Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2496

 

 

“М” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02658 дугаар шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: “М” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ж-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 127 261 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хоршооны гишүүн Ц.Ж нь хоршоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн ........ тоот 3 өрөө орон сууцыг барьцаалан 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, шуурхай зээлийг 3,69 хувийн хүүтэй авсан. Энэ хугацаанд хүүнд 5 264 400 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй, зээл, хүү төлж дуусгахыг шаардахад хугацаа өгөөч, төлж дуусгана гэсэн хүсэлт, тайлбар гаргадаг байсан. Иймд одоо зээл 40 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 72 717 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14 543 520 төгрөг нийт 127 261 120 төгрөгийг Ц.Ж-с гаргуулж өгнө үү. Төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү. Зээлийн гэрээний хугацаа 9 дүгээр сарын 21-ний өдөр дууссан. Хариуцагчаас 2012 оны 9 дүгээр сар, 12 дугаар сар, 2015 оны 11 дүгээр сар, 2016 оны 3 дугаар саруудад эргэн төлөлт хийж байсан. Мөн Ц.Ж манайд 2016 оны 5 дугаар сард бичгээр хүсэлт гаргаж байсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнөх хугацаанд бодогдсон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцоход татгалзахгүй гэжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдснаар 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 40 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, 3,69 хувийн хүүтэй гэрээ хийсэн нь үнэн боловч би өөрөө аваагүй, манай бэр эгч Я.С бүх мөнгийг авч бизнест зарцуулсныг нэхэмжлэгч тал сайн мэдэж байгаа. Гэрээг би зөвхөн 2012 онд 1 жилийн хугацаатай хийсэн ба энэ хооронд нэхэмжлэгч тал надтай биш манай бэр эгчтэй ярьж тохиролцсоны үндсэн дээр хугацаа сунгаж өдий хүрсэн. Манай эгч цементийн бизнес эрхэлж байсан ба “К” ХХК, “М” ХХК-иас борлуулалтын мөнгөө авч чадаагүйн улмаас ийм байдал үүссэн ба нэхэмжлэгч талд эгч удаа дараа төлж дуусгана гэсэн тайлбар, хүсэлт тавьж байсан. Би өөрийн настай ээж, охины хамт амьдардаг ба бусдын буруугаас болж байраа алдахыг хүсэхгүй байгаа тул хариуцагч талыг Я.С-гаар сольж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.Ж-аас 125 184 880 /нэг зуун хорин таван сая нэг зуун наян дөрвөн мянга найман зуун ная/ төгрөгийг гаргуулан “М” хадгаламж зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2 076 240 /хоёр сая далан зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Ж шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн ...........тоотод байрлах, улсын бүртгэлийн Y-......дугаарт бүртгэлтэй, 40 метр квадрат талбайтай, сууцны зориулалттай 3 өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 255 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-аас 783 874 /долоон зуун наян гурван мянга наяман зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч "М" хадгаламж зээлийн хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр буюу нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү 72 717 600 төгрөг гэж нэхэмжилжээ. Уг зээл нь 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс сарын 3,69 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан атал авсан зээлээсээ 2 дахин давсан хэтэрсэн хугацааны хүү гэх 72 700 000 төгрөг нэхсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг зөрчсөн байна. Миний бие 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагт зарлагдсан шүүх хуралд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хавтаст хэрэгтэй танилцах тайлбар, хүсэлт гаргах эрхийг ханга үүднээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргахад шүүгч 3.Д хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргаж, шүүх хурлыг үргэлжлүүлсэн. Нэгэнт хавтаст хэрэгтэй танилцаагүй тул мэтгэлцэх ямар ч боломжгүй байдал үүссэн тул хурлыг орхиж явсан. Үүнээс хойш 10-аад хоногийн дараа шүүгчийн туслах шүүх хурлыг дахин хийхээр болсон гэх мэдээлэл өгсөн. Харин шүүх хурлыг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зарласан талаар надад албан ёсоор мэдэгдээгүй. Хавтаст хэрэгт авагдсан итгэмжлэлд миний хаяг болон утасны дугаар байсаар байхад хурлыг хийсэн нь шүүн таслах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “М” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Ц.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 127 261 120 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-ийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлтэй болно. Тодруулбал, шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-д хэргийн материалтай танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох …”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “зохигч … нотлох баримт … шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг зөрчиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг мэтгэлцэх боломжоор хангаагүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцахаас татгалзсан гэх нөхцөл байдал нь хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах эрхийг хаах үндэслэл болохгүй юм. Гэтэл шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн захирамжаар хэргийн материалтай танилцах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэснээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцах боломж олгогдсон эсэх нь тодорхой бус болжээ.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 794 255 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                ШҮҮГЧИД                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                 Г.ДАВААДОРЖ