Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 020/2014/0019/З |
Дугаар | 221/МА2015/0398 |
Огноо | 2015-08-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/0398
2015 оны 8 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2015/398
Улаанбаатар хот
АХ ХХК болон МУУҮА
ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч АХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, нэхэмжлэгч МУУҮА ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Б.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлоор, АХ ХХК болон МУУҮА ТББ-ын нэхэмжлэлтэй, ГЕГ-ын дарга холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хууль зүйн яамны дүгнэлт нь зөвхөн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/83, 2008 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 673 дугаар тушаалуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, хууль бус тушаалыг хүчингүй болгох талаар гарсан. Өөрөөр хэлбэл, 2008 оны 673 дугаар тушаалд экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1000 төгрөгөөр тогтоосон бөгөөд 2013 оны А/83 дугаар тушаалд экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1500 төгрөгийн хураамж авахаар тогтоосон нь Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журмын 1.7.3, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байхад дээрх зөрчлийг засалгүй яг хэвээр нь дахин баталж, 2013 оны А/199 дүгээр тушаалыг гаргаж, экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж 1000 кг тутамд 1500 төгрөгөөр тогтоосон байна.... ГЕГ-ын даргын 2013 оны А/199 дүгээр тушаал нь 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг тушаалын 2 үндэслэл нь хангалттай үгүйсгэгдэж, Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг зөрчиж байх тул ГЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай А/199 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч МУУҮА ТББ-ын ерөнхийлөгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаас үзэхэд экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг бүтээгдэхүүний хэмжээнээс хамаарч бус үйлчилгээний зардлыг харгалзан тогтоохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг бус, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээгээр үйлчилгээний хураамжийг тооцож байгаа нь хууль зөрчсөн, хэт бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулсан, төсөвт ямар ч хамаагүй аргаар мөнгө хуримтлуулахыг оролдсон үйлдэл болжээ... Иймд, ГЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай А/199 дүгээр тушаалаар баталсан гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоож, экспортод гаргах нүүрс болон уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамжийн хэмжээг тонн тутамд 1500 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч ГЕГ-ын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ...Экспортод гаргах уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний нэр төрлийг нүүрс болон бусад экспортод гаргах уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн гэж ялгаварлалгүйгээр тонн тутамд 1500 төгрөг байхаар тооцсон нь Өрсөлдөөний тухай хуулийн заалтыг дагаж мөрдсөн... Гаалийн байгууллага нь Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг үндэслэн Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолын 1.4 дэх заалттай нийцүүлж, 2013 оны А/199 дүгээр тушаалыг гаргасан. Иймээс 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хууль яамнаас 3409 дугаарын бүртгэл авч, Хууль зүйн мэдээлэл сэтгүүлд олон нийтэд мэдээлсэн. Иймд, ГЕГ-ын даргын 2013 оны А/199 дүгээр тушаалаар батлагдсан үйлчилгээний хураамжийн хэмжээ нь хуулийн хүрээнд батлагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасныг баримтлан Гаалийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ГЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай А/199 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч АХ ХХК болон МУУҮА ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч АХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х давж заалдах гомдолдоо: ...Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нэхэмжлэгч АХ ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 27-нд Захиргааны хэргийн 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, ГЕГ-ын даргын 2013 оны А/199 дүгээр Хураамжийн хэмжээ тогтоосон захиргааны актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар хандсанаас хойш 1 жил 6 сарын хугацаанд шийдвэрлээгүй шалтгаан нь хариуцагчаас гаргуулахыг оролдсон зардлын тооцоо байсан. Шүүхээс зардлын тооцоо гаргуулах нь зөв гэдгийг 3 шүүгч солигдон шийдвэрлэхдээ ч хүлээн зөвшөөрч байсан. Энэ хугацаанд хариуцагч санхүүгийн тайлангаа гаргаж өгсөн ч аудитын тайлантай зөрчилдөж байсан тул нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрж байсан. Иймээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилох нь зөв гэж 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамж гарч, хэргийг түдгэлзүүлсэн байдаг. Гэвч 2 удаа томилогдсон шинжээчид ажиллах боломжгүйгээ мэдэгдэж, зардлын тооцоо нь гараагүй байхад бид шинжлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ бүгдээс харахад хариуцагч анхнаасаа зардлын тооцоо хийлгүй, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь илэрхий болсон. Гэтэл шүүгчид хангалттай нотлох баримт болгох санхүүгийн тооцоо байхгүй байна гээд шинжээч томилж байсан, шүүгч эргэлзээтэй байсан баримт дээр тулгуурлан шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88.3.4 дэх заалтыг зөрчсөн үйлдэл болж байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага нь анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсантай адил А/199 дүгээр захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох тухай биш юм. Бид нэхэмжлэл гаргахдаа зөвхөн нүүрснээс бусад экспортын бүтээгдэхүүний гаалийн хураамжтай холбоотой гарсан заалтыг хүчингүй болгуулахаар хандсан. Гаалийн тухай хуулийн дагуу ут зардлыг гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний зардлыг харгалзан хураамж тогтооно гэсэн үндэслэлээр ГЕГ-ын дарга хураамжийг 50%-аар нэмэгдүүлсэн байна. Энэ тохиолдолд үйлчилгээний зардал гэсэн ойлголт 50%-аар нэмэгдсэн байхыг ойлгоно. Түүнээс урсгал зардал, хөрөнгө оруулалт, зээлийн төлөлт бус зөвхөн үйлчилгээний зардал гэсэн ойлголт байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Гаалийн тухай хуулийн 3.1.12-т гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг ойлгоно гэж заасан. Тиймээс хэрэгт ач холбогдолтой байх баримт буюу нүүрснээс бусад уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог боомтуудын зардал, тэр дундаа зөвхөн гаалийн бүрдүүлэлт хийхтэй холбоотой зардал нэмэгдсэн эсэх нь энэ хэрэгт ач холбогдолтой болохоос анхан шатны шүүхийн үнэлсэн гаалийн нийт алба, хорооны бүх төрлийн үйлчилгээний зардлын тооцоог авч үзэж байгаа нь хэрэгт ач холбогдолгүй. Дээрх заалтын дагуу Гаалийн байгууллагын ажилладаг зарчим нь хилээр нэвтрэн орж ирж буй тээврийн хэрэгслийг тээврийн програмд бүртгэн, шалгаж нэвтрүүлэн, ачилт хийлгэхэд нь хяналт тавьж мэдүүлэг хэвлэн баталгаажуулж, буцаад гарахад нь бүртгэн шалгаж гаргаж буй эдгээр үйлчилгээний зардлыг л тооцно гэсэн ойлголт гарч байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийдвэр гаргасан захиргааны актын зарим хэсгийг хүчингүй болгуулахаар хандсан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч МУУҮА ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, Д.Х нар давж заалдах гомдолдоо: Манай байгууллагаас ГЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр Үйлчилгээний хураамжийн хэмжээ тогтоох тухай тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсгийн Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийн хураамж хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхээс ГЕГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны явцад тайлбарлаж байсан зардал 258 хувиар нэмэгдсэн тул үйлчилгээний хураамжийг нэмсэн гэх үндэслэлийг баримтлан шийдвэрээ гаргасан байна.
Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасны дагуу хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан тогтоох хууль зүйн хязгаарлалтыг хууль тогтоогчоос анх хууль батлахдаа тогтоож өгсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргаж Гаалийн байгууллагаас гаргасан зардлын тайлан мэдээг шүүхэд гаргуулж өгөхийг хүссэн дагуу зардлын тайланг ирүүлсэн байдаг. Шүүхийн шийдвэрт дурдсаны дагуу Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын бараа, ажил үйлчилгээний нийт зардал 2008 онд 97 сая, 2013 онд 227 сая болж өссөн гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн АХ ХХК-иас ирүүлсэн санхүүгийн тайлангаас үзэхэд 2013 онд Бургастайн боомтоор хүдэр экспортлосоны хураамжид тонн тутмыг 1000 төгрөгөөр тооцон ойролцоогоор 2.7 тэрбум төгрөгийг төлсөн. 2013 онд тонн тутамд 1000 төгрөгөөр тооцон хураамж авахад Гаалийн байгууллагаас гарсан бодиттой зардлаас 10 дахин их хэмжээний хураамжийн орлогыг хуримтлуулсан байдаг. Гэвч Гаалийн байгууллагаас хураамжийн хэмжээгээ дахин 50 хувиар нэмэгдүүлсэн нь Гаалийн тухай хуулийн зардлыг харгалзан хураамжийн хэмжээг тогтоох хязгаарлалтыг зөрчиж, хууль бусаар шийдвэр гаргасан болох нь нотлогдож байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас баталсан хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам, бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг хэрхэн хийх талаар нарийвчилсан журмуудыг батлан мөрдүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа болон шүүх хуралдааны явцад Гаалийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрхэн баримталж ажиллаж байсан талаар ямар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс ч энэ талаарх нотлох баримтыг хэрэгт авах талаар ажиллагаа хийгээгүй атлаа шүүхийн шийдвэрт нөлөөллийн шинжилгээ хийсэн эсэх нь тогтоогдохгүй байна хэмээн орхигдуулж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Гаалийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Мэдүүлэгч гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж төлнө, 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан хураамжийн хэмжээг үйлчилгээний зардлыг харгалзан гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтооно гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд маргаан бүхий акт болох ГЕГ-ын даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/199 дүгээр тушаалыг эрх бүхий этгээд баталсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нар нь тухайн актыг ГЕГ-ын дарга гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй, харин гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамжийг үйлчилгээний зардалд үндэслээгүй, Хууль зүйн яамны дүгнэлтэд заасан зөрчлүүдийг засалгүй, яг хэвээр нь дахин баталсан гэсэн үндэслэлээр маргажээ.
1. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанаар Бургалтайн боомт нь 2013 онд 227 сая төгрөгийн зардалтай ажиллаж байхад АХ ХХК нь 2.7 тэрбум төгрөгийг үйлчилгээний хураамжид төлсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч талын дурдаж байгаачлан үйлчилгээний хураамжийн хэмжээг боомт тус бүрийн зардлыг харгалзан тогтоох боломжгүй байна гэж шүүх дүгнэв.
Учир нь, Гаалийн тухай хууль Монгол Улсын хэмжээнд нийтлэг үйлчлэх бөгөөд тухайлан нэг боомт, нэг компанид зориулан гаалийн үйлчилгээний хураамжийг тогтоох агуулгаар батлагдаагүй байна. Харин бүх боомтод нийтлэг үйлчлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг гаргах эрхийг Гаалийн тухай хуулиар ГЕГ-ын дарга олгосон байна.
Хэрвээ боомт тус бүрт ногдох зардлын хэмжээг харгалзан гаалийн үйлчилгээний хураамжийг харилцан адилгүй тогтоовол энэ нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн зөрчил болно. Өөрөөр хэлбэл, ижил төрлийн бүтээгдэхүүн аль боомтоор дамжин эскпортолж буйгаас хамаарч харилцан адилгүй үйлчилгээний хураамжийг төрийн байгууллагаас ногдуулж, өрсөлдөх адил тэгш боломжийг алдагдуулахаар байна.
Нөгөө талаар боомт бүрийн гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээ харилцан адилгүй тул бага бүтээгдэхүүн экспортлосон компанийн бүтээгдэхүүнд их үйлчилгээний хураамж ногдохоор байна. Тухайлбал, Бургалтайн боомтын зардал 227 сая төгрөг тул тус боомтоор жилдээ 1 тонн ачаа гарвал уг 1 тонн ачаа тутмаас 227 сая төгрөгийг үйлчилгээний хураамж, 10 тонн экспортонд гарвал 1 тонн ачаа тутмаас 2.27 сая төгрөгийн хураамж авахаар байна.
Иймд, ГЕГ-ын дарга аль боомтоор гаргаж буй, аль компанийн ачаа болох зэргийг харгалзахгүй, нийтлэгээр гаалийн үйлчилгээний хураамжийг тогтоосон нь зөв болжээ.
Түүнчлэн анхан шатны шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар ГЕГ-ын харъяа Гаалийн газар, хороодын 2008 оноос 2013 оны ажиллагчидтай холбогдсон зардал 169.4 хувиар, бараа, ажил үйлчилгээний урсгал зардал 86,8 хувиар, бусад бараа, ажил үйлчилгээний зардал 90,4 хувиар тус тус өссөн, түүнчлэн нүүрс болон нүүрснээс бусад уул, уурхайн бүтээгдэхүүн экспортлодог боомтууд дахь бараа, үйлчилгээний нийт зардал 2008-2013 онд 258.0 хувиар өссөн, үүний дотор Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын бараа, ажил, үйлчилгээний нийт зардал 2008 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 97.153.810,8 мянган төгрөг байсан бол 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 227.805.011,0 мянган төгрөг болж өссөн болох нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан ГЕГ-ын 2008-2013 оны эхний хагас болон жилийн эцсийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг харьцуулсан мэдээлэл, дотоод зурвас, зардлын талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.
2. Нэхэмжлэлийн Хууль зүйн яамны дүгнэлтэд заасан зөрчлүүдийг засалгүй, яг хэвээр нь дахин баталсан гэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Учир нь, өмнө нь ГЕГ-ын даргаас баталсан 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай А/83 дугаар тушаалаар Гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээний хураамж болон гаалийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г тогтоосон байх бөгөөд уг тушаалаар нэхэмжлэгчийн маргаж байгаа үйлчилгээний хураамж-ийн хэмжээг нэг тонн тутамд 1000 төгрөг байсныг 1500 төгрөг болгон нэмэгдүүлжээ.
Энэхүү тушаалыг Хууль зүйн яам бүртгээгүй болох нь тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан 1000 төгрөгийг 1500 болгон нэмэгдүүлсэн үндэслэлээр бус, харин хуулиар эрх олгогдоогүй төлбөрийн хэмжээ тогтоосон байсан тул бүртгэхээс татгалзжээ. Үүний дараа ГЕГ-ын даргаас энэхүү алдаагаа засварлаж хуулиар эрх олгогдсон үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож, төлбөр хэсгийг хасчээ.
Иймээс нэхэмжлэгч нарын өмнөх алдаагаа засалгүй дахин гаргасан гэх тайлбар үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч АХ ХХК болон МУУҮА ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч АХ ХХК болон МУУҮА ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР