Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/56

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ны Б.А-д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**************” ХХК-д оператор ажилтай, ам бүл 1, **************** оршин суух,

- урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, С овогт Б-ны Б.А /РД: ********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг “И март” худалдааны төвийн автобусны буудлын гэрлэн дохион дээр иргэн М.Б-ийг түлхэж унаган баруун дунд чөмөгт ясны дотор булууг дайрсан хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 10 дахь тал/,

2. Баянгол дүүргийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 11 дэх тал/,

3. Хохирогч М.Б-ийн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн орой 19 цагийн үед ажлаа тараад Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг “**********” худалдааны төвийн автобусны буудлаас баруун тал руу алхаад хорооллын эцсийн явган хүний гарцаар гараад алхаж байтал миний баруун талаас үл таних 30-32 орчим насны согтуу эрэгтэй хүн гарч ирээд миний куртикний захнаас заамдаж байгаад түлхээд би явган хүний замын боржурыг баруун хөлөөрөө мөргөж унасан. Зам дээр байсан портер машины жолооч машинаасаа буугаад нөгөө залууг “бариад аваарай” гөөдөөс нь ирж байсан залуу тэр залууг барьж авсан. Тэгээд би хүү Г рүү залгаж дуудаад миний хүү намайг ирж авсан. Тэр залуу согтуу байсан би тэр залууг харвал танина...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

4. Гэрч Н.Г-ийн:

“...Би Баянгол дүүргийн 9-р хороо, 33-р байрны 32 тоотод гэртээ байж байхад орой 19 цагийн үед манай ээж над руу залгаад “хүн түлхээд унагаачихлаа, ээж нь босож чадахгүй байна” гэж хэлсэн. Би гэрээс гараад ээж дээрээ очиход “Алтай” зочид буудлын хажуу талд суучихсан, үл таних хүмүүс болон ээжийг түлхсэн гэх залуу газарт хэвтэж байсан. Би ээжийгээ өргөж машинд суулгаад цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа ирэхэд би болсон үйл явдлын талаар хэлэхэд тэр залууг эрүүлжүүлэх байр луу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дахь тал/,

5. Гэрч Н.Б-ийн:

“...Би гэртээ 20 цагийн үед ирэхэд ах Ганхүү над руу утсаар ярьж Гэмтлийн эмнэлэг дээр ээжийн хөлийг үзүүлээд явж байна. Баянгол дүүргийн 13-р хорооны нутагт байрлах “И-март” худалдааны төвийн автобусны буудлын гэрлэн дохион дээр гарах гэж байхад нь урд талаас нь үл таних эрэгтэй согтуу хүн ээжийг түлхэж унагаагаад хөлийг нь хугалсан байна гэж хэлсэн. Эмнэлэгт очоод рентгений зураг авхуулахад баруун хөл өвдөг хэсгээр хугарсан байна хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэх шаардлагатай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

6. Гэрч Э.А-ын:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Бугат-112 дугаар чиглэлд 24 цагийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 19 цагийн үед манай ээжийг нэг хүн түлхэж унагаасан гэх дуудлага мэдээлэл Бугат-10-с ирсэн. Тус дуудлагын дагуу Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “***********” зочид буудлын урд талд байрлах зам дээр очиход үл таних 50 гаран насны эмэгтэй машины хойд суудалд сууж байсан ба “энэ залуу намайг түлхээд унагаачихлаа” гэж хэлж байсан. Тэр эмэгтэйн хүү нь гэх залуу бас байсан “манай ээжийн хөл нь эвгүй болчихсон байна” гэж хэлсэн. Би тухайн залууг албаны автомашинд суулгаад унасан гэх хүнийг яаралтай Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүл гэж хэлсэн. Тухайн залуу нэлээд согтолттой байсан тул Баянгол дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэж өгсөн. Тэр залуу цагдаагийн нэгдсэн сангийн төхөөрөмжөөр шалгаж үзэхэд Б овогтой Б.А гэх хүн байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

7. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 32-36 дахь тал/,

8. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10930 дугаартай шинжээчийн:

“...М.Б-ийн биед баруун дунд чөмөгт ясны дотор булууг дайран үений гадаргууг хамарсан зөрүүгүй ташуу хугарал, баруун тойг ясны ар дотор дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

9. Шүүгдэгч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би яг юу болсон талаар мэдэхгүй байгаа ба эрүүлжүүлэх байрны хүмүүсээс асуухад намайг хүн зодсон гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/,

10. Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

11. Хохирогч М.Б-ийн гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 57-60 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.А-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А нь хохирогч М.Б-ийг түлхэж унагаан, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.А нь:

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг “И март” худалдааны төвийн автобусны буудлын гэрлэн дохион дээр иргэн М.Б-ийг түлхэж унаган баруун дунд чөмөгт ясны дотор булууг дайрсан хугарал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч М.Б-ийн “...согтуу эрэгтэй хүн гарч ирээд миний куртикний захнаас заамдаж байгаад түлхээд би явган хүний замын боржурыг баруун хөлөөрөө мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10930 дугаартай шинжээчийн “...М.Б-ийн биед баруун дунд чөмөгт ясны дотор булууг дайран үений гадаргууг хамарсан зөрүүгүй ташуу хугарал, баруун тойг ясны ар дотор дээд хэсгийн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Гэрч Н.Г, Н.Б, Э.А нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт шүүгдэгч Б.А нь 2.146.190 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогч М.Б-өөс ажилгүй байсан хугацааны цалин болон өвдөгний үений эгц, хажуу зураг, эм тариа авсан эмчилгээний төлбөр зэргийг нэмж нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.А-оос 1.582.340 төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т олгох нь зүйтэй гэж үзлээ.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ****************дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б-ны Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-оос 1.582.340 /нэг сая таван зуун наян хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Б-т олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.ДАЛАЙХҮҮ