Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 144

 

                                                       

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:  Т ХХК -ийн   нэхэмжлэлтэй, 

Хариуцагч:,  Т /ХХК/-д  холбогдох 

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2 086 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, 

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Т ХХК нь  Т  ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 017/60 тоот ажил гүйцэтгэх  гэрээ байгуулсан байдаг. Уг ажил гүйцэтгэх гэрээгээр Т ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 2 386 000 төгрөгийн  үнэ бүхий гурван талт самбар хийж өгөх үүрэг хүлээсэн,  мөн гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу  гүйцэтгэх ажлын урьдчилгаа  төлбөр болгож манайх 2 086 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т ХХК-ийн  Хас банкин дахь  5001969235 тоот дансанд шилжүүлсэн юм. Талуудын хооронд байгуулсан 017/60 тоот ажил гүйцэтгэх гэрээг  нэг талаас Т ХХК-ийн  Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г, нөгөө талаас Т ХХК-ийн дизайнер С.Д нар нь байгуулсан бөгөөд эдгээр этгээд нь компанийг төлөөлөн  гэрээ байгуулах эрхгүй, өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн  удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр  үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчиж манай Архангай салбарын захирал  Н.Г нь гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэл, ямар нэг зөвшөөрөлгүйгээр  компанийг  төлөөлөн гэрээ байгуулсан байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 тоотажил гүйцэтгэх  гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасны дагуу Т ХХК-ийн зүгээс Т ХХК-д  гэрээний үндсэн дээр  урьдчилгаа  болгон шилжүүлсэн 2 086 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Т ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 0717/60 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулаагүй, ямар учиртай  гэрээ болохыг мэдэхгүй. Л.Г нь Т  ХХК-ийг  төлөөлж иргэн, хуулийн этгээдтэй  гэрээ байгуулах,  хэлцэл хийх зэргээр  компанийн  нэрийн өмнөөс  үйл ажиллагаа явуулдаг.  Т  ХХК-ийн үндсэн  үйл ажиллагааны зорилго  нь барилгын засал чимэглэлийн  ажил хийж гүйцэтгэх бөгөөд гурван талт зарлалын самбар хийх зэрэг ажил гүйцэтгэдэггүй. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болох гурван талт самбарын ажил хийж гүйцэтгэхэд  урьдчилгаа төлбөр  болгон төлсөн  гэх 2 086 000 төгрөг нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Т  ХХК-ийн Хас банкин дахь дансанд шилжиж ирсэн бөгөөд тухайн үед  ямар учиртай мөнгө болохыг  мэдээгүй. Тэгтэл 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Т ХХК-ийн  Архангай аймаг дахь салбарын  захирал Н.Г  нь манай ажил дээр ирээд Л.Г надад  хандаж “манай толгой компаниас над руу  шилжүүлж байгаа  мөнгийг танай дансанд  оруулчихсан, миний хийж гүйцэтгэсэн ажлын хөлс байгаа юм, ахдаа аваад өгчих” гэхээр нь би түүнд итгэж бэлнээр нь авч өгсөн. Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Т  ХХК-тай байгуулсан гэх 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 тоот ажил гүйцэтгэх  гэрээг  хүчин төгөлдөр бус  хэлцэлд тооцох хэсгийг  хүлээн зөвшөөрч байна. Уг хэлцэл хийсэн үедээ хүчин төгөлдөр бус байсан гэж бодож байна. Харин гурван талт самбар хийж гүйцэтгэх  ажлын  урьдчилгаа төлбөр болох  2 086 000 төгрөг төлөхийг  хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “хүчин төгөлдөр  бус хэлцэл хийсэн  буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг  нөхөн төлнө”  гэж заасныг  харахад бусдыг хууран мэхэлж хэлцэл хийсэн этгээд нь Т ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г байх тул ТХХК-д учирсан гэх 2 086 000 төгрөгийн хохирлыг Н.Г-оор  бүрэн хариуцуулан  төлүүлэх ёстой гэв.  

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Т ХХК нь Т ХХК-д холбогдуулан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 017/60 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 2 086 000  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан. 

2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ТХХК-ийг төлөөлж Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г, Т ХХК-ийг төлөөлж С.Д  нар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, ТХХК нь 2 086 000 төгрөгийг Т ХХК-ийн Хас банк дахь 5001969235 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт дээр талууд маргаагүй байдлаар тогтоогдсон. 

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь хоорондоо зөрчилтэй гэж үзэхээр дараах хэд хэдэн байр суурийг илэрхийлсэн байна:

- 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 017/60 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохыг хүлээн зөвшөөрнө, 

- Ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн  2 086 000 төгрөгийг Т ХХК нь аваагүй, өөрийн данснаас авч ТХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирлаар ажиллаж байсан Н.Г-д авч өгсөн тул уг 2 086 000 төгрөгийг хариуцахгүй,

- 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан гэрээ нь хариуцагч талд мэдэгдэлгүйгээр хийгдсэн гэрээ. 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохын урьдач нөхцөл нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ байх ёстой явдал юм. Талуудын маргаагүй байдлаар ТХХК-ийг төлөөлж Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г, Т ХХК-ийг төлөөлж С.Д нар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан үйл баримт тогтоогдсон байгаа боловч хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг харгалзан үзэхэд энэхүү гэрээг Т ХХК байгуулсан гэж үзэх үү гэсэн асуудал гарч ирж байна. Хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2 086 000 төгрөгийн урьдчилгаа төлбөр нэхэмжилсэн Т ХХК-иас ТХХК-нд хүргүүлсэн нэхэмжлэх, уг нэхэмжлэхийн дагуу Т ХХК-иас шилжүүлсэн 2 086 000 төгрөгийг Т ХХК хүлээн авсан үйл баримт, гэрээ байгуулагдсан, нэхэмжлэх хүргүүлсэн, урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан цаг хугацааны дараалал зэргээр Т ХХК-тай Т ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээг  бодитоор байгуулсан байжээ гэж үзэх үндэстэй. 

Харин талуудын маргаагүй байдлаар тогтоогдсон ТХХК-ийг төлөөлөн тус компанийн Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г, нөгөө талаас Т ХХК-ийг төлөөлөн С.Д нарын гэрээ байгуулсан явдал нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн  удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр  үйл ажиллагаа явуулна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн, гэрээ байгуулах үед Н.Г, С.Д нарт эрх бүхий этгээдээс  итгэмжлэл олгосон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул ТХХК болон Т ХХК нарын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцов. 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болсон учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүргийн дагуу Т ХХК-иас ажлын урьдчилгаа болгон шилжүүлсэн 2 086 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Нэхэмжлэгчийн зүгээс байгуулагдсан гэрээ, шилжүүлсэн төлбөрийн хүрээнд гэрээний гүйцэтгэлийг шаардсан байгаа боловч энэ байр суурийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шилжүүлсэн 2 086 000 төгрөгийг хүлээн аваад Т ХХК-ийн Архангай аймаг дахь салбарын захирал Н.Г-д өгсөн гэдэг боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, түүнчлэн гэрээний дагуу шилжиж ирсэн мөнгөн төлбөрийг өмчлөлдөө бүрэн хүлээн авсны дараа хэрхэн захиран зарцуулах нь хариуцагч байгууллагын тухайн үеийн сонголтын асуудал юм. 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учирсан хохирлоо нэхэмжлэх талуудын эрх нээлттэй. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т ХХК болон Т ХХК нарын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь тус байгууллагад эх хувиар байхгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласантай холбогдуулсан хэрэгт бичгээр авагдсан уг гэрээг нотариатаар зохих ёсоор гэрчлүүлсэн эсэх дээр эргэлзээ үүсгэсэн, мөн цахим гүйлгээний баримтыг банкны эрх бүхий ажилтнаар баталгаажуулалгүй нотариатаар гэрчлүүлсэн тул дээрх баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно. 

 

Шүүх хуралдаан дээр шүүхэд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн Т  ХХК-ийн Хас банк дахь 50011969835 тоот дансыг нэхэмжлэлийн үнийн хэмжээнд битүүмжлүүлэх хүсэлтээсээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзсан, 

мөн шүүхэд гаргасан хариу тайлбарт Т ХХК-ийг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү гэсэн нь мэтгэлцээний байр суурь бөгөөд албан ёсоор гаргасна хүсэлт биш, энэ талаар хүсэлт гаргаагүй гэдгээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулсан болохыг тус тус дурдвал зохино. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т ХХК болон Т ХХК-ийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Т ХХК-иас 2 086 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 320  төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, Т ХХК-иас 48 320 төгрөг гаргуулан ТХХК-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                                                    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Т.БАДРАХ