| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/04789/и |
| Дугаар | 680 |
| Огноо | 2018-02-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 680
| 2018 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 101/ШШ2018/00680 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Д -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: О.Г -т холбогдох,
4,070,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д , хариуцагч О.Г , хариуцагчийн өмгөөлөгч Д.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Г нь 2014 оны 12 сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн автомашиныг барьцаалж, 1,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж аваад, сүүлийн 7 сарын хүү болон үндсэн мөнгийг өдий хүртэл өгөхгүй байна. Иймээс үндсэн мөнгө 1,500,000 төгрөг, хүү 1,150,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 4,070,200 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Г миний бие иргэн Н.Д тэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан нь үнэн. О.Г миний бие иргэн Н.Д д 2016 оны 06 дугаар сар гэхэд нийт 2,800,000 төгрөгийг төлж зээлийг бүрэн хэмжээгээр төлж дуусгавар болгосон. Гэтэл Н.Д 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 4,070,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна. Алданги нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуульд зааснаар хүү, алдангийг хамтад нь шийдэж болохгүй. Нэхэмжлэгч нь барьцаалан зээлэх үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн байгаа. Хүүг илтэд ихээр тооцсон учир хүүг багасгаж тооцож өгөх хүсэлтийг гаргаж байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч О.Г т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээл 1,500,000 төгрөг, хүү 1,150,000 төгрөг, алданги 1,350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 4,070,200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Н.Д , О.Г нар нь 2014 оны 12 сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөгийг 2014 оны 12 сарын 22-ны өдрөөс 2015 оны 06 сарын 22-ны өдрийг хүртэл сар бүрийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулж, зээлийн барьцаанд О.Г ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Хьюндай Портер ачааны автомашиныг барьцаалан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулжээ. /хх-4, 5-7/ Зохигчид энэ талаар маргаагүй.
2015 оны 06 сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг зээлдүүлсэн Зээлийн гэрээний хугацааг сунгаж, 2015 оны 06 сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүртэл 18 сарын хугацаатай, сар бүрийн 10 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх нөхцөлтэй, зээлийн барьцаанд ******* ******* улсын дугаартай, Хьюндай Портер ачааны автомашиныг барьцаалсан Зээлийн гэрээг байгуулсан байна. /хх-8/
Нэхэмжлэгч нь дээр дурдсан 2015 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч нь “зээлийн гэрээний хугацааг сунгаж дахин гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг биш” гэж маргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж гарын үсгийг шинжлүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 26-ны өдрийн 516 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр 2015 оны 06 сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээ”-нд зурсан гарын үсэг нь О.Г ийн гарын үсэг мөн гэдэг нь тогтоогдсон болно. /хх-93-97/
Зохигчдын хооронд байгуулсан дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд мөнгө зээлж, зээлийг эргэн төлөх харилцаа байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тохиролцоо нь зохигчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийлэл байсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс 1,500,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 06 сар гэхэд 2,800,000 төгрөгийг төлж зээлийг бүрэн хэмжээгээр төлж дуусгавар болгосон гэж, нэхэмжлэгч нь хариуцагч 2016 оны 06 сарын байдлаар 2,300,000 төгрөг төлсөн, түүнээс хойш зээлийн гэрээний дагуу ямар ч төлөлт хийгээгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй хариуцагчид зээлсэн бөгөөд хариуцагчийн төлсөн 2,300,000 төгрөгийг зээлийн гэрээний төлбөрөөс хасч тооцон, зээлийн гэрээний үндсэн төлбөр 1,500,000 төгрөг, 7 сарын хүү 1.050,000 төгрөг, алданги 1.350,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч нь Хаан банкин дахь нэхэмжлэгчийн данс руу болон бэлнээр зээлийн төлбөрийг буцаан төлж байсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд Хаан банкин дахь ******* дансны хуулгаар О.Г нь Н.Д гийн данс руу 2015.02.13-нд 150,000 төгрөг, 2015.05.31-нд 50,000 төгрөг, 2015.08.14-нд 75,000 төгрөг, 2015.09.17-нд 250,000 төгрөг, 2015.10.16-нд 150,000 төгрөг, 2015.11.16-нд 150,000 төгрөг, 2016.01.18-нд 50,000 төгрөг, 2016.01.27-нд 100,000 төгрөг, 2016.02.26-нд 40,000 төгрөг, 2016.03.31-нд 150,000 төгрөг, нийт 1,165,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байна. /хх-33-60/ Эдгээр мөнгөн шилжүүлгийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.
Хариуцагч нь зээлийн гэрээний төлбөрт 800,000-900,000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлсөн гэх тайлбар гарган маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчийн төлсөн мөнгийг зээлийн гэрээний төлбөрт суутган тооцож, төлөлтийг дэвтэр дээр гараар бичиж тэмдэглэдэг гэх тайлбарыг гаргаж, тухайн дэвтрийг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд дэвтэрт бичсэнээр О.Г нь сарын зээлийн хүү 150,000 төгрөгийг 15 удаа төлж, нийт 2,250,000 төгрөгийг төлсөн гэж тэмдэглэсэн байна. Нэхэмжлэгч нь уг мөнгөн дээр хариуцагчийн сүүлд төлсөн 50,000 төгрөгийг нэмээд, нийт 2,300,000 төгрөгийг хариуцагчаас авсан гэх тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч нь 2,800,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 2,300,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлд 1,500,000 төгрөг, 24 сарын хүүнд 3,600,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс түүний төлсөн 2,300,000 төгрөгийг хасаад 2,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байх боловч нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,500,000 төгрөг, 7 сарын хүүнд 1,050,000 төгрөг нэхэмжилсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгээр зээлийн гэрээний үүрэгт 2,550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч зээлийн хүү сарын 10 хувийн хүүтэй байгаа нь хэт өндөр тогтоогдсон гэх тайлбарыг гаргаж байх боловч хүүгийн хэмжээ өндөр байгаа талаар нэхэмжлэгчид хандаж байгаагүй, тохирсон хувиар хүү төлж байсан, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 сарын 22-ны өдөр дууссан боловч уг хугацаанаас хойш зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй зэрэг нөхцөл байдлаас дүгнэн зээлийн хүүг багасгах үндэслэлгүй гэж үзэв. Мөн хариуцагч нь зээлийн хүүг 10 хувиар тохиролцсон нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоогдсон талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсоныг үндэслэн алданги 1.350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх талаар зохицуулсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн тал нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь 2016 оны 06 сараас 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд 2015 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 сарын 22-ны өдрөөс 2016 оны 12 сарын 22-ны өдөр дуусахаар байх тул гэрээнд заасан хугацаа дуусаагүй байх хугацаанд алданги тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан эрх зүйн харилцаанд оролцогч нь нэхэмжлэлийнхээ шаардлага, үндэслэл, тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, холбогдох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, үүнтэй холбоотой гарсан зардлыг тэрээр өөрөө хариуцах ёстой бөгөөд хариуцагчийн хаягийг тодруулсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах асуудал тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч О.Г оос 2,550,000 /үндсэн зээл 1,500,000 төгрөг + 7 сарын хүүнд 1,050,000 төгрөг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,520,200 /алданги 1,350,000 төгрөг + эрэн сурвалжлахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг + 7 сарын хүүнд илүү нэхэмжилсэн 100,000 төгрөг/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч О.Г оос 2,550,000 /хоёр сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,520,200 /нэг сая таван зуун хорин мянга хоёр зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Г оос нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 60,073 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР