Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00139

 

                                                                 Хийморь хотхон СӨХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа, даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1502 дугаар магадлалтай, 

Хийморь хотхон СӨХ-ийн нэхэмжлэлтэй,

Т.Дүүдэйд холбогдох,

 Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 1.062.300 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэх, орон сууцны таазыг засварлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хийморь СӨХ-нд хамаарах Хан-Уул дүүргийн 3 хороонд байрлах 29, 30, 31, 33, 34 дүгээр байрнуудын оршин суугч нарыг төлөөлж үйл ажиллагаа явуулдаг. 30 дугаар байрны 53 тоотын оршин суугч Т.Дүүдэй нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй, СӨХ-ны бүх үйлчилгээг үнэ төлбөргүй авч, бусад оршин суугч нарын СӨХ-ны мөнгөөр үйлчилгээ авч шударга бус байдал үүсээд байна. Т.Дүүдэй  нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. 2017 оны 01 дүгээр сард Т.Дүүдэйгийн жолооч гараашны хаалга онгорхой орхиж явснаас үүдэж тус байрны гараашид хулгай орж 4 машины шил хагараад нийт 1.000.000 төгрөгийн эд зүйлийн хохирол учруулсан. Үүнээс хойш Т.Дүүдэй  СӨХ-ны төлбөрийг төлөхөө больсон. Өнгөрсөн 5 дугаар сард хариуцагчийн гэрт 1 м.кв хэмжээтэй ус дээвэр дээр нь дууссаныг засаж өгсөн, мөн хажуу айлынх нь дээврээс мөсны ус гоожоод байна гэсэн тул би дээврийг нь янзалж засварлаж өгсөн. Би оршин суугч нарын гомдол, санал хүсэлтийн дагуу өөрийн боломжоороо ажиллаж байхад Т.Дүүдэй  СӨХ-ны төлбөрийг төлдөггүй, 2017 оны 01 дүгээр сараас өдийг хүртэл буюу 2019 оны 5 дугаар сар хүртэл СӨХ-ны төлбөрөө огт төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй, тухайн саруудад төлбөр төлөөгүй нь үнэн, төлбөрийн хэмжээнд маргахгүй харин яагаад төлөхгүй байгаа талаар сөрөг нэхэмжлэл гарган. Дээврийг нэг мөр чанар сайтай засаад өгсөн тохиолдолд СӨХ-ны төлбөрийг төлөхгүй байх шаардлага байхгүй гэжээ. 

Хариуцагч Т.Дүүдэй шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Т.Дүүдэй  тус байрны 9 давхарын  53 тоотод  оршин суудаг. Анх дээврээс нь ус гоожоод байхаар СӨХ-д хэлж янзалж өгч байсан боловч сүүлийн үед маш их бороотой байсан тул Т.Дүүдэйгийн дээврээс ус нэвтэрч гоожоод, түүний гэр мөөгөнцөртэй болсон байсан. Т.Дүүдэй өөрөө бага насны хүүхэдтэй ба устай холбоотой асуудлыг СӨХ-д мэдэгдэхэд засаж өгнө гэсэн боловч засахгүй байгаа. СӨХ-ны үндсэн үүрэг нь оршин суугч нарын амгалан байдлыг хангах, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийх ёстой байдаг. Гэтэл СӨХ өөрийн үүргээ биелүүлэхгүй байхад Т.Дүүдэйгээс гүйцэтгээгүй ажлынхаа төлөө СӨХ-ны төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гол нь дээврийн ажлыг чанар сайтай, мэргэжлийн байгууллагатай хамтран засаж өгөөч гэсэн шаардлага гаргаж байна. Дээврийг янзалсан гэсэн боловч дээврээс ус нэвтрэхгүй байх ямар ч баталгаа байхгүй байна. Мөн засвар хийсэн гэрээний дүгнэлт байхгүй, гаднах фасад нь унах аюултай болсон байна. Үүнийг янзлахгүй бол гадаа явж байгаа гэмгүй хүмүүс дээр унавал хэн хариуцах юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч Хийморь СӨХ-ны төлөөлөгч Г.Аззаяа сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нийт оршин суугч нараас авч байгаа СӨХ-ны төлбөрөөс 7-8 хүнийг цалинжуулж, татвар, лифт, цахилгаан, цэвэрлэгээ, хог, засвар үйлчилгээ гэх гарч байгаа төлбөрүүдийг төлдөг. Манайд хуримтлал гэсэн зүйл байхгүй. Т.Дүүдэй намайг СӨХ-ны даргаар ажиллаж байсан хугацаанд нийт 570.000 төгрөг СӨХ-ны мөнгө гэж төлж байсан. Үүнийг хэд дахин нугалж, түүний шаардсан засварыг хийж байсан удаатай. Би хийсэн ажлаа оршин суугч нарын цахим группд байнга нийтэлж, тайлагнадаг. Уг барилгыг барьсан Макс өргөө ХХК-д барилгын засвар үйлчилгээтэй холбоотой албан тоот явуулсан боловч ямар нэгэн хариу ирээгүй. Т.Дүүдэй өөрөө Макс өргөө ХХК-д хандах бүрэн эрхтэй. Хариуцагч СӨХ-ны төлбөрөө төлдөггүй ч бид түүний шаардсан засвар үйлчилгээг хийж өгдөг. Гадна талын фасадын хувьд нурж, унах гэсэн зүйл байхгүй. Би энэ жил 30 дугаар байранд засвар хийлгэх болно. Бусад байруудын СӨХ-ны төлбөрийг 30 дугаар байранд зарцуулж байна. Сарын СӨХ-ны төлбөр 21.100 төгрөг гэтэл Т.Дүүдэйгийн шаардаж байгаа засварын төлбөр хэд дахин их байна гэжээ.  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт зааснаар Т.Дүүдэйгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1.062.300 төгрөг гаргуулж Хийморь СӨХ-нд олгож, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.6 дахь  хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дунд гол гудамж, 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг Хийморь СӨХ-нд даалгаж, иргэн Т.Дүүдэйгийн орон сууцны таазыг засварлахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Т.Дүүдэйгээс 31.758 /25.958+5800/ төгрөг гаргуулж Хийморь СӨХ-нд олгож, нэхэмжлэгчээс 70.200 төгрөг гаргуулж Т.Дүүдэйд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.758 төгрөг, хариуцагчийн төлсөн 140.400 /70.200+70.200/ төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1502 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хийморь хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Т.Дүүдэй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1502 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Дээрх иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч Хийморь хотхон СӨХ-нд холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дунд гол гудамж 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах;

Хан-Уул дүүрэг 3-р хороо, дунд гол гудамж, 30 дугаар байрны 53 тоот иргэн Т.Дүүдэйгийн Орон сууцны таазыг засварлаж өгөхийг сууц өмчлөгчдийн холбоонд буюу нэхэмжлэгчид даалгах сөрөг нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, дунд гол гудамж 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны шаардлагатай засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үлдэх хэсгийг хангалгүй орхисон. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тухайгаа шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хариуцагч Т.Дүүдэйгийн орон сууцны таазанд засвар хийх шаардлагатай эсэхийг нотолсон баримтгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов" хэмээн үндэслэл муутай шийдвэр гаргасан., Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа холбогдох нотлох баримт болох хариуцагч Т.Дүүдэйн гэрийн таазны гэрэл зургийг хавсаргаж өгсөн байдаг. Түүнчлэн шүүх хурлын явцад нэхэмжлэгч уг гэрэл зураг дээрх тааз нь хариуцагч Т.Дүүдэйн гэрийн таазны зураг мөн байна, би гэрт нь орж харж байсан хэмээн тайлбар өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл уг хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэгч тал өөрөө хүртэл хүлээн зөвшөөрч байхад шүүх дээр дурдсан үндэслэлээр уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасанчлан /Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ хэмээх заалтыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж байна. Мөн түүнчлэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбоо нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилготой байна. Гэвч нэхэмжлэгчийн дээр дурдсан үүрэг буюу орон сууцны дээврийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүйн улмаас хариуцагчийн гэрийн таазнаас удаа дараа ус гойжиж улмаар амьдрахад хүндрэл учирсан. Энэ явдал нь удаа дараа үргэлжилсэн тухай ямар нэгэн арга хэмжээ авч дээврийн засварт шаардлагатай арга хэмжээг авч байгаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хариуцагчийн хувийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүх үл ойшоож шийдвэр гаргасан бөгөөд энэ нь хариуцагчийн эрх ашгийг ноцтойгоор хохироосон үйлдэл боллоо. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу Сөх-ийн үйлчилгээ авсан төлбөрт орон сууцны урсгал засварын төлбөр мөн багтсан байдаг. Энэ бүгдээс харахад нэхэмжлэгч нь шаардлагатай урсгал засварыг хийж гүйцэтгээгүйн улмаас хариуцагчийн хувийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүх үл ойшоож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан үйлдэл нь шударга ёсонд нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1502 дугаар магадлалд өөрчлөлт оруулж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Нэхэмжлэгч Хийморь хотхон СӨХ нь хариуцагч Т.Дүүдэйгээс 1.062.300 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээний зардал гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг маргаагүй боловч байрны дээвэр болон гадна фасадны засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлэх үүргээ биелүүлэх, мөн өөрийнх нь орон сууцны тааз засварлахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.  

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учирсан байхад шийдвэрлээгүй... гэжээ.  

Дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ба дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээ болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй талаар мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зохицуулжээ.  

Нэхэмжлэлд дурдсан зардлууд нь орон сууцны ашиглалтын хэвийн, аюулгүй байдлыг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийг хамгаалах, ашиглах, засвар үйлчилгээ хийхтэй холбоотой байх ба 2017 оны 1 сараас 2019 оны 5 сарын зардлыг төлөөгүй болохоо хариуцагч үгүйсгээгүй байна. 

Сууц өмчлөгчөөс төлбөл зохих зардлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1., 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглжээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагчийн амьдардаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 30 дугаар байрны дээвэр болон гадна фасадны засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна.  

Сууц өмчлөгчдийн холбоо нь тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй юм.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд зохигчийн хэн аль нь гомдол гаргаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн ...тааз засч өгөхийг даалгах шаардлагаа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй болно.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01311 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1502 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхболдын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 09 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ