Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 89

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цонхлон овогт Баасанжавын Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201626021048 дугаартай хэргийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Хабитатын 6-83 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Цонхлон овогт Баасанжавын Мөнхбаяр /РД:МЮ79031616/.

 

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушын 10 дугаар гудамжны 317а тоотод оршин суух В.Дуламсүрэнгийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж жаазтай бурхан, Самсунг нөүт-2 маркийн гар утас, Самсунг галакси эс-2 маркийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2,075,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 1-1 тоотод оршин суух Д.Уранчимэгийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж монетон ээмэг, бөгж, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 710,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээсээ гараад Толгойтын бага нарангийн гадуур явж байтал нэг авгай хаалгаа цоожлоод явахаар нь би хашааг нь давж ороод вакум цонхыг нь түлхэж ороод гэрээс нь монетон ээмэг, бөгж, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлийг аваад Хархорин зах дээр алт мөнгө авдаг ченжид 200,000 төгрөгөөр зараад найз руугаа Загалын Ган-Отгон гэж хүн рүү ярихад Телевизид байна гэхээр нь таксидаад очсон.

Ган-Отгон ажилд орно гээд явж байсан. Тэгээд замдаа Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушын 10 дугаар гудамжны 317а тоотод оршин суух В.Дуламсүрэнгийн гэр гаднаасаа цоожтой байсан. Тэгэхээр нь би Ган-Отгонд энэ айл руу орчихоод ирье гэхэд би хүн хараад байж байя гэсэн. Би уг айлын цонхоор нь ороод бурхан, мөнгөн аяга, хөөрөг, ээмэг, бөгж, 15,000 төгрөг, гар утас зэрэг эд зүйлүүд авсан.

Тэгээд Хархорин зах дээр гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг бөгж зэргийг зараад Драгон ороод Сэлэнгэ явах жижиг тэргэнд суусан. Сэлэнгэд тэр шөнөө очоод Энхтөгсийнд очоод 2 пиво уугаад 14-ний өглөө үүрээр Дарханд ирсэн. Тэгээд ломбарданд бурхан эд зүйлээ үзүүлж явж байгаад цагдаад баригдсан. Ган-Отгон тэр үед баригдаагүй үлдсэн гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч В.Дуламсүрэн мэдүүлэхдээ: “2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг болоод Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушын 10-317а тоотод байх гэрээсээ эхнэр Батчимэгийн хамтаар гэр явсан бөгөөд тухайн үедээ байшингаа түгжээд явсан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад гэртээ иртэл байшингийн гадна амбаарын цоож байхгүй байсан тул дүүг ирсэн юм болов уу гэж бодоод амбаараар ороход байшингийн хаалга цоожтой хажуу талынх нь жижиг цонх онгойчихсон хамгаалалт төмрийг нь хажуу талд нь аваад хаячихсан байсан тул шууд цагдаад дуудлага өгсөн. ...Бурханы гүнгэрваа буюу шилэн стенкний хаалга онгорхой дотор нь байсан бурханууд байхгүй болчихсон байсан. Мөн авдар дотор байсан монетон эрэгтэй бөгж 1 ширхэг, эмэгтэй бөгж 2 ширхэг, эмэгтэй хүний монетон 1 хос 2 ширхэг ээмэг, шинэ цагийн мөнгөн аяга, самсунг ноте-2 гар утас, самсунг галакси с2 гар утас, шинэ цагийн жижиг гартааман хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн жижиг халтар манан хөөрөг 1 ширхэг, бэлэн 15,000 төгрөг бурханы сударууд зэрэг эд зүйлс алдагдсан.

...Би алдагдсан эд зүйлсээсээ дараах эд зүйлийг бүрэн бүтэн хүлээж авсан. Үүнд:

  1. Бурхан судар 7 ширхэг уг сударуудаа би угаасаа үнэлэхгүй.
  2. Дөрвөлжин цагаан төмөр хүрээтэй бурхан 1 ширхэг /Бүжинлхам бурхан/ 200,000 төгрөг 
  3. Шаргал өнгөтэй /гуулин/ бурхан 3 ширхэг /том жижиг Манчир бурхан 2 ширхэг нийлээд 180,000 төгрөгийн үнэтэй. Нэг ширхэг гуулин бурханаа би анх байцаалт өгөхдөө оруулаагүй юм яагаад тэр бурханыхаа нэрийг мэддэггүй байсан юм. Тэгтэл уг бурханыг маань буцаагаад надад өгсөн би нэр нь мэдэгдэхгүй байгаа бурханаа үнэлэхгүй.
  4. Жижиг модон хүрээтэй бурхан 1 ширхэг /1 модон хайрцаганд 2 нийлээд 100.000 төгрөг/
  5. Жижиг дугуй бурхан 1 ширхэг /ногоон дарь эх бурхан/ уг бурханаа 150,000 төгрөгийн үнэтэй.
  6. Шар товч 6 ширхэг уг товчнуудаа би үнэлэхгүй бөгөөд цагдаад бас бүртгүүлээгүй байсан юм.
  7. Мөнгөн бөгж 1 ширхэг мөнгөн бөгж бас үнэлэхгүй гэж бодоод цагдаад бас бүртгүүлээгүй юм. Цаашдаа бас үнэлэхгүй.
  8. Гартаам хөөрөг 1 ширхэг уг хөөргөө 100,000 төгрөгөөр үнэлсэн.
  9. Халтар манан хөөрөг 1 ширхэг уг хөөргөө 100,000 төгрөгөөр үнэлсэн.
  10. Хөөрөгний дайлан 1 хөөрөгний дайлангаа бас үнэлэхгүй.

Би гомдолтой байна. Би алдагдсан нийт 2,075,000 төгрөгийн эд зүйлсээсээ 830,000 төгрөгийн эд зүйлсээ буцаан авсан. Би цаашдаа 1,245,000 төгрөгөө нэхэмжлэх болно” гэжээ. /хх 31-33, 162 хуудас/

 

            Гэрч Э.Энхтөр мэдүүлэхдээ: “Мөнхбаяр манайд 2016 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 03 цагийн орчим ирсэн. Тухайн шөнө Мөнхбаяр манайд ирэхдээ бага зэргийн согтолттой байсан бөгөөд уулзаагүй удсан учраас хамт архи пиво ууж нилээн юм яриад суусан ба Мөнхбаяр гэнэт л хот явах уу гэхээр нь би тэгье гэж хэлээд УБ хот руу бид хоёр таксинд суугаад явж байхад такси маань Дархан-Уул аймагт ирээд биржийн тэнд бид хоёрын сууж явсан такси зогссон ба Мөнхбаяр намайг машинаас бууя гэхээр нь би за гэж хэлээд машинаас буухад Мөнхбаяр надад гялгар ууттай юм бариулсан. Тэгэхээр нь би тухайн үедээ Мөнхбаярын өөрийн авч яваа эд зүйлс юм болов уу гэж бодоод бариад байж байтал цагдаа нар хүрч ирээд Мөнхбаяр бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэгээд тэнд гялгар ууттай зүйлийг задлахад дотор нь бурхан болон бурханы судар зэрэг эд зүйлс байсан. Тэгээд Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас гараад цагдаа нарын хамтаар УБ хотод ирсэн.

            Мөнхбаяр анх манайд ирэхдээ дээрхи гялгар ууттай зүйлийг авчирсан. Улаанбаатар хотруу явсан нь ямар нэгэн зорилго байхгүй бөгөөд архи уусан байсан учраас архины халуунд л явах гэж байсан байх” гэжээ. /хх 34-35 хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны 01/314 дугаартай дүгнэлтэд: 1. 2016 оны 4 дүгээр сарын 13-нд Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА10-317а тоотод хулгай орсон гэх хэргийн газраас илрүүлсэн 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гэх 3ш гарын мөр нь МN000720001213 дугаараар санд бүртгэгдсэн В.Дуламсүрэн /нр85082479/ баруун гарын эрхий хурууны болон зүүн гарын дунд, ядам хуруугаар, 1ш гарын мөр нь МN000720001212 дугаараар санд бүртгэгдсэн Х.Батчимэг /сб82030703/ баруун гарын долоовор дарагдсан байна” гэж дүгнэжээ. /хх 39-49 хуудас/         

           

            Хохирогч Д.Уранчимэг мэдүүлэхдээ: “манайх Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо бага нарангийн 1 дүгээр гудамжны 1-1 тоот хашаанд хувийн байшинд амьдардаг. ...2016 оны 4 дүгээр сарын 13-ны 10 цаг өнгөрөөгөөд гэрээ цоожилж хашааны хаалгаа хаагаад гарсан. Тэгээд 1 цагийн дараа буюу 11.40 минутын үед гэртээ ирээд үнсээ асгаад явж байсан. Манай вакум цонх онгорхой байсан. Тэгээд гэрт хулгай орсоныг мэдээд эд зүйлээ бүртгэж үзэхэд 2 мөнгөн аяга, 2 монетон ээмэг, хоёр монетон бөгж, нэг мөнгөн ээмэг, бөгж, гинжний хослол, хоёр ширхэг хөөрөг, нэг эмэгтэй хүний бугуйн цаг зэрэг зүйл алдагдсан байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан.

            ...Одоо 710,000 төгрөгийн хохирлоосоо 80,000 төгрөгийг хасаад 630,000 төгрөгөө нэхэмжилж байна. Харин хүүхдийнхээ хас хэлбэртэй кулоныг үнэлэхгүй” гэжээ. /хх 137-138,163 хуудас/

 

            Гэрч М.Хижигжаргал мэдүүлэхдээ: “Манай гэрт 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хулгай орсоныг тэр өдөр утсаар сонссон. Манай гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг монетон ээмэг, хоёр ширхэг монетон бөгж, хоёр ширхэг хөөрөг, нэг мөнгөн ээмэг, бөгж, зүүлтний хослол, манай эхнэрийн бугуйн цаг алдагдсан байсан” гэжээ. /хх 139-140 хуудас/

             

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6 хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх 19 хуудас/

Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24 хуудас/

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27, 29-30 хуудас/

            Шүүгдэгч Б.Мөнхбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73 хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76 хуудас/

                        Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 160, 161 хуудас/

Хохирлын тооцоо /хх 167-168 хуудас/

            Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 159 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 05-ны 17 дугаартай шийтгэх тогтоол, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 05-ны 68 дугаартай шийтгэх тогтоол, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоол /хх 78-79,82,84,85-89,91-93, 96-99 хуудас/

            Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх 118-120, 121 хуудас/

            Гэрэл зургийн үзүүлэлт /хх 122-124 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх 134 хуудас/ зэрэг болон хавтаст хэрэг дэх бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Мөнхбаяр нь ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушын 10 дугаар гудамжны 317а тоотод оршин суух В.Дуламсүрэнгийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж жаазтай бурхан, Самсунг нөүт-2 маркийн гар утас, Самсунг галакси эс-2 маркийн гар утас, мөнгөн аяга, монетон ээмэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 2,075,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 1-1 тоотод оршин суух Д.Уранчимэгийн өвлийн байшингийн вакум цонхоор нэвтрэн орж монетон ээмэг, бөгж, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 710,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

            хохирогч В.Дуламсүрэн /хх 31-33, 162/, Д.Уранчимэг /хх 137-138, 163/, гэрч Э.Энхтөр /хх 34-35/, М.Хижигжаргал /хх 139-140/ нарын мэдүүлэг

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 16-ны 01/314 дугаартай дүгнэлт /хх 39-49/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-6, 118-120, 121/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-8, 122-124/, эд зүйлийн үнэлгээ /хх 19, 134/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 21-24/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27, 29-30/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 73/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 76/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 160, 161/, хохирлын тооцоо /хх 167-168/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон тул шүүгдэгч Б.Мөнхбаярыг ялтай байхдаа давтан үйлдлээр шунахай сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбаяр “хохирогч В.Дуламсүрэнгийн Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушын 10 дугаар гудамжны 317а тоотод гэрийн эд зүйлийг Загалын Ган-Отгон гэгчтэй хамтран үйлдсэн” гэх боловч хавтаст хэрэгт уг хүний талаар огт дурдаагүйгээс бусадтай бүлэглэсэн гэх шүүгдэгчийн мэдүүлэг бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаярын цагдан хоригдсон 130 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдлаа.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярын нэр хөрөнгөөс 1.875.000 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-10 дугаар гудамж 317а тоотод оршин суух Бэрх овогт Ваанчигийн Дуламсүрэн /РД:НР85082479/-д 1.245.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 1-1-1 тоотод оршин суух хохирогч Боржигон овгийн Дэнцэлийн Уранчимэг /РД:НИ78112902/-т 630.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цонхлон овогт Баасанжавын Мөнхбаярыг ялтай байхдаа давтан үйлдлээр шунахай сэдэлтээр бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Цонхлон овогт Баасанжавын Мөнхбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярын цагдан хоригдсон 130 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхбаярын нэр хөрөнгөөс 1.875.000 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-10 дугаар гудамж 317а тоотод оршин суух Бэрх овогт Ваанчигийн Дуламсүрэн /РД:НР85082479/-д 1.245.000 төгрөгийг, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 1-1-1 тоотод оршин суух хохирогч Боржигон овгийн Дэнцэлийн Уранчимэг /РД:НИ78112902/-т 630.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар эд зүйл хураагдаж ирээгүй, иргэний бичиг баримт хавсаргаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ