Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2018/00431

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  ..... тоотод  оршин суух ........ овогт Б.Б/Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Өөрийн байранд байрлах, НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Уртнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Д, гэрч Г.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1441 дүгээр шийдвэрээр миний бие Б.Бболон аав Ц.Баатар нар “Ричфинанс ББСБ” ХХК-д 50.897.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн. Хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх, Цээнэ 1 дүгээр гудамжны 130 тоотод байрлах 161.11 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг минь үнэлүүлэхдээ 44.100.000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний 70 хувь буюу 31.145.107 төгрөгөөр тооцон эд хөрөнгийг минь үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Үнэлгээг хийхдээ нэгж талбайн жишиг үнийг тооцоолохдоо буруу тооцоолсноос нэгж үнийг 276.165 төгрөг гэж багаар гаргасан байна. Үнэлгээг хийсэн шинжээч өөрөө үнэлгээнд техникийн алдаатай бичигдсэн гэдгийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлж байна. Иймд уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1441 дүгээр шийдвэрээр Б.Б, Ц.Баатар нараас 51.573.800 төгрөгийг гаргуулж “Ричфинанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 1 дүгээр гудамжны 130 тоотод байрлах 161.11 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 мкв талбайтай эзэмшлийн газрыг эд хөрөнгө битүүмжлэх тухай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06/14 тоот тогтоолоор битүүмжлэн, төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл өгсөн боловч биелүүлээгүй тул 2017 оны 10 дугаар сарын 0З-ны өдрийн 151/03 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан. Талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал ирүүлэхийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 4/26524 тоот албан бичиг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/03 тоот шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч төлбөр төлөгч нар үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Ричфинанс ББСБ” ХХК-аас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 140/2017 тоот албан бичгээр төлбөр төлөгч нартай харилцан тохиролцож чадаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан битүүмжлэн хураасан дээрх үл хөдлөх хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлсэн. Талууд нэгэнт тохиролцоогүй тул 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 322 тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Итгэлт эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнийг 44.493.011 төгрөгөөр тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тайлан, үнэлгээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 4/3901 тоот албан бичгээр төлбөр төлөгч Б.Бд мэдэгдэж төлбөр төлөгч Ц.Баатарт дамжуулан өгөхийг мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий этгээд тогтоолын дагуу хийсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Бнь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2016/01441 дугаар шийдвэрээр Б.Б, Ц.Баатар нараас 51.297.500 төгрөгийг гаргуулж, “Ричфинанс ББСБ” ХХК-д олгохоор, хэрэв хугацаандаа төлөөгүй тохиолдолд Ц.Баатарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 1 дүгээр гудамжны 130 тоотод байрлах 161.11 мкв талбайтай хувийн сууц,  Ц.Баатарын эзэмшлийн мөн хаягт байрлах нэгж талбарын 18647321579500 дугаарт бүртгэлтэй, 700 мкв талбайтай зуслангийн газраас тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Тус газар 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 06/14 тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030386 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 1 дүгээр гудамжны 130 тоотод байрлах 161.11 мкв талбайтай хувийн сууц, 0067549 дугаарын гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ зусланд байрлах, 700 мкв талбайтай газрыг битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 151/03 тоот хураах тогтоолоор хураажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахаар  төлбөр төлөгч Б.Б, Ц.Баатар нарт 2017 оны 10 дугаар сарын 26-нд, 11 дүгээр сарын 03-нд тус тус мэдэгдлийг хүргүүлсэн ч үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч  шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 55.2.2-т зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 322 дугаар тогтоолоор “Итгэлт Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилжээ.

Шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

“Итгэлт Эстимэйт” ХХК нь барьцаа хөрөнгийг үнэлэхдээ өртөгийн хандлагын, орлогын хандлагын, харьцуулан зэрэгцүүлэх буюу зах зээлийн хандлагын аргаар ойролцоо 5 хөрөнгийг харьцуулж нэгж талбайн жишиг үнийг 276.165 төгрөгөөр тооцон нийт 44.493.011 төгрөгөөр үнэлжээ. Үнэлгээг хийсэн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Г.Оюунчимэг ийнхүү харьцуулахдаа “тооцооллын хувьд алдаа гарсан, нэгж талбайн үнэ өсөх боломжтой байсан” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байна. Иймд шүүх дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан “тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203030386, нэгж талбарын  18647321579500 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээнэ 1-130 тоотод байрлах 161.11 мкв талбайтай хувийн сууц, 700 мкв газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/01950 дугаар шүүгчийн захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ