Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2022/0081/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Ш.Д , түүний өмгөөлөгч Д.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Ш-ны Д т холбогдох 2218000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн Т  овогт Ш-ны Д  /РД: ....... /, ... оны .... дугаар сарын ..... -ний өдөр ....  аймгийн .......  суманд төрсөн, .......  настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ......... -ийн хамт ..........  аймгийн .....  сумын ......  дүгээр баг, .......  дүгээр гудамжны....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ш.Д  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,795,480 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Д  мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4 цагт манай гэрт Г.М  Улаанбаатар хотоос ирсэн. Ирэхдээ хоёр өдөр хоол идэхгүй, ус уугаад бөөлжөөд биеийн байдал нь муу байсан. Тэгэхээр нь би эмийн сан руу яваад вакус, ундаа энэ тэр аваад ирсэн. Тэгтэл Д  надад “Хүүхдүүдээ сайхан хувцаслаарай. Гэрийн бүрээс, туурга аваарай” гэж хэлсэн. Д  нь нас барахаасаа өмнө миний бие сонин болчихлоо, түргэн дуудаарай гэж хэлээд бие засмаар байна гэж хэлээд өмдөндөө бие засаад хойшоо саваад унасан. Би талийгаачийн картаас авсан мөнгөө ажил хийж буцааж төлөх болно. ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Г мэдүүлэхдээ: “...Миний хүү тухайн үед 2 гар утастай явсан. Д  нь талийгаачийн нэг гар утсыг нь цагдаад өгөөд нөгөөг нь аваад үлдсэн байсан. Сая цагаан сараар хүртэл фэйсбүүк рүү нь орсон байсан. Би Д ыг миний хүүг нас бартал гэртээ байлгасанд баярлаж байсан. Хүн үрээ алдах ямар хэцүү гэдгийг шүүгдэгч мэдэхгүй байна. Талийгаачийн цаана эхнэр хоёр хүүхэд нь үлдсэн. Миний гомдоод байгаа зүйл бол хүүгийн маань юмнуудыг надад өгөөгүйд байгаа юм. Биднийг талийгаачийн утас руу залгахад шүүгдэгчийн хүүхдүүд авсан. Шүүгдэгчид гэж хэлэхэд талийгаачийн гар утас, мөнгийг нь өгчих.” гэв.

 

Эрүүгийн 2218000000056 дугаартай хэргээс:

 

Насанд хүрээгүй гэрч Д.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/, гэрч Г.Б-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, Капитал зууч ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41, 46-47 дахь тал/, Г.М-ын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, Ш.Д ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, гэрч У.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, яллагдагчийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Ш.Д ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.Д  нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэртээ нас барсан найз Г.М-ын Самсунг галакси маркийн гар утас болон түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,795,480 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ш.Д  болон түүний өмгөөлөгч Д.Золзаяа нар гэмт хэргийн зүйлчлэл гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Ш.Д  нь 2021  оны 08 дугаар сарын 23-ны өдөр .......  аймгийн ....... сумын 1 дүгээр баг, ......  тоот гэртээ найз Г.М-ыг өвчний улмаас нас барсных нь дараа түүний эзэмшлийн Самсунг Галакси А60 маркийн гар утас болон түрийвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г.М-ын эзэмшлийн Хаан банкны ......  тоот дансны дугаартай картаас 1,325,000 төгрөг авч нийт 1,795,480 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:

 

Хохирогч Д.Г-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хүү болох Г.М  нь уул уурхайн компанид ажилладаг. Ээлжээсээ буугаад 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр .........  аймгийн ....  сумын ......  дүгээр баг .......... тоотод байх Д  гэх айлд байхдаа биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барчихсан байсан. Цагдаагийн байгууллагаас нас барсан шалтгааныг гадны нөлөөгүй, архины хурц хордлого, нойр булчирхай зэрэг өвчнөөр нас барсан гэж  дүгнэсэн. Миний хүүг нас барсан үед биед нь байсан Самсунг Галакси 60 маркийн гар утас болон түрийвч, түрийвчид байсан иргэний үнэмлэх, банкны виза карт зэрэг алга болсон. Гэтэл хүүг нас барсны дараа 23-ны өдрөөс хойш хүүгийн маань Хаан банкны картаас нь хоёр удаагийн гүйлгээгээр бэлэн мөнгө гарсан. Мөн талийгаач хүүгийн гар утсан дээр байсан фэйсбүүк нь нээлттэй байсан ба уг фэйсбүүк хаягаас зураг дарагдаж фэйсбүүкт орсон асуудал гарсан. Манай хүү Д  гэх айлд байхдаа түүнд виза картаа өгч явуулаад дэлгүүрээс юм авахуулсан юм билээ. Тэгэхээр Д  гэх хүн манай хүүгийн виза картын нууц кодыг мэдэж байгаа. Хүүгийн нас барсан хэргийг цагдаа дээр шалгагдаж байхад Д  нь өөрөө хүүгийн маань картаас хоёр удаа мөнгө авсан гэдгээ хэлсэн. Д  нь өөрөө хүүгийн маань цүнхтэй хэдэн хувцас байсныг шатаасан гэж хэлсэн. Мөн талийгаач хүүгийн фэйсбүүкээр оруулсан зургийг Д ын 9 настай охин оруулсан байсан. Хүүгийн картаас хоёр удаагийн гүйлгээгээр 600 гаруй мянган төгрөг гарсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Д-ийн мөрдөн байцаалтад 2022  оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манайд аавын найз ах М  нас барсан. Тухайн өдрийн урд өдөр архи уусан болохоор 23-ны өдөр ус уугаад бөөлжөөд байсан. Тэгснээ орон дээр хэвтэж байгаад бие засчихсан. Тэгээд аав эмнэлэг дуудсан боловч ирэхгүй байсаар М  ах тэндээ нас барсан. Нас барах үед нь би М  ахын утсыг оролдож байсан. Тэгтэл аав М  ахыг нас барсны дараа өөрийн найз Эрдэммягмар гэх айлд намайг дүүгийн хамт үлдээсэн. Цагдаа дээр байцаалт өгч ирчхээд маргааш нь гэрт ирээд надаас талийгаачийн гар утсыг аваад явсан. Үүнээс 2-3 хоногийн дараа халааснаасаа талийгаачийн утсыг гаргаж ирээд цэнэг дууссан байн. Дэлгүүрээс таарах цэнэглэгч авахуулах гээд надад талийгаачийн картыг өгөөд явуулсан. Талийгаач нас барахаасаа өмнө манай гэрт байхдаа найзтайгаа архи ууна гээд ээж бид хоёрт карт өгөөд дэлгүүр рүү 2-3 удаа явуулж архи, ундаа, бууз гэх мэт зүйл авахуулж байсан болохоор би картынх нь нууц үгийг мэддэг байсан юм. Талийгаачийг нас барсны дараа цагдаа ирэхээс өмнө аав талийгаачийн түрийвчийг гэрийн гадна нуусан байсан. Харин цагдаа дээр тухайн шөнө очоод буцаж ирээд маргааш нь түрийвчийг нь аваад картыг нь ашигласан. Мөн талийгаачийн манайд байсан хувцсыг ээж, аав хоёр гэрийн хажуу талын эзэнгүй хашааны хажууд шатаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Гэрч Г.Б-ны мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...Манай ах Г.М нь 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ....... сумын .......  дүгээр баг .......  тоотод оршин суух Ш.Д ын гэрт нас барсан. Ах маань нас барсны дараа тухайн айлын эзэн манай ахын бичиг баримт болон гар утсыг бид нарт өгөхгүйгээр өөрөө авчихсан. Харин түрийвчид нь байсан Хаан банкны картыг нь ашиглаж данснаас нь мөнгө авсан нь тодорхой болсон. Учир нь манай ах хоёр гар утастай байсны нэг гар утсыг нь цагдаагийн байгууллагаас хүлээлгэж өгсөн. Тэгэхээр нь гар  утсыг асааж үзэхэд нас барсан өдрөөс хойш гүйлгээ хийгдсэн байсан. Мөн талийгаачийн фэйсбүүкээр Д ын охин Д  орж стори хийсэн байсан. тэгээд бид нар талийгаачийн бичиг баримт, түрийвч зэрэг эд зүйлийг Д  авсан байна гэж мэдсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Г.М-ын эзэмшлийн Самсунг Галакси А60 маркийн гар утас /дэлгэц доогуураа бага зэрэг цуурсан/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 08 дугаар сарын байдлаар 450,000 /Дөрвөн зуун тавин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Г.М-ын эзэмшлийн бор өнгийн түрийвч /хуучин/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 08 дугаар сарын байдлаар 20,000 /Хорин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн жагсаалт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

 

Ш.Д ын гэрчээр болон яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчим манай найз Г.М  бага зэргийн согтолттой 0,75 литрийн Хараа нэртэй архи барьчихсан орж ирсэн. Талийгаач манай гэрт ирэхэд би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ байсан ба бид нар бууз аваад жигнэж идэхэд талийгаач хоол идээгүй бөөлжөөд байсан. Хоол идчихээд бид нар талийгаачийн авчирсан архийг хувааж уусан. Тэр үед талийгаач нэг их уугаагүй. Харин маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 09 цагийн орчимд талийгаач надад Хаан банкны картаа өгөөд “5 литрийн ус, 1 ундаа, 1 хайрцаг тамхи аваад ирээч. Чи өөртөө нэг шил архи авч уугаарай. Би ууж чадахгүй юм байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийн захисан юмыг аваад өөртөө нэг шил 0,75 литрийн Хараа архи аваад гэртээ очиж уусан. Тэгж байтал орой 18 цагийн үед талийгаач дахин надад картаа өгөөд “Вакус, хордлого тайлах хар эм аваад ир” гэж хэлэхээр нь захисан юмыг нь аваад замаараа 0,5 литрийн Хараа нэртэй архи авч хариад эхнэрийн  хамт уусан. Ингээд ууж байтал Туул гэх эмэгтэй 3 хүүхдийн хамт манайд ирээд авсан архийг хамт ууж байхад талийгаач бөөлжөөд халуун цай ууя гэж хэлсэн. Тэгээд удалгүй бид унтаж амарсан. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай охин Д ийг 11 нас хүрсэн гээд талийгаач манай охинд өөрийн виза картаа өгөөд “Дуртай юмаа аваарай” гэж хэлсэн. Тэгээд манай охин дэлгүүрээс 2 жижиг пицца, нэг жижиг торт, ундаа, чихэр авсан. Харих замд миний таних Хүнийхүү, Буянд, Бямбаа нар таарахад охины маань төрсөн өдөр болж байна. Манай найз М авч өгч байгаа шүү гээд нэг шил архи тэд нарт авч өгөөд харьсан. Гэртээ хариад охиныхоо төрсөн өдөр гээд банштай цай чанаад талийгаачид хийж өгөхөд идэхгүй бөөлжөөд байсан. Бид нарыг нэг шил архи хувааж уугаад сууж байхад талийгаачийн бие өвдөөд гүйлгээд эхэлсэн. Тэгэхээр нь эмнэлэг рүү залгаад нойр булчирхай зүрх муутай яаралтай эмнэлгийн тусламж авмаар байна гэхэд өөдөөс өөрсдөө машин тэрэг олоод авчирч үзүүл гээд ирээгүй. Энэ үед талийгаач бөөлжөөд байсан. Тэгээд орон дээр сууж байгаад хоёр хүүхэдтэйгээ утсаар ярьж дуусаад орон дээрээ өмдөндөө чацга алдаад хойшоо саваад унасан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдэхэд удалгүй цагдаа ирээд үзлэг хийгээд талийгаачийн саарал цүнхтэй эд үйл, нэг ширхэг гар утсыг авч байсан. Харин талийгаачийн үлдсэн нэг ширхэг утсыг манай охин Дарханхишиг барьж байсан. Би талийгаачийг нас барсны дараа цагдаа ирэхээс өмнө гэрээс гаргаад гэрийн гадаа байсан ногоон дрож доор тавьсан. Эхлээд эргүүлийн цагдаа нар ирэхэд би гэрт хүн барсан гээд хоёр хүүхдээ ээжийнх рүүгээ явуулсан. Энэ үед талийгаачийн нэг утсыг охин аваад явчихсан. Үүний дараа цагдаа дээр ирээд мэдүүлэг өгөх гэсэн боловч согтуу байсан болохоор мэдүүлэг өгөөгүй. Тэгж байх хугацаанд эхнэр Энхтүвшин өлсөөд байна дэлгүүр рүү яваад дэлгүүрээс 4 ширхэг хуушуур 1 ундаа авчраад хамт идсэн. Энэ үед эхнэр ямар мөнгөөр авснаа хэлээгүй. Талийгаач нас барсан өдөр цагдаа дээр сууж байхад эхнэр талийгаачийн картаас 100,000 төгрөг авсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ний өглөө гэрээсээ эхнэр хүүхдүүдийн хамт гараад 10 цагийн орчим Шим дэлгүүр ороод хүүхдүүддээ  зайрмаг аваад тараасан. Дараа нь талийгаачийн картыг уншуулаад архи давс авч уусан. 2021 оны 08 дугаар сарын 25-ны өглөө босоод дэлгүүрээс архи, уух юм авч байгаад орой 11 цагийн үед Тосгоны АТМ-аас талийгаачийн картаас бэлнээр 500,000 төгрөг аваад тэр мөнгөөр гэрийн бүрээс өрхний цагаан углаа, 60 метр олс, хүүхдүүддээ хувцас авч өгсөн. 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр талийгаачийн данснаас идэж уух юм, архи дарс авсан. Мөн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг авсан. 08 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд мөн л талийгаачийн картаас юм авсан. Талийгаачийн картаас авсан мөнгөний зарим нь зул, хүүхдүүдэд зайрмаг авч өгсөн мөнгөн дүн багтаж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгчийн шунахайн сэдэлт, амар хялбар аргаар амьдрах зорилгын улмаас үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Д.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,795,480 төгрөг нэхэмжилсэн ба холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчээс 1,795,480 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д т 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч нь бага насны хоёр хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг. Мөн талийгаачийг нас барахаас өмнө эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламж дуудсан зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.Д  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Ш.Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудсаар шүүгдэгч Ш.Д  нь урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.

Шүүхээс шүүгдэгч Ш.Д т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д т 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т  овогт Ш-ны Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д ыг 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

4.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,795,480 төгрөг гаргуулан хохирогч ...  аймгийн   ..........  сумын .......  дүгээр баг, .... дугаар хэсэг, ......... тоотод оршин суух Б овогт Д-ийн Г /РД: .... /-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР