| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/05436/и |
| Дугаар | 629 |
| Огноо | 2018-02-22 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 629
| 2018 оны 02 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2018/00629 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Э -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Д -д холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э , хариуцагч Б.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Д болон миний төрсөн ах Д.А нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн ******* ******* улсын дугаартай автомашины төлбөр тооцооны үлдэгдлийг Б.Д нь ах Д.А аас нэхээд байнгын хэрүүл шуугиан хийгээд шүүх хуулийн байгууллагуудад хандана гээд ахыг маань байнга дарамтлаад байсан тул би арга буюу ахынхаа өмнөөс цаашид маргаан хийлгэхгүй, шүүхэд хандан нэхэмжлэл гаргуулахгүй байх зорилгоор Б.Д гийн эхнэр Х.А д 2015 оны 01 сарын 01-ний өдөр ******* үүрэн телефоны дугаарын мобайл банкаар 1,000,000 төгрөг, хариуцагч Б.Д д 2014 оны 05 сарын 29-ний өдөр 3,000,000 төгрөг, 2014 оны 10 сарын 09-ний өдөр 1,500,000 төгрөг, 2014 оны 10 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөгийг хариуцагч Б.Д гийн Хас банкны ******* тоот дансанд тус тус шилжүүлэн автомашины үлдэгдэл 6,500,000 төгрөгийн төлбөрийг нь төлж барагдуулсан. Гэтэл хариуцагч Б.Д нь өөрийн болон эхнэр Х.А ынхаа дансанд ах Д.А ы машины төлбөрийн 6,500,000 төгрөгийг шилжүүлүүлэн авсныхаа дараагаар шүүхэд хандан нэхэмжлэл гарган 6,000,000 төгрөгийг давхардуулан авах шийдвэрийг гаргуулсан байна. Миний ахыгаа дарамтлуулахгүй, цаашид төлбөр тооцоогүй болгох, шүүх хуулийн байгууллагаар маргаантай асуудал үүсгүүлэхгүй байх зорилгоор 6,500,000 төгрөгийг төлсөн үйлдэл маань талаар болж Б.Д нь шүүхэд хандан нэхэмжлэл гарган миний төлсөн 6,500,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг ах Д.А аас гаргуулахаар шийдвэрлүүлсэн байх тул Б.Д , Х.А нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйл, 492.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нараас гаргуулан иргэн надад олгуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудал өөрт нь хамааралтай, Х.А д хамааралгүй гэх тайлбарыг гаргаж байгаа тул хариуцагч Х.А аас татгалзаж, хариуцагч Б.Д гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нийт 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Б.Д гээс 6,500,000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Э нь иргэн Б.Д , Х.А биднээс 6,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Энэхүү 6,500,000 төгрөгийг өөрийнх нь ах Д.А ы авлагад оруулан авснаа нууж, давхардуулж авсан гэдэг үндэслэлээр нэхэмжилсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд миний бие энэ асуудлаар өмнө нь танай шүүхэд хандаж, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2213 тоот магадлалыг тус тус гаргуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 тоот шийдвэрт нэхэмжлэгч Д.Э ийн надад төлсөн 6,500,000 төгрөгийг тус тус хасч тооцсон тухай тэмдэглэсэн байгаа. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2213 тоот магадлалын хянавал хэсэгт “хариуцагч автомашины үлдэгдэл төлбөрт ..өөрийн дүү Д.Э ийн дансаар дамжуулан 6,500,000 төгрөгийг шилжүүлэн төлсөн нь баримтаар тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэж тус тус заасан болно. Эдгээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлалаар энэхүү 6,500,000 төгрөг нь албан ёсоор иргэн Д.А , Б.Д нарын автомашины худалдах, худалдан авах тухай хэлцэлд орж тооцогдсон болох нь нотлогдож байгаа болно. Ийм учир иргэн Б.Д , Х.А бид нэхэмжлэгч Д.Э өд 6,500,000 төгрөгийг төлөх ямар ч үндэслэлгүй болно. Харин дээрх шүүхийн шийдвэр, магадлалын дагуу иргэн Б.Д надад олгогдох ёстой 6,000,000 төгрөгийг өнөөг хүртэл өгөхгүй, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй чирэгдүүлж байгаад асар их гомдолтой байна. Мөн дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлэхгүй хугацаа хожих, үндэслэлгүйгээр шүүхийн маргаан үүсгэх зэрэг байж боломгүй, шударга бус аргуудыг хэрэглэж байгаа нь төрсөн ах Д.А , Д.Э нар болон тэдэнд зүй бус, хууль зөрчсөн зөвлөгөө туслалцаа үзүүлж өмгөөлөгчийн ёс зүйг ноцтой зөрчиж байгаа өмгөөлөгч гэх хүмүүсийн ёс зүйгүй, увайгүй, үйлдлийг шүүх хуулийн байгууллага анхааралдаа авч, хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Энэ мэт зальт этгээдүүдээс болж 4 жил гаруй нэхэл дагал болж, хууль, шүүхийн байгууллагаар явж байна. Ийм учир иргэн Д.Э ийн нэхэмжлэлийг дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б.Д , Х.А нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр Х.А аас 1,000,000 төгрөгийг, Б.Д гээс 5,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.А аас татгалзаж, хариуцагч Б.Д гээс 6,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.Э нь “...хариуцагч Б.Д төлбөрийн үлдэгдэл 6,000,000 төгрөг гэж бичсэнээс хойш ах Д.А ы худалдан авсан машины төлбөрт 6,500,000 төгрөгийг түүнээс шилжүүлэн авсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргаж 6,000,000 төгрөгийг давхардуулан авах шийдвэр гаргуулсан, автомашины төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой баримтад засвар хийсэн хэрэг үйлдсэн нь хариуцагч 6,500,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй болохыг нотолж байгаа тул 6,500,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Хариуцагч Б.Д нь нэхэмжилж буй 6,500,000 төгрөгийн асуудал нь шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Д гийн нэхэмжлэлтэй Д.А д холбогдох автомашины үлдэгдэл төлбөрт 9,500,000 төгрөгийг гаргуулах хэргийг хянан хэлэлцэж, 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.А аас 9,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д д олгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Хариуцагч нь дүү гэх Д.Э Тоёота тундра маркийн машины үлдэгдэл төлбөрт 6,500,000 төгрөгийг надаас асууж төлсөн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь уг 6,500,000 төгрөгийг авсан талаар маргаагүй. ... Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт төлөх 55,000,000 төгрөгнөөс урьдчилгаанд өгсөн 9,000,000 төгрөг, төлбөрт тооцсон машины үнэ 30,000,000 төгрөг, хариуцагчийн зөвшөөрлөөр Д.Э ийн төлсөн 6,500,000 төгрөгийг тус тус хасаж үлдэх 9,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна...” гэжээ. /хх-4-6/
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 сарын 16-ны өдрийн 2213 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 24-ний өдрийн 101/ШШ2017/02608 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “9,500,000 төгрөг” гэснийг “6,000,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Магадлалын хянавал хэсэгт “...Хариуцагч нь автомашины үлдэгдэл төлбөрт 46,000,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд үүнээс 30,000,000 төгрөгт нь Ниссан Патпендер маркийн автомашин тооцон өгч, өөрийн дүү Д.Э ийн дансаар дамжуулан 6,500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэр Х.А д шилжүүлэн төлсөн нь .... баримтаар тогтоогдсон гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ” гэжээ. Мөн магадлалд нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдаж буй автомашины төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой баримтын талаар дурдаж дүгнэжээ. /хх-7-9/
Хариуцагч Б.Д болон нэхэмжлэгчийн ах Д.А нарын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, Д.А ы зөвшөөрлөөр Д.Э ийн шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг автомашины төлбөрт тооцсон болох нь дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох автомашины төлбөрт 6,500,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Д.Э ийн шилжүүлсэн 6,500,000 төгрөгийг түүний ах Д.А ы автомашины төлбөл зохих төлбөрт тооцсон нь тогтоогдож байх тул хариуцагч Б.Д гээс уг мөнгийг буцаан гаргуулах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч автомашины төлбөрийн 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авсаны дараа шүүхэд нэхэмжлэл гарган 6,000,000 төгрөгийг давхардуулан авах шийдвэр гаргуулсан гэх тайлбар гарган нэхэмжилж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Д гээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 6,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Д д холбогдох 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Э ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 26,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Э өд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР