Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       Хэргийн индекс:166/2022/0089/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогчийн өмгөөлөгч Д.О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө-,

Шүүгдэгч А.А.М-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтан-Эрдэнийн А.М-эд холбогдох эрүүгийн 2218000000063 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, А.М-э /

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А.М-э нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Диди” бааранд иргэн П.П.Б-тай маргалдан улмаар толгой хэсэгт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч А.А.М-э нь 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Диди” бааранд хохирогч П.П.Б-тай маргалдан улмаар толгойн хэсэгт архины шилээр цохиж тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна хананд хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, нүүрэнд цус хуралт бүхий  хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

шүүгдэгч А.А.М-э өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл, хохирогч П.П.Б-д учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

     1. Шүүгдэгч А.А.М-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 10000000 төгрөг төлсөн.” гэв.

2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...-бичгээр гаргасан 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23:40 минутын үед гэх залуу эрх чөлөөнд халдаж, архины шилээр миний толгой руу цохиж гэмтэл учруулсан тул шалгаж өгнө үү гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14:53 цагт хүлээн авсан.  /хх 8/,

 

3.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. ”...23:21:36 цагт А.А.М-э ширээн дээр байсан вискиний шилээр толгой тус газар нь 1 удаа цохиж буй дүрс, өшиглөж байгаа дүрс П.П.Б- цохиулаад газарт сууж байгаа дүрс байв. ”  /хх 13/,

 

            4. Хохирогч П.П.Б-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг бааранд орж ирэхэд Б-тэй хамт нэг ширээнд сууж байсан залуу хажуугийн ширээний залуутай маргаан үүсгэсэн байсан. Тэгсэн хажуугийн ширээний залуучууд бөөндөө миний сууж байсан ширээн дээр ирээд маргалдсан залууг зодох гээд байгаа юм уу том, том дуугараад маргаан үүсгээд байхаар нь би маргалдаж байсан 2 залуугийн дундуур ороод одоо больцгооё гээд салгах гэтэл нэг залуу нь Б-ийг мангасдаад унагаасан. Тэгээд би дундуур нь ороод салгах гэтэл А.М-э гэх залуу намайг хувцаснаас татаж холдуулаад надтай маргалдаж байтал хажуугаас хэн нь мэдэгдэхгүй хүмүүс маргаан дундуур миний биеийн энд тэндгүй цохиод байсан. Нэг мэндсэн А.М-э ширээн дээр байсан вискиний хоосон шилийг авч миний толгойны духны баруун дээд хэсэгт 1 удаа цохих үед миний ухаан балартаад хөл дээрээ тогтож чадахаа больж хэсэг хугацаанд би тэнцвэр алдаад унах гээд доошоо хөл дээрээ сууж байгаад босож ирээд А.М-э рүү чи яаж байгаа юм бэ, яагаад намайг цохиж байгаа юм гэхэд эхнэр намайг боль, явъя, харъя гээд аваад гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод хэвтэх гэтэл миний толгой маш хүчтэй өвдөөд дотор муухай оргиод байсан..” гэх мэдүүлэг /хх 18-19/,

 

            5. Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ажлын газрын дүү П.Б- “ахаа миний толгой руу хүн шилээр цохичихлоо” гэхээр нь хэн цохисон юм гэж асуухад П.Б- миний найз А.М-ийг хуруугаараа заахаар нь би А.М-э дээр очоод чи яагаад хүн шилээр цохисон юм бэ? гэж асуухад Ууганбаттай хүн маргалдаад байх шиг харагдахаар нь шил аваад цохичихсон чинь санаандгүй хүн оночихлоо гэж байсан. Тэгээд би П.Б-ыг эмнэлэг явах уу зүгээр үү гэж асуухад П.Б- надад гайгүй байхаа ахаа, би эхнэртэйгээ явж байна. Эмнэлэг очиж үзүүлэх шаардлагагүй гэж хэлээд Диди баарнаас гараад явсан юм.” гэх мэдүүлэг /хх 28/,

            6. Гэрч Б.Т- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай найз А.М-э намайг П.Б-тай маргаад байна гэж ойлгоод П.Б-ыг эхлээд нүүр рүү нь мангасдаад П.Б- нь А.М-этэй хариу түлхэлцэж зууралдаад манай ширээний тэнд тэр 2 зууралдсаар очиход найз У- нь П.Б-, А.М-э нарыг салгаад П.Б-ыг сууж байсан ширээний тийшээ нь авч яваад хоорондоо ярилцаж байтал ахин А.М-э нь Ууганбат, П.Б- нар дээр очиж П.Б-тай маргаж А.М-э нь П.Б-ы толгой руу вискиний шилээр нэг удаа толгой тус газар нь цохисон.” гэх мэдүүлэг /хх 31/,

            7. Гэрч Ц.Ө- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харсан нөхөр П.Б- нь А.М-э гэх залуутай заамдалцаад хажуугийн ширээ рүү хуйлраад явчихсан. Ингээд удалгүй тэнд байсан хүмүүс тэр 2-ыг салгаад манай нөхөр сууж байсан ширээн дээр эргэж ирсэн. Удалгүй манай нөхөр П.Б- нэг пиджактай залуутай уулзаад зогсож байтал түрүүний нөхөртэй маань заамдалцдаг А.М-э гэх залуу ирээд нөхрийг татаж чангаагаад манай нөхөр А.М-ийг өшиглөөд, тэгсэн А.М-э ширээн дээр байсан бор өнгийн вискиний хоосон шилийг авч нөхрийн толгой руу нэг удаа цохих үед манай нөхөр манараад доошоо суусан. А.М-э манай нөхрийг цохисон даруй би нөхөр дээрээ очоод А.М-эд хандан яаж байгаа юм бэ? Яагаад хүн архины шилээр цохиж байгаа юм гэж хэлээд нөхрөөсөө яаж байна, гайгүй юу гэхэд нөхөр ухаан санаа нь манарсан байдалтай босож ирэхээр нь ахиад нөхрийг маань тэр залуу зодож магадгүй гэж бодоод нөхрийгөө аваад гараад гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх 34/,

            8. Гэрч Т.У- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юу болсон талаар тэнд байсан найзуудаасаа асуухад А.М-ийг П.Б-тай маргаад вискиний шилээр П.Б-ы толгойг А.М-э цохисон гэсэн. Тухайн үед П.Б-ыг би толгойдоо тийм гэмтэл авсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх 39/,

9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт:

-П.П.Б-ы биед гавал тархины битүү гэмтэл, баруун чамархай ясны хугарал, тархины хатуу хальсан дээрх цус хуралт, баруун нүдний ухархайн гадна хананд хугарал, хамар ясны зөрүүтэй хугарал, нүүрэнд цус хуралт тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

-Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

-П.П.Б-ы биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хх 57-58/,

 

Шүүгдэгч А.А.М-ийн хувийн байдлыг тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх тодорхойлолт /хх 73/, иргэний үнэмлэхийн лавлагаа, бусдад төлөх төлбөргүй талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 77-82/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх 85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 104/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.А.М-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.А.М-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл журамд нийцсэн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-эд оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд сар бүр  277778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.А.М-э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч А.А.М-э нь хохирогч П.П.Б-ы хохирол төлбөрт 10000000 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх 124/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD  бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч А.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-ийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-эд оногдуулсан торгох ялыг 36 сарын хугацаанд сар бүр 277778 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

   4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А.М-э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5.Шүүгдэгч А.А.М-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газраа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн  3 дахь хэсгийн 3.3-д зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт  тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

 

   6.Шүүгдэгч А.А.М-э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

   7.Шүүгдэгч А.А.М-э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 10000000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

   8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

   9.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А.М-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   10.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.А.М-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ