авах шиг болсон, би ааваа болиулах гэж байгаад ухаан алдаад уначихсан, өмнө нь тэгж унаж байгаагүй. Тэгээд ээж намайг сэрээгээд би ээжийн нүүрийг харсан чинь эрүү нь шалбарчихсан аймар их цус гарч байхыг хараад би айгаад уйлчихсан. Удалгүй 2 цагдаа ирээд аавыг аваад явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 14/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 167 дугаартай “...Б.А-ийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн гарын тохой, зүүн сарвуу, доод эрүүний төв хэсэг, хүзүү хоолой, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.А-ийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.А-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт / хавтаст хэргийн 19-20/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 4 оноо буюу “дунд” түвшин байна гэх тэмдэглэл /хх-ийн 3-4/,

 

Яллагдагч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Д.С-, хохирогч Б.А- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Д.С- нь согтуугаар, үл ялих зүйлээр шалтаглан хүүхдүүдийнхээ дэргэд эхнэрээ зодож, тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн гарын тохой, зүүн сарвуу, доод эрүүний төв хэсэг, хүзүү хоолой, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий олон тооны гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд Д.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг сарын орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.А-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Д-гийн С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.С-т 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-т оногдуулсан 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД