Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0087/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х б овогт Л-ийн Б--д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2218000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х б овогт Л-ийн Б /РД: ......... /, ....... оны .......  дугаар сарын ...... -ны өдөр .........  хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл . ....... , .................-ийн хамт .............. аймгийн ..... сумын .......  дугаар баг, ...  дугаар хороолол, .....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Б--ийг  хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед ........  аймгийн ....... сумын ......  дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Диди” бааранд хувийн маргааны улмаас иргэн И.О-ийн толгойн хэсэгт дугуйн дорцовоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б-ийн мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй. Хохирол 4 сая төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2218000000087 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

 

Хохирогч И.О-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 13, 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн үед манай найз Т ын аймгийн арслан цолны найр Дархан сумын 9 дүгээр баг “Гранд Яак” зочид буудлын ресторанд болоод тэр арга хэмжээнд очиж оролцсон. Уг арга хэмжээ 17 цагийн үед тарсан. Арга хэмжээ тараад О , О, О, М, Г-О, Б.А, Б , Об бид нар “Компорт” цогцолборт очиж хоол идэж байгаад 19-20 цагийн үед гарах гэж байтал манай найз болох О  нь Компортын зохион байгуулагчтай маргалдаад байхаар нь тэр хоёрыг болиулах зорилгоор голоор нь ороод О  болон зохион байгуулагч эмэгтэй хоёрыг хоёр тийш нь гараараа түлхсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй нь намайг хэл амаар доромжлоод байхаар нь манай дүү Об намайг машиндаа суулгаад “Диди” бааранд дагуулж ирээд ширээн дээр юм захиалаад байж байтал араас зүс таних Бөхөө гэж  залуу миний толгойн зүүн талын чихний дээд хэсэгт машины дугуйн дорцовоор цохисон. Тэр үед миний толгойноос цус гоожоод би эмнэлэг явж толгойдоо оёдол тавиулж боолгож цусаа тогтоолгосон. Миний бие одоо зүгээр байгаа. Эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 22 дахь тал/,

 

Гэрч Х.Оийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Т ын аймгийн арслан цолны найр болсон. ...20 цаг 30 минутын үед ”Диди” бааранд найзуудаараа ширээ засаад сууж байтал гаднаас нэг залуу  орж ирээд дугуйн дорцовоор манай найз Оийн толгой руу хоёр удаа цохисон. Би тэр үед хажууд нь зогсож байсан болохоор тэр залуугийн нүүр лүү гараараа 2-3 удаа цохиод  цаашаа зууралдаж явж байгаад салсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

Гэрч С.Э-ын хэрэг бүртгэлтэд 2022  оны 01 дүгээр сарын 17-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Компорт цогцолборт хэдэн бөхчүүд үйлчлүүлж байгаад буудлын үүдэнд хоорондоо маргалдаад байхаар нь очоод юу болоод байгаа талаар асуусан чинь рестораны тооцоог хийгээгүй байсан. Тэгээд хэн нь тооцоо хийх гэж байгаа юм гэж асуухад бүгд бич хийхгүй гээд байхаар нь цагдаад дууд гээд ажилчиддаа хэлсэн чинь О гэх залуу цагдаа дуудсан хүнийг чинь ална гэж хэлээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгсний дараа нөгөө залуучууд хоорондоо маргалдаад байхаар нь би больцгоо тооцоогоо хийгээд явцгаа гэж хэлсэн чинь О надад хандаж “Чи муу одоо хэн бэ” гэх мэтийн зүйл ярьж намайг доромжилж байгаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа нөхөр болон цагдаа нар ирэхээр нь хэдэн бөхчүүд агсам тавиад О нь намайг хэл амаар доромжилж байгаад явсан гээд нөхөртөө хэлтэл О хаана байна гээд ууртай гараад явахаар араас нь цуг явна гээд машинд нь суусан. Тэгээд нөхөртэйгөө “Диди” бааранд очсон. Бааранд ороод манай нөхөр Оийн сууж байсан ширээн дээр явж очоод О рүү дайрахаар нь байж бай гээд бариад автал миний гарыг тавиулсан. Тэгээд бужигналдаад явчихсан. Тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Гэрч Н.Б.А-ийн хэрэг бүртгэлтэд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр аймгийн цол авсан дүүгийн цолны мялаалгад оролцчихоод найзуудаараа Компорт цогцолбор орж хоол идчихээд “Диди” бааранд цугласан. Гэтэл 20 цаг 30 минутын үед найзуудынхаа ширээнээс холдоод Отай юм яриад зогсож байтал зах дээр гар утас зардаг Б гэх залуу гаднаас ороод ирсэн ба миний хажуугаар хүрээд ирэхээр нь би гараас нь бариад “Юу хийж яваа юм бэ” гэсэн чинь “О хаана байна. Би Оийг зодох гээд явж байна” гэсэн утгатай юм ярьсан. Тэгэхээр нь Бөхбилэгт хандаад “Чи юу яриад байгаа юм бэ боль” гэж хэлтэл миний гараас татаж аваад цааш дайраад явсан. Удалгүй бужигналдаад явчихсан. Гэтэл Оийн толгойноос цус гарсан байсан. Тэгэхээр нь түүнээс асуутал Б миний толгой руу төмрөөр цохичихлоо гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаартай “...И.О-ийн биед зүүн чамархайн хуйханд шархны сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх болосмжтой. И.Оийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. И.О-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

 

Л.Б-ийн гэрчээр 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр , яллагдагчаар 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал манай найз болох Тулгаа над руу залгаад Компортод бөхчүүд агсам тавиад О гэх залуу танай эхнэрт чинь агсам тавиад байна гэж хэлсэн. ...Найз болох Т-тай ярьсан чинь бөхчүүд “Диди” бааранд  байна гэж хэлэхээр нь шууд явж очсон. Баар руу орох гэж явж байгаад тэдгээр бөхчүүдийг олуулаа байна гэж хэлсэн болохоор буцаж эргэж машинаасаа дугуйн дорцов аваад цамцныхаа ханцуйн дотор хийгээд баар руу орсон. Тэгээд тойроод зогсоцгоож байсан бөхчүүдийн эхний залуутай зууралдаж маргалдаад салангуутаа ханцуйнаасаа дугуйн дорцовоо аваад цаашаа хараад зогсож байсан өндөр цагаан цамцтай залуугийн толгой руу хоёр удаа цохисон. Тэр үед хажуугаас нэг залуу намайг цохиод үлдсэн хүмүүс над руу дайраад намайг салгасан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 63 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б-т 2022 оны 01 дүгээр сарын  12-ны өдөр иргэн И.Оийн толгойд дугуйн дорцовоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Л.Б-ийн хувьд прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмыг хангасан байна гэж үзэж хангаж шийдвэрлэсэн байгаа. Иймд Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.

 

Шүүгдэгч Л.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б--ийг  өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч И.Оийн эрүүл мэндэд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр учирсан зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Б--д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Л.Б--ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Л.Б--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Л.Б--д прокурорын сонсгосон ялын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримаар хураагдаж 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж, 1 ширхэг дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х б овогт Л-ийн Б--ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б--д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б--д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргаж, 1 ширхэг дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР