| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2022/0085/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/107 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0085/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Л-ийн Б т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2218000000043 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 сарын 09-ний өдөр хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л-ийн Б /РД: .......... /, ..... оны ..... дүгээр сарын ..... -ны өдөр ........ аймгийн ..... суманд төрсөн, ... настай, эрэгтэй дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, “Д д с ТӨХК-ийн Т цехийн засва..... тоотод оршин суух хаягтай, урьд
...... аймаг дахь сумд дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 06 сарын хугацаатай хорих ял шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.А г 2021 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны гадна түлхэж унагасан,
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Россия байрны 02 тоотод нүүрэн тус газар нь цохиж үснээс нь зулгаан бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...2021 оны 12 сарын 10-ны өдөр манай ажлынхан болон би шагнуулаад шагналаа тэмдэглэх гээд 6 цагийн үед хоолонд орсон. Нийт 18-19 залуучууд гарсан. Хоолоо идчихээд бид нар караоке орсон. Ажил тарснаас хойш А байн байн залгаад, мессеж бичээд байсан. Хурдан ир, хаана хэнтэй яваад байгаа юм гээд 5 цагаас оройны 11 цаг хүртэл хардаж сэрдээд видео дуудлага хийгээд залгаад байсан. 11 цагийн үед А гаас чи ирэхгүй бол би Ч гийнд очиж хонолоо. Өөр яриад байх юм байхгүй гээд мессеж ирсэн. Тэгэхээр нь би ажлынхандаа найз нь одоо явахгүй бол болохгүй нь гээд 11 өнгөрөөгөөд гарсан. Тэгээд шууд Ч гийнх рүү очсон. Намайг ороход тэр хоёр том пиво гурав, дөрвийг уучихсан нэлээн согтуу байсан. Халууцаад хувцсаа тайлсан чинь А хардаад чи хэндээ наад бие хаагаа гайхуулах гээд байгаа юм гээд хардаад уурлаад хэрүүл өдөөд байсан. Тэгээд тэнд байсан аяга таваг шидээд намайг цохисон. Тэгсэн Ч уурлаад та хоёр битгий гэрт хэрэлдээд бай гэр рүүгээ яв гэсэн. Тэгээд явах гэтэл А хэрүүл хийгээд, над руу орилж чарлаад толгой нүүр рүү цохиж нүдээд дээрээс дэвсээд байсан. Тэгээд би гараад явсан. Ийм л зүйл болсон. 2021 оны 10 дугаар сард гэртээ хүүхэдтэйгээ байж байтал Азаа манай найз дуудаад байна. Би гарч 30 минут болчхоод ирье гээд гарсан. 30 минут нь өнгөрлөө. 2, 3 цаг болоод шөнө орой болчихсон. Араас нь залгаад хаана байна гэсэн чинь ойрхон Цацрал пабад байна гэсэн. Тэгэхээр нь орсон чинь 2 найзтайгаа архи уучихсан байсан. Өнөрөө гээд найз нь найз залуутайгаа А энэ гурав байсан. Тэгээд би ганц цаг болчхоод ирнэ гэсэн шөнө орой болчихлоо оръё гэсэн чинь орохгүй гээд хэрэлдээд байсан. Тэгэхээр нь орхиод түрүүлээд явсан. Гарч яваад хэрүүл хийгээд байхаар нь нуруу орчим руу нь өшиглөсөн. Тэгээд би гэр рүү түшиж оруулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Манай хүн хартай. Зүгээр байлгахгүй байнгын харддаг. А гийн эрх чөлөөнд халдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж эмэгтэй хүнд гар хүрэхгүй. Мөн би А гаас 4 сая төгрөг аваагүй. Одоо А бид хоёр тусдаа амьдарч байгаа. Өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.А гийн мэдүүлсэн: “Б нь угаасаа худалч хүн. Сая хүртэл зөндөө худлаа ярьж байна. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би хардаагүй. Энэ өөрөө намайг аймаар харддаг. Найзуудтайгаа уулзах гэж гарахдаа зөвшөөрөл авна. Тэгээд ганц хоёр цаг болонгуут араас залгаад хардаж хэрүүл болдог. Танилцсанаас хойш үргэлж гар хүрдэг, далайдаг. Ээж нь бид хоёрын амьдралд байнга оролцдог. Намайг нэг хүүхэдтэй гэж их дарамталдаг. Б нялх хүүхэд шиг ээжийнхээ үгнээс гардаггүй, яг ээжийгээ дуурайсан. Өөрийн гэсэн үзэл бодолгүй, ааштай, ууртай, хэрүүлч, түрэмгий байнга хэрүүл өдөж хатгадаг. Ажлаас ирээд л хэрүүл хийдэг. Хэрэлдэхгүй гээд хичээгээд аль болох дуугүй байдаг. Эдний ажлынхан болох Дулааны станцынхан маш их гарч орж ууцгаадаг.Би байнга чөлөөтэй явуулдаг юм. Тэгээд сүүлд зодоход хардсан барьсан зүйл байхгүй. Ажлаасаа ирэхдээ л хэрүүл хийгээд байсан. Би за яршиг гээд тэвчээд байсан. Манай найз яриад дуудахаар нь гэрийнхээ гадаа ганц цаг юм ярьж байгаад ойрхон Цацрал гээд пабад орсон. Би архи дарс бараг уугаагүй байсан. Тэр хооронд байн байн залгаад байсан. Тэгээд би гэрийн хажууд Цацралд байна, ийшээ ороод ир ээ гэж хэлсэн. Гаднаас орж ирэнгүүтээ орилж чарлаад элдвээр харааж эхэлсэн. Манай найз руу орилоод нийлж уулаа барьсан гээд тэгээд миний нүүр рүү мангастаад уурласан. Тэгээд би чи хэрүүл хийх гэж орж ирсэн юм бол гар гэсэн. Тэгээд би нөхрөө хөөгөөд гаргачихсан болохоор санаа зовоод хоёр найздаа явлаа гэж хэлээд араас нь гарсан. Байрны гадаа над руу янз бүрээр орилсон. Тэгээд би гэрт ороод 2 хүүхдийн хажууд хэрүүл хийнэ байх гэж бодоод би орохгүй дэлгүүр орчхоод орно гэж байтал араас нуруу руу өшиглөсөн.Нуруу татаад уначихсан. Би босож чадахгүй Б түшээд босгосон. Үргэлж зоддог, гар далайдаг, түргэн ааш зантай. Сүүлд салсан байхдаа хүртэл салж чадахгүй. Байнга манайхаар эргэлдээд, уучлаарай, хүүхдээ бодоод эвлэрье гэдэг байсан. Орой үдэш согтуу хөлчүү ирдэг байсан. Хардаж хэрүүл байнга хийдэг. Сүүлд 1 жил тусдаа байхдаа нэг найз залуутай болчихсон. Утсаар харилцдаг байсан. Тэгтэл орой ирээд хаалга нүдэхээр нь би айгаад утсаа унтраагаад хувцсан дундаа нуусан байсан. Гэрт орж ирчхээд чи ямар утастай байгаа юм бэ гэхээр нь би утас ерөөсөө барихгүй байгаа гэсэн. Гэтэл утас хайж байгаад хувцсан дундаас утас олоод намайг шөнөжин зодсон. Дараа нь уучлал гуйна, үр хүүхдээ бодъё гээд өвдөг сөгдөнө, нэг бол амиа хорлоно гэж айлгаж сүрдүүлнэ. Олон салж нийлсэн. Тэгээд за үнэхээр үр хүүхдээ бодож байгаа засрах байх гэж бодоод нийлсэн гэвч засраагүй дахиад л надад гар хүрсэн. Маш их гомдолтой байна. Үнэн нотлогдох байх гэж бодож байна. Нэхэмжилж байгаа зүйл гэвэл өмнө нь салахдаа ажил хийж хадгалсан 4 сая төгрөг. Б хааяа зээлээд буцаагаад өгье гээд авдаг байсан. Мөн үр хүүхдэдээ зарцуулахдаа өөрөө мөнгөгүй болохдоо надаас мөн авсан. Сүүлд амралтад явахдаа ч надаас мөнгө авсан. Хэргийг прокурорын шатанд байхад эмчилгээний төлбөрт 1 сая төгрөг дансаар авсан.” гэв.
Эрүүгийн 2218000000043 дугаартай хэргээс:
Хохирогч Д.А гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-73 дахь тал/, гэрч Г.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь/, гэрч Р.Ц-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/, гэрч Р.М-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/, гэрч Ц.Г-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/, гэрч Д.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/, гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь/, гэрч Г.Ө-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, насанд хүрээгүй гэрч А.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/, яллагдагчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ий 47 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 105-109 дахь/ 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 111-113 дахь тал/, хохирогч Д.А гийн зодуулсан 2 ширхэг зураг /хавтаст хэргийн 9 дэх тал/, гэрч Г.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь/, гэрч О.Б-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/, гэрч Б ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/, хохирогч Д.А гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Л.Б ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.А г 2021 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны гадна түлхэж унагасан,
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Россия байрны 02 тоотод нүүрэн тус газар нь цохиж үснээс нь зулгаан бие махбодын хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хохирогч Д.А гийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Би Б тэй 2013 онд танилцаад 2014 онд гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна. Б нь 2021 оны 10 дугаар сарын эхээр намайг гэртээ байх үед орой 19 цагийн үед ажлаасаа тарж орч ирчхээд надтай хэрүүл хийгээд байхаар нь би гадаа гарч нэг найзыгаа нөхөртэй нь хамт дуудаж байрныхаа хажуу талын Цацрал нэртэй пабад ороод сууж байтал “Хаана байна” гэхээр нь “Цацралд төвд байна” гэж хэлсэн чинь орж ирээд миний нүүр гараараа түлхэж унагаад манай найз руу дайраад байхаар нь чи хэрүүл хийх гэж ирсэн бол эндээс гар” гэж хэлээд хөөсөн чинь Б тэр газраас гараад явсан. Намайг Б-ийн араас очтол чанга чанга орилоод хэрүүл хийгээд байсан. ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б ажил дээрээ шагнуулсан гээд ажлынхантайгаа тэмдэглээд явахаар нь би түүнд өөрт нь хэлээд зөвшөөрөл аваад Г гэх найзындаа очсон. Гэтэл орой 22 цаг өнгөрч байхад Б Г-ийн гэрт согтуу ирээд намайг “Чи гэр орондоо байж болдоггүй юм уу” гэж хэлээд уурлаад өөрөө хувцсаа тайлаад орон дээр суучхаад хөдлөхгүй байхаар нь би түүнд “Харья” гэж хэлсэн чинь уурлаад миний үснээс зулгаасан. Тэр үед манай найз Г салгасан. Тэгсэн над руу дайраад элдвээр хэлж доромжлоод байхаар нь би түүнийг “Чи гэртээ харихгүй бол наанаа үлд. Би явлаа” гэж хэлсэн чинь куртикийг маань барьчхаад явуулахгүй байхаар нь куртикаа авах гэтэл миний зүүн нүд рүү гараараа цохисон. ...2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хадмын гэрт очоод хүүхдээ авах гэтэл хадам ээж хүүг маань өгч явуулахгүй гээд намайг элдвээр доромжлоод хадам ээжийн нөхөр болох Жагаа гэдэг ах намайг ална гээд гэрээсээ түлхэж гаргасан. Тэр үед миний зүүн чих рүү гараараа цохисон. Миний бие тааруухан байна. Байнга толгой, хамар өвдөж байгаа. Хамрын хугаралдаа ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Толгойгоо бариулсан. Одоо миний толгой жаахан доргихоор хөдөлчихдөг болсон. Надаас эмчилгээний зардалд 525,000 төгрөг зарцуулагдсан. Цаашид хамрын яс цөмөрсөн байгаа, үүнийг эмчлүүлэхэд 500,000 төгрөг шаардлагатай. Мөн би 2020 онд энэ хүнээс салаад өөрөө ажил хийгээд байрны урьдчилгаа гэж 4 сая төгрөг цуглуулсан байсан боловч Б надаас тэр мөнгийг авч хэрэглэж дуусгасан. Сүүлд бид хоёр Булган аймаг руу аяллаар явахдаа надад үлдсэн байсан 1,500,000 төгрөгийг хэрэглэсэн. Тийм болохоор түүнтэй хамт байх хугацаандаа зарцуулсан мөнгөө нэхэмжилж байна. Би өөрийн хөдөлмөрөөр олсон 4 сая төгрөгөө энэ хүнээс нэхэмжилж байна. Би Б ээс эмчилгээний төлбөр огт аваагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71, 73 дахь тал/,
Аюулын зэргийн /...7 буюу өндөр/ гэх үнэлгээ /хавтаст хэргийн 5 тал/,
Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Миний охин А нь Б тэй гэр бүл болоод 8 жил болж байна. Яг хэзээнээс охинд гар хүрснийг мэдэхгүй. Мини анх мэдсэн нь бол 2017 онд А г жирэмсэн байх үе. Тухайн үед А г нөхөр нь зодоод хамаг биеийг нь хөх няц болгосон байхад А өөрөө цагдаад хандаж өргөдөл гаргаж байсан. Энэ хоёр 2020 онд гэр бүлийн зодооны асуудлаас болж гэрлэлтээ цуцлуулсан. ...2021 оны 10 дугаар сарын эхээр А өөрөө над руу утсаар яриад “Б намайг зодсон. Би ухаан алдаж унаад босож чадахгүй гэртээ хэвтэж байна. Та хүрээд ирээч” гэж ярьсан. Тухайн үед би өөрөө даралт ихсээд бие муу байсан болохоор очиж чадаагүй. ...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр айлд суу байхад гаднаас согтуу орж ирээд тэр айлдаа үстэж чирээд нүүр рүү цохиод хөхрүүлчхээд дахиад зодчихлоо гэж над руу ярихаар нь Булганаас ирсэн. Намайг ирэхэд манай охин гэртээ хэвтчихсэн босож чадахгүй байхаар нь би Б тэй уулзъя гээд түүнийг дуудахад ирээд “Би охиныг чинь зодсон нь үнэн. Би түүнээс авсан 4 сая төгрөгийг нь өгье. Тэр мөнгөөр эмчилгээ хийлгэчих” гэж хэлээд явсан. А нь 10 сард зодуулахдаа Б-ийн найзын машинаар эмнэлэг явж эмчлүүлсэн байсан. тухайн үед нурууны мурийлт гэж гарсан гэсэн. Сүүлд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр зодуулчхаад цагдаа дуудсан чинь Б гараад зугтаасан байсан. Тухайн үед нүд нь хөхрөөд хавдчихсан, толгой тархи нь өвдөөд байна гэж надад хэлдэг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
Гэрч Р.Ц-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Б ийг энэ оны 10 сард А г зодсоныг мэдэхгүй. Харин 12 дугаар сарын 10-ны өдөр болсон асуудлын талаар сонссон юм байна. манай хүү 12 дугаар сарын 09-ний өдөр ажил дээрээ зэргийн шалгалт өгөөд тэнцээд зэрэг ахисан юм билээ. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамт олонтойгоо цуг баяраа тэмдэглэж суусан. Тэгтэл орой 17 цагаас эхлээд л нөгөө А нь хардаж яриад л, мессеж бичээд л байсан гэсэн. Тэгээд бодвол орой нь очоод хэрүүл уруул хийгээд зодоон цохион болсон юм шиг байгаа юм. тэр өдрийн маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө Б манай гэрт орж ирээд “Би Т ахынд хоночхоод ирлээ” гэж хэлж орж ирсэн. Тухайн үед хүүгийн нүүр памбайгаад улайчихсан, уруул нь хавдсан, цус шүүрсэн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад “Намайг баяраа тэмдэглэж ажлынхантайгаа хамт явсан чинь А хардаж хэрүүл хийгээд хоёр ширхэг шилэн таваг шидээд нүүр рүү оночихсон. Намайг тайван байлгахгүй байсан болохоор нь би түүнийг түлхчихсэн гэж хэлж байсан.”
Гэрч Г.Ө-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сард гэртээ байж байсан чинь манай найз А над руу утсаар яриад “Чи гараад ирээч, би гэрийн чинь гадаа байна. Найз нь Б тэй хэрэлдчихээд гарч ирж байна” гэж хэлэхээр нь уулзсан. Бид хоёрыг байрны гадаа уулзаад юм ярьж байгаад нэг газар орж пиво ууж ярьцгаасан. Тэр үед А гийн нөхөр нь байн байн залгаад хаана байна гээд уурлаад залгаад байсан болохоор бид хоёр тэдний гэр рүү дөхөөд ойрхон нэг газар суухаар болоод А гийн гэрийн хажуу талын Цацрал нэртэй пабад орсон. Бид хоёрыг сууж байтал манай нөхөр Гантулга залгаад байгаа юм гэхээр нь дуудаад хамт пиво аваад ууж дуусаагүй байтал Б гаднаас орж ирээд А г цохиод тэр баар дотор зодолдсон. Манай нөхөр бид хоёр руу эхнэрийг уруу татлаа гэж уурлаж харааж байгаад эхнэртэйгээ цуг баарнаас гараад явсан. Б нь А гийн нуруу руу өшиглөсөн гэдгийг нь хараагүй. Маргааш нь А над руу утсаар ярьж нөхөр нуруу руу өшиглөсөн гэж хэлсэн. ...2021 оны 10 дугаар сард Яг зодолдсон гэж хэлэхгүй. Ямарч байсан нөхөр нь эхлээд цохисон. Тэгээд тэр хоёр бие биеийнхээ өмсөж байсан хувцаснаас заамдалцаад зууралдаад гараад явсан. А нөхрөө цохисон эсэхийг би хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Гэрч Д.Н-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай эгч А над руу 02 цагийн үед утсаар залгаад “Б намайг зодчихлоо” гэж ярьсан. Эгчээсээ юу болсон талаар асуухад “Нөхөр нь ажлынхантайгаа ууж явж байгаад эгчийг найзындаа байхад нь хүрч ирсэн. Тэгэхээр нь хамт гэр рүүгээ явъя гэсэн чинь явахгүй гээд хэвтээд байхаар нь одоо явъя, чи наанаа юу хийх гээд байгаа юм. Босоод хувцсаа өмс гэж хэлсэн чинь шууд босож ирээд нүүр рүү нь цохисон” гэж хэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/
Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай найз А над руу утсаар яриад манайд ирсэн. Тэгэхээр нь юу хийж яваа юм гэсэн чинь “Б зэрэг нэмсэн гээд ажлынхантайгаа гадуур явж байгаа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай хөргөгчинд байсан том савтай пивыг уугаад сууж байтал Аз-аа нөхөр рүүгээ залгаад “Хаана байна. Дуусаж байна уу.” Гээд яриад байсан. Тэгээд дараа нь Б өөрөө А руу залгаад А г манайд байна гэж хэлсэн чинь манайд согтуу орж ирсэн. Намайг Б т хоол аягалж өгөөд зэрэгцээд бууж байсан чинь нэг мэдсэн А Б ийг явъя гэсэн чинь нөхөр нь жаахан байж байгаад явъя гээд тэрнээс болоод тэр маргалдсан. Би тэр хоёрыг маргалдаж байхад нь нойл орж бие засчхаад гар ирсэн. Тэгсэн А таваг авах гэж байгаад унагаагаад хагалчихсан. Тэгээд явъя гээд хэрүүл маргаан болсон чинь Б гэнэт босож ирээд А -ийн үснээс зулгаагаад нүүр рүү нь цохиод авсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Э-нгийн мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сард гэртээ байж байхад ээж найзындаа байж байхад хойд аав араас чинь очно гээд гарч явсан. Тэгээд тэр хоёр гаднаас орж ирэхдээ зодолдчихсон. Ээж нуруугаа барьчихсан алхаад орж ирсэн. Тухайн үед ээж надад хэлэхдээ траншейны нүх рүү унасан гэж хэлсэн. Тэгснээ хэд хоногийн дараа надад аав чинь өшиглөсөн гэж хэлсэн. Нуруугаа өшиглүүлсний дараа эмнэлэгт хэвтээгүй. Эмнэлэгт үзүүлээд, эм бичиж өгөөд бариулдаг хүнээр очиж бариулаад гэртээ ирээд хэвтдэг байсан. Миний санаж байгаагаар 10 гаруй хоног гэртээ хэвтсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,
Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сард ээлжийн ажлаасаа буучхаад гэр рүүгээ явж байсан чинь Б над руу утсаар яриад “А гийн нуруу жаахан эвгүй болчихлоо. Эмнэлэг дөхүүлээд өгөөч” гэж ярьсан. Тэгэхээр нь Нэгдсэн эмнэлэг хүргэж өгөөд нурууны зураг авахуулж, бариа хийлгээд байсан билүү тариа хийлгээд байсан. Нэгдсэн эмнэлгээс гараад гэрт нь хүргэд өгөөд хоёр хоногийн дараа Энх-Уламжлал эмнэлэгт хүргэж өгсөн. Тэнд ороод ямар эмчилгээ хийлгэсэн мэдэхгүй. Би машиндаа хүлээгээд сууж байсан юм. Тухайн үед А гийн нуруу гэмтчихсэн гээд Б түшиж явж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92 дахь тал/,
Гэрч Р.М-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн үед Б манайд ирж хоносон. Ирэхээсээ өмнө над руу утсаар яриад уйлаад “Би одоо яах вэ. А намайг хардаад миний толгой тархи руу цохиод уруул сэтэлсэн. Би одоо хаачих вэ. Гэртээ харих гэсэн чинь ээжээс санаа зовоод байна” гэж ярихаар нь “Миний дүү тэгвэл манайд хүрээд ир” гэж хэлсэн. Манайд ирэхдээ их л сэтгэл гутралд орсон, уйлсан, уруулаас нь цус гарсан байсан. ... Би түүнийг манай гэрт ороод ирэхэд нь ам хамар чинь яасан юм гэхэд “А намайг өшиглөөд толгой руу цохиод байхаар нь би түлхчихсэн чинь цаашаа шкаф мөргөчихсөн” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дахь тал/,
Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мэдүүлсэн: “...Б , А нар нь 2020 онд гэрлэлтээ цуцлуулаад саяхан 2021 оны зун эргэж нийлээд манай ахын Дархан сумын 11 дүгээр баг, 5 дугаар байрны 26 тоотод хамт амьдарч байсан юм. Тэр байрандаа бас хамт амьдарч байхдаа хүртэл муудалцаад, энэ хоёр хэрэлдэж маргалдаад байсан юм билээ. Муудалцсаныхаа дараа А заримдаа над руу мессеж бичээд “Намайг уучлаарай, би дахиж хардаж хэрүүл хийхгүй” гээд байдаг байсан. тэгж байгаад 2021 оны 12 дугаар сард энэ хоёр дахиж маргалдаж муудалцсан юм билээ. Тэгээд А өөрөө мана ах руу “Хүүхдээ ирж ав, би одоо гадуур явлаа” гээд мессеж бичээд байхаар нь би ээжтэйгээ хамт А тай очиж уулзаад “Та хоёр үнэхээр хамт амьдарч чадахгүй бол шүүхийн шийдвэрийн дагуу хүүхдээ манай ахад үлдээгээд одоо хоёр тийшээ болж салсан нь дээр” гэхэд А бид нараас “Б ээ намайг уучлаач, надад дахин нэг боломж олгооч, би дахиж хардаж хэрүүл хийхгүй” гэж гуйгаад байсан. ...2021 оны 12 дугаар сарын 10-ны шөнө нэг танихгүй дугаараас залгасан байсан. Маргааш нь манай эгч Мөнхцэцэг над руу яриад “Б өчигдөр эхнэртэйгээ муудалцсан гээд манайд ирж хоносон” л гэж хэлсэн. Тэгээд би ээж, ах хоёртой уулзаад гэрт нь очиж хүүхдийг нь авч ирсэн. Гэрт нь очих үед А гийн нэг нүднийх нь доогуур хөхөрчихсөн байсан. Б ийн нүд улайгаад цус хурчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 47 дугаартай “...Д.А гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.А гийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 93 дугаартай “...Д.А гийн биед нурууны мурийлт, бүсэлхий нурууны мэдрэлийн ёзоорын өвдөлт тогтоогдлоо. Д.А гийн биед 2021.10.07-ны өдрийн Саран элит эмнэлгийн бүсэлхий нурууны эгч хажуу байрлалын рентген зургийн дүгнэлтэд. Бүсэлхий нуруунд баруун тал мурийлт болон хазайлт үүссэн, бүсэлхий нурууны нугалмуудын пластинкууд хатуурал их үүссэн. 2021.12.21-ний Саран элит эмнэлгийн сээр нурууны 2 байрлалын рентген зургийн дүгнэлтэд: Сээр нуруу баруун тийш бага зэрэг мурийсан, нугалмуудын гадаргуу бага зэрэг хатуурсан, яс бага зэрэг сийрэгжилттэй, 2021.12.21-ний өдрийн Сэлэн элит эмнэлгийн бүсэлхий нурууны 2 байрлалын рентген зургийн дүгнэлтэд: Бүсэлхий нуруу зүүн тийш бага зэрэг мурийсан, нугалмуудын гадаргуу бага зэрэг хатуурсан L4 нугалмын их биед жижиг остеофит үүссэн, яс бага зэрэг сийрэгжилттэй гэсэнрентгэн шинжилгээнд гарсан өөрчлөлт нь 2021 оны 10 сараас өмнө үүссэн байх боломжтой. Учир нь нурууны нугалмуудын гадаргуу хатуурал, ясны сийрэгжилт нь аажим явцад ужиг явцстай үүсдэг эмгэг болно. Д.А гийн биед илэрсэн бүсэлхий нурууны нугалмуудын гадаргуу хатуурал, ясны сийрэгжилтийн эмгэг нь нурууны мэдрэлийн ёзоорыг цочроосноос нурууны мурийлт үүссэн байх боломжтой. Нурууны мурийлт нь 2021 оны 10 дугаар сард 1 удаа өшиглүүлж зодуулсны улмаас үүсэх боломжгүй. Д.А гийн биед үзлэг хийсэн мэдрэлийн эмч Баярсайхан “Дегереративное изменение диска TH10-L5 позвонков тела. Люмбалгия. Слева. Тензионный головной боль” /Цээжний 10-аас бүсэлхийн 5 дугаар нугалмын их биеийн дискний бүтцийн өөрчлөлт, бүсэлхийн зүүн хэсгийн өвдөлт, толгой өвдөлт/ гэсэн онош тавьсан байна. Дегереративное изменение диска-Жийргэвч шохойжин бүтцийн өөрчлөлт гарах, Тензионный головной боль-Тархинд бүтцийн болон эзэлрүүнт өөрчлөлтгүй үед толгой өвдөх хам шинж” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 111-113 дахь тал/,
Л.Б ийн яллагдагчаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Д.А тай 2016 оноос эхлэн байр түрээслэн амьдарч эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А бид хоёр гэртээ байж байтал Азаа “Найзууд дуудаад байна. Гарчхаад ирье” гэж хэлээд гарч явсан. Тэгээд би араас нь гарсан чинь манай байрны хажуу талын Цацрал төвийн бааранд найз Өнөрөө, Өнөрөөгийнхөө найз залуу гээд хоёр хүнтэй ширээгээрээ дүүрэн архи, пиво авчихсан сууж байсан. Тэгэхээр нь би чи уулаа гэж хэрэлдэж байгаад гэр рүүгээ ор гэж хэлчхээд түрүүлээд гараад ирсэн чинь миний хойноос хүрч чирээд гудамжинд надтай хэрүүл хийхээр нь би түлхсэн чинь А газар унаад нуруу эвгүй болчихлоо гэж байсан. Хэд хоног би эмнэлгээр авч явж эмчилгээ, бариа хийлгэсэн. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр А д “Ажлаа тараад ажлынхантайгаа хамт баяр тэмдэглээд хоолонд ороод яваад очъё. Удахгүй очно” гэж хэлчхээд гарсан. Тэгсэн чинь А 20 минут тутам над руу видео чатаар залгаад, утас руу 5 минут тутам залгаад байсан. сүүлдээ бүр намайг хараад утас руу залгачхаад таслалгүй халаасандаа хийгээд наанаа суу гэж хэлсэн. Тэгж байгаад 21 цаг өнгөрч байх үед А “Чи ер нь наанаа бай. Би гарлаа” гэж мессеж бичсэн байсан. Тэгээд байж би ажлынхаа хүмүүстэй сууж байгаад тараад 23 цагийн үед гараад А руу залгасан чинь найз Ч гийн гэрт байна гэж хэлэхээр нь очсон. Намайг найзынд нь очиход Ч , А хоёр 3 ширхэг том савтай пиво уучихсан. Нэлээн согтсон байсан. би тэр айлд ороод хувцас хунараа тайлаад Ч тэй ойр зуурын юм яриад суусан чинь А намайг “Чи хамт олонтойгоо сайхан явав уу” гээд хэрүүл хийгээд байсан. Тэгснээ над руу аягатай пиво цацсан. Би фудволкоо хатаах гээд тайлчхаад нүцгэн сууж байсан чинь “Чи наад биеэ хэндээ харуулах гээд байгаа юм. Наадахаа өмс” гээд хараагаад хэрүүл хийгээд байхаар нь А гийн нүд рүү нэг удаа хальт цохисон. Тэгсэн А уурлаж босоод үүдний шкафан дээрээс нимгэн таваг шидээд дараа нь нэг таваг аваад миний толгой руу цохиод нүүр рүү өшиглөсөн чинь миний хамраас цус гоожсон. Тэгтэл Ч найз нь “Та нар болиоч. Дандаа л хэрүүл уруул хийж байх юм” гэж хэлсэн. Тэгээд А тайвшраад бид хоёр гэрээс нь гараад гэртээ ирээд унтах гээд ороо засаад хэвтсэн чинь А бухимдаад уурлаад тэр хавиар яваад байсан. Тэгж байгаад над руу ирээд миний дээрээс дэвсээд цохиж авахаар нь би гэрээсээ гараад явчихсан. Би түүнд одоогоор эмчилгээний төлбөр мөнгө өгөөгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136-137 дахь тал/ зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн А г 2021 оны 10 дугаар сард хувийн таарамжгүй харьцааны улмаас мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, Россия байрны 2 тоотод нүүрэн тус газар нь цохиж үснээс нь зулгаан бие махбодын хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Д.А , гэрч Г.Энхжаргал, Р.Ц, Р.М, Ц.Г, Д.Н, Л.Б, Г.Ө, насанд хүрээгүй гэрч Э, шинжээчийн 47, 93 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд Л.Б , хохирогч Д.А нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь нотлогдон тогтоогдож байна. Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйл баримт тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг болсон шалтгаан нь залуу гэр бүлүүд бие биеэ хүндэтгэдэг үгүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэг зэрэг нөхцөл байдлын улмаас гэр бүлийн маргаан үүсэж энэ ч даамжирч улмаар нэг нэгэндээ гэмтэл учруулах хэмжээнд хүрчээ. Иймд Л.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Л.Б нь гэр бүлийн хамаарал бүхий хүн Д.А гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул гэм буруутайд тооцсон яллах дүгнэлтийн зүйлчлэлтэй тохирсон гэж үзэж байна.” гэв.
Шүүгдэгч Л.Б болон түүний өмгөөлөгч Д.Оюунчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,
мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Д.А гийн эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, нүүрэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол нь тус Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Л.Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг гэр бүлийн хардалтын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалтай холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,000,000 нэхэмжилж, шүүгдэгч Л.Б нь хохирогчийн эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Д.А гийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 4,000,000 төгрөг нь хохирогчид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй бөгөөд энэ мөнгө нь шүүгдэгч, хохирогч нарын хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулагдсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд хохирогчийн нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Л.Б ээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Д.А нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч саналдаа: “Шүүгдэгч Л.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хийлгэх саналтай байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Л.Б нь жирэмсэн эмэгтэйд гар хүрч байсан. Мөн 2021 оны 10 дугаар сард, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед удаа дараа халдаж гэмтэл учруулж байх тул улсын яллагчийн саналтай санал нэг байна. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Л.Б ийн хувьд хохирол төлбөрөө барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчээр ажлыг нь хийлгэх нь хүүхдэд нь хэрэгтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид торгох ялын доод хэмжээгээр торгох ял шийтгэж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Л.Б ийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Л.Б нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй боловч шүүхээс оногдуулсан ялыг эдэлсэн байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгч Л.Б т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгаа байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б т 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-ийн Б ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б т 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б т оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР