Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0784

 

 

 

2020          12           16                                      128/ШШ2020/0784    

          

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ИЕ" ХХК /РД:.... /

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд.

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1... дугаар тушаалыг хүчингүй болгуулах [1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, С.Ү , гэрч Д.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1... дугаар тушаалыг хүчингүй болгуулах.

 “ИЕ” ХХК 2019 оны 06 дугаар сарын 11-ний 2019/81/0... дугаартай Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус зөвшөөрлийн дагуу холбогдох хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагааг явуулж ирсэн.

    Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1... дугаар тушаалаар “ИЕ" ХХК-ийн 2019/81/085 дугаартай тусгай зөвшөөрлийг “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн, иргэнийг хууран мэхэлсэн, эрх ашгийг нь хохироосон" гэх үндэслэлээр цуцалсан. Дээрх шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сонсох ажиллагааг хийж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг шууд цуцалжээ.

    Тус компани нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж, үйл ажиллагаа явуулах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй бөгөөд учир шалтгааныг судалж үзэхэд өөр тусгай зөвшөөрөл эзэмших “АХС” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын улмаас манай компанийн тусгай зөвшөөрлийг андуурч цуцалсан байна.

    Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/1732 дугаар албан бичгээр мэдэгдэл ирүүлэхдээ Д.Т  гэх иргэний гомдлоор манай тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар дурджээ.

    Гэтэл “ИЕ" ХХК нь уг иргэн Д.Т-тай тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор ямар нэгэн харилцаанд орж, гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй болно. О.Ч нь “АХС ” ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээг байгуулсан байх бөгөөд тус гэрээний үүргээ биелүүлсэнгүй гэх үндэслэлээр түүний ээж Д.Т-ын гаргасан гомдлын дагуу арга хэмжээ авахдаа “ИЕ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хуульд нийцэхгүй байна. Д.Т нь Н.О ээж гэх боловч түүнийг төлөөлөх эрхгүй, хуульд заасан итгэмжлэлгүй. Нөгөөтэйгүүр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тусгай зөвшөөрлийг цуцлахдаа гомдол гаргагч этгээдийн эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж буйг сонсох ажиллагаа хийж шалгаж тогтоолгүйгээр буруу буюу “АХС ” ХХК-ний үйл ажиллагаатай холбогдуулан “ИЕ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг андуурч цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

    Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/145 дугаар тушаалыг хүчингүй болгож, “ИЕ” ХХК-ний Монгол Улсын иргэдийг Япон Улс (ур чадварын дадлагажигч)-д хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/145 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. “ИЕ” ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр анх 2016/44 дугаартай Монгол Улсын иргэдийн Гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг авч тус чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаад 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шинэчилж олгож, сунгалт хийлгэж авсан. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2019/81/085 дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон. Тусгай зөвшөөрөл олгогч болон тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд анх гэрээ байгуулсан. 2016 оны тусгай зөвшөөрөл олгохдоо гэрээг байгуулдаггүй байсан. Гэрээ байгуулаагүйгээс гадна тусгай зөвшөөрлийг доор бичигдэж байгаа санамж гэдэг хэсэг 2016 оны тусгай зөвшөөрөл дээр байгаагүй. Ингээд манай тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Н.О манай компанийн сургалтад сууж, гадагшаа явах сонирхолтой байгаагаа илэрхийлж уулзсан. Тухайн Н.О-д Япон улсад хөдөлмөр эрхлэх талаар мэдээлэл өгөхөд зөвшөөрч манай компанийн сургалтад суусан. Гадагшаа явуулдаг компани нь сургалтад сууж байгаа хүүхдүүдээ өөрсдийн боломжоороо гэрээ байгуулдаг. Н.О-тай “АХС” ХХК нь ярилцсан тохиролцсоны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Япон Улсад хөдөлмөр эрхлэх тухай гэрээ байгуулсан. Ингэхдээ Н.О-ны ээж нь О.Т захирлын данс руу төлбөрийг шилжүүлсэн байсан. Мөнгийг манай компани руу шилжүүлсэн даруй гэрээ хийсэн компани болох “АХС” ХХК-ийн данс руу шилжүүлсэн... Манай компани тусгай зөвшөөрөлд заасан үүргээ зөрчөөгүй байтал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/145 дугаар тушаалаар манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Манай компани тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг ноцтой зөрчсөн зүйл байхгүй ба шалгаж тогтоосон зүйл байхгүй. Хоёрт, хариуцагч иргэнийг хууран мэхэлж эрх ашгийг хохироосон гэж тайлбарлаж байна. “ИЕ” ХХК иргэнийг хууран мэхэлж, хохироосон учир шалгуулахаар Цагдаагийн газарт өгөхөд иргэнийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй гээд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 930 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэл нээхээс татгалзсан. Ингээд ноцтой гаргасан зөрчилгүй, хэн нэгэн этгээдийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9-д “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа алдагдахад хүргэсэн, зуучлах зөвшөөрөлд заагдаагүй оронд дур мэдэн ажиллах хүч гаргасан, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана” гэж зааснаар манай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд манай компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож эрх ашгийг хөндсөн тул тус тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа[2]: “Сонсох ажиллагааны тухайд: Иргэн Д.Т-аас 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус яаманд хандаж ирүүлсэн өргөдөлд “ИЕ” ХХК-д хүү Н.О-г Япон Улсад хөдөлмөр эрхлүүлэхээ зуучлал бусад зардалд нийт 8 сая төгрөг, сургалтын зардалд 540.000 төгрөг төлж өнөөг хүртэл яваагүй, зохих арга хэмжээг авч өгөхийг хүссэн. Өргөдөлд мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганы хуулбаруудыг хавсаргаж ирүүлсэн болно.

    Энэ дагуу тус яамнаас нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7/62 дугаар “өргөдөл шийдвэрлүүлэх тухай” албан тоот мэдэгдлийг “ИЕ” ХХК-д хүргүүлсэн. Уг албан тоотыг “ИЕ” ХХК-ийн тус яаманд бүртгэлтэй утсаар мэдэгдэж, нэхэмжлэгч хүлээн авсан. Мэдэгдэлд яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага хооронд байгуулсан захиргааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хуульд заасан үндэслэлээр цуцлах тухай мэдэгдэж, авсан арга хэмжээний тухай тайлбар мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн дотор эргэж мэдэгдэхээр хүргүүлсэн. Энэ дагуу “ИЕ” ХХК-иас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Өргөдлийн хариу” гэсэн албан тоотоор “иргэн Д.Т-ын хүү Н.О-г “АХС ” ХХК нь зохих журмын дагуу сургалтад хамруулж ажлын байрны гэрээг хийж, өнөөг хүртэл хүлээн авагч байгууллагын зүгээс хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн нь үнэн болно. Иргэн Д.Т-тай өргөдлийн дагуу уулзаж асуудлыг шийдэх гэсэн боловч үл ойлголцол гарсны улмаас шийдвэрлэх боломжгүй болсон, Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчилгээнд богино хугацаанд явж ирэх шаардлагатай байгаа тул эргэн ирээд эцэслэн шийдвэрлэх болно” гэсэн тайлбар ирүүлсэн.

    Улмаар иргэн Д.Т-аас 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд дахин хандаж өргөдөл ирүүлсэн бөгөөд, иргэний хохирлыг барагдуулаагүй, яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд байгуулсан гэрээний дагуу иргэнийг мэдээллээр хангаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байсан тул тус яамнаас Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 7/162 дугаар бүхий албан тоотоор иргэний асуудлыг шилжүүлж, шалгуулах хүсэлт явуулсан.       

    Мөн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 7/1233 дугаартай албан тоотоор “ИЕ” ХХК-д арга хэмжээ авах, шийдвэр гаргах эрх зүйн үндэслэл, нөхцөл байдлын тухай мэдэгдэж, сонсох ажиллагааг дахин албан бичгээр хүргүүлж, тайлбар ирүүлэх хангалттай боломжит хугацааг олгосон. Уг албан тоотыг “ИЕ” ХХК-аас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан.

    Дээрх сонсох ажиллагааны талаар нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн тайлбар ирүүлээгүй болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан сонсох, ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг мэдэгдээгүй гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна.

    Хоёр. Зөрчил гаргаж байгаагүй, өөр тусгай зөвшөөрөл эзэмшигч “АХС ” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлын улмаас манай компанийн тусгай зөвшөөрлийг андуурч цуцалсан гэх тухай:

    Иргэн Д.Т-ын өргөдөлд “ИЕ” ХХК-аар Япон Улсад зуучлуулах хүсэлт гаргаж, урьдчилан зуучлалын хураамж төлсөн боловч зуучлахгүй байгаа, цалингийн зээлтэй, хэзээ явах нь тодорхойгүй байгаа зэрэг асуудлаар яаманд хандсан. Үүний дагуу “ИЕ” ХХК-аас уг асуудлыг тодруулах, яам тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага хооронд байгуулсан гэрээг мөрдөх, хууль тогтоомжийг биелүүлэхийг мэдэгдэхэд тус байгууллага асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж, яаманд хариу ирүүлсэн.

    Мөн “ИЕ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яаманд хандан иргэн Н.О-ны талаар баталгааны бичгийг тус яамнаас авч байсан. Иргэн Д.Т 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хохирлоо барагдуулж өгөх талаар тус яаманд 3 дахь удаагаа өргөдөл ирүүлсэн байна. Иймээс Н.О-ыг Япон Улсад зуучлах асуудал “ИЕ” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй, яамнаас тусгай зөвшөөрлийг андуурч цуцалсан гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг олгодог. Мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хуч мэргэжилтэн авах тухай хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар “аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох” эрхтэй.

    Анх “ИЕ" ХХК нь 2016 оны 04 дүгээр сард Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг Хөдөлмөрийн яамнаас 2 жилийн хугацаатай олгосон байдаг. “ИЕ” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан бөгөөд тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/199 дугаар тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. Энэ хугацаанд “ИЕ” ХХК нь 3 иргэнийг Япон Улсад зуучилсан.

    Тус яамнаас “ИЕ” ХХК-нд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 7/62, 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 7/1233 дугаартай албан тоотуудаар Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд иргэдээс зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр авахыг хориглодог зохицуулалтыг сануулж, хууль биелүүлэхийг мэдэгдсэн. Мөн “ИЕ” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус яамтай хийсэн 3/286 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний 3.4-т “Гадаадад ажилд зуучлахаас өмнө урьдчилан зуучлалын хураамж, эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, барьцаа хөрөнгө авахыг хориглох бөгөөд иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх, мөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг"-ийн дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж, үйлчилгээгээ хууль тогтоомжийн хүрээнд холбогдох журам, удирдамж, стандартыг мөрдөн чанартай явуулах, иргэдийн эрх ашгийг хохироохгүй байх, зөрчил илэрсэн тохиолдолд арилгах арга хэмжээ авах, 4.3-т Гадаадад ажиллах зөвшөөрөл, виз гараагүй байхад үйлчлүүлэгчээс төлбөр хураамж авсан, тусгай зөвшөөрлийг ашиглан залилан мэхэлсэн зэргээс үүдсэн хохирлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүйг мэдэгдэж ажилласан.

    Түүнчлэн дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрээний 4.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний холбогдох зүйл заалт зөрчигдсөн гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгогч нь зөвшөөрлийг хүчингүй болгон хохирлыг барагдуулах шаардлага тавих”, мөн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6.9 дэх заалтыг үндэслэн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллах тухайгаа мэдэгдсэн.

    Тус яамнаас олгодог Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр иргэдийг хохироохгүй байх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тусгайлан “Санамж” байршуулдаг. Үүнд:  Тусгай зөвшөөрөл нь эх хувь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ... оны тоот тушаал болон гэрээний хамт хүчинтэй, Тусгай зөвшөөрөлтэй энэхүү байгууллага иргэдээс гадаадад ажилд /дадлагажигчаар/ зуучлагдахаас нь өмнө урьдчилан зуучлалын хураамж, төлбөр, барьцаа мөнгө авахыг хориглоно, Гадаадад ажиллах зөвшөөрөл, виз гараагүй байхад төлбөр хураамж төлснөөс үүдсэн хохирлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй болно.

    Мөн “ИЕ” ХХК-д Япон улсад ур чадварын дадлагажигч зуучлах тусгай зөвшөөрлийг ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6.9-ийн “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа алдагдахад хүргэсэн, зуучлах зөвшөөрөлд заагдаагүй оронд дур мэдэн ажиллах хүч гаргасан, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана” гэсэн үндэслэлээр хүчингүй болгох тухай мэдэгдэж ажилласан болно.

    Улмаар “ИЕ" ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус яамтай хийсэн 3/286 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ”-ний үүргээ биелүүлээгүй, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хуч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6.9-ийн Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, тэдний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн болон эрүүл мэндийн баталгаа алдагдахад хүргэсэн, зуучлах зөвшөөрөлд заагдаагүй оронд дур мэдэн ажиллах хуч гаргасан, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.2-г  тус тус  үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ний А/145 дугаар тушаалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1... дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл бүхий, эрх зүйн зөрчилгүй захиргааны акт болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өмнө нь бичгээр өгсөн тайлбарыг дэмжиж байна. Хоёр удаа бичгээр сонсох ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсний маргааш шийдвэр гаргаагүй 4 сарын дараа иргэний ирүүлсэн гомдол шийдвэрлэгдэхгүй, хохирсоор байсан учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмаар явуулсан.

Хоёрдугаарт, гэрчийн мэдүүлгээс өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дээр цугларсан нотлох баримт, тушаалыг гаргахад тогтоогдсон нөхцөл байдлаар тушаалыг гаргасан. Мөн өнөөдрийн гэрчийн мэдүүлэг болон “АХС” ХХК-аас өгсөн тайлбар нотлох баримт, нэхэмжлэгчийн хэлж байгаа тайлбаруудаар тухайн нэхэмжлэгч компани Д.Т-ын хүүхэд Н.О-ыг Япон Улсад зуучилна гэж 8 сая төгрөгийг авсан гэдэг нь тогтоогдож байна. Сургалтад суулгасан атлаа зуучлах үйл ажиллагааг явуулж чадаагүй. Үүний улмаас Д.Т болон бусад этгээдэд 8 сая төгрөг болон зээлийн хүүгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Тусгай зөвшөөрөл анх авахдаа “ИЕ” ХХК нь зуучлалын хураамжийн хэмжээгээр тогтоож өгсөн. Дараа нь өөрчилсөн тухай бүр мэдэгдэж өгдөг. Иргэнээс 4 сая орчим төгрөгийн төлбөр авна гэсэн баримтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд өгсөн. Үүнийг дагаж мөрдөх ёстой ба өөрчилж байгаа бол тухай бүр мэдэгдэх ёстой. Иргэнийг хохироохгүй байх гэдэг нийтийн ашиг сонирхлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам барьж ажиллаж байгаа. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуулийн 4.1.2, 6.9 дахь заалтууд байгаа. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой иргэдээс олон өргөдөл гомдол ирж байна. Зарим газар иргэдийг олноор нь бүртгээд хохирол учруулсан, залилангийн хэрэг үүсгээд явж байгаа хэрэг олон гарч байгаа учир тусгай зөвшөөрлийн талаар Захиргааны гэрээ байгуулсан. Үүний дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээ дээр санамж байршуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа сүүлд нь гэрээ байгуулсан атлаа түүнээс өмнөх харилцаан дээр баримталж байна гэж хэлсэн. Гэрээний нөгөө тал гарын үсэг зурсан, гэрээний нэг тал хүлээн зөвшөөрсөн, одоо хүчин төгөлдөр гэрээнд гэрээ байгуулснаас хойших асуудлыг гэрээгээр зохицуулаагүй. Иргэдийг хохироогүй байгаа, өмнө нь алдаа, зөрчил гаргасан бол түүнийг арилгах үүргийг гэрээнд тусгай өгсөн. Үүнийг уншиж танилцаагүй гэхэд боломжгүй Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас авч байгаа тусгай зөвшөөрөл бөгөөд хүн гадаад руу гаргаж байгаа чухал асуудал юм. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөлтэй, өөрөө бие даан Япон улс руу дадлагажигчаар ажиллах хүч гаргах дадлагажигч хүч илгээх чиг үүргийг хүлээсэн. Өөр тусгай зөвшөөрөлтэй байгууллагад хүнийг олж өгөх гэж ярьж байгаа нь ойлгомжгүй. Манай хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн харилцаа биш юм. Тэр компанид нь итгэж очоод гэрээ байгуулж байгаа бол зуучлагчтай гэрээ байгуулах үүрэг байгаа. Энэ үүнийг зөрчиж иргэнээс 8 сая төгрөгийг нэг жилийн өмнө аваад одоо хүртэл хохирлыг барагдуулахгүй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ хүнийг хохиролгүй болго гэдэг асуудлыг тавьж мэдэгдэл хүргүүлсний дараа хангалттай хугацаанд хүлээсэн. Бид тусгай зөвшөөрөл олгож байгаа бол түүнд хяналт тавих үүрэгтэй, зөрчил гарсан бол таслан зогсоох ёстой. Энэ нь нийтийн ашиг сонирхлын төлөө явж байгаа учир бид шийдвэрээ гаргасан. Иймд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай хуульд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд анх хүсэлт гаргахдаа зуучлалын хураамж, зуучлалын хураамжийн задаргаа, түүнийг тогтоосон шийдвэрийг баримт бичигтэй хавсаргаж ирүүлдэг. Тэр баримт бичгийн хавсралтад “ИЕ” ХХК 2016 онд тусгай зөвшөөрөл авахдаа 4.250.000 төгрөгөөр тогтоосон. Энэ зуучлалын хураамжийг нэхэмжлэгч компани 4.250.000 төгрөгөөр зуучилна талаар тухайн материалд ирүүлсэн.  Гэхдээ Япон Улсад одоо ур чадварын дадлага илгээх гэж байгаа компаниуд Япон талын нийгэмлэгтэй байгуулж байгаа гэрээнд тухайн иргэний тээврийн зардал зэргийг хүлээн авч байгаа ажил олгогч хариуцахаар заагдсан байдаг. 2017 онд тухайн үеийн сайдын тушаалтай хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яам хийсэн байдаг. Энэ үнэлгээний материалд нэхэмжлэгчийн зуучлалын хураамж 2.000.000 төгрөг гэж тус яаманд мэдэгдэж байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх “ИЕ" ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/145 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч[3], 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгчээс манай компани тусгай зөвшөөрөлд заасан үүргээ зөрчөөгүй байхад маргаан бүхий захиргааны актаар манай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь үндэслэлгүй. Тодруулбал, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн, иргэнийг хууран мэхэлсэн, эрх ашгийг нь хохироосон үйлдэл гаргаагүй гэж, хариуцагчаас нэхэмжлэгч компани нь иргэнийг Япон улсад ур чадварын дадлагажигчаар зуучилна гэж мөнгө аваад зуучлаагүй, иргэнийг хууран мэхэлсэн, иргэнд хохирол учруулсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх үйлдэл нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн үйлдэлд хамаарах тул маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлтэй гэж тус тус маргажээ.

            Нэхэмжлэгч “ИЕ" ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл сунгах тухай” А/199 дүгээр тушаалаар Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучлах тусгай зөвшөөрлийг хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгуулж, 2019/81/085 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авчээ[4].

            Нэхэмжлэгчийг дээрх тусгай зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсын иргэдийг Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучлах үйл ажиллагаа явуулж байхад нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн, иргэнийг хууран мэхэлсэн, эрх ашгийг нь хохироосон үйлдэл гаргасан гэж үзэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/1... дугаар тушаалаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ[5].

            Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл “Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох”, 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйл “Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх”, 4.1-д “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 4.1.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, ... хүчингүй болгох”, 6 дугаар зүйл “Ажиллах хүч гадаадад гаргах”, 6.9-д “Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага нь иргэнийг хууран мэхэлсэн, ... зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг байгууллагын зуучлах зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана” гэж тус тус заажээ.

            Хуулийн заалтуудын агуулгаас үзвэл, Монгол Улсын Засгийн газрын гишүүн болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд нь иргэнийг хууран мэхэлсэн, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэргээр иргэний эрх ашгийг хохироосон ноцтой зөрчил гаргасан гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах зөвшөөрөл авсан байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байна.

            Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “ИЕ" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Т  нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Т-аас түүний хүү Н.О-ыг нь Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучилна гэж 8.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 50078.... тоот дансанд шилжүүлж авсан нь баримтаар тогтоогдож байна[6].

            Нэхэмжлэгчийн манай компани иргэн Д.Тын хүү Н.Оыг Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучлах талаар иргэн Н.Отай гэрээ байгуулж, үүрэг хүлээгээгүй. Иргэн Н.О нь “АХС ” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд иргэн Д.Т-аас орж мөнгийг тухайн өдөрт нь “АХС ” ХХК-ийн захирал П.Б-ын данс руу нь шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

            Тодруулбал, нэхэмжлэгч “ИЕ" ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Т  нь иргэн Д.Т-аас 8.000.000 төгрөг орж ирсэн өдөр нь буюу 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “АХС ” ХХК-ийн захирал П.Б-ын Хаан банкин дахь 5109... тоот дансанд 4.400.000 төгрөгийг “Б, О ” гэсэн утгатайгаар шилжүүлсэн байх боловч “АХС ” ХХК-ийн захирал П.Б-ын шүүхэд гэрчээр өгсөн тайлбар, хэрэгт авагдсан банкны шилжүүлгийн баримт зэргээс үзвэл иргэн Н.О-ны зуучлалын гэрээний төлбөрт нэхэмжлэгч компанийн захирал О.Т-аас 2.200.000 төгрөгийг “АХС” ХХК-ийн захирал П.Б  руу шилжүүлсэн байх боловч эргээд өөр иргэний гэрээний төлбөрт суутгуулан буцааж авсан болох нь тогтоогдож байна[7].

            Мөн нэхэмжлэгч “ИЕ" ХХК нь нийт 4.201.000 төгрөгийн хураамжтайгаар зуучлалын үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан байх бөгөөд [8] иргэн Д.Т-аас түүний хүү Н.О-ыг нь   Япон Улсад ур чадварын дадлагажигчаар зуучлан явуулж өгнө гэж 8.000.000 төгрөгийг аваад одоог хүртэлх хугацаанд Н.О-ыг зуучлан Япон Улсад явуулж өгөөгүй, мөн авсан мөнгө өө буцааж өгөөгүй байгаа зэрэг үйлдэл нь иргэнийг хууран мэхэлсэн, зуучлах үйл ажиллагаанаас өндөр ашиг олох зорилгоор үндэслэлгүй үнэ тогтоосон зэрэг үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.

            Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдсан асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Өргөдөлд шийдвэрлүүлэх тухай” 7/62 дугаартай, 2020 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 7/1233 дугаартай албан бичгүүдийг нэхэмжлэгч “ИЕ" ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тухайн албан бичгүүдэд дурдсан асуудлаар арга хэмжээ аваагүй, хариу тайлбар зэргийг хүргүүлээгүй байх тул  нэхэмжлэгчийн маргаан бүхий захиргааны актын гаргахдаа хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийж, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олголгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх тайлбар нь мөн үндэслэлгүй байна.

            Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ИЕ" ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1...  дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ИЕ" ХХК-иас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/1... дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      С.ГАНБАТ

 

 

        

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 85-86, 121-124 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 154 дүгээр хуудас