Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                           Хэргийн индекс:166/2022/0059/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Иргэдийн төлөөлөгч Н.М,

Улсын яллагч  Б.Батсүх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г-, түүний өмгөөлөгч Б.Ч-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Т-

Шүүгдэгч М.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.П-ид холбогдох эрүүгийн 2118000000403 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, байгаль судлаач мэргэжилтэй, ам бүл 3, эцэг эхийн хамт оршин суух, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 440 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 13- ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29- ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 07- ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар, нийт 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн,

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан М.П-

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.М.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Жимстэйн ам гэх газарт иргэн Л.Э-н Г.Г.З-ыг хутгалж, биед нь олон тооны гэмтэл шарх үүсгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч М.М.П- нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Жимстэйн ам гэх газарт байх Л.Э-гийн  гэрт хохирогч Г.Г.З-ыг шалтаг шалтгаангүйгээр цээжний ар дээд хэсэгт баруун далны дотор талд 1.7х1 см, 1.5х1 см, доод хэсэгт босоо ташуу 1.8х1см, 2х1см, гадна доод хэсэгт хөндлөн 1.5х1см, 1.6х1см, 1.8х1.2см, далны гадна хэсэгт 1.7х1см, 1х0.5см, зүүн далны доод хэсэгт 2х1см, 2х0.7см хэмжээтэй, цээжний ар хэсэгт нийт 11 шархтай, хүзүү хоолойны зүүн дээд хэсэгт хөндлөн 2х0.8см, 1.7х0.5см, доод хэсэгт 1.5х0.5см, 1.5х1см, хүзүү хоолойны баруун талд 1х0.5см, 2х0.5см, 1х0.5см хэмжээтэй, баруун зүүн талын шархнууд хавж арьсны доод хэсгээрээ хоорондоо нийлсэн. Хүзүү хоолойндоо нийт 7 шархтай. Баруун бугалганы доод 1/3 ард 2х1см, дотор хэсэгт 1х05см, зүүн бугалганы дээд 1/3-н өмнө 1.5х0.8см, ар хэсэгт 1.6х1см, 1.5х1см, зүүн мөрний ар доод хэсэгт 1.5х0.5см, зүүн сарвууны гадна хөндлөн 3х0.3см, 1х0.2см, баруун шилбэний дунд 1/3-н гадна 1.7х0.5см, дээд 1/3-н гадна 1.7х0.7 см, зүүн гуяны дээд 1/3-н ар хэсэгт хөндлөн 1.7х1см, зүүн өгзөгний дотор хэсэгт 2.5х1см хэмжээтэй нийт 30  удаа  хутгалж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогджээ.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс...” Хонгор сум Салхит багийн төвөөс зүүн урд хэсэгт 15 м зайд байрлах иргэн Л.Э-гийн  ертөнцийн зүгээр зүүн урагш харуулж барьсан 4 ханатай монгол гэрт...хойд хэсэгт хана дагуулж байрлуулсан төмөр ор байх ба уг орон дээр ертөнцийн зүгээр баруун зүгт толгой харсан биеийн цээж хэсэг орноос газар унасан байрлалтай дээш харсан эрэгтэй хүний цогцос байна. ...гэрийн гол хэсэгт байрлуулсан цэнхэр өнгийн ширээ байх ба ширээний доор хэсэгт 0.5 литрийн Хараа архины шил, Qualy архины 0.75литрийн шил, гэрийн гол хэсэгт дөрвөлжин зуух байх ба зуухны ам хэсгийн доод газарт Хараа архины 0.75 литрийн архины шил байв. Цогцосны зүүн гарын бугуйн доор хэсэгт модон иштэй хутга байв. /хх-2-9 ху/ болон сиди бичлэг.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч М.М.П- нь амь хохирогч Г.Г.З-ыг олон удаа хутгалсан үйлдэл, хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч М.М.П- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17:30 минутын үед Э-гийн өвөлжөө дээр очсон тэнд Э- байсан. Тэднийхээс өвлийн идэш хийх гэж очсон тэр үед Э- ах хонь гаргасан, халамцуу байсан. Тэгээд бид юм ярьж сууж байгаад идэшний малаа маргааш гаргая гээд байж байтал талийгаач мотоциклтой ирсэн.

Талийгаачийг ирэхэд Э- ахын дүүгийнх нь авчирсан 1 шил архи байсан. Архинаас талийгаач болон бидэнд нэг нэг хундага хийж өгсөн. Талийгаач хазаар хэрэгтэй байна гэж асуусан, хазаараа аваад дахиад нэг хийчих гээд тэрийгээ уучхаад буцаад хүрээд ирье гээд гараад явсан. Ингээд бид явах гэж байтал Э- ах ханьдаа хоночих өөрөө мэд гэж гэсэн, гэтэл талийгаач ирээд үргэлжлүүлж 1 шил архи хувааж уусан. Архи дууссаны дараа дахиад 1 шил архи ууя гэхэд Э- мөнгө байхгүй гэсэн, би хажуугаас нь миний дансанд 20,000 төгрөг байгаа гэтэл, талийгаач тэгүүл хоёулаа миний мотоциклтой явъя гэсэн, би бензингүй гэсэн биз дээ гэхэд банкийг хазайлгаж үзээд бинзен байна гэсэн. Тэгээд бид Хонгор сумын салхит руу очиж талийгаач надад утсаа өгөөд голомтын аппликейшн татаад мөнгөө шилжүүлэх гэтэл гацаад болохгүй байна гээд худалдагчийн утаснаас миний дансны үлдэгдлийг  шалгаад 25,000 төгрөг байна гээд архи авсан.

Тухайн үед 2 шил архи байсан. 0.75 граммын архиа эхэлж ууж, талийгаач та манай аавтай үе юм байна гээд байж байтал тэр хоёр хажуухан айлд нэг хүүхэн ирсэн гээд ярьж байсан. Тэр хүүхнийхээ талаар надаас асуухад би мэдэхгүй гэдгээ хэлээд үргэлжлүүлж архиа уусан.

Дараагийн 0.5 граммын архийг уух гэтэл талийгаач өвөртөө хийсэн байсан. Өврөөс нь авах гэтэл орилоод, ширээн дээрх хутгыг барьж далайж хоолойг чинь хэрчинэ гэсэн, тэгээд хутгатай гараараа мөр лүү 1 удаа цохисон, дахин далайхад нь цочоод орон дээр ноцолдсон.

Орон дээр 3 удаа хутгалсан. Түүний дараа намайг дахин өшиглөхөөр нь 1 удаа хутгалсан. Өшиглөсний дараа 1 хутгалчхаад архиа уугаад сууж байхад талийгаач ард ёолоод байсан. Хэсэг хугацааны дараа очтол амьсгалгүй болсон байсан. Тодорхой тоо санахгүй байна, санаж байгаагаар эхлээд 3 удаа, дараа нь 1 удаа хутгалснаа санаж байна, зарим үйл явдлыг санахгүй байна.” гэв.

 

     2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний хүү Г.З- нь 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. Цэрэгт явж ирээд малчин болсон надтай хамт амьдардаг байсан. Би 2 хүүтэй бага хүү маань одоо цэрэгт явсан. Талийгаач хүү маань энэ намар нэг тамхи татаж байгаад надад баригдсан. Архи, дарс ууж явдгийг бид мэдэхгүй. Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн галт тэргээр Дарханд 5:30 минутад ирээд, хүүдээ хазаар хэрэгтэй гээд хэлэхэд айлаас очиж авах гээд явсан, өглөө нь миний утас унтарсан байсан утсаа асаатал цагдаагаас дуудсан намайг тайвшир гэж хэлээд болсон асуудлыг хэлсэн. Хэрэг гарсан газар манайхаас 300 метр орчим зайтай айл, яваад очтол гэр авах юм байхгүй байсан. Мооргонд орж хартал хүү маань мөн байсан. Буяны ажил 49 хоногтойгоо нийлээд 11,800,000 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч 3,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлнө гэж эвлэрлийн гэрээ байгуулсан” гэв.

3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-2021 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 01:20 цагт 997854** дугаарын утсаар Э-ээс “Хонгор сумын 3-р баг, Эрхэт гэх газар 20 орчим насны залуу хутгалагдсан шархтай, нас барсан байна.” гэх мэдээллийг хүлээн авсан.  /1-р хх 01/,

 

4. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”цогцосны баруун гар орноос унжиж газарт хүрсэн, зүүн гарын бүх хэсэг орон дээр байрласан, зүүн гарын бугуйн доор жижиг модон хүрэн иштэй хутганы бариул хэсэг харагдана.”  /1-р хх 2-9/,

 

5. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх 10-20/,

 

6. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт...”хутганы ажлын хэсгийн үзүүр, болон гол хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон...” /1-р хх 21-22/,

 

7. Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/22 дугаартай магадлагаа:

-Мягмар овогтой М.П- нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Мягмар овогтой М.П- нь сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно. Мягмар овогтой М.П- нь сэтгэцийн хувьд эрүүл учир эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай болно. /1-р хх 82/,

 

8. Гэрч Л.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М.П- болон Г.З-нар гэрт байхдаа ахиад архи авч ууя гээд хоорондоо ярилцсан. Би тухайн үед надад мөнгө байхгүй шүү гэж хэлсэн. Уг үйл явдлаас хойш унтаад өгсөн, нэг сэрхэд манай гэрт цагдаа ирчихсэн үзлэг шалгалт хийж байсан. Би гайхаад харахад Г.З-манай гэрийн хойд талын орон дээр толгой хэсэг нь баруун тийшээ чиглэлтэй дээш харсан орноос унах гэж байгаа юм шиг цээж хэсгээрээ унжсан ухаангүй хэвтэж байсан. Мөн намайг унтаж байхад М.П- утсаар ээжтэйгээ ярьж байгаа бололтой “ээжээ би хүн алчихлаа” гээд ярьж байсныг би сонссон. Тухайн үед би тоолгүй орноосоо босож хараагүй. Манай гэр автомашины аккумляторт залгаж асаадаг гэрэлтэй. Мөн цагдаа ирээд намайг сэргэж босоход М.П- гэрт байхгүй байсан, цагдаа нар ирж намайг сэрээсэн юм. Манай гэрт намайг унтахад М.П- Г.З- нараас өөр хүн байгаагүй, сэрхэд Г.З-л нүүрэн хэсэг нь цус болчихсон ухаагүй хэвтэж байсан юм. Мөн архи ууж дуусаад М.П- болон Г.З-нарыг би архинд явсан талаар мэдээгүй явна л гэж ярьж байсан. Архи ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй.” гэх мэдүүлэг /1-р хх 160-161/,

 

9. Гэрч Л.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би аавындаа очоод байж байхад 23 цагийн орчимд байх манай найз М.П- над руу өөрийнхөө 993924** дугаараас залгаад нэлээд согтуу “энэ нэг хүн агсам тавиад байна аа, чи ирэх юм уу” гэж хэлээд утас нь тасарчихсан. Ах Э-гийн гэрт сүлжээ унаад байдаг юм. Би эргэж залгатал холбогдохгүй байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад 951521** гэсэн дугаараас миний 997854** дугаарт дуудлага ирсэн. Аваад ярихад М.П- “би хүн алчихлаа шүү дээ” гээд надтай уйлаад ярьсан. Би сонсоод хувцсаа өмсөөд эхнэр Уламбаярын хамт машинтай ах Э-гийн гэрт очиход гэрийн гадаа намайг явахад ирсэн мотоцикл байсан. Гэрийн хаалга хаалттай байхаар гэр рүү ороход гэр гэрэлтэй, ах Э- гэрийнхээ баруун талын орон дээр унтаж байгаа бололтой байсан. М.П- зуухны хажууд тамхи татаад сууж байсан. Тэгээд надад хэлэхдээ “би хүн алчихлаа” гээд хэлсэн. Гэрийн хойно байдаг орон дээр цаашаа хараад гуталгүй хэвтэж байсан. Би тухайн үед нь сандраад М.П-ид “чи яаж байгаа юм, цагдаа эмнэлэг дуудъя” гэж хэлээд буцаж гараад сүлжээ сайн барьдаг газар очиж цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн юм. Уг орон дээр хэвтэж байсан залуу намайг явахад зөрөөд ирдэг мотоциклтой 20 гаруй настай залуу байсан. Би уг залууг танихгүй. Мөн М.П-ийн гарт хутга байгаа үгүйг би анзаарч хараагүй, мөн хойд талын орон дээр байсан залуу дээр очиж хараагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 163-164/,

 

10. Гэрч А.У- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...орондоо ороод хэвтэж байхад 23 цагийн орчимд байх цагийг нь мэдэхгүй байна М.П- залгаад “энэ хүүхэд чинь агсраад байна” гэж хэлж байна утас нь тасарчихлаа эргээд залгах гэхээр болохгүй байна гэж байсан. Би зурагт үзээд хэвтэж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд нэг сэрхэд Э- хувцсаа өмсөх гээд зогсож байсан. Яасан талаар нь асуухад “М.П- сонин юм яриад байна” би нэг явчхаад ирье гэж байсан. Тэгэхээр нь би хамт явах уу гээд бид хоёр хувцсаа өмсөөд гэрээс гараад машинд суусны дараа манай нөхөр надад М.П- 951521**-тай дугаараас залгаад “хүн алчихлаа” гэж хэлээд байна, эргээд залгахаар болохгүй юм. Намайг буцаад залгаад бай гэсэн. Уг дугаар нь холбогдохгүй байсан, замдаа залгаад байсан 951521**-тай дугаар хэний дугаар гэдгийг мэдэхгүй. М.П- 993923** гэсэн дугаар барьдаг. Э- ах мөн өөр дугаар барьдаг. Би хэлж мэдэхгүй байна. Би нөхрийн хамт Э- ахын гэрт 00 цагийн орчимд очиход гэрийн хаалга хаалттай холоос харахад гэрэлгүй юм шиг харагдаж байсан. Яваад очиход гэрийн гадаа цэнхэр дээлтэй залуугийн унаж ирсэн мотоцикл байсан. Тэгээд гэр рүү ороход Э- ах гэрийн баруун талын орон дээр хөнжил нөмөрсөн унтаж байгаа харагдаж байсан. Цэнхэр дээлтэй залуу орон дээр цаашаа хараад гуталгүй хэвтэж байгаа харагдсан. М.П- зуухны өмнө тамхи татаад сууж байсан гэрт ороход “найз нь хүн алчихлаа” гэж байсан. Нэлээд согтуу байсан. Би чи согтуу юу яриад байгаад юм гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс “нээрээ, би одоо ээж аавтайгаа уулзмаар байна” гэж байсан. Гэрт ороход 2 шил Хараа архины шил байсан, архи хаанаас авсан юм гэхэд “би авсан юм аа” гэж байсан. Тэгээд би нөхөр Э-ийн хамт гэрээс гараад сүлжээтэй газар очиж цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх 166-167/,

 

11. Гэрч Ж.Дашвэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийг шилжих шөнө манай гэрт 01 цагийн орчимд явган 40 орчим насны эрэгтэй архи уучихсан ирсэн. Манай нөхөр Д- тухайн үед чи хаанаас явж байгаа юм бэ гэхэд Л- гэрээс явж байна гэж байсан. Тухайн үедээ нэлээд сандарсан байдалтай, гэрийн үүд хэсэгт холхиж алхаж байгаад “У- гэх айл хаана вэ” гэж асуухаар нь би гэрээс гараад нохой хорьж байгаад Урнаа гэх айлыг чиглүүлээд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх 169/,

 

12. Гэрч Ж.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайд ирдэг хүн ажлын шаргал өнгийн хувцастай байсан. Манай нутгийн хүн биш, би урд өмнө харж байгаагүй. Тэгээд удалгүй 30 орчим минутын дараа Дарханаас цагдаа нар ирээд уг хүнийг хайгаад хөдөөнөөс олсон. Би нутгийн хүмүүсээс дараа нь сонсоход Э-гийнд Г.З- гэх манай нутгийн 20 гаруй насны эрэгтэй хүний амь насыг уг залуу хохироогоод зугтсан гэж сонссон..” гэх мэдүүлэг /1-р хх 171/,

 

13. Гэрч Ж.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө над руу танихгүй дугаараас залгаад “Би хүн алчихлаа, намайг Салхитаас ирж ав” гэж байсан. Би тухайн үед хажууд нь хүн байна уу гэж асуухад байхгүй гэж хэлэх шиг болсон. Би тухайн үед унтаж байсан болохоор өглөө нь зүүдэлсэн юм байлгүй гэж бодсон. Өглөө утсаа харахад миний утсанд танихгүй дугаараас дуудлага ирсэн байсан..” гэх мэдүүлэг /1-р хх 173/,

 

14. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай мөр судлалын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  /1-р хх 86-107/,

 

15. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 110-112/,

-Хэргийн газраас бэхжүүлэн авсан 9 ширхэг гарын мөрний 0.75 л Хараа гэсэн бичвэртэй архины шилний гадаргуу дээрээс бэхжүүлсэн №4-5 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх №4 дугаарын гарын мөрийг харьцуулах загвараар ирүүлсэн дардаснууд болон санд байх эзэн холбогдогч нь тогтоогдоогүй мөрүүдтэй хайлт хийж үзэхэд М.М.П- /РД:ТЖ80102515/-ийн зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна.

 

16. Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-“...Шинжилгээнд ирүүлсэн бор шаргал өнгийн ноосон сүлжмэл цамц, гутал, хутган дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо Г.Г.З-ын гэх цусны ДНХ-ийн  тогтоцтой тохирч байна. М.М.П-ийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. /1-р хх 125-126/,

 

17. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 13-ны 10 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Шинжилгээнд ирүүлсэн М.М.П- /42/ гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй. /1-р хх 133-134/,

 

18. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-Амь хохирогчийн биед цээжний ар хэсэг, хүзүү хоолой, баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, мөр, сарвуу, гуя өгзгөнд хатгагдсан олон тооны шарх, дээр уруулд няцарсан шарх, нүүрэнд зулгаралт, зүүн чихний орчмын цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтлүүд амьд ахуй цагт үүссэн шинэ гэмтэл болно.

-Амь хохирогчийн биед илэрсэн цээжний ар хэсэг, хүзүү, хоолой, баруун бугалга, шилбэ, зүүн бугалга, мөр сарвуу, гуя өгзгөнд хатгагдсан шархнууд нь хурц ир үзүүртэй багажийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Амь хохирогчийн биед илэрсэн цээжний ар хэсгээр цээжний хөндийд нэвтэрч уушгийг гэмтээсэн шархнууд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-Талийгаачийн биед илэрсэн дээд уруулд няцарсан шарх, нүүрэнд зулгаралт, зүүн чихний орчмын цус хуралтын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

-Талийгаач нь цээжний ар хэсгээр нэвтэрсэн шархнуудын улмаас гэмтлийн шокоор нас баржээ.

-Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй.

-Талийгаачийн цусны бүлэг BIII байна.

-Талийгаачийн цусанд 0.5 промилли спирт илэрсэн ба энэ нь хөнгөн зэргийн согтолтыг харуулна. /1-р хх 139-142/,

 

19. “Мобиком Корпораци” ХХК-аас гаргаж өгсөн М.М.П-ийн 993924** дугаарын утас, Л.Э-ийн 997854** дугаарын утас, Г.Г.З-ын 951521** дугаарын утаснаас 2021 оны 12 дугаар сарын 10-наас 11-ний хооронд гадагш ярьсан болон мессежийн дугаарын жагсаалт /1-р хх 221-223/,

 

20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөртэй холбоотой баримт /1-р хх 53-74/,

 

Шүүгдэгч М.М.П-ийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 239/, оршин суух хаягийн тодорхойлолт нийгмийн даатгалын шимтгэл төлөлт болон тэтгэвэр тэтгэмж авдаг талаарх тодорхойлолт /1-р хх 242-245/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх 3-19/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.М- нь шүүгдэгч М.М.П-ийг “хүн алсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр  хүнийг алсан” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.М.П-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.М.П-ийн мэдүүлэгт... “орон дээр 3 удаа хутгалсан. Түүний дараа намайг дахин өшиглөхөөр нь 1 удаа хутгалсан. Өшиглөсний дараа 1 хутгалчхаад архиа уугаад сууж байхад талийгаач ард ёолоод байсан. Хэсэг хугацааны дараа очтол амьсгалгүй болсон байсан. Тодорхой тоо санахгүй байна, санаж байгаагаар эхлээд 3 удаа, дараа нь 1 удаа хутгалснаа санаж байна, зарим үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн энэхүү мэдүүлгийг хэргийн үйл баримт, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг харьцуулан судалж дүгнэхэд эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г-ын “Хүний амь үнэлшгүй зүйл, шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оноож өгнө үү” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Ч-...” шударга ёс, хууль ёсны зарчимд нийцүүлэн ял халдаах нь зүйтэй.” гэх, шүүгдэгч М.М.П-ийн...” хүний амьд байх эрхэд халдсандаа маш их харамсаж байна. Талийгаачийн ар гэрээс уучлалт гуйж байна.” гэх, түүний өмгөөлөгч Ж.Т-...” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн буруутай үйлдэл байх тул ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж төлөхөө илэрхийлснийг мөн харгалзан үзэж хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.М.П-ид 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.М.П- энэ хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 80 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...” гэсэн нөхцөл заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон буюу амьд явах эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлөх, хор уршгийг арилгах боломжгүй болдог тул шүүх бүрэлдэхүүн уг зүйл, заалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Амь хохирогч Г.Г.З-ын оршуулахтай холбоотой зардал 11806366 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 3000000 төгрөгийг төлж үлдэх 8806364 төгрөгийн нэхэмжлэл дээр маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар шүүгдэгч М.М.П-оос 8806364 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г--д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Nokia маркийн 2 ширхэг  гар утсыг Л.Э-, М.М.П- нарт, Samsung маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г-т тус тус буцаан олгож, хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, Хараа 0.75 гр, Хараа 0.5 гр, Qualy нэртэй нийт 3 ширхэг архины шил, цэнхэр өнгийн дээл, цар өнгийн бүс, “Оюу-Толгой” гэх бичигтэй цахилгаантай цамц 1 ширхэг, FILA гэх бичигтэй малгайтай хар цамц 1 ширхэг, The North Face гэх бичигтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн судалтай цамц 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээтэй хөх өнгийн канттай өмд, хар өнгийн ноосон өмд, хар саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 4 ширхэг, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг шаргал өнгийн 1 хос гутал зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.П-ийг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.М.П-ийг 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М.П-ид оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.М.П-ийн цагдан хоригдсон 80 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч М.М.П-оос 8806364 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г--д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Nokia маркийн 2 ширхэг  гар утсыг Л.Э-, М.М.П- нарт, Samsung маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Р.Г-т тус тус буцаан олгож, хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутга, Хараа 0.75 гр, Хараа 0.5 гр, Qualy нэртэй нийт 3 ширхэг архины шил, цэнхэр өнгийн дээл, цар өнгийн бүс, “Оюу-Толгой” гэх бичигтэй цахилгаантай цамц 1 ширхэг, FILA гэх бичигтэй малгайтай хар цамц 1 ширхэг, The North Face гэх бичигтэй хар өнгийн ноосон цамц 1 ширхэг, хар өнгийн судалтай цамц 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээтэй хөх өнгийн канттай өмд, хар өнгийн ноосон өмд, хар саарал өнгийн дотоож, хар өнгийн оймс 4 ширхэг, шаргал өнгийн ноосон цамц 1 ширхэг шаргал өнгийн 1 хос гутал зэргийг устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.П-ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.М.П-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       З.ТӨМӨРХҮҮ

 

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Я.ТУУЛ

 

 

                      ШҮҮГЧ                Г.ГЭРЭЛТ-ОД