Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0082/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б- овогт С-гийн Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл  4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б- овогт С-гийн Ц- /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгой 1-9 тоотод Э.Э-тай маргалдан, улмаар толгойн тус газар нь заазуураар цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний 10 цагийн үед би Дархан сумын Малчин баг, Хөтөл хорооллын 46-11А тоот гэртээ байж байтал манай эхнэрийн эгч болох Гэрэлмаа манай эхнэр лүү яриад ирж цай уу гэж хэлээд манай хашаанд байдаг эхнэрийн ах, эгч хоёрыг бас урьсан байсан юм. Тэгээд Ганбаа ах, Төмрөө эгч, манай эхнэр, охин болон манай гэрт түр ирчихсэн байсан найз Бямбаа бид хэд эхнэрийн эгч болох Гэрэлмаа эгчийнд 11-12 цагийн хооронд очсон байх. Гэрэлмаа эгчийн гэрт очиход хамтран амьдрагч болох Ц-тайгаа хоёр хүүхэдтэйгээ тэр хэд байж байсан ба бид хэд архи ууж хоол идэцгээгээд баяр тэмдэглэж жаахан сууцгаасан юм. Гэтэл Ц- эхнэрийгээ дэлгүүр явсны дараа буюу 17 цагийн орчимд над руу янз бүрийн юм ярьж хэрүүл өдөж байснаа хөргөгчийнхөө тэр хавиас гартаа заазуур барьж ирээд л миний толгой руу цохиод авсан юм. Тэр үед миний толгой хорсоод баруун талын чихний дээд хэсгээс баруун шанаа дагаад цус урсаад ороод ирэхээр нь гараараа дараад та намайг заазуураар цохичихлоо ш дээ гээд хэлтэл Төмрөө эгч Ц-ын гарнаас заазуурыг нь булаагаад аваад цаашаа түлхсэн чинь Ц- гараад зугтаачихсан ба Төмрөө эгч хувин авчраад толгой руу ус хийж өгөөд цусыг нь тогтоох гээд байж байтал Гэрэлмаа эгч гаднаас Бямбаатай цуг орж ирээд Төмрөө эгчтэй хамтраад миний толгойны цусыг тогтоож өгсөн. Тэр үед манай эхнэр цагдаад дуудлага өгчихсөн байна лээ” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 16-17/,

Гэрч Ө.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгой 1-9 тоотод манай гэрт манай төрсөн дүү болох Гэрэлтуяа, түүний нөхөр Э-, манай хамаатны ах болох Ганболд, эхнэр Төмрөө мөн Э-ын найз болох Бямбадорж гээд залуу, нийт 5 хүн манай гэрт зочилж ирсэн... дахин Бямбадорж бид хоёр дэлгүүр яваад 2 шил 750 граммын Хараа нэртэй архи аваад буцаад гэр лүү орох гээд явж байтал манай гэрийн гадаа хашааны үүдэнд хамтран амьдрагч болох Ц- би гэрт Э-ын толгойг хагалчихлаа гээд зогсож байхаар нь би гайхаад алив гэр лүү орцгооё, юу яриад байгаа юм бэ гээд яваад ортол гэрт Э-ын толгойноос цус гарчихсан, Э- толгойныхоо цусыг тогтоох гээд зогсож байхаар нь би толгойн дээр нь савтай ус хийж өгч толгойг нь угааж, цусыг нь тогтоож өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22/,

Гэрч С.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...нэг харсан чинь Э-, Ц- нар маргалдаад байсан ба гэнэт Ц- гал тогооны өрөө лүү гээ ороод заазуур барьж гарч ирээд Э- луу дайрахаар нь би болиулаач ээ гээд хэлтэл манай нөхөр Ганболд тасраад унтчихсан, Э-ын эхнэр Гэрэлтуяа газар суучихсан байсан ба салгахын завдалгүй Ц- заазуураараа Э-ын толгой руу 1 удаа цохичихсон. Тэгээд Э-ын толгойноос аймаар цус гараад эхлэхээр нь би гүйж очоод Ц-аас заазуурыг нь булаан авч гал тогооны ширээ лүү шидээд Ц-ыг цааш нь түлхээд Э-аас холдуулсан чинь Ц- гараад явчихсан ба би хувин авч өгөөд Э-ын толгойноос гарч байгаа цусыг нь тогтоох гээд байж байтал гаднаас Гэрэлмаа Бямбадорж хоёр Ц-ыг дагуулчихсан орж ирээд болсон асуудлыг надаас асууж тодруулаад тэгээд Гэрэлмаа Э-ын толгойны цусыг тогтоож өгсөн. Тэр үед Э-ын эхнэр Гэрэлтуяа цагдаад дуудлага өгчихсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,

Гэрч П.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гудамжинд Ц- гэх ах “би Э-ын толгойг хагалчихлаа” гээд нуугдаад зогсож байсан чинь Гэрэлмаа эгч уурлаад нөхрөө дагуулаад гэрлүүгээ ортол гэрт Э- ахын толгой хагарчихсан, тэнд байсан хүмүүс Ц-ыг заазуураар цохичихлоо гээд цусаа угаалтуурт Э- ах угаачихсан зогсож байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 27/,

Гэрч У.Гэрэлтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тэр хоёр маргалдаж байтал Ц- ах гал тогооны хэсэг рүү гээ очоод гарч ирэхдээ гартаа ногоон иштэй төмөр том заазуур бариад гараад ирсэн юм. тэр үед Төмрөө эгч бид хоёр хүүш болиоч ээ гээд очоод салгахын завдалгүй Ц- ах шууд Э-ын толгой руу заазуураараа нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 97 дугаартай “...Э.Э-ын биед дагзны хуйханд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-10/,

Яллагдагч С.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, санал хүсэлт байхгүй. ...Бид хоёр ер нь хоорондоо жаахан харилцаа муу байсан. Мөн би согтуу байсан болохоор биеэ барьж чадахгүй Э-ыг цохисон, ... заазуурын иртэй хэсгээр биш ар хэсгээр нь цохьсон” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Э.Э-т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч С.Цогжаргал нь өмнө 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан ба уг ялыг бүрэн биелүүлсэн байна.

 

Шүүгдэгчтэй 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч  прокурорын санал болгосон шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь өмнө мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдлэж байхдаа ахин дээрх гэмт хэргийг давтан үйлджээ.

 

 Хэдийгээр өмнөх ялаа эдлэж дууссан боловч ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг олон шалгуурт тохирсон байх ёстойг хойшид анхаарах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт түүний эрүүл мэнд, биеийн онцлогт тохирсон ажлыг хийлгэж эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт С-гийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ц-д 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8-аас илүүгүй цагаар, түүний эрүүл мэнд, биеийн онцлогт нь тохирсон ажлыг хийлгэж ажиллуулахыг даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч С.Ц-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах,  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хохирогч Э.Э- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон гарсан болон цаашид гарах зардлаа жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар холбогдох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД