| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 181/2018/00393/И |
| Дугаар | 00509 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 00509
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О-д холбогдох
3,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Дашдаваа, хариуцагч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Г ХХК нь иргэн С.О тэй “Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ”-г 2013 оны 2 сарын 13-ны өдөр байгуулж, түүнд 2013 оны 3 сарын 19-нд 2,000,000 төгрөгийг дансаар, 2013 оны 3 сарын 20-нд 370,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 3 сарын 29-нд 500,000 төгрөгийг бэлнээр, нийтдээ 2,870,000 төгрөг хүлээлгэн өгсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гүйцэтгэгч тал болох С.О гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний зорилгод нийцсэн үйл ажиллагаа буюу явуулын баарыг ажиллуулаагүй нь тус компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулаад байна. Бид түүнээс 2,870,000 төгрөгөө буцаан шаардахын сацуу дээрх үүссэн асуудлыг зөвшилцөл, эвийн аргаар шийдвэрлэхийг эрмэлзэж, С.О гийн төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгөөч гэсэн удаа дараагийн хүсэлтийг хүлээн авсан хэдий ч тур хүлээж бай, удахгүй мөнгө орж ирнэ тэгэхээр өгье, дараа 7 хоногт төлж дуусгана, дансаа явуулчих өнөө маргаашдаа багтаагаад хийе гэх зэргээр байнга худал хэлдэг байсан. Хариуцагч нь дээрх гэрээний дагуу биднээс хүлээн авсан 2,870,000 төгрөг болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор учруулсан хохирол болох 300,000 төгрөг, нийтдээ 3,170,000 төгрөг төлөх байтал 2017 оны 11 сарын 27-ны өдөр 4,000 төгрөг төлсөн болно. Иймд хариуцагчаас “Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ”-ний дагуу хүлээн авсан 2,870,000 төгрөгөөс 4,000 төгрөгийг хасаж 2,866,000 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор учруулсан хохирол болох эрх зүйн туслалцааны хөлс 300,000 төгрөг буюу нийт 3,166,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоорондын гэрээний 4.5 дахь заалтын сурталчилгаа сургалтыг байнга, маш сайн хүмүүст танилцуулж хийж байсан. Гэрээ хийгдсэнээс хойш 5 жилийн дараа буюу 2017 оноос хойш надаас мөнгө шаардсан, энэ талаар Г ХХК-ийн захирал Н.Дастан гэх хүнтэй энэ асуудлаар уулзахыг хүссэн боловч хүлээн аваагүй. Тухайн цаг үед Монин гэх брэнд бүтээгдэхүүн нь Монголд хэрэглэгч маш цөөн, танигдаагүй байсан тул явуулын баарыг ажиллуулахад хүндрэлтэй байсан. Гэрээний 4.5 дахь заалтын дагуу хийсэн сургалт сурталчилгааны ажлыг дурдалгүй луйвардсан мэт шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ёс зүйгүй байна. Гэрээний 3.3 дахь заалтын шаардлагаар нерж буюу зэвэрдэггүй ган хавтангаар явуулын баарны төхөөрөмжийг 1,724,000 төгрөгөөр захиалж хийлгэсэн. Түүнийг тухайн үед ажиллаж байсан менежер Гантулга гэж хүнд хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бартераар төлж болно.” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч С.О д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 2,866,000 төгрөг, эрх зүйн туслалцаа авахад гарсан зардал 300,000 төгрөг, нийт 3,166,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд гэрээний харилцааг үргэлжлүүлэх замаар бартер хийж төлбөрийг төлж болно гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
2013 оны 2 сарын 13-ны өдөр Г ХХК болон С.О нарын хооронд “Ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ /хх-6,7 тал/ байгуулагдаж уг гэрээгээр Г ХХК нь явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж 4,100,000 төгрөгийг С.О д бэлнээр олгох, С.О нь уг мөнгөн хөрөнгөөр явуулын баар ажиллуулж, Г ХХК-ийн бүтээгдэхүүнийг үйл ажиллагааны явцад сурталчлах, 2 жилийн хугацаанд Г ХХК-ийн бүтээгдэхүүнийг явуулын баараар дамжуулан борлуулах үйл ажиллагаа явуулж олсон ашгаас 30 хувийг Г ХХК-д төлөх, явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж олгосон мөнгийг хүлээн авснаас хойш 6 сарын дотор Г ХХК-д буцаан төлж барагдуулснаар явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяганы өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дахь заалтад заасан хамтран ажиллах гэрээний харилцаа байна.
Нэхэмжлэгч нь явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж олгох 4,100,000 төгрөгөөс 2013 оны 3 сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг дансаар, 500,000 төгрөгийг бэлнээр, 2013 оны 2 сарын 20-ны өдөр 370,000 төгрөгийг бэлнээр, нийт 2,870,000 төгрөгийг С.О д олгосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг /хх-8,9 тал/-ээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар 2 жилийн хугацаанд талуудын хамтын ажиллагаа үргэлжлэх байсан боловч гэрээнд заасан хугацаагаар үргэлжлээгүй, гэрээнд заасан зорилгодоо хүрэлгүй хамтын ажиллагаа дуусгавар болсон болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг явуулын баар ажиллуулах үүргээ биелүүлэхгүй байсан тул үүргээ биелүүлж явуулын баараа ажиллуулахыг шаардахад ажиллуулна гэж амлаж байсан боловч ажиллуулахгүй байсаар 2015 он хүрсэн тул баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж олгосон мөнгийг буцаан шаардаж эхэлсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь уг тайлбарыг үгүйсгээгүй ба гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад орлого олж чадахгүй, зардал их гарч байсан тул 30 хувийн ашгийг төлж чадаагүй, тухайн үед гэрээний талаар мэдлэггүй байсан тул нэхэмжлэгчид ашигтай гэрээ байгуулсан байсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаснаас үзэхэд хариуцагчийг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч гэрээнд заасан сургалт сурталчилгааны ажлыг сайн хийж гүйцэтгэж байсан гэх боловч хамтын ажиллагаа гэрээнд заасан хугацаанд үргэлжлээгүй болох нь талуудын гаргасан тайлбараар тогтоогдсон, мөн хариуцагчийн зүгээс сургалт сурталчилгааны ажлыг хийж гүйцэтгэж байсан гэдгээ нотолж байгаа гэх электрон төхөөрөмжид хадгалагдаж буй фото зурагт үзлэг хийхэд 4 ширхэг фото зураг байсан, уг 4 ширхэг фото зургаар хариуцагчийг гэрээнд заасан үүргийг биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дахь заалтад “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтад “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хамтран ажиллах гэрээний дагуу явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж олгосон мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч нь мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан мөнгөөр явуулын баарны тоног төхөөрөмжийг бусдаар хийлгэсэн байсныг нэхэмжлэгч талын менежер Гантулга гэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй, явуулын баарны тоног төхөөрөмжийг хариуцагч нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид явуулын баарны тоног төхөөрөмж болон коктейльны шилэн аяга авахад зориулж олгосон 2,870,000 төгрөгөөс хариуцагчийн 2017 оны 11 сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид буцаан төлсөн 4,000 төгрөг /хх-10 тал/-ийг хасч 2,866,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас эрх зүйн туслалцаа авахтай холбогдон гарсан зардалд 300,000 төгрөгийг нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж буй төлөөлөгчид 300,000 төгрөгийг төлсөн кассын зарлагын ордерыг шүүхэд гаргаж өгсөн боловч уг зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтад заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарахгүй, хариуцагчийн үүргийн зөрчил болон нэхэмжлэгчийн гаргасан зардлын хооронд шалтгаант холбоо байхгүй, нэхэмжлэгчийн зүгээс өөрөө сайн дураар гаргасан зардал байх тул нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас эрх зүйн туслалцаа авахтай холбогдон гарсан зардалд 300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР