| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/112 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0013/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* Л.Б-эд холбогдох эрүүгийн 2218000000048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 04- ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан Л.Б-э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Л.Б-э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн******* дугаар байрны орцонд иргэн Н.Н.Б-ийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой шинжлэн судлав.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Л.Л.Б-э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн******* дугаар байрны орцонд иргэн Н.Н.Б-ийг зодож эрүүл мэндэд нь “доод эрүүний хоёрлосон хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Л.Л.Б-э нь хохирогч Н.Н.Б-ийг “унтаж байхад чанга дуугаар ярилаа” гэдгээр шалтаглан цохисон үйлдэл, хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Хэргийн үйл баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах баримтаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч Л.Л.Б-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Урд нь бие биеэ таньдаг, би ахтай нь найз юм. Би унтаж байгаад сэрсэн чинь Н.Б- 2 охинтой чанга чанга яриад байхаар нь чимээгүй бай л даа гэж хэлсэн. Тэгсэн Н.Н.Б- нэлээн халамцуу өөдөөс та яагаад байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь ах хүний зангараг гаргах гээд үзэх үү гараад ир гэж хэлсэн. Араас гараад ирэхээр нь 1 удаа цохисон. Тэгээд орхиод орчихсон. Тэгтэл араас орж ирээд ахаа миний эрүү хугарчихлаа гэсэн.” гэв.
2. Хохирогч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой би үеийнхээ 2 охинтой гал тогоонд юм яриад сууж байсан. Л.Л.Б-э ах унтаж байгаад босож ирээд чанга юм ярилаа гээд хараасан. Тэгэхээр нь юм яриад л сууж байна ш дээ агаа гэсэн чинь чи муу бацаан ийм том болчихсон юм уу гараад ир гэсэн. Гарангуут шууд цохисон. Цохичихоод ороод өгсөн. Жаахан сууж байгаад араас нь ороод яаж байгаа юм бэ ахаа гэж хэлсэн. Дарханд зургаа авахуулчихаад яаралтай хот руу яв гээд би хотод 1 дүгээр эмнэлэгт очоод хагалгаанд орж хадуулсан. Надтай нэг ч холбогдоогүй. Ирчхээд өөрөө Л.Б-э ахтай очиж уулзсан. Би хүнээс мөнгө зээлээд хагалгаанд орсон гээд үнэн учраа хэлсэн. Тэгсэн маргааш нөгөөдрөөс зохицуулаад өгье гээд маргаашаас нь 400,000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш холбогдохгүй уулзахгүй байсан. Сураг сонсоход уугаад яваад байсан. Бараг сар чимээгүй байсан. Сүүлд байцаагч дуудаад гомдолтой юу гэж асуухад гомдолтой гэж хэлсэн. Тэгсэн залгаад гэрийн гадаа байна уулзъя гэхээр нь уулзаагүй.” гэв.
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл...- “2022 оны 01 дүгээр сарын 02-ны орой Хайрхан багийн 2 давхрын 35 дугаар байрны орцонд Л.Л.Б-э гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний эрүүн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд минь хохирол учруулсан” гэх дуудлагыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. /хх 7/,
4. Гэрч Б.Б.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед манай гэрт Н.-, О- нар орж ирсэн. Тэгээд Н.- нь манай гэрт хамт очъё гэхээр нь зөвшөөрч бид 3 хамт алхаад замаараа дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн архи аваад Хайрхан багийн 36 дугаар байрны орцны үүдэнд очиход танил Л.Б-э жаахан архи уусан бололтой халамцуу таарсан. Тэгээд бид нар нийлээд хамт Н.-гийн гэрт яваад ороход гэрт нь Н.Б- гэх залуу газраар хэвтэж байсан ба дээгүүрээ юм нөмөрсөн байсан. Тэгээд Н.-, О-, Л.Б-э бид 4 авсан архиа хувааж уугаад Л.Б-э нэлээн согтож Н.-гийн орон дээр унтаад өгсөн. Тэр хойгуур нь Н.-, О- бид нар гараад явсан ба Н.-гийн гэрт Н.Б-, Л.Б-э 2 үлдсэн. Бид нарыг архиа уугаад сууж байхад Н.Б- огт босож ирээгүй газар унтаад байсан.” гэх мэдүүлэг /хх 17/,
5. Гэрч Ц.Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагийн үед найз Н.-гийн гэрт очиход Н.Б- гэх залуу тэдний гэрт газар унтаж байсан ба би Н.-г дагуулаад найз Б.Х-ы гэрт очсон. Тэгээд Б.Х-ыг дагуулж гарч ирээд дэлгүүр орж нэг шил 0,75 литрийн хараа архи аваад Н.-гийн гэрт очих гээд орцны үүд рүү дөхөж явтал найз Л.Б-этэй таарсан. Тухайн үед Л.Б-э архи уусан бололтой нэлээн халсан явж байсан ба хамт Н.-гийн гэрт орсон. Энэ үед Н.Б- газар унтаж л байсан. Тэгээд Н.-, Л.Б-э, Б.Х- бид 4 авсан архиа хувааж уугаад дуусахад Л.Б-э согтоод Н.-гийн орон дээр гараад унтаад өгсөн. Тэгэхээр нь Н.-, Б.Х- бид 3 гэрээс гарч орцны үүднээс салаад явцгаасан. Харин Н.-гийн гэрт Л.Б-этэй хамт Н.Б- гэх залуу унтаад үлдсэн.” гэх мэдүүлэг /хх 19/,
6. Гэрч Х.Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байсан. Гэтэл орой 16-17 цагийн орчим хүлээн авахаас над руу залгаад хүлээн авах дээр зодуулсан хүн ирсэн байна гэхээр нь би доошоо хүлээн авах руу буугаад үзсэн чинь Н.Н.Б- гэх залуу архи уусан байдалтай, баруун талын эрүү нь хавдсан байсан ба үзлэгээр доод эрүү хугарлын шинжтэй байсан учир өвчин намдаах тариа хийж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт эрүүний зураг авхуулах, эмчийн зөвлөгөө авах шаардлагатай гэж зөвлөөд 13А маягт хийж өгөөд явуулсан. Яасан талаар асуухад хүнд зодуулсан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх 21/,
7. Гэрч Г.Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө танил дүү болох Н.Б- манай гэрт согтуу орж ирээд эгчээ унтаж амармаар байна гэхээр нь би зөвшөөрч Н.Б-т газар ор засаж өгөөд унтуулсан. Тэгтэл маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагийн үед найз Ц.О- манай гэрт орж ирээд шараа тайлмаар байна гээд намайг дагуулаад Б.Х-ы гэрт очиж Б.Х-ыг аваад дэлгүүр орж 0.75 литрийн нэг шил Хараа архи авч манайх руу явсан. Ингээд манай байрны үүдэнд ирэхэд танил Л.Б-э гэх залуу таараад хамтдаа манай гэрт орсон. Н.Б- унтаж л байсан. Тэгээд бид нар манайд суугаад авсан 1 шил архиа хувааж уусан. Тухайн үед би нэлээн согтоод үүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь би гадуур алхаж явсан ба буцаад гэртээ ороод иртэл Л.Б-э, Н.Б- болон миний таньдаг 2 охин хамт зогсож байсан. Гэхдээ тэр 2 охины хэзээ манай гэрт ороод ирснийг би санахгүй байна. Ямар ч байсан Н.Б-ийн хамар, амнаас цус гарсан байдалтай зогсож байсан. Тухайн үед би юу болсон талаар асууж амжаагүй байтал миний араас Н.Б-ийн найз нь гэх залуу ирээд Н.Б-ийг дагуулаад эмнэлэг рүү явлаа гээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх 23/,
8. Гэрч А.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед гадуур машинтайгаа явж байхад манай найз Н.Б- над руу утсаар залгаад Л.Б-э намайг цохичихлоо, миний эрүү эвгүй болчихлоо ирээд авчхаач гэж хэлээд өөрийгөө Н.- эгчийн гэрт байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дороо яваад очтол Н.- гэж хүний гэрт Н.Б-ийн амнаас цус гарчихсан, эрүү нь хавдсан байдалтай зогсож байсан ба Л.Б-э гэх хүн нэлээн согтуу байдалтай сууж байсан. Мөн танил Болорцэцэг, Азжаргал гэх 2 охин байсан. Өөр хүн гэрт нь байгаагүй. Тэгээд би найз Н.Б-ийг тэндээс авч гараад Шарын гол сумын Эрүүл мэндийн төв дээр хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх 25/,
9. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлт:
-Н.Н.Б-ийн биед доод эрүүнд хоёрлосон хугарал тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
-Н.Н.Б-ийн биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 30-31/,
Шүүгдэгч Л.Л.Б-ийн хувийн байдлыг тогтоосон оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх 43-46 тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа, эзэмшил, өмчлөлийн газаргүй тухай тодорхойлолт /хх 49, 51/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56-57/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Л.Б-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Балжиннямын...” гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Б-эд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Шүүгдэгч Л.Л.Б-э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Н.Н.Б- нь эмчилгээний зардалд 1400000 төгрөг нэхэмжилж байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байна.
Шүүгдэгч Л.Л.Б-э нь хохирол төлбөрт 400000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгч болон хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба хохирогчийн 1400000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 1000000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Б-эд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Л.Б-э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Н.Н.Б-ийн 1400000 төгрөгийн нэхэмжлэлээс 400000 төгрөг төлөгдсөнийг дурдаж, хохирогч нь үлдэх 1000000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Л.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Л.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ