Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч С.У /томилолтоор/,

гэрч Э.Г, Б.М,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

шинжээч Б.Даваасүрэн, Ц.Нандинцэцэг /цахимаар/,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Батсайхан, Д.Цэнгэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** дугаартай эрүүгийн 3 хавтаст хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************************************************************************************

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь Гэмтэл согог судлалын түлэнхийн эрчимт эмчилгээний эмч ажилтай байх хугацаандаа Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн бага насны хүүхэд болох Б.Б-ийн /01 нас 08 сар/ эмчлэгч эмчээр ажиллаж  байх үедээ мэс заслын  дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-ийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үржилд орж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М мэдүүлэхдээ: “...Анх Б 7 сартай байхдаа 30-35 хувийн түлэгдэлтэй над дээр эмчлэгдэж байсан. Харин тухайн үед сорив суллах хагалгаанд ороход нь би туслахаар орсон, эмчлэгч эмч нь би байгаагүй. Өвчтөнд мэс засал хийсэн эмч нь хяналт тавих ёстой байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.М мэдүүлэхдээ: “...Би сайн дурын үндсэн дээр дадлагажигч эмч хийж байсан. Өвчтөний түүхийг би бичих эрхгүй. Тухайн үед Бгийн эмчлэгч эмчээр М эмч ажиллаж байсан. Өвчтөний түүхийг М эмчийн хэлснээр би хөтөлсөн…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Г мэдүүлэхдээ: “...Талийгаачид сорви суллах хагалгааг би хийсэн. Хагалгааны дараах эмчлэгч эмчээр нь М эмч ажиллаж байсан. Дадлагажигч эмчээр дадлага хийлгэх зорилгоор өвчтөний түүхийг бичүүлдэг. Харин дараа нь эмчлэгч эмч хянаад гарын үсэг зурдаг...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Даваасүрэн мэдүүлэхдээ: “...05 дугаар сарын 05, 06-ны өдрөөс шинжилгээ аваад эмчилгээг эрт эхэлсэн бол талийгаач хүүхдийн хүндрэл нь бага байх байсан гэж шинжээчид үзсэн. Хугацаа алдсан гэж үзэж байгаа…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б мэдүүлэхдээ: “...Гэмтэл согог судлалын үндэсний төв нь амь хохирогч Б.Б-д холбогдох эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийж байсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн:

“...Би өнгөрсөн жил буюу 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай талийгаач хүү гэртээ байхдаа тогоотой халуун буцалсан ус татаж асгаад түлэгдсэн бөгөөд тэр үедээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдээд гайгүй эдгэрсэн. Тэр үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн тасгийн М эмч манай хүүг эмчлээд ой хүрсэн хойно нь гарны үе тэнийлгэх хагалгаанд орно гэж хэлж байсан. Ингээд нэг жил хүлээгээд хүүгээ 1 ой 8 сар хүрсэн үед нь М эмчдээ очиж үзүүлээд 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Б.Б зүүн гарын хуруу тэнийлгэж үе эмчлэх хагалгаанд ороод хагалгааг М эмч амжилттай хийсэн. Маргаашаас нь эхлэн манай хүүгийн бие эрс сайжраад эмнэлгийн коридороор гүйгээд тоглоод бие нь маш сайн болсон. Тэр үед нь би хүүгээ эмнэлэгт сахиж байсан. Тэгээд би одоо 7 сартай жирэмсэн болохоор мөн манай хүүгийн бие илт сайжирсан тул 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед би хадам ээж Ц-тай солигдоод манай хүүг хадам ээж маань сахиж эхэлсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл манай хүүгийн биеийн байдал хэвийн сайн байсан ба 2019 оны 05 дугаар сарын 09-ний оройноос эхлээд манай хүү халуурч эхэлсэн. Мөн манай хүүгийн зүгээр байсан хөл нь хавдаж эхэлсэн юм. Тэгээд маргааш нь амралтын өдөр таараад би хол зүүн салаанд байсан болохоор очиж эргэж чадаагүй утсаар холбоотой байсан. Ингээд нэг дэх өдөр буюу даваа гариг болоход би өглөө очоод М эмчтэй уулзахад хөл нь хавдаад байхаар нь жижүүр эмч хагалгаа хийсэн байна, одоо гайгүй байх, ямар ч байсан миний хийсэн гарын хагалгаа гайгүй байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдөртөө би гэртээ хариад хоол цайг нь зөөгөөд байнга холбоотой байсан. Тэгэхэд утсаар ярихад манай хадам ээж хүүг маань халуураад байна л гээд байсан. Тэгээд маргааш  өглөө нь болоход М эмч ирээд манай хүүг шууд сэхээний тасагт оруулсан ба би өглөө очиж ээжтэйгээ солигдоод би өөрөө хүүгээ сахиж эхэлсэн. Намайг ороход эмч нар нь сандралдаад манай хүү боолтонд орсон наркоз нь гараагүй гээд унтаа байдалтай байсан. Тэгээд 14 цаг болж байхад манай ээж ирээд мөн ээж бид хоёр солигдоод ээж маань сахисан. Би жирэмсэн болохоор надаар сахиулахгүй байсан. Ингээд тэр өдрийнхөө орой 21 цагийн үед манай хүүгийн зүрх нь зогсож нас барсан. Ийм л зүйл болсон юм. Манай хүү бид хоёр эмнэлэгт хэвтэхдээ бүх шинжилгээг өгөхөд ямар ч өвчин халдваргүй эрүүл гарсан. Хүүг нас барсны дараа эмчээс нь асуухад цусанд нь халдвар орсон юм шиг байна гэж хэлж байсан. Би хүүтэйгээ эрүүл саруул эмнэлэгт хэвтээд, хагалгаа амжилттай болоод эмнэлгийн нөхцөлд байхад манай хүүгийн цусанд халдвар ороод нас барсанд маш их гомдолтой байна. Талийгаач хүү маань Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгээд тэр эмнэлгээс гараагүй нас барсан. Мөн манай хүүгийн эрүүл хөлөнд нь хагалгаа хийсэн байсан. Түүнийг нь ямар шалтгаанаар хагалгаа хийсэн талаар ар гэрт нь ч хэлээгүй. Тийм болохоор энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж гэм буруутай этгээдэд нь хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна. 2019 оны 05 дугаар сарын 08-нд хүүгийн маань хөлд уян зүү сольж тавьснаас болоод манай хүүгийн хөлийн тэр хэсэгт нь хавдаад халуураад эхэлсэн. Уян зүүгээр тариа хийсний дараа манай хүүгийн хөл хавдахаар нь ээж тариа хийсэн сувилагчид нь хэлэхэд натри тавьчих, тэгээд зүгээр болно гэж хэлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

4. Гэрч Д.Ц-ийн:

“...2018 оны 04 дүгээр сарын эхээр *******************- тоотод миний төрсөн хүүгийн хүүхэд болох Б газар залгасан байсан халуун устай цахилгаан тогоонд түлэгдэж Гэмтэл Согог судлалын төвийн түлэнхийн тасагт хагалгаанд орсон. Тухайн үед Б 3-р зэргийн түлэгдэлтэй 70-80 хувийн түлэгдэлтэй байна гэж байсан санагдаж байна. Тэгээд эмнэлгээс манай ач хүүг найдваргүй болсон байна та нар гарын үсэг зур гээд хагалгаанд орж байсан. Тэгээд миний ачийн хагалгаа нь амжилттай болсон. Хагалгааг тухайн үед түлэнхийн тасгийн сэхээний эмч М амжилттай хийсэн. Тухайн үед миний ач хүүгийн биеийн цээж, баруун гуя, зүүн гар, нүүр түлэгдсэн байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын эхээр би ачтайгаа хамт эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад амбулаториор үзүүлээрэй гэсэн. Талийгаачийг үзүүлсэн чинь зүүн гаранд сорвины нөхөөсний хагалгаа хийх шаардлагатай гээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт М эмч миний ач хүүгийн зүүн гарын сорви нөхөх хагалгаа хийсэн. Тэгээд хагалгаа амжилттай болсон. Тэгээд өнөөдрийг хүртэл миний ач түлэнхийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан. Миний ач сүүлийн хэд хоног халуураад, шээс нь гарахгүй болоод байсан. Тэгээд өнөөдөр өглөө миний ач хүүг энгийн тасгаас сэхээний тасагт шилжүүлсэн. Ямар шалтгааны улмаас халуурсан талаар мэдэхгүй байна. Магадгүй цусанд нь бохир орсон байж магадгүй. Бохир яг ямар замаар орсон талаар мэдэхгүй байна. Би ачийгаа 2019 оны 05 дугаар сарын 03-наас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт сахисан. Миний хүүгийн биеийн байдал өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш муудсан. Тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр миний ачаас шинжилгээ аваад энэ 1 дэх өдөр цусан дотор нь бактеритай байна гэсэн хариу гарсан. Миний ачид эмнэлгээс авах арга хэмжээг бүгдийг нь авсан. Эмчилгээг хангалттай сайн хийсэн. ...Би талийгаач ач хүүгээ 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс нас барах хүртэл нь сахисан. Ээж нь жирэмсэн том гэдэстэй болохоор би сахидаг байсан юм. Манай талийгаач ач хүүд М гэдэг эмч хагалгаа хийсэн ба М эмч нь сэхээний эмч болохоор манай ач хүүг тасаг руу шилжүүлсний дараа М гэдэг залуу эмч хариуцан эмчилж байсан. Тэр залуу эмч өдөр болгон орж ирж үзээд боолт хийдэг байсан. Манай ач хүү Б хагалгаанд ороод бие нь сайжраад овоо сэргэж байснаа 2019 оны 05 дугаар сарын 10-нд буюу баасан гаригийн өглөө хөл нь уян зүү тавьсан хэсэг буюу шагай орчмоороо хавдсан байхаар нь буух сувилагчид хэлээд хөлөөс нь вирусийн шинжилгээ авсан. Тэгээд 2 хоногийн дараа хариу гарна гэж хэлсэн бөгөөд тэр өдрийнхөө орой 17 цаг 45 минутад манай хүүхэд халуураад эхэлсэн ба би өөрт байсан халууны шилээр үзэхэд 37.8 градус заагаад халуурч байхаар нь тухайн үед гарч байсан жижүүрийн сувилагчид хэлэхэд 37.8 градус чинь халуун биш гэж хэлсэн. Ингээд бүр халуураад болохгүй болохоор нь би сувилагчид хэлэхэд аналгин демидрол тарьж өгөөд тэр шөнөдөө манай ач хүү халуун нь буугаад хоносон. Ингээд маргааш нь буюу хагас сайн өдөр өглөөнөөс хойш хоолыг нь сойгоод боолгох гэхэд боолт хийх эмч нь хүүхэд харах хүнгүй гээд ирээгүй. Тэгээд тэр өдрийнхөө 16 цагаас эхлээд талийгаач халуурч эхэлсэн. Би тухай бүрд нь сувилагч нарт хэлсэн боловч тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан. Хагас сайн өдөр бол жижүүр эмчид үзүүлээгүй. Сувилагч нь хэлсэн болохоор хөлийг нь натри тавиад боодог байсан. Тэгээд шөнө 04 цаг гээд манай талийгаач хүү дахин халуурсан тул би сувилагчид хэлэхэд сувилагч хүрэн өнгийн иод авчирч өгөөд бас хөлийг нь боож өгсөн. Тэгээд бүтэн сайн өдрийн өглөө болсон. Бүтэн сайн өдөр талийгаач бас л халуураад болохгүй байхаар нь жижүүрт гарч байсан эмчид хэлээд үзүүлэхэд цээжийг нь чагнаж үзээд зүгээр эрүүл л байна гэж хэлсэн. Тэгээд би өөрт байсан халуун буулгадаг нурофен гэдэг эмийг уулгаад халуунаа буулгаад байсан. Мөн У гэдэг эмч манай хүүгийн хөл идээлсэн байна гээд зүсэлт хийж цэвэрлэсэн гэсэн. Энэ талаар У эмч надад хэлээгүй хөлийг нь боочихсон байснаа сувилагч нь хөлийг нь зүссэн шүү гэж хэлсэн. Орой нь талийгаачийн хөл цээжээр нь улаан зүйл туураад байхаар нь би нөгөө бүтэн сайн өдөр жижүүрт гарсан намхан бор эрэгтэй эмч дээрээ дахин үзүүлэхэд наадах чинь харшил л байна, би ганцхан танай хүүхдийг үздэггүй гэж хэлсэн. Тэгээд бүтэн сайн өдрөө эмээ уугаад жин тавиад байж байгаад 20 цаг 30 минутад халуураад бие нь хүйтэн болчихоор нь сувилагчид хэлээд сэхээний тасагт гарч байсан. Бурмаа гэдэг сувилагч манай хүүг амьсгалын аппаратад оруулаад тэр шөнөдөө манай хүү тайван унтаж хоносон. Ингээд даваа гаригийн өглөө болоод эмч нар цуглаад М эмч орж ирж үзээд одоо боолтонд ороорой гэж хэлсэн. Манай хүү бэр 2 ажилгүй мөнгө төгрөг муутай болохоор би сувилагчаас зөвшөөрөл аваад бэр Мөнхцэцэгтэй солигдоод гарч банк руу явж тэтгэврээ аваад хүүдээ өгчхөөд буцаад ирэхэд М эмч манай талийгаач хүүд эмчилгээ хийж байгаад цусанд нь бохир орсон байна гэж хэлсэн. Мөн бага байхад нь хийж байсан бүх эмчилгээг хийж байгаа гэсэн. Тэгээд энэ өдрөөс хойш ерөөсөө халуун нь буухаа больсон. Орой 20 цаг өнгөртөл М эмч манай хүүд эмчилгээ хийж явсан ба тэр шөнө манай хүү сэхээнд хоносон. Тэгээд Мягмар гаригт сэхээнд байж байгаад эмчилгээ хийсээр байгаад орой нас барсан. М эмч өглөө бүр орж ирээд боолгоорой гэж хэлээд гардаг байсан. Харин боолтыг нь М эмч өөрөө хийдэг байсан. Боолт хийхэд унтуулгын эмч болон сувилагч гурав л байдаг. Өрөөний хаалгаар шагайж харахад М эмч манай хүүхдийг боогоод зогсож байдаг байсан. Сүүлд сонсоход М эмчийг дадлагын эмч гэж байсан. М эмч дадлагын эмч Мтой хамт байдаггүй байсан. М эмч унтуулгын эмчтэй хамт манай хүүхдийг боодог байсан. Би талийгаач хүүгийнхээ боолтыг сольж байгаагүй. Угаасаа бид нарт боолтонд оролцох эрх байхгүй. Манай хүүг унтуулаад өөр өрөөнд авч ороод боолт хийдэг байсан. ...Талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр М эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа М гэдэг эмч танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. М эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн. Яг хэдэн, хэдний өдөр үзсэн он сар өдрийг нь хэлж мэдэхгүй байна. Хүүхдийг халуурахаас хоёр хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд 3 удаа үзлэг хийж байсан. Талийгаачийн биеийн байдал нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа биеийн байдал нь сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. Тэгээд би тэр өдөртөө М эмчид хэлээд М эмч хүүхдийг маань үзээд шинжилгээ авна гээд сувилагчаараа хүүхдийн биеэс шинжилгээ авсан юм. Тэр халуурсан өдөр шинжилгээ авснаас өөрөө урд нь шинжилгээ авч байгаагүй. М эмч өглөө болгон орж ирээд хүүхдийн биеийг чагнаж үзчихээд л гараад явдаг байсан. Би манай эмчлэгч эмч хаачсан юм бэ гэж асуухад хагалгаанд орчихсон, жижүүртэй байгаа намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үзээд явдаг байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37, 40-41 81 дэх тал/

5. Гэрч Б.М-ын:

“...Би 2016 онд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр төгсөөд тэр ондоо Гэмтэл Согог Судлалын үндсэн мэргэшлээр 2 жил сураад 2018 онд төгсөөд 2018 онд Анагаах ухааны магистрт элсээд суралцаж байгаа. Одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцах гэж байгаа болохоор уг тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан юм. Б.Б гэх 01 нас 08 сартай хүүхэд сорви суллаж бүрэн давхраат арьс шилжүүлэн суулгах хагалгаанд ороод тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Би энэ хүүхдэд М эмчийн заавраар эмчилгээ хийхэд нь тусалж байсан. М эмч өөрөө боолт хийх өвчний түүх бичихэд туслаарай гэдэг байсан. Тэгээд уг хүүгийн хагалгаа амжилттай болоод энгийн тасагт эмчлэгдэж байгаад 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нас барсан. Би яг эмчлэгч эмч нь биш болохоор шийдвэр гаргаж мэдэхгүй. Ямар шалтгаанаар нас барсныг нь мэдэхгүй. Би талийгаачийн өвчний түүхийн хуулбарыг харлаа. Энэ миний бичиж байсан өвчний түүх мөн байна. Энэ бол миний бичиг мөн байна. Би талийгаачид бие дааж гардан эмчилгээ хийж байгаагүй. Харин талийгаачийн өвчний түүхэнд бичилт хийдэг байсан. М эмчийн бич гэснийг бичдэг байсан. Би талийгаачийн мэс заслын шарханд эмч М, Б нарын заавраар боолт хийж байсан. Би урьд нь резидентээр сурч байхдаа Г эмчийг дагадаг байсан. Сая Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал М-тай уулзаад амаар зөвшөөрөл авсан бас тасгийн эрхлэгч Г- эмчтэй уулзаад амаар зөвшөөрөл аваад 2018 оны 11 дүгээр сараас эхлэн дадлага хийж ажиллаж байсан... ...Б.Б-жиний өвчний түүх буюу стори дээр нь эмчлэгч эмчийн заавраар түүнд хийх эмчилгээг нь би бичдэг байсан. Тухайн үед стори дээр нь ямар эмчилгээ хийхээр бичилт хийж байснаа одоо сайн санахгүй байна. Түүний биеийн ерөнхий байдал дунд зэрэг, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, арьс салст цэвэр чийглэг байсан. Хагалгаанд 3 эмч орсон миний хувьд хагалгааны явцад мэс заслын ажилбарт туслалцаа үзүүлсэн, хагалгаа зохих стандартын дагуу хийгдсэн. Энэ хугацаанд амь хохирогч Б.Б-жинд эмч О.М эмчилгээ хийсэн ба эмчилгээнд өөр эмч заавар өгөөгүй, О.М эмч гардан эмчилгээ хийсэн. Тухайн үед О.М эмч амь хохирогчийн биеийн байдал муудсан байна, түлэнхий нөхөн сэргээх мэс заслын эрчимт эмчилгээний тасагт шилжүүл гэсний дагуу би өвчний түүх дээр нь дүгнэлт бичиж уг тасаг руу шилжүүлсэн. Ингээд амь хохирогчийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсний дараа М эмчийн заавраар би түүнд хийх эмчилгээг нь стори дээр нь бичсэн, ямар ямар эмчилгээ бичсэнээ одоо санахгүй байна, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ нь байгаа болно. Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 2010 онд элсэн орж 2016 онд хүний их эмч мэргэжлээр төгссөн. 2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үндсэн мэргэжлийн сургалтад сууж үндсэн мэргэшлийн диплом авсан. Уг эмнэлэгт мэргэжлийн сургалтад сууж байх хугацаандаа эмч нарын ажилд тусалдаг байсан. Цаашдаа түлэнхийн мэс заслын эмч болохоор дараагийн сургалтдаа суух гээд бүртгэл явагдахыг нь хүлээж байх хоорондоо таньж мэддэг эмч нарт сайн дураараа тусалдаг байсан. Миний хувьд хууль бусаар ажиллаж байснаа бол хүлээн зөвшөөрч байна. Харин амь хохирогчид О.М эмчийн заавраар эмчилгээ бичихдээ О.М, Э.Г нарын гарын үсгийг нь дуурайлгаж зурж байгаагүй стори дээр нэрийг нь бичдэг байсан. Амь хохирогчийн биеийн байдал нянгийн халдварын улмаас муудсан. Түүнд хагалгаа хийсний дараа М эмчийн заавраар би сувилагчтай хамт зохих стандартын дагуу боолтыг нь сольдог байсан. Өдөрт 1 удаа боолт хийдэг байсан, амь хохирогчийн биед боолт хийхдээ ариун өрөөнд оруулж өмнөх боолтыг нь аваад ариутгалын уусмалаар ариутгаж цэвэр тосон боолт хийдэг байсан. ...Г эмч, М эмч 2 хагалгааг гардан гүйцэтгэсэн. Тэгээд хагалгаа амжилттай болсон юм. Хагалгаанаас гарсны дараа би М эмчийн заавраар өвчний түүх дээр үрэвслийн эсрэг Цефазолин 0,5 мл-р 8 цагийн зайтай судсаар, Рингер лактад 100мл-г судсанд дуслаар 2 хоног, литсмесс 2.0 мл өвдсөн үед нь судсаар хийхээр 5 хоногийн эмчилгээ бичиж, жижүүр эмч сувилагчийн хяналтад авахаар бичсэн юм. Дээрх эмчилгээнүүдийг жижүүрт гарч байгаа сувилагч нар хийдэг. Маргааш нь ажил дээрээ ирэхэд хүүхдийн биеийн байдал тогтвортой, өвчний түүхэн дээр бичигдсэн эмчилгээ хийгдээд явж байсан. Ер нь бол өвчний түүхэн дээр үзлэг эмчилгээ хийх бичилтийг 2 хоногт 1 удаа бичдэг юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө М эмч бид 2 хүүхдийг үзэхэд мэс заслын шархаараа зовуурилсан гэхдээ хүүхдийн биеийн байдал хэвийн, ухаан саруул, орчиндоо харьцаатай, арьс салст ердийн цэвэр, чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд ижил хэвийн, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн байсан. Тэгээд би боолт солих өрөөнд М эмчийн заавраар хүүхдийн хагалгаа хийсэн гарын боолтыг нь сольж хэсэг газрын үзлэг хийж хагалгаа хийхэд нөхсөн арьс бүрэн тогтсон байсан тул шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, ариун тосон сетк тавьж даралттай боолтоор боосон юм. Маргааш нөгөөдөр хоёр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 04, 05-ны өдрүүд нь хагас, бүтэн сайн өдөр таарсан. Тэгээд 1 дэх өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 06-ны өглөө М эмч бид 2 хүүхдэд үзлэг хийхэд мөн мэс заслын шархаараа зовуурилсан гэхдээ хүүхдийн биеийн байдал хэвийн, ухаан саруул, орчиндоо харьцаатай, арьс салст ердийн цэвэр, чийглэг, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд ижил хэвийн, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, шээсний гарц хэвийн байсан. Тэгээд мөн боолт солих өрөөнд М эмчийн заавраар хүүхдийн хагалгаа хийсэн гарын шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, ариун тосон сетк тавьж даралттай боолтоор боосон. Тэгэхэд хүүхдийн нөхсөн арьс нь тогтсон зүгээр байсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр М эмч бид 2 хамт үзлэг хийхэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Тэгээд М эмч намайг гарын шархыг тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж, мебо тос түрхэж ариун боолт хий гэсний дагуу боолтыг хийсэн. Маргааш нь бас мебо түрхэн боолтыг хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би үзлэг хийхэд байгаагүй. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр М эмч бид 2 хүүхдийн үзлэгийг хийсэн. Үзлэг хийхэд хүүхэд халуурсан, уушги 2 талд ширүүссэн, шээсний гарц багассан, биеийн байдал нь хүндэвтэр байсан. Хэсэг газрын буюу хагалгаа хийсэн гарт үзлэг хийхэд нөхсөн арьс хайлсан, нялцайсан, сувилагч нарын хүүхдийн зүүн хөлд нь тавьсан уян зүүний шархнаас эдээ гарсан байсан юм. Тэгээд М эмч идээ гарсан байсан зүүний шархыг нь зүсэлт хийж томсгоод натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боо гэсний дагуу боосон. Мөн ванкомицин 165 граммыг 0,9 хувийн 20 мл натри хлоридоор шингэлээд 6 цагаар судсаар хийхээр би өвчний түүхэн дээр бич гэсний дагуу бичсэн юм. 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр М эмч бид 2 хамт үзлэгийг хийхэд хүүхэд халуурсан, арьс эрээнтсэн, хүүхдийн биеийн байдал хүнд, унтаарсан, орчиндоо харьцаа сул, арьс хөх, тууралттай, царай цонхигор зүрхний авиа сул, хэм жигд, уушги хоёр талд ширүүн амьсгалтай, шээс багассан, хэсэг газрын үзлэгээр зүүн сарвууны нөхсөн арьс хайлсан байсан. Тэгээд би хүүхдийн гаранд нь мебо тос түрхэж, зүүн хөлийн шархыг натри хлоридын 0,9 уусмал, тамидины 0,7 процентын уусмал, иодын 7,5 процентын уусмалаар цэвэрлэж боолт хийсэн юм. Тэгээд М эмчийн заавраар эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсний дараа М эмчийн хэлснээр өвчний түүхэн дээр зондоор хооллох, цээжийг 30 градусаар өндөрлөх, ванкомицин 165 мл-ыг натри хлоридын 0,9 процентын уусмалаар найруулж 1 цагт 40 мл-р судсанд орохоор 6 цагаар хийхээр, ренгир лагтат 250 мл-г судсанд дуслаар, шинэ хөлдөөсөн сивинг 130 мл судсанд дуслаар, лабумин 20% 100 мл-г судсанд дуслаар, допамин 1 мл-г 09% натри хлоридоор найруулан 2 мл цагаар судсаар, гепарин 500ед-г 09% натри хлоридоор найруулан 6 цагаар судсаар, нова амини 125 мл судсанд дуслаар, дексаметазомин 4 мл-г 09% 200мл натри хлоридоор найруулан судсаар, фурсоминт 05 судсаар, аналгин 50%-н 1 процент, дидролын 1%-н 1 процент судсаар, морфин 1 процентын 0,2 мл-г 12 цагаар судсаар, литсмесс 2,5 мл-г 12 цагаар судсаар хийхээр эмчилгээ бичсэн юм. Эдгээр эмчилгээг эрчимт эмчилгээний сувилагч нар хийсэн. Яг хэн гэдэг сувилагч хийснийг мэдэхгүй байна. Тухайн өдөр ээлжтэй байсан сувилагч хийсэн. Тэгээд хүүхэд тэр өдрийнхөө 20 цаг 05 минутад нас барсан юм. 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр буюу 1 дэх өдөр нь үзлэг хийхэд хүүхдийн зүүн хөлийн уян зүүний шархнаас идээ гарч байсан юм. Миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 29, 05 дугаар сарын 10-ны өдрөөс үзлэг эмчилгээнээс бусад өдрийн үзлэг эмчилгээг М эмчийн хэлсний дагуу өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 03, 06, 08, 13, 14-ний өдрийн боолтыг хийсэн. Өөр эмчилгээ хийгээгүй. Хагас бүтэн сайн өдрийн боолтыг 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан жижүүр эмч, сувилагч хийсэн байсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өглөө М эмч бид 2 хамт үзлэг хийхэд хүүхдийн бие хэвийн, ямар нэг байдлаар мэс заслын шарх идээлээгүй зүгээр байсан юм.” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43, 84-88 дахь тал/,

6. Гэрч Э.Г-ын:

“...Б.Б гэх хүүхэд нь өнгөрсөн жил түлэгдээд манайд хэвтэж байсан гэсэн бөгөөд би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрөө ахлаад туслах эмчээр М эмч, унтуулгын эмчээр А сувилагч Х, А нарын хамт зүүн арын 3-5 дугаар хурууны түлэнхийн дараах татагдсан сорвийг суллаж өөрийн бүрэн давхраат арьсаар нөхөлт хийх мэс заслыг ямар нэгэн хүндрэлгүй амжилттай хийсэн. Ингээд энэ хүүхэд тасагт эмчлүүлж байгаад би албаны шугамаар 2019 оны 05 дугаар сарын 06-нд Хэнтий аймаг руу яваад шөнө ирээд үүрээр буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны 06 цаг 25 минутад нислэгээр Тайвань улс руу явсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 11-нд Монгол Улсад буцаж ирээд 13-нд өглөө ажилдаа ирээд өвчтөний палатуудаар тойрч байхад У- эмч Б-г халуураад байхаар нь цусны ариун чанарын шинжилгээ аваад антибиотик эмчилгээ хийсэн, зүүн хөлийн уян зүүний шарх идээлсэн байсныг зүслэг хийж цэвэр боолт хийсэн гэж танилцуулахаар нь эмчлэгч эмч нь М эмч байсан болохоор түүнд хэлээрэй би давхар хэлье, анхаарах хэрэгтэй байна шүү гэж хэлээд гарсан. Тэгээд тэр хүүхдэд боолт хийж байхад нь би орж шархыг нь харахад мэс заслын шарх нь болон арьс авсан хэсгийн шарх цэвэрхэн эдгэж байсан. Зүүн хөлөнд уян зүү тавьсан шархыг харахад улайлттай байсан тул шархнаас авсан шинжилгээний хариуг гарахаар нь эмчилгээг яаралтай хий гэж хэлсэн. Дараа нь дадлагажигч эмч М-оос асуухад М шархнаас нь МRSA гэдэг вирус илэрсэн, М эмч эмчилгээ бичсэн гэхээр нь за тэгвэл наад хүүхэд чинь хүндэрч байгаа юм байна М эмчдээ сайн захиж хэлээрэй гэж хэлсэн. Тэр өдөртөө ийм зүйл болсон. Маргааш нь өглөө бүх эмч нар тойрон үзлэг хийхэд Б биеийн байдал хүндэрсэн орчны харьцаа суларсан улбагар байдалтай байхаар нь М эмчид хэлээд сэхээний тасаг руу шилжүүлээд М эмч үргэлжлүүлж эмчилсэн. Тэгээд би ажлаа тараад гэртээ хариад байж байхад орой М эмч над руу залгаад Б нас барсан талаар хэлсэн. Ийм л асуудал болсон юм. Би талийгаачид арьс нөхөх мэс засал хийсэн. Эмчлэгч эмч нь М болохоор би мэс заслаас хагалгаанаас өөрөөр үзлэг эмчилгээ хийгээгүй. Би Бд үзлэг эмчилгээ хийгээгүй болохоор энэ өвчний түүхэнд ямар нэгэн гарын үсэг зурж тэмдэглэл бичлэг хийгээгүй. Энэ Г ЭГ83 гэдэг гарын үсэг болон миний кодыг дадлагажигч эмч М бичсэн байсан. Үүнийг талийгаачийг нас барсны дараа асуухад М би андуураад биччихсэн байна гэж хэлж байсан. М нь ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр манай тасагт дадлагажиж байсан. Өөрөө надад хэлэхдээ захиралтай уулзахад намайг дадлагажаад явж бай гэж хэлсэн гэж надад хэлсэн... ...Эмнэлэгт хэвтдэг өдөр нь амбулаторийн эмч Э- эмч уг хүүхдийг үзээд, надад орж, сорви тэнийлгэх хагалгаанд орох шаардлагатай хүүхэд байна, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай юм байна гэхээр нь би ирэх 7 хоногт гадаад улс руу явчихна, эмчлэгч эмч нь хэн юм бэ гэхэд Э эмч урд нь М эмч эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм байна гэхээр нь би за тэгвэл стори нээгээд М эмчдээ өгөөд хагалгаанд бэлдүүлээд мэс засалдаа ороорой гээд хэвтэх бичиг өгсөн юм. Тэгээд М эмчид өвчтөнийхөө нэрийг өгсний дагуу хагалгааны төлөвлөгөө батлагдан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэс заслын эмчээр би М эмчтэй, унтуулгын эмч А, унтуулгын сувилагч Хулан, мэс заслын сувилагч А нар мэс засалд орж, зүүн гарын хуруунуудын татагдсан сорви суллаж, өөрийн бүрэн давхраат арьсаар нөхсөн юм. Мэс заслын үед ямар нэг хүндрэл гараагүй. Мэс засал амжилттай болсон юм. Хагалгаанаас хойш эмчлэгч эмч М үзлэг, эмчилгээгээ хийгээд явсан. Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймаг руу томилолтоор яваад тэр өдрөө Улаанбаатар хотод ирээд, маргааш өглөө нь буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 06 цагт албан ажлаар Тайвань Улс руу яваад 05 дугаар сарын 11-ний өдөр билүү 12-ны өдөр нь Улаанбаатар хотод ирсэн юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ирэхэд урд өдөр нь түлэнхийн тасгийн ээлжид хоносон эмч У Бг халуураад биеийн байдал нь хүндэрч байна гэж танилцуулахаар нь би очиж үзэхэд хүүхэд халуурсан, зовуурь ихтэй, бие хавагнасан, биеийн байдал хүнд байхаар нь би У эмчид М эмчдээ хэлээд сэхээний тасаг руугаа шилжүүлж аваад, эрчимт эмчилгээ хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр нь хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт шилжээд маргааш нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний орой нас барсан байсан. Анх эмнэлэгт хэвтэхийн өмнө цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, цус бүлэгнэлтийн шинжилгээг авсан байсан. Эмнэлэгт хэвтсэний дараа буюу мэс заслын дараа шинжилгээ авсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Эмчлэгч эмч хүний биеийнхээ клиник шинж тэмдэг, лаборатори шинжилгээний өөрчлөлтөөс хамааран шинжилгээ авдаг юм. Эмчлэгч эмч бүх үзлэг шинжилгээг хийх ёстой байдаг. Амь хохирогч Б-гийн эмчлэгч эмч М байсан. М эмчийг уг хүүхдийн эмчлэгч эмч байсан гэдгийг манай түлэхийн тасгийн бүх эмч, сувилагч нар мэдэж байгаа. Мөн стори буюу өвчний түүхэн дээр М эмчийг эмчлэгч эмч гэдэг нь тодорхой харагдаж байгаа, өөрийн нь гарын үсэг зурагдаж тэмдэг дарагдсан байгаа. М нь гэмтэл согогийн нарийн мэргэжлээр төгсөөд, манай эмнэлэг дээр ирээд эмч нарыг дагалдаад туслаад явж байсан хүн байгаа юм. Бусдаар ямар нэг тушаал шийдвэрээр эмнэлэгт ажиллахаар тухайн үедээ томилогдоогүй байсан. М бие даан эмчилгээ хийгээгүй, бие даан эмчилгээ хийх ч эрх байхгүй. Эмч нарын заавраар туслаад л явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-48, 82-83 дахь тал/,

7. Гэрч Ч.У-ын:

“...Манай эмнэлэгт амбулатори болон хүлээн авахаар хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Г эмч нарын ачааллаас хамааран эмч нарт эмчлэгч эмчээр хуваарилан стори буюу өвчний түүхэн дээр гарын үсэг тэмдгээ дарж өгдөг ба эмчлэгч эмчээр хуваарилагдсан эмч нь өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг тэмдгээ дарж хүлээн авдаг юм. Амь хохирогч Б-гийн хувьд эмчлэгч эмч нь М эмч байсан юм. М эмч эрчимт эмчилгээний эмч боловч өмнө нь Б нь М эмч дээр эмчлэгдэж байсан болохоор Б-гийн эмчлэгч эмчээр М эмчийг хуваарилсан байсан байх. М эмч манай эмнэлэг дээр эмч нарт тусалдаг байсан М-тай хамт ажлын өдрүүдээр, өглөө болгон Б-гийн биед үзлэг хийгээд, шарханд нь боолт хийгээд яваад байдаг байсан юм. Миний хувьд 2019 оны 05 дугаар сарын 04, болон 12-ны өдрүүдэд 24 цагаар түлэнхийн тасаг болон эрчимт эмчилгээний тасагт жижүүр эмчээр ажилласан. 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр би тасгаас тойрч өвчтөнүүдийг эргэхэд Б нь ямар нэг зовуурьгүй эмээ нь сахиур хийж байсан. Харин 05 дугаар сарын 12-ны өдөр буюу бүтэн сайн өдрийн өглөө 09 цагт би жижүүрээ хүлээн авч байх үед Б-гийн эмээ нь ирээд хагас сайн өдөр Б-гийн биед боолт хийлгэх байсан боловч боолт хийгээгүй. Өнөөдөр та боолт хийгээд өгөөч ээ, би хүүхдийнхээ хоолыг сойчихсон байгаа гэсэн юм. Тэгээд би эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байсан хүүхдүүдийн боолтыг хийж дуусаад 10 цаг өнгөрч байхад Б-гийн аль гарынх гэдгийг нь мэдэхгүй байна гарын судсанд нь унтуулах үйлчилгээтэй Кетамин тариаг эрчимт эмчилгээний сувилагч Бүрэнжаргалаар хийлгээд зүүн гарын боолтыг нь тайлаад 0.7 процентын тамидены уусмалтай маарлаар арчиж цэвэрлэгээ хийхэд ядам хуруунд бэхэлсэн байсан спиц төмрийн хажуугаар бага зэрэг цусны хольцтой цайвар ногоон өнгийн идээрхэг шингэн гарсан тул спиц төмрийг нь хуруунаас салгаж аваад сайтар шахаж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай тосон сетиктэй боолт хийсэн юм. Тухайн үед Б-гийн зүүн билүү баруун хөлийг боочихсон байхаар нь би тухайн өдөр ээлжтэй байсан түлэнхий тасгийн сувилагчаас яагаад хөлийг нь боочихсон юм бэ гэж асуухад, уян зүү тавьсан байсан хэсэг нь улайчихсан байсан учраас 10 процентын натри хлоридын уусмалтай компресс тавьж боосон гэж хэлэхээр нь боолтыг нь авч үзэхэд тарианы зүүний ормыг тойрсон улайлт хаван үүссэн байсан тул 0.7 процентын тамидены уусмалтай маарлаар арчихад зүүний шархнаас идээрхэг зүйл гарсан учир шархалж идээг нь гаргаж цэвэрлээд 7,5 процентын тамидентай боолт хийгээд гаргасан юм. Би гар болон хөлийн шархнаас гарсан шингэн хэсгээс нь нян ургуулах шинжилгээ авч лаборатори руу явуулсан юм. Тэгээд Бгийн эмээтэй уулзаад өөрийн хийсэн боолт ажилбарын талаар тайлбарлаад ямар нэг зовуурь байгаа эсэхийг нь асуухад 5 дахь өдрийн оройноос жаахан халуураад байгаа гэхдээ одоохондоо халуураагүй байна гэж хэлж байсан. Тэгээд үдээс хойш 15-16 цагийн үед түлэнхийн тасгийн сувилагч Б-г халуураад байна гэж ирж хэлэхээр нь 9 билүү 10 дугаар тасагт хэвтэж байсан Б-г очиж үзэхэд биеийн байдал хүндэвтэр, ухаантай, орчны харьцаатай, биед хүргэх дургүй зовуурилж уйлагнасан, 38.2 халуунтай, цээжийг чагнахад уушги ширүүн амьсгалтай зүрхний авиа тод, хэм жигд, захад пүүлс хангалттай, захын судасны эргэлт, эргэн дүүрэлт 1-2 секунд, хэвлий зөөлөн, хоолны дуршлыг нь эмээгээс нь асуухад хоолны дуршил нь муу шингэн юм уухдаа сайн байгаа гэж байсан юм. Үзлэгийн үед памперс нь шээстэй байсан. Тэгээд би сувилагчдаа халуурч байгаа юм чинь цусны ариун чанарын шинжилгээ авчих, тэгээд халуун бууруулах лаа шулуун гэдсээр хий гэж хэлсэн. Тэгээд би гар болон хөлөөс боолтын үед идээ гарч байсан мөн халуурсан учраас антибиотик эмчилгээг эхэлж цефотаксим 500мл-р натри хлоридын 0.9 процентын уусмалаар шингэлэн судсаар 6 цагийн зайтай тарьж эхэлсэн. Мөн ацид аскобиниси 5 процент 2мл-г гюлкоз 5 процентын уусмалаар шингэлэн судсаар хийлгээд, рингер уусмалаас 100мл-г дуслаар хийлгэсэн юм. Тэгээд 21 цагийн үед хүүхдийг дахин үзэхэд хүүхдийн халуун буугаад унтаж байсан. Эмээ нь хэлэхдээ халуун шингэн юм бага зэрэг уусан гэж хэлж байсан юм. Тэгээд би түлэнхийн тасгийн сувилагчид цусны дэлгэрэнгүй шинжилгээ, био хими, коагулаграмм шинжилгээнүүдийг өглөө дахин авч өгөөрэй гэж хэлээд өвчний түүхэн дээр бичилт хийсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 13-ны өглөө 08 цаг 30 минутаас 09 цагийн хооронд тасгийн эрхлэгч Гад жижүүрт гарсан мэдээгээ амаар өгсөн. Энэ үедээ эрчимт эмчилгээний хүнд хүүхдүүдийг танилцуулаад тасгийн зовуурьтай болон хүндэвтэр байгаа хүмүүсийн биеийн байдлыг танилцуулсан. Тухайн үедээ Бгийн талаар халуурсан, зовуурьтай байгаа талаар болон шархнаас нь идээ гарч байгаа талаар хэлсэн юм. Тэгэхэд Г эмч чи энэ талаар эмчлэгч эмч Мт хэлээрэй би боолтонд ороход нь шархыг нь харъя гэсэн. Тэгээд би Г эмчийн өрөөнөөс дөнгөж гараад М эмчтэй таарсан. Тэгээд би М эмчид Бгийн халуурсан болон шархны тухай, мөн гарааны эхний антибиотик эмчилгээ эхэлсэн, бас шинжилгээнүүдийг давтан авхуулсан тухайгаа хэлсэн. Тэгэхэд М эмч за ойлголоо гэж байсан юм. Тэгээд би өөрийн хариуцан эмчилж байсан эмчлүүлэгч нарыг эмчилгээ болон боолтыг хийгээд 12 цагт жижүүрээс буусан юм. Шинжилгээний хариу 2 өдрийн дараа гардаг юм. Сүүлд нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өглөө цахимаар шинжилгээний хариуг нь харахад мидицилинд тэсвэртэй Стапилококус авруэс /МRSA/ нян бактери ургасан байсан юм. Тухайн үед Б-г эрчим эмчилгээний тасагт шилжүүлсэн байсан ба уг бактерийн эсрэг үйлчилгээтэй Ванкомицин антибиотикийг урд өдөр нь буюу 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн байсан юм. Амралтын өдрүүдээр тасгийн өвчтөнүүд тухайн өдөр гарч байгаа жижүүр эмчийн хариуцлага, хяналтад байдаг юм. Жижүүр эмч нь өөрөө өвчтөндөө тохируулаад эмчилгээгээ хийгээд явдаг юм. Шинжилгээний хариу гараагүй учраас Ванкомицин антибиотик хийгээгүй. Харин шархнаас идээ гараад халуурсан болохоор эхний гарааны антибиотик болох цефотаксим антибиотик эмчилгээг хийж эхэлсэн юм. Намайг 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр антибиотик эмчилгээ эхлэхээс өмнө ямар нэг антибиотик эмчилгээ хийгдээгүй байсан. Хүний биед учирсан шарханд уг нян нь агаар болон өөр биет хүрэлцэх үед халдварлах боломжтой байдаг. Уг хүүхдийн биед уг нян хэрхэн орж үржсэнийг хэлэх боломжгүй. Хүүхэд өөрөө эмнэлгийн нөхцөлд ямарваа нэг юманд хүрэх үед халдвар авах боломжтой. 2019 оны 05 дугаар сарын 12-ны өглөө ээлжийн М- эмчээс хүлээн авсан. Тэгэхэд М эмч эрчимт эмчилгээнд эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал болон хийгдэж байгаа эмчилгээ, хийгдсэн эмчилгээний талаар танилцуулсан. Тэр үед Б-гийн эмээ нь өөрөө ирээд боолт хийгээд өгөөч ээ гэсэн юм. Хагас сайн өдрүүдэд өглөө 09 цагаас 16 цагийн хооронд хүндэвтэр өвчтэй хүмүүсийн эмчлэгч эмч нар нь өөрсдөө ирж боолтоо хийдэг юм. Хагас сайн өдөр М эмч ажил дээрээ ирсэн ирээгүй мэдэхгүй байна Б-гийн эмээгийн яриагаар бол хагас сайн өдөр нь эмч ирээгүй болохоор боолтоо хийлгээгүй гэж байсан юм. Б-гийн хувьд унтуулгад орж боолт хийгдэж байсан учир заавал эмч сувилагч хоёр хоёулаа байж байгаад боолт хийдэг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-93 дахь тал/

8. Гэрч О.М-ын:

“...Амь хохирогч Б-гийн эмчлэгч эмч нь манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч М байсан. М эмч анх 2018 онд уг хүүхэд түлэгдэж ирэхэд эмчлэгч эмчээр ажиллаж байсан. 2019 оны 05 дугаар сард сорви суллах хагалгаанд ороход нь бас эмчлэгч эмчээр ажилласан. М эмч өөрөө хүүхдээ үзээд явдаг байсан. Өвчтөн анх эмнэлэгт ирэхэд нь тасгийн эрхлэгч хуваарилж өгдөг юм. Тасгийн эрхлэгч эмч нарыг хэдэн өвчтөн хариуцан эмчлэгч эмчээр ажиллаж байгааг харгалзан ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж өвчтөнг хариуцуулан өгдөг юм. Би 2019 оны 05 дугаар сарын 11-12-ны өдрийн хооронд буюу хагас сайн өдөр жижүүр эмчээр 24 цагаар ажилласан. Тухайн үед ачаалал ихтэй байсан. Өглөө 09 цаг ээлж хүлээлцээд тасгуудыг тойрч өвчтөн нарыг үзэж явахад хүүхдийн биед ямар нэг зовуурь, шинж тэмдэг байгаагүй, эмээ нь тэврээд явж байсан. Мөн орой 20 цагийн үед бас тасгуудыг тойрч үзэхэд ямар нэг зовуурьгүй байсан болохоор хүүхдийн биед үзлэг хийгээгүй. Би биеийн ерөнхий байдлыг нь үнэлээд ямар ч зовуурьгүй хэвийн байсан болохоор үзлэг хийгээгүй юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дахь тал/

9. Гэрч Т.Б-ийн:

“...Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн нарыг тасгийн эрхлэгч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэн хуваарилж өгдөг юм. Тухайн үед манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгчээр Г ажиллаж байсан ба амь хохирогч Б-гийн эмчлэгч эмчээр М эмчийг хуваарилсан байсан. Тасгийн эрхлэгч М эмчид хуваарилсан нь стори буюу өвчний түүхийн эхний хуудсан дээрээс харагдаж байгаа. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад тэмдгээ дарж баталгаажуулдаг юм. Би 2019 оны 05 дугаар сарын 10-наас 11-ний өдрийн хооронд буюу 5 дахь өдөр жижүүр эмчээр 16 цагаар ажилласан. Манай түлэнхийн тасагт хоногт дунджаар 60 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлдэг ба сэхээн амьдруулах тасагт 2-10 өвчтөн хэвтэн эмчлүүлж байдаг. Тухайн үед яг хэдэн өвчтөн эмчлэгдэж байсныг мэдэхгүй байна. Би жижүүртэй үед хоногт хамгийн багадаа 2 удаа тасгаа тойрч хүндэрсэн хүмүүсээ үздэг. Мөн өвчтөний биеийн байдал хүндэрсэн тохиолдолд сувилагч нар мэдэгдэж үзүүлдэг юм. Тухайн өдөр бол уг амь хохирогч хүүхдийн биеийн байдал хүндрээгүй, амь нас эрсдэлтэй байдал ажиглагдаагүй болохоор нарийвчилсан үзлэг хийгээгүй. Гэхдээ ерөнхий байдлыг нь харсан ямар нэг хүндэрсэн шинж тэмдэг харагдаагүй. Хэрэв хүнд өвчтөн байх юм бол эмчлэгч эмч нар жижүүр эмчийн хяналтад гэж стори буюу өвчний түүхэн дээрээ бичдэг. Уг хүүхдийн өвчний түүхэн дээр жижүүр эмчийн хяналтад гэж бичигдээгүй байсан. Тухайн өдөр надад сувилагч болон тухайн хүүхдийг сахиж байсан сахиурын зүгээс халуурлаа, хүндэрлээ гэж огт хэлээгүй. Тухайн өдөр ээлжинд гарч байсан сувилагч л эмчлэгч эмчийн өвчний түүх дээр бичсэний дагуу эм, тарианы эмчилгээг хийдэг. Тэр өдөр хэн гэдэг сувилагч ажиллаж байсныг мэдэхгүй байна. Би тухайн хүүхдэд ямар нэг эм тарианы эмчилгээ бичээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

10. Гэрч Б.Д-ийн:

“...Б.Б гэдэг хүүхэд манай тасагт хэвтэн эмчлүүлж байсныг бол би санаж байна. Харин ямар эмчилгээ хийж байсан гэдгийг санахгүй байна. Ээлжинд гарах хугацаандаа стори дээр эмчийн бичиж өгсөн зааврын дагуу эмчилгээг хийж байсан байх. Би түүний хөлөнд уян зүү тавиагүй, эмчийн заавраар эмчилгээ сувилгаа хийж байсан. Түүний биеэс шинжилгээ авч байгаагүй. Би 2019 оны 05 сарын 10-ны өдөр 16 цаг 30 минутад ээлжээ хүлээж авахад Б-гийн хөлөн дэх уяан зүүг аваад боолт хийсэн байгаа гэж мэдэгдсэн, надад ээлж хүлээлгэж өгсөн сувилагч нь Б байсан. Ингээд би 18 цагийн тарианд гарсан. Стори дээр бичигдсэн эмчийн зааврын дагуу эмчилгээг хийж өвчтөнүүдийн амин үзүүлэлтийг үзсэн. Зовуурьтай хүмүүсийг бол 2 цаг тутамд үзэж үндсэн амин үзүүлэлтийг бичиж тэмдэглэдэг. Тухайн үед Б-гийн амин үзүүлэлтийг үзэхэд хэвийн байсан. Ээлж хүлээж авахад зовуурьтай өвчтөн дотор Б-гийн нэр байхгүй байсан. Тухайн үед түүнд эмчийн заавраар эмчилгээ хийсэн байх. Тэгээд би маргааш нь буугаад нэг дэх өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өдрийн ээлжинд гарсан. Энэ үед Б нь сэхээн амьдруулах тасаг руу шилжсэн. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нас барсан гэж мэдсэн. Бг хэзээ халуурсан, ямар зовуурь илэрсэн талаар мэдэхгүй байна. Хөл нь боолттой байсан. Түүний хөлөнд Б нь уян зүүг авч боолт хийсэн гэж хэлж байсан. Намайг ээлжинд гарч байх хугацаанд Б-гийн сахиур нь халуурсан, зовуурилсан гэж надад мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99 дэх тал/,

11. Гэрч Г.Г-ийн:

“...Б.Б нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэрээр сорвины хагалгаанд ороод, хагалгааны дараах эмчилгээ хийгдэж манай тасагт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэнээсээ хойш 2-3 хоног эмчилгээ хийлгэж байгаа эмчилгээ нь хасагдаад зөвхөн боолт солих эмчилгээ хийгдсэн. Би хагалгааны дараах эмчилгээг эмчлэгч эмчийн заавраар стори дээр бичсэн эм, тариаг Б.Б-д хийж байсан. Тухайн үед эмчлэгч эмч нь хэн байсан гэдгийг санахгүй байна. Тэгээд ч 2-3 хоноод эмчилгээ нь дууссан. Эмчилгээ дууссаны дараа боолтыг солих буюу боолтын эмчилгээ хийгдсэн байх, би тэр хүүхдийн боолтыг нэг ч удаа сольж байгаагүй. Боолтны сувилагч гэж тусдаа байдаг учир түүний боолтыг сольж байгаагүй. Би хүүхдийн хөлөнд уян зүү тавиагүй. Би хуваарийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ээлжинд гарах хуваарьтай байсан ч сувилагч Б-тэй хувиараа сольж 05 дугаар сарын 09-ний өдөр ээлжинд гараад 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд өдрийн 8 цагаар ээлжинд гарч 05 дугаар сарын 16-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Намайг 05 дугаар сарын 09-ний өдөр буюу Пүрэв гарагт ээлжинд гарахад хүүхэд ямар нэгэн зовуурьгүй хэвийн байсан. Би сахиур нь хүүхдэд ямар нэгэн зовуурь илэрвэл ирж мэдэгдээрэй гэж хэлж байсан. Би 05 дугаар сарын 10-ны өглөө буугаад тус өдөр өдрийн 8 цагаар ээлжинд гарах байсан Б, Л, Д нар ээлж хүлээлцсэн. 05 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд өдрийн 08 цагаар ээлжинд гарсан бөгөөд 05 дугаар сарын 13-ны өдөр ээлж А билүү Б билүү аль нэгээс нь ээлж авсан бөгөөд энэ үед Б.Б халуурсан зовуурьтай эмчилгээнд орсон байсан. Ямар ч байсан антибиотик хийсэн байгаа. Хөлөнд нь уян зүү байсан эсэх талаар сайн санахгүй байна. Ээлжинд гарах болгондоо хүүхдийн биед үзлэг хийж амин үзүүлэлтийг нь үзэж сувилгааны түүх гэсэн хуудас дээр тэмдэглэдэг. Өмнөх ээлжтэй өдрүүдэд хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. Харин 05 дугаар сарын 13-ны өглөө ээлж авахад хүүхэд халуурсан, зовуурь илэрсэн гээд эмчилгээнд орсон байсан. Би өдрийн цагаар гарсан. Стори  дээр бичигдсэн эмчилгээ л хийсэн байх, яг ямар эмчилгээ хийсэн эсэхийг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 100-102 дахь тал/,

12. Гэрч Э.Б-ийн:

“...Б нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Тэрээр сорвины хагалгаанд ороод хагалгааны дараах эмчилгээ хийгдэж байсан. Тэгээд би жижүүр сувилагчаар гарах хугацаандаа тус хүүхдэд стори дээр буюу эмчийн заалтаар эмчилгээ тариаг хийж байсан. Эмчлэгч эмч нь М эмч байсан гэж санаж байна. Тус хүүхдэд цагийн антибиотик эмчилгээ хийж байсан гэж санаж байна. Би талийгаач хүүхдийн хөлөнд уян зүү тавиагүй. Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өдрийн ээлжээр гарсан бөгөөд энэ үед талийгаачийн хүүхдийн хөлөн дэх уяан зүүг авсан, эмчийн заалтаар авсан бөгөөд эмч нь уян зүү тавьсан хэсэгт улайсан байна зүүг нь авчих гэхээр нь би уян зүүг авсан. Намайг зүүг авах үед уян зүү тавьсан хэсэгт улайсан байсан, уян зүүг нь аваад кампериэс буюу натрийн уусмалаар жин тавьж өгсөн. Энэ нь гадны халдвар бактери орохоос урьдчилан сэргийлэх эмчилгээ юм. 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 16 цагаас ээлжинд хоносон. Энэ хугацаанд хүүхдийн биеийн байдлын хувьд онцын зовуурьгүй, хоол унданд жаахан дургүй байна гэж асрагч нь хэлж байсан гэж санаж байна. Би 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өдрийн 08 цагаар гарч, 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой шөнийн ээлжинд гарсан. Асарч байсан хүн нь хүүхдийг хоол ундандаа дургүй байна, жаахан гүйлгээд байна, цовоо сэргэлэн биш болчхоод байна гэж хэлж байсан. Түүнээс биш халуураад байна гэж хэлж байсныг санахгүй байна. Хүүхдийн өвчний түүх дээр эмчилсэн эмчилгээ бичигдсэн байх. Тухайн үед хүүхдийн хөлөн дэх уян зүү байсан хэсэг идээлсэн, хадсан зүйл байгаагүй, жаахан улайсан байсан. Намайг 05 дугаар сарын 12-ны өдөр ээлжээс буусны дараа хүүхдийн хөл хавдаж, улайсан гэж сонссон. Тэгээд хүүхдийн хөлөнд зүслэг хийж цэвэрлэсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

13. Гэрч И.Л-ийн:

“...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр түлэнхийн тасгийн сувилагч нар нь Б-гийн шархан дээрээс авсан арчидасыг шинжлүүлэхээр авч ирж өгсөн юм. Яг хэн гэдэг сувилагч дээжийг авч ирснийг санахгүй байна. Арчидасны дээжийг тэжээллэг орчинд 24 цаг ургуулсан боловч бактери ургаагүй дараагийн өдрөө буюу 48 цаг бактерийг ургуулаад Ви ай ти ка-2 загварын аппаратад хийж 24 цаг болгоод шинжилгээний хариу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гарсан бөгөөд МRSА буюу Метицилленд тэсвэртэй стафиллакокк ауреус гэдэг бактери илэрсэн байсан. Би шинжилгээний хариуг тэр өдөрт нь цахим сандаа шивж оруулсан. Олон Улсын Эмнэл зүйн стандартаар бактериологийн баталгаат шинжилгээ 72 цагт гардаг учир Б-гийн шинжилгээ 72 цаг болж гарсан. Цахимд шивж оруулсан шинжилгээний хариуг эмчлэгч эмч нь цахим сангаасаа хараад дараагийн эмчилгээгээ хийдэг. Эмчлэгч эмч өөрөө өвчтөний биеийн байдлаас хамааран өвчтөний биеэс дээж авч шинжилгээнд ирүүлдэг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108 дахь тал/,

14. Гэрч О.С-ийн:

“...Би 2019 оны 05 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн, мэс заслын дараах боолтын сувилагчаар ажиллаж байсан. Амь хохирогч Б-гийн хувьд боолтод яг хэдэн хэдний өдрүүдэд боолт хийснээ болон хэн гэх эмчтэй хамт боолт хийснээ санахгүй байна. Миний санаж байгаагаар резидент эмчээр ажиллаж байсан М байнга боолтонд ордог байсан. Хагалгааны дараах боолт нь унтуулгатай ордог болохоор эмчлэгч эмч заавал боолтод ордог гэхдээ эмч нар өглөөгүүр хагалгаанд орчихдог болохоор эмчлэгч эмч нар резидент эмч нартаа хэлээд боолтод оруулдаг. М эмчийн хувьд Б-гийн боолтод оролцсон байсан эсэх нь санахгүй байна. Б нь гарын сорви тэнийлгэх хагалгаанд орсон байсан болохоор хөрсжүүлэх төлжүүлэх тосон боолт хийдэг байсан шиг санагдаж байна одоогоос жил гаруйн өмнө байсан болохоор мөн олон хүнд үйлчилгээ сувилгаа үзүүлж байсан болохоор сайн санахгүй байна. Эрүүл мэндийн сайдын баталсан MNS4621-2008 стандартын дагуу боолт хийдэг. Боолт хийхдээ боолтын өрөөнд боолтын сувилагч ариутгасан багаж материалаар авч ирээд эмчлэгч эмчдээ багаж материалыг нь авч өгөөд эмчлэгч эмч нь өвчтөний боолтыг сольдог юм. Б-гийн биед стандарт журмын дагуу л боолт хийгдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал/,

15. Гэрч Б.Б-ын:

“...Амбулаториор үзүүлсэн өвчтөнг хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд амбулаториор үзсэн эмч хэвтэх бичиг үйлдэн тухайн хэвтэх гэж байгаа тасгийн эрхлэгчид нь оруулж хэвтэн эмчлүүлэх зөвшөөрөл аваад өвчний түүхийг нээн тасагт хэвтүүлдэг. Тасагт хэвтсэний дараа тасгийн эрхлэгч өвчтөнг эмчлэх эмчийг хуваарилан өвчний түүхийг эмчлэгч эмчид нь өгдөг. Заримдаа тэр эмч эмчил гэж өвчний түүхэн дээр цохолт хийдэг заримдаа зүгээр амаар тэр эмч эмчлэгч эмчээр ажилла гээд эмчлэгч эмчид нь өвчний түүхийг өгдөг юм. Эмчлэгч эмч нь өвчний түүхийг хүлээн аваад өөрийгөө эмчлэгч эмч гэдгээ баталгаажуулж өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг хувийн тамгаа дардаг юм. ...Мэс заслыг хийх саналыг эмчлэгч эмч өөрсдөө амаар тасгийн эрхлэгчид гарган, тасгийн эмч нарын хагалгаа хийе гэсэн шийдвэр бичгээр гаргаад тасгийн эрхлэгч мэс заслын төлөвлөгөө гарган эмчилгээ эрхлэгч орлогчоор батлуулан мэс заслыг явуулдаг. Мэс заслын төлөвлөгөө дээр хэн хэн гэдэг эмч хамтран мэс заслыг явуулахаа төлөвлөж мэс заслыг явуулдаг. Мэс заслыг удирдсан эмч мэс заслын дараах эмчилгээг заавал хийнэ гэсэн дүрэм журам байхгүй. Анх эмчлэгч эмчээр ажиллаж байсан эмч нь хагалгааны дараа үргэлжлүүлэн эмчилгээгээ хийгээд явдаг. Тасгийн эрхлэгч Г мэс заслыг удирдан хийсэн боловч мэс заслын дараах эмчилгээг М эмч хариуцан явуулсан нь ямар нэг дүрэм журам стандартыг зөрчөөгүй. ...Түүний дагуу эмчлэгч эмч өөрийн гараар үзлэгийн тэмдэглэлийг хөтлөх ёстой. резидент эмч нь эмчлэгч эмчийн хяналт доор өвчтөний биед үзлэг хийн өвчний түүхэнд тэмдэглэл хөтлөөд хариуцсан эмчлэгч эмчээрээ баталгаажуулж гарын үсэг зурж болдог. Өвчтөнд үүсэх эрсдэлийн үүрэг хариуцлагыг зөвхөн эмчлэгч эмч хариуцах ёстой байдаг резидент эмч нь суралцагч болохоор үүрэг хариуцлага хүлээхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

16. О.М-ын гэрчээр өгсөн:

“...Амь хохирогч Б нь 7 сартай байхдаа 2018 оны 04 дүгээр сарын 17-нд халуун тогоотой усанд түлэгдэн манай эмнэлэгт хүргэгдэн ирж эмчлэгдээд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр биеийн байдал нь эдгэрч гарсан байсан юм. Тэр үед нь би сэхээний эмчлэгч эмчээр ажиллаж байсан юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр уг хүүхэд түлэгдэлтийн дараах үлдэц, сорви суллуулах мэс засал хийлгэхээр эмнэлэгт ирэхэд Э эмч эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Анх эмнэлэгт хэвтэхэд нь манай Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Г надад урд нь 2018 онд чам дээр эмчлэгдэж байсан хүүхэд байна, Э эмч чамайг ав гэж байна гэхэд нь би энэ хүүхдийг авна гэж хэлээгүй шүү дээ гэж хэлээд өрөөнөөс нь гарсан юм. Тэгээд резидент эмч уг хүүхдийн хагалгааг бэлтгээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г эмч мэс заслын эмчээр М бид хоёр туслахаар мэс заслын сувилагчаар А мэдээгүйжүүлдгийн эмчээр А, мэдээгүйжүүлдгийн сувилагчаар Хулан нарын бүрэлдэхүүнтэй хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон юм. Хагалгааны дараа М эмч хүүхдийн биеийн байдлыг хянаад, үзээд, эмчилгээ бичээд л явж байсан. Би эмчлэгч эмчээр ажиллаагүй болохоор хүүхдэд үзлэг хийгээгүй би сэхээний эмч болохоор сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийнхээ биед үзлэг хийсэн. Тэгсэн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед уг хүүхдийн биеийн байдал нь хүндэрсэн, халуурсан, арьс нь эрээнтсэн тууралттай, унтаарсан, орчиндоо харьцаа сул, хүчилтөрөгч унасан, уураг алдагдсан, халуун буулгах тарианд халуун буухгүй болсон сэхээн амьдруулах тасаг руу энгийн тасгаас шилжиж ирсэн юм. Тэгээд би үүсгэгчийн эсрэг антибиотик буюу ванкомицин тариа шахуургаар, дархлаа дэмжих роколикин тариа дуслаар, уураг нөхөх албумин тариа судсаар хийгээд хүчилтөрөгч маскаар өгсөн мөн допомин тариа, шинэ хөлдүү сивин тариа, дексамитазон тариа, ренгир тариа, новамин тариа, шээс хөөх пурсамед тариа, өвчин намдаах тариаг судсаар хийгээд ходоодонд зондоор хооллосон. Тэгээд орой 17 цагт ажил тарахынхаа өмнө сэхээний жижүүр эмч Мт хүүхэд амьсгалын дутагдалд орох юм бол дээд талын сэхээн амьдруулах тасгийн амьсгалын аппаратад авахыг бодоорой гэж сайн захиад явсан юм. Тэгтэл 20 цаг 30 минутын үед билүү 50 минутын үед М эмч над руу утсаар залгаад хүүхэд нас барчихлаа гэж хэлээд би эмнэлэг дээр ирсэн юм. Миний ажил үүргийн хувиар бол сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн эмчлэгч эмчээр ажиллаж, үзлэг, эмчилгээ хийх ёстой байдаг. Би хүүхдийг анх эмнэлэгт хэвтээд мэс засалд орохын өмнө үзлэг хийгээд өвчний түүхийн эмчлэгч эмч гэдэг дээр гарын үсэг тэмдгээ дарчихсан юм. Хүүхдийн эмчлэгч эмчээр М эмч ажилласан юм. Би хагалгаанд орохын өмнөх анхны үзлэгээс өөрөөр хүүхдийг үзээгүй, үзлэг хийгээгүй ямар учраас миний нэрийг үзлэг дээр бичсэнийг мэдэхгүй байна. Өвчний түүхэн дээр намайг үзлэг хийсэн гэж М эмч бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

17. Шинжээч эмч Б.Д-ийн:

“...Амь хохирогч Б.Б-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэс засал хийгдсэн ба мэс засал нь зүүн гарын бугуй 3, 4, 5-р хурууны сорвийг суллаж бүрэн өөлж авах хагалгаа хийгдсэн ба баруун цавинаас арьс авч нөхсөн байдаг. Үүнээс хойш үзлэг шинжилгээг тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч нэмэлт дүгнэлт өгч тухай бүрд нь үзлэг шинжилгээ хийж байх байсан. Хагалгаа хийснээс хойш тухайн өвчтөний өвчин болон биеийн байдлын үнэлгээтэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний биед үзлэг хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 05 дугаар сарын 10-ны өдөр, 05 дугаар сарын 12-ны өдөр, 05 дугаар сарын 13-ны өдөр, 05 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн байдаг нь цаг хугацаа алдах нэг шалтгаан болсон байх боломжтой. Өвчтөнд хийсэн эмчилгээ нь хордлого тайлах, антибиотик, мэс заслын эмчилгээ хийгдсэн нь тохирсон эмчилгээ байна. Үжил халдвар нь талийгаачийн гарын шарх идээлж хүндэрсэн нь цусаар тарах хэлбэрээр талийгаачийн бүх эрхтэнд идээ тархсан байдаг. Уг халдвар нь бүх эрхтэнд тархсан учир амь насыг аврах боломж багатай. Үжил халдварыг авсан тохиолдолд халуурах, хөлрөх, уйлагнах амьсгаадах шинж тэмдэг илэрнэ. Үзлэгээр шарханд өнгөр тогтох, идээ гоожих, цусархаг идээ гарах шинж тэмдэг илэрч болно. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдийн дархлаа болон халдварын тархалтаас хамааран амь насыг нь аврах боломж харилцан адилгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

18. Шинжээч эмч С.О-ийн:

“...Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь тухайн эмнэлгийн орчинд багаж хэрэгсэл тариураар дамжин халдварласан гэж үзсэн. Уг халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээг бүрэн хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан юм. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцна гэсэн тухай, эмчлэгч эмч үзлэг шинжилгээ, оношилгоо, тусламж зэрэг бүхий л асуудлыг өөрөө хариуцна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/,

19. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1126 дугаартай шинжээчийн:

 “...Талийгаач Б.Б нь зүүн гарын 3, 4, 5-р дунд, ядам, чигчий хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн байх ба мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үхжилд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ. Талийгаачийн цогцост хуучин түлэгдлийн сорвиноос өөр шинээр үүссэн гэмтэл тогтоогдоогүй болно. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Хоёрдугаар бүлгийн харьяаллын цустай байна. Зүүн нарын 3, 4, 5-р (дунд, ядам, чигчий) хурууны мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үхжил үүссэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн 04632 тоот өвчний түүхт талийгаач нь 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 20 цаг 55 минутад нас барсан байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

20. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн:

“...Б.Б-гийн биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. Б.Б-гийн биед зүүн гарын сорвижилтыг засах мэс заслын заалт байсан бөгөөд төлөвлөгөөт хагалгаа байна. Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. Дадлагажигч эмч байсан эсэхийг дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалаар тогтоох боломжгүй байна. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна. Өвчтөнд үзлэг шинжилгээг бүрэн хийж, цаг алдалгүй яаралтай эмчилгээ эхлүүлэх журамтай. Тухайн эмнэлэгт дагаж мөрдөх дотоод журмын дагуу эмчилгээ үйлчилгээ хийгддэг болно. Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь эмнэлгийн орчинд багаж хэрэгсэлд тариураар дамжин үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 112-116 дахь тал/,

21. Шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1042 дугаар бичиг судлалын адилтгалын шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 104-243 дахь тал/,

22. Б.Б-гийн өвчний түүхийн хуулбар, холбогдох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 188-203, 2 дугаар хавтаст хэргийн 125-167/,

23. Эрүүл мэндийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаар тушаалын 10 дугаар хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 30-33, 34-35 дахь тал/,

24. Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжинд гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг, иргэн Б.Бат-Эрдэнэ нарын хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.М нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан “...Хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү. Яллах дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох боломжгүй. Өвчтөний түүх зохих ёсоор бичигдээгүй, талийгаач Бгийн эмчлэгч эмч нь хэн байсан вэ гэдгийг тогтоох шаардлагатай...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа “...Анх хэрэг шүүхэд шилжиж ирээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан шүүгчийн захирамжид заасан 6 ажиллагааг прокурор хийлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгт 3 эмчийн асуудал яригдах ёстой байсан. Гэтэл прокурорт хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй. Прокурор хийх ёстой ажиллагааг бүрэн хийгээгүй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. Эсхүл эмчлэгч эмч нь хэн гэдгийг тогтоогоогүй учир эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зүйл заалтыг баримтлан шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.М-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.М нь:

Гэмтэл согог судлалын түлэнхийн эрчимт эмчилгээний эмч ажилтай байх хугацаандаа Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 14-ний өдрийг хүртэлх хугацаанд зүүн гарын 3, 4, 5 дугаар хурууны дотор гадаргуугийн түлэгдэлтийн сорвийг цэгцэлж арьс нөхөх мэс засал хийлгэсэн бага насны хүүхэд болох Б.Б-гийн /01 нас 08 сар/ эмчлэгч эмчээр ажиллаж  байх үедээ мэс заслын  дараах эмчилгээний үзлэг шинжилгээг бүрэн хийгээгүй, хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлэлгүй хугацаа алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б-гийн мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үжилд орж 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр олон эрхтний дутагдлаас нас барсан болох нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ийн “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай хүү Б.Б зүүн гарын хуруу тэнийлгэж үе эмчлэх хагалгаанд орсон, ...2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл манай хүүгийн биеийн байдал хэвийн сайн байсан 05 дугаар сарын 09-ний оройноос эхлээд халуурч эхэлсэн. Мөн манай хүүгийн зүгээр байсан хөл нь хавдаж эхэлсэн. Тэгээд маргааш нь амралтын өдөр таараад би хол зүүн салаанд байсан болохоор очиж эргэж чадаагүй утсаар холбоотой байсан. Ингээд 1 дэх өдөр буюу даваа гариг болоход би өглөө очоод М эмчтэй уулзахад хөл нь хавдаад байхаар нь жижүүр эмч хагалгаа хийсэн байна, одоо гайгүй байх, ямар ч байсан миний хийсэн гарын хагалгаа гайгүй байна гэж хэлсэн, ...хадам ээж хүүг маань халуураад байна л гээд байсан. Тэгээд маргааш өглөө нь болоход М эмч ирээд манай хүүг шууд сэхээний тасагт оруулсан ...Намайг ороход эмч нар нь сандралдаад манай хүү боолтонд орсон наркоз нь гараагүй гээд унтаа байдалтай байсан. ...орой 21 цагийн үед манай хүүгийн зүрх нь зогсож нас барсан.

Манай хүү бид хоёр эмнэлэгт хэвтэхдээ бүх шинжилгээг өгөхөд ямар ч өвчин халдваргүй эрүүл гарсан. Хүүг нас барсны дараа эмчээс нь асуухад цусанд нь халдвар орсон юм шиг байна гэж хэлж байсан. Би хүүтэйгээ эрүүл саруул эмнэлэгт хэвтээд, хагалгаа амжилттай болоод эмнэлгийн нөхцөлд байхад манай хүүгийн цусанд халдвар ороод нас барсанд маш их гомдолтой байна. Талийгаач хүү маань Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаа хийлгээд тэр эмнэлгээс гараагүй нас барсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Д.Ц-гийн “...2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ...хагалгаа амжилттай болсон, ...Миний ач сүүлийн хэд хоног халуураад, шээс нь гарахгүй болоод байсан, ...энгийн тасгаас сэхээний тасагт шилжүүлсэн. Ямар шалтгааны улмаас халуурсан талаар мэдэхгүй. Магадгүй цусанд нь бохир орсон байж магадгүй. Бохир яг ямар замаар орсон талаар мэдэхгүй байна. Би ачийгаа 2019 оны 05 дугаар сарын 03-наас хойш өнөөдрийг хүртэл эмнэлэгт сахисан. Миний хүүгийн биеийн байдал өнгөрсөн 5 дахь өдрөөс хойш муудсан. Тэгээд өнгөрсөн 5 дахь өдөр миний ачаас шинжилгээ аваад энэ 1 дэх өдөр цусан дотор нь бактеритай байна гэсэн хариу гарсан, ...Манай талийгаач ач хүүд М гэдэг эмч хагалгаа хийсэн ба М эмч нь сэхээний эмч болохоор манай ач хүүг тасаг руу шилжүүлсний дараа М гэдэг залуу эмч хариуцан эмчилж байсан. Тэр залуу эмч өдөр болгон орж ирж үзээд боолт хийдэг байсан, ...2019 оны 05 дугаар сарын 10-нд буюу баасан гаригийн өглөө хөл нь уян зүү тавьсан хэсэг буюу шагай орчмоороо хавдсан байхаар нь буух сувилагчид хэлээд хөлөөс нь вирусийн шинжилгээ авсан. Тэгээд 2 хоногийн дараа хариу гарна гэж хэлсэн бөгөөд тэр өдрийнхөө орой 17 цаг 45 минутад манай хүүхэд халуураад эхэлсэн ба би өөрт байсан халууны шилээр үзэхэд 37.8 градус заагаад халуурч байхаар нь тухайн үед гарч байсан жижүүрийн сувилагчид хэлэхэд 37.8 градус чинь халуун биш гэж хэлсэн, ...бүр халуураад болохгүй болохоор нь би сувилагчид хэлэхэд аналгин демидрол тарьж өгөөд тэр шөнөдөө манай ач хүү халуун нь буугаад хоносон, ...маргааш нь ...16 цагаас эхлээд талийгаач халуурч эхэлсэн. Би тухай бүрд нь сувилагч нарт хэлсэн боловч тайвшруулах тариа хийгээд унтуулдаг байсан, ...шөнө 04 цаг гээд манай талийгаач хүү дахин халуурсан тул би сувилагчид хэлэхэд сувилагч хүрэн өнгийн иод авчирч өгөөд бас хөлийг нь боож өгсөн. Тэгээд бүтэн сайн өдрийн өглөө болсон. Бүтэн сайн өдөр талийгаач бас л халуураад болохгүй байхаар нь жижүүрт гарч байсан эмчид хэлээд үзүүлэхэд цээжийг нь чагнаж үзээд зүгээр эрүүл л байна гэж хэлсэн, ...Тэгээд бүтэн сайн өдрөө эмээ уугаад жин тавиад байж байгаад 20 цаг 30 минутад халуураад бие нь хүйтэн болчихоор нь сувилагчид хэлээд ...амьсгалын аппаратад оруулаад тэр шөнөдөө манай хүү тайван унтаж хоносон. Ингээд даваа гаригийн өглөө болоод эмч нар цуглаад М эмч орж ирж үзээд одоо боолтонд ороорой гэж хэлсэн, ...М эмч манай талийгаач хүүд эмчилгээ хийж байгаад цусанд нь бохир орсон байна гэж хэлсэн, ...Орой 20 цаг өнгөртөл М эмч манай хүүд эмчилгээ хийж явсан ба тэр шөнө манай хүү сэхээнд хоносон. Тэгээд Мягмар гаригт сэхээнд байж байгаад эмчилгээ хийсээр байгаад орой нас барсан.

М эмч өглөө бүр орж ирээд боолгоорой гэж хэлээд гардаг байсан. Харин боолтыг нь М эмч өөрөө хийдэг байсан, ...талийгаач хүүгийн маань эмчлэгч эмчээр М эмч ажиллаж байсан. Гэхдээ хагалгаа хийгдсэний дараа М гэдэг эмч танай эмч хагалгаатай, жижүүртэй намайг үзчих гэсэн гээд л хүүхдийг маань үздэг байсан. М эмч гурван удаа л хүүхдийг маань үзсэн, ...хүүхдийг халуурахаас 2 хоногийн өмнө, мөн халуурсан өдөр нь, сэхээн амьдруулах тасагт шилжихийн урд өдөр нь гээд 3 удаа үзлэг хийж байсан. Талийгаачийн биеийн байдал нас барахаас 4 хоногийн өмнө боолт хийгдсэний дараа биеийн байдал нь сонин болчихсон, бие нь сульдчихсан гарч ирсэн ба тэр өдрөө хоол идэхгүй, халуураад эхэлсэн юм. Тэгээд би тэр өдөртөө М эмчид хэлээд М эмч хүүхдийг маань үзээд шинжилгээ авна гээд сувилагчаараа хүүхдийн биеэс шинжилгээ авсан. Тэр халуурсан өдөр шинжилгээ авснаас өөрөө урд нь шинжилгээ авч байгаагүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.М-ын “...Би Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын нарийн мэргэжлийн эмчээр суралцах гэж байгаа болохоор уг тасагт дадлагажигч эмчээр ажиллаж байсан, ...би энэ хүүхдэд М эмчийн заавраар эмчилгээ хийхэд нь тусалж байсан. М эмч өөрөө боолт хийх өвчний түүх бичихэд туслаарай гэдэг байсан, ...би яг эмчлэгч эмч нь биш болохоор шийдвэр гаргаж мэдэхгүй. Ямар шалтгаанаар нас барсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.Г-ын “...Б.Б гэх хүүхэд нь өнгөрсөн жил түлэгдээд манайд хэвтэж байсан гэсэн бөгөөд би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрөө ахлаад туслах эмчээр М эмч, унтуулгын эмчээр А сувилагч Хулан, А нарын хамт зүүн арын 3-5 дугаар хурууны түлэнхийн дараах татагдсан сорвийг суллаж өөрийн бүрэн давхраат арьсаар нөхөлт хийх мэс заслыг ямар нэгэн хүндрэлгүй амжилттай хийсэн. Ингээд энэ хүүхэд тасагт эмчлүүлж байгаад би албаны шугамаар 2019 оны 05 дугаар сарын 06-нд Хэнтий аймаг руу яваад шөнө ирээд үүрээр буюу 2019 оны 05 дугаар сарын 07-ны 06 цаг 25 минутад нислэгээр Тайвань улс руу явсан. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 11-нд Монгол Улсад буцаж ирээд 13-нд өглөө ажилдаа ирээд өвчтөний палатуудаар тойрч байхад У эмч Б-г халуураад байхаар нь цусны ариун чанарын шинжилгээ аваад антибиотик эмчилгээ хийсэн, зүүн хөлийн уян зүүний шарх идээлсэн байсныг зүслэг хийж цэвэр боолт хийсэн гэж танилцуулахаар нь эмчлэгч эмч нь М эмч байсан болохоор түүнд хэлээрэй би давхар хэлье, анхаарах хэрэгтэй байна шүү гэж хэлээд гарсан. Тэгээд тэр хүүхдэд боолт хийж байхад нь би орж шархыг нь харахад мэс заслын шарх нь болон арьс авсан хэсгийн шарх цэвэрхэн эдгэж байсан. Зүүн хөлөнд уян зүү тавьсан шархыг харахад улайлттай байсан тул шархнаас авсан шинжилгээний хариуг гарахаар нь эмчилгээг яаралтай хий гэж хэлсэн. Дараа нь дадлагажигч эмч Моос асуухад М шархнаас нь МRSA гэдэг вирус илэрсэн, М эмч эмчилгээ бичсэн гэхээр нь за тэгвэл наад хүүхэд чинь хүндэрч байгаа юм байна М эмчдээ сайн захиж хэлээрэй гэж хэлсэн, ...М эмчид хэлээд сэхээний тасаг руу шилжүүлээд М эмч үргэлжлүүлж эмчилсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.У-ын “...Г эмч нарын ачааллаас хамааран эмч нарт эмчлэгч эмчээр хуваарилан стори буюу өвчний түүхэн дээр гарын үсэг тэмдгээ дарж өгдөг ба эмчлэгч эмчээр хуваарилагдсан эмч нь өвчний түүхийн эмчлэгч эмч хэсэгт гарын үсэг тэмдгээ дарж хүлээн авдаг. Амь хохирогч Б-гийн хувьд эмчлэгч эмч нь М эмч байсан. М эмч эрчимт эмчилгээний эмч боловч өмнө нь Б нь М эмч дээр эмчлэгдэж байсан болохоор Б-гийн эмчлэгч эмчээр М эмчийг хуваарилсан байсан. М эмч манай эмнэлэг дээр эмч нарт тусалдаг байсан М-тай хамт ажлын өдрүүдээр, өглөө болгон Б-гийн биед үзлэг хийгээд, шарханд нь боолт хийгээд яваад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч О.М-ын “...Амь хохирогч Б-гийн эмчлэгч эмч нь манай түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч М байсан, ...М эмч өөрөө хүүхдээ үзээд явдаг байсан. Өвчтөн анх эмнэлэгт ирэхэд нь тасгийн эрхлэгч хуваарилж өгдөг. Тасгийн эрхлэгч эмч нарыг хэдэн өвчтөн хариуцан эмчлэгч эмчээр ажиллаж байгааг харгалзан ажлын ачааллыг нь тэнцвэржүүлж өвчтөнг хариуцуулан өгдөг...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Т.Б-ийн “...Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн нарыг тасгийн эрхлэгч эмч нарын ачааллыг тэнцвэржүүлэн хуваарилж өгдөг, ...амь хохирогч Бгийн эмчлэгч эмчээр М эмчийг хуваарилсан байсан. Тасгийн эрхлэгч М эмчид хуваарилсан нь стори буюу өвчний түүхийн эхний хуудсан дээрээс харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.Б-ийн “...Б нь манай тасагт хэвтэн эмчлүүлж байсан, ...эмчлэгч эмч нь М эмч байсан гэж санаж байна...” гэсэн мэдүүлэг,

- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Амь хохирогч Б.Б-д 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мэс засал хийгдсэн ба мэс засал нь зүүн гарын бугуй 3, 4, 5-р хурууны сорвийг суллаж бүрэн өөлж авах хагалгаа хийгдсэн ба баруун цавинаас арьс авч нөхсөн байдаг. Үүнээс хойш үзлэг шинжилгээг тухайн хүүхдийн биеийн байдлаас хамаарч нэмэлт дүгнэлт өгч тухай бүрд нь үзлэг шинжилгээ хийж байх байсан. Хагалгаа хийснээс хойш тухайн өвчтөний өвчин болон биеийн байдлын үнэлгээтэй 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр өвчтөний биед үзлэг хийсэн. Мөн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр, 05 дугаар сарын 10-ны өдөр, 05 дугаар сарын 12-ны өдөр, 05 дугаар сарын 13-ны өдөр, 05 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн байдаг нь цаг хугацаа алдах нэг шалтгаан болсон байх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

- Шинжээч эмч С.Одончимэгийн “...Талийгаачийн мэс заслын шарх идээлж хүндэрсэн нь тухайн эмнэлгийн орчинд багаж хэрэгсэл тариураар дамжин халдварласан гэж үзсэн. Уг халдвараас үүдэлтэйгээр үзлэг шинжилгээг бүрэн хийгдээгүй, хугацаа алдсан учир үжил халдвараар нас барсан юм. Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцна гэсэн тухай, эмчлэгч эмч үзлэг шинжилгээ, оношилгоо, тусламж зэрэг бүхий л асуудлыг өөрөө хариуцна...” гэсэн мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1126 дугаартай шинжээчийн “...Зүүн нарын 3, 4, 5-р (дунд, ядам, чигчий) хурууны мэс заслын шарх идээлж үрэвссэний улмаас үхжил үүссэн байна...” гэсэн дүгнэлт,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн “...Б.Б-гийн биед тухайн үед үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй байна. ...Мэс заслын дараа өвчтөнд бүрэн үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Мэс заслын дараа Б.Б-гийн биед байнгын үзлэг хийж хяналт тавьж эмчилгээг яаралтай эхлүүлээгүй цаг алдсан байна. ...Эмчилгээний асуудлыг эмчлэгч эмч бүрэн хариуцаж хийнэ. Мэс заслын дараах үзлэг шинжилгээ бүрэн хийгдээгүй хугацаа алдсан учир үжил халдвараар хүндэрч нас барсан байна...” гэсэн дүгнэлт болон өвчтөний түүхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид болон шүүгдэгч О.М нар “тухайн үед амь хохирогч Б-гийн эмчлэгч эмч нь О.М байгаагүй” гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.М нь амь хохирогч Б.Б-гийн эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа хагалгааны дараах түүний биеийн байдлыг зөв үнэлж, шат дараалсан арга хэмжээг тухай бүр нь авч хэрэгжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох байх материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгох бөгөөд энэ хуулиар эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч О.М нь амь хохирогч Б.Бий хагалгааны дараах эмчлэгч эмчээр ажиллаж байхдаа эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй хандаж өвчтөний биеийн байдлыг зөв үнэлж, дүгнэн стандарт эмчилгээ хийж, шат дараалсан арга хэмжээ авах эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх үзсэн болно.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.М-ыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас 1 нас 8 сартай Б.Б-гийн амь нас хохирсон бөгөөд Гэмтэл согог судлалын эмч нар 6.000.000 төгрөгийг цуглуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнхцэцэг гомдол, саналгүй гэсэн байх тул шүүгдэгч О.М-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч О.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батсайхан “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн цаг хугацаанд хамаарагдаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнгэлмаа “...Өмгөөлөгч С.Батсайханы саналыг дэмжиж байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэж, мөн хуульд заасны дагуу эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгов.

Шүүгдэгч О.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн ***************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт О-ийн М-ыг “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-т “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.М-т анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ